Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2017/00073

 

                                                   “Ориент-Инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                   иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/05109 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1844 дүгээр магадлалтай,

           “Ориент-Инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           С.Ариунтуяад холбогдох           

       Зээлийн гэрээний үүрэгт 13.917.933 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах, барьцаалагдсан орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдахад санал болгох үнэ 7.000.000 төгрөг болохыг тогтоолгох, нотариатын үйлчилгээний хөлс 11.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үүрийнтуяа, Б.Баясгалан, хариуцагч С.Ариунтуяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, Б.Сайнбат нарын тайлбарт: “С.Ариунтуяа нь “Ориент-Инвест ББСБ” ХХК-д 10 000 000 төгрөг зээлэх хүсэлт гаргаж, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 34 дүгээр байрны 18 тоот, С.Чингэсийн өмчлөлийн 35.55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалан, 10 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сард 5 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, зээлийн 15/2043 дугаар гэрээг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулж, 10 000 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр түүнд олгосон. Зээлийн гэрээний хугацааг сунгасаар 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хугацаа дууссан боловч зээлдэгч С.Ариунтуяа зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд түүнээс зээлийн гэрээний үүрэгт 14 967 240 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зээлд 9 900 000 төгрөг, зээлийн хүүд 3 369 433,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 636 900 төгрөг, нотариатын зардал 11 500 төгрөг, нийт 13 917 933,33 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийн гэрээний үүргийг барьцаалсан орон сууцыг худалдсан үнээс хангуулахыг хүсч байна. Мөн барьцааны гэрээнд орон сууцны үнийг 10 000 000 төгрөгөөр хариуцагчтай тохирсон бөгөөд гэрээнд орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдах үнийг уг үнийн 70 хувиар тогтоохоор тохирсон тул албадан дуудлагаар худалдахад санал болгох үнэ 7 000 000 төгрөг болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

           Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “13 917 933 төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Би 5 608 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн. Зээлийн гэрээний хугацаанд хүүнд 1 500 000 төгрөг төлөх ёстой. Гэрээний хугацааг сунгуулахаар би хүсэлт өгсөн. Гэрээний хугацааг сунгахдаа бичгээр гэрээ хийгээгүй тул би хэтэрсэн хугацааны хүүг төлөхгүй. Иймээс миний төлсөн мөнгө зээлээс хасагдаж тооцогдох тул би 6 492 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа. Барьцаалсан орон сууцаар үүргийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Би бусдаас авах авлагатай бөгөөд түүгээр зээлээ төлнө. Дүү С.Чингэсийн энэ орон сууц 75 000 000 төгрөгийн үнэтэй. 10 000 000 төгрөгөөр үнэлснийг би мэдэхгүй. 7 000 000 төгрөгөөр үнийг тогтоохыг зөвшөөрөхгүй.” гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/05109 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451, 453, 175, 177 дугаар зүйлийн 451.1, 453.1, 175.1, 177.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч С.Ариунтуяагаас 13 906 333 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1 060 906 төгрөгийг нэхэмжилсэн хэсэг болон барьцааны орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийг хангуулах, барьцааны орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдахад санал болгох үнэ 7 000 000 төгрөг болохыг тогтоолгохыг хүссэн хэсгүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58, 60 дугаар зүйлийн 56.2, 58.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 232 787 төгрөгийг улсын орлогод үлдээж, түүнээс нэмж 140 400 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлэх, хариуцагчаас 232 787 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоож шийдвэрлэжээ.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1844 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/05109 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

             Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баярын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Тус ББСБ нь 2016 оны 08 сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан С.Ариунтуяаг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан. Шүүхээс 2016 оны 09 сарын 15-ны өдөр 102/ШШ2016/05109 дүгээр шийдвэрийг гаргасныг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2016 оны 10 сарын 11-ний өдөр гомдол гаргасан. Шүүхээс 2016 оны 11 сарын 09-ний өдөр 1844 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул тус ББСБ нь доорх байдлаар эс зөвшөөрч байна. Магадлалд дурдсанаар : “...итгэмжлэлийн хугацаа дууссанаар хариуцагч С.Ариунтуяа нь барьцааны зүйлийн өмчлөгч С.Чингэсийг барьцааны зүйлтэй холбоотойгоор бүрэн төлөөлөх эрхгүй болжээ. ” гэсэн байна. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно.” гэж заасны дагуу өмчлөгч С.Чингэсээс хариуцагч С.Ариунтуяад олгосон 2015 оны 04 сарын 04-ний өдрийн итгэмжлэлийн дагуу С.Ариунтуяа нь тус ББСБ-тай 2015 оны 05 сарын 08-ны өдөр 15/2043 тоот Зээлийн гэрээ болон 15/4045 тоот Хөрөнгө барьцаалах гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулахад итгэмжлэлийн хугацаа нь дуусаагүй хүчинтэй байсан. Үүнээс үзэхэд тус ББСБ нь С.Ариутуяатай байгуулсан 15/4045 тоот Хөрөнгө барьцаалах гэрээ буюу хүчин төгөлдөр хэлцэл нь өнөөдрийг хүртэл хүчинтэй байна. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” мөн энэ хуулийн 175 дугаар зүйлийн 175.5-д “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэсэн заалтуудыг үндэслэн тус ББСБ нь С.Чингэсийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардах эрхтэй байна. Мөн Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана.” гэж заасны дагуу тус ББСБ-ын барьцаанд бүртгэлтэй байгаа С.Чингэсийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах эрхтэй байна. Ийм учраас хүчин төгөлдөр итгэмжлэлээр төлөөлөгчийн хийсэн хэлцлийг итгэмжлэлийн хуулийн хугацаа дууссан үед хүчингүй болно гэсэн хуульд заагдаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд тус ББСБ нь гомдолтой байна. Магадлалд дурдсанаар“... Шүүх үнэлгээ тогтоох шинжилгээний байгууллага биш бөгөөд талууд орон сууцны үнийн талаар тохиролцоогүй нөхцөлд ... тус барьцаанд байгаа орон сууцыг албадан дуудлага худалдаанд санал болгох анхны үнийг 7 000 000 төгрөг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.” гэсэн байна. Тус ББСБ нь шүүхэд орон сууцны үнэлгээг тогтоолгох нэхэмжлэл гаргаагүй. Харин тус ББСБ нь С.Ариунтуяатай байгуулсан 15/4045 тоот Хөрөнгө барьцаалах гэрээний 2.1-д заасан С.Чингэсийн өмчлөлийн барьцаа хөрөнгийг С.Ариунтуяатай харилцан тохиролцож 10 000 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу С.Ариунтуяатай харилцан тохиролцсон үнэлгээ болох 10 000 000 төгрөгийн 70 хувь буюу 7 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Мөн С.Ариунтуяатай харилцан тохиролцсон үнэлгээ нь дуудлага худалдаанд орох доод үнийг тогтооход шаардлагатай болохоос яг энэ үнээр зарагдах үнэлгээ биш юм. С.Ариунтуяагийн барьцаа хөрөнгө нь зарагдах үнэ хэдэн төгрөг гэдэг нь тодорхойгүй буюу дуудлага худалдаа явагдаж үнэлгээ дээш өсч хэдэн төгрөгөөр ч үнэлэгдэж зарагдах боломжтой тул С.Ариунтуяа мөн С.Чингис нарын эрх ашиг нь хөндөгдөхгүй гэж үзэж байна. Үүнээс үзэхэд тус ББСБ нь С.Ариунтуяатай байгуулсан 15/4045 тоот Хөрөнгө барьцаалах гэрээ буюу хүчин төгөлдөр хэлцлийг хуулийн заалт заалгүйгээр хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Магадлалд дурдсанаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 232 787 төгрөгийг орлогод үлдээж, түүнээс нэмж 140 400 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлэх” гэж тус ББСБ-д шийдвэрлэсэн. Тус ББСБ нь С.Ариунтуяаг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үнийн дүнгээс хамаарч улсын тэмдэгтийн хураамжийг тус ББСБ нь бүрэн төлсөн байхад нэмж 140 400 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлэх гэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 сарын 09-ний өдрийн 1844 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/05109 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулан, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах талаар тусгаж өгнө үү. Иргэний хуулийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар нь харилцан тохиролцож тогтоосон үнийн ... 70 хувиар тооцон тогтооно.” гэж заасны дагуу С.Чингэсийн өмчлөлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол /16067/, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 34 дүгээр байрны 18 тоот хаягт байрлах, 35.55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 10 000 000 төгрөгийн 70 хувь буюу 7 000 000 төгрөгөөр тогтоож өгнө үү. Тус ББСБ-ын зээлийн барьцаанд байгаа дээрх орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

    Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

    “Ориент-Инвест ББСБ” ХХК нь С.Ариунтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13 917 933 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 34 дүгээр байрны 18 тоот хаягт байрлах С.Чингэсийн өмчлөлийн 2 өрөө орон сууцны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг 10 000 000 төгрөгийн 70 хувь буюу 7 000 000 төгрөгөөр тогтоолгох, нотариатын үйлчилгээний хөлс 11.500 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол хариуцагч С.Ариунтуяа 6 492 000 төгрөг төлөх үндэслэлтэй, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

        Нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байх тул хариуцагчийн хүсэлтийн дагуу түүнтэй 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээг бичгээр гэрээ байгуулан, хариуцагчид 10 000 000 төгрөгийг, сард 5 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр тохирч, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчид 10 000 000 төгрөгийг зээлүүлсэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  С.Чингэсийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцааны зүйл болгосон болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, хөрөнгө барьцаалах гэрээ, өргөдөл, мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдсон бөгөөд талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.

         Анхан шатны шүүх хариуцагч С.Аринтуяаг 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэн, түүнээс үндсэн зээлд 9 900 000 төгрөг, зээлийн хүүд 3 369 333,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 636 900 төгрөг, нийт 13 906 333,33 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт хугацаа хэтрүүлэн нийтдээ 5.406.700 төгрөгийг төлсөн гэх боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй байх тул шүүхээс дээрх зээлийн гэрээний үүрэгт хийсэн тооцоолол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2.7-д заасныг үндэслэн  “...шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал гэж нотариатын хөлс 11 500 төгрөг”-ийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч уг хөлс төлөгдсөн эсэх нь баримтаар тогтоогдоогүй, үйлчилгээний хөлс 11 500 төгрөг төлсөн талаар 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “тодорхойлолт” гэх баримт нь хариуцагч зээлийн гэрээний үүргийг зөрчсөнтэй холбоотой гарсан зардал гэж үзэх боломжгүй тухай анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг  хангах  үндэслэл тогтоогдохгүй байна.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах ажиллагааг аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулах үүрэгтэй бөгөөд дуудлага худалдааг зохион байгуулж явуулахаас өмнө дуудлага худалдаагаар худалдагдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоох, үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зохицуулсан тул барьцаанд байгаа орон сууцыг албадан дуудлага худалдаанд санал болгох анхны үнийг 7 000 000 төгрөг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тухай анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг зөв гэж үзэх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “...дуудлага худалдааны анхны үнийг 7 000 000 төгрөгөөр тогтоолгох” тухай  гомдол хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа бүх шаардлагын үнийн нийлбэрээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамжийг төлөх үүрэгтэй байтал зөвхөн мөнгөн төлбөрийн шаардлагад төлөх хураамжийг төлсөн гэж нэхэмжлэгчээс нэмж 140.400 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58, 60, 63 дугаар зүйлийн 56.2, 58.1, 60.1, 63.1.3 дахь хэсэгт нийцсэн байх тул "...улсын тэмдэгтийн хураамжийг буруу төлүүлсэн" гэсэн үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ С.Чингэсээс С.Ариунтуяад олгосон итгэмжлэлийн хугацааг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж чадаагүй байна.

         2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн С.Чингэсийн үйлдсэн итгэмжлэлээр   “Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16067/, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 34 дүгээр байрны 18 тоот 35.55 м.кв талбайтай, 2 өрөө бүхий, иргэн С.Чингэсийн өмчлөлийн орон сууцыг “Ориент-Инвест ББСБ”-ийн 15 000 000 төгрөгийн барьцаанд тавих, зээлийн гэрээ, хөрөнгө барьцаалах гэрээ, барьцаалбар болон бусад холбогдох бүхий л гэрээ хэлцэлд гарын үсэг зурах, захиран зарцуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах, УБЕГ, ЭХЭБГ-т холбогдох гэрээ, хэлцлүүдийг бүртгүүлэх, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах, үнийн санал төлөөлөн өгөх, гарын үсэг зурах” эрхийг хариуцагч С.Ариунтуяад  2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар олгосон нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч С.Чингэсийн  дээрх хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцэл юм.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн зүйл байж болохыг хуулиар зөвшөөрсөн тул хариуцагч С.Ариунтуяа нь дээрх итгэмжлэлийг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчтэй  байгуулсан 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар С.Чингэсийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалахдаа Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээг  байгуулсан, энэ гэрээ хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн, зохигчид итгэмжлэл болон барьцааны гэрээний талаар маргаагүй байна.

“...Талууд барьцааны гэрээг байгуулах үед С.Чингэсийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зөвшөөрлийг өмчлөгч С.Чингэсээс С.Ариунтуяа итгэмжлэлээр авсан боловч уг итгэмжлэлийн хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр дууссан байна. Ийнхүү итгэмжлэлийн хугацаа дууссанаар хариуцагч С.Ариунтуяа нь барьцааны зүйлийн өмчлөгч С.Чингэсийг барьцааны зүйлтэй холбоотойгоор бүрэн төлөөлөх эрхгүй болжээ” гэсэн үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5-д нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн С.Чингэсийн үйлдсэн итгэмжлэл  2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл буюу нэг жилийн хугацаатай, итгэмжлэлийн энэ хугацаа дуусаагүй байхад 2015 оны 05 сарын 08-ны өдөр нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК, хариуцагч С.Ариунтуяа нарын хооронд “Хөрөнгө барьцаалах гэрээ” байгуулагдсанаар нэхэмжлэгчид Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасан барьцааны эрх үүссэн нь  Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5-д нийцжээ. Энэ гэрээг байгуулах үед барьцааны зүйлийн өмчлөгч С.Чингэсээс хариуцагч С.Ариунтуяад олгосон итгэмжлэлийн хугацаа дуусаагүй, итгэмжлэлд барьцааны үүрэгт хамаарах эрхүүдийг шилжүүлсэн байх тул үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг  барьцаа хөрөнгөнөөс гаргуулахыг зээлийн гэрээний үүргээ зөрчсөн хариуцагчаас шаардах эрхтэй, барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш итгэмжлэлийн хугацаа дууссан нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл, С.Чингэсээс олгосон итгэмжлэлээр хариуцагч С.Ариунтуяа нь нэг жилийн  хугацаанд буюу хүчин төгөлдөр байх үед бусадтай гэрээ  байгуулах эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй, барьцааны гэрээ байгуулагдсанаар тухайн итгэмжлэлийн дагуу үүрэг гүйцэтгүүлэгч талд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.1-д заасан  барьцаалагчийн эрх  үүссэн байна.

Харин барьцааны зүйлийн өмчлөгч С.Чингэсээс Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.3, 176 дугаар зүйлийн 176.1-д заасан эрхээ хэрэгжүүлэхэд энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

    Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баярын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

      1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1844 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/05109 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Ариунтуяагаас 13.906.333,33 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 060 906,6 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтаар “Иргэний хуулийн  175 дугаар зүйлийн 175.1., Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Ариунтуяа шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 34 дүгээр байрны 18 тоот хаягт байрлах С.Чингэсийн өмчлөлийн 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.” гэж, 3 дахь заалтаар “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар барьцааны орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдахад санал болгох үнэ 7.000.000 төгрөг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг 4, 3 дахь заалтыг 5 гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                           ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН