Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 612

 

 

Т.П-ид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 625 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 862 дугаар магадлалтай, Т.П-ид холбогдох 1806018000409 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаад 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж өршөөгдсөн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 181 дүгээр зүйлийн 181.3, 152 дугаар зүйлийн 152.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг эдэлж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Бодонгууд овогт Т.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.П-ийг залилах гэмт хэргийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, цахим хэрэгсэл ашигласан, зохиомол байдлыг зориудаар бий болгож байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 10 жил хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.П- гаргасан гомдолдоо “Залилах гэмт хэргийн зохион байгуулагч, хатгагч болох Гансмааг огт шалгалгүй орхигдуулж түүнийг гэрч болгосон байдаг. Хохирогч нар бараа захиалгын төлбөрөө миний 5720517081 дугаартай данс руу хийдэг бөгөөд уг захиалгын бүх төлбөрийг Гансмаагийн 5015005213 тоот данс руу шилжүүлсэн болох нь ХААН банкны дансны хуулга болон цаг хугацаатай тохирч байна. Хохирогч нарын захиалгын мөнгөн дээр өөрийн зүгээс мөнгө нэмж Гансмаад шилжүүлсэн боловч мөнгө болон бараагаа авч чадахгүй байна. Гансмаагийн худал мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ. Гансмаа нь хохирогч нарын захиалгын барааны мөнгийг авсан болох нь тогтоогдсон бөгөөд харин барааг жолоочоор нь дамжуулан П-д өгсөн гэж байгаа боловч хэзээ, хаана, хэнээр өгсөн болохоо нотолж чадахгүй байгаа. Өлзийбүрэнгийн 9,500,000 төгрөг, Насандэлгэрийн урьдчилсан захиалгын төлбөрийг өөрийн мөнгөтэй нийлүүлж 40,172,160 төгрөг, Төрмандахын 14,000,000 төгрөг, Норовпэлжидийн 19,500,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Гансмаагийн 5015005213 тоот данс руу шилжүүлсэн бөгөөд энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан.  Гэрч Энхтуяа нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр надад 95,000,000 төгрөгийг өгсөн гэж мэдүүлсэн боловч энэ талаарх нотлох баримт байхгүй, Энхтуяа өөрийн болон Гантулгатай хамтран эзэмшдэг 5013075578 тоот данснаас Бямбазул гэх хүний данс руу шилжүүлсэн нотлох баримт хэрэгт авагдсан. Бямбазул нь  “АПУ” ХК-д борлуулалтын менежерээр ажилладаг юм. Гэтэл энэхүү мөнгийг надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно. Мөн Баяржаргал гэх хүн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан боловч үүнийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Хэргийн хатгагч Гансмаатай холбоотой нотлох баримтуудыг шалгалгүй орхигдуулснаас гадна хэт нэг талыг барьж хэргийг шалгасан. Хохирогч Гантулга, түүний эхнэр гэрч Энхтуяа нарын зөрүүтэй мэдүүлгийг шалгаагүй. Гансмааг энэ хэрэгт холбогдуулан шалгаж, хохирогч нарыг хохирлыг түүнээс гаргуулах нь зүйтэй. Мөн нэг баримтаар гурван удаа мөнгө нэхэмжилж буй Гантулгтай холбоотой асуудлыг шалгах, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсч байна. Анхан болон давж заалдах шатны шүүх намайг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлсэн. Хохирогч нараас авсан мөнгөө өөрийн амьдралын хэрэгцээнд зарцуулсан гэж үзсэн. Гэтэл хохирогч нараас өгсөн захиалгын барааны мөнгө Гансмаагийн дансанд орсон нь тодорхой байхад намайг хувьдаа ашигласан хэмээн дүгнэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд хэргийг дахин шалгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.П- нь цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахгүй үндэслэлгүй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.П-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Т.П- нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны  02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 12 удаагийн үйлдлээр, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож нэр бүхий хохирогч нарт нийт 184,973,600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.П-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг залилах гэмт хэргийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, цахим хэрэгсэл ашигласан, зохиомол байдлыг зориудаар бий болгож байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

            Шүүгдэгч Т.П-ийн зүгээс хохирлын тооцоог дахин нягтлах, Г.Гансмааг энэхүү гэмт хэрэгт шалгах, өмнөх ял шийтгэлтэй байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлснийг зөвтгөж өгөхийг хүссэн агуулгатай гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдсан нотлох баримтуудыг үндэслэн мөрдөгчийн гаргасан хохирлын тооцоо, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, банкны дансны хуулга болон бусад нотлох баримтуудтай харьцуулсны үндсэн дээр хохирлын тооцоог хохирогч тус бүрээр гаргаж, төлсөн хохирлын хасаж тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Т.П- нь Г.Г данс руу мөнгө шилжүүлэх байдлаар бэлнээр худалдан авалт хийж байсан талаар шүүгдэгч, гэрч Г.Гансмаа нарын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээр тогтоосон байх бөгөөд шүүгдэгч уг шилжүүлсэн мөнгөн хөрөнгөнд тохирсон бараагаа тухайн бүрт авч одоогоор өр, авлагын зөрүүгүй болох нь хөдөлбөргүй нотлогдсон тул энэхүү хэрэгт Г.Г хамтран оролцсон гэж үзэж холбогдуулан шалгах үндэслэлгүй болно.

Шүүх Т.П-ийн өмнөх ял шийтгэлтэй байдлыг хорих ялын хэмжээг тогтооход тусган авч үзээгүй ба зөвхөн хувийн байдлын талаар дүгнэлт хийхэд харгалзсан болох нь шийтгэх тогтоол, магадлалаас харагдаж байна.  Т.П-ийн үйлдлийн улмаас их хэмжээний хохирол учирсан, гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо захиран зарцуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн арга, техник хэрэгсэл ашигласан байдал, давтамж зэргээс үзэхэд залилах гэмт хэргээр дагнан байнга үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон гэж үзсэн нь үндэслэл бүхий байна.

Иймд шүүгдэгч Т.П-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 625 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 862 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Т.П-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН