Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 33

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН ЭВЛЭРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор би даргалж

Нэхэмжлэгч: Т.У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МУ-ын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “МУ ын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.П-н 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар "Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан аялал жуучлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.У , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч Д.П, хариуцагчийн өмгөөлөгч Н.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.У Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.У нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр  төрийн албаны шалгалтад орж нэгдүгээрт шалгарсан. Ингээд Төрийн албаны салбар зөвлөлийн 06 тоотоор МУ байгалийн цогцолборт газрын аялал, жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдсон. 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ёс зүйн алдаа гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн юм. Би төрийн албанд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, төрийн албан хаагчийн ёс зүйг чандлан сахиж ажилласан. Иймд Мянган Угалзат байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар “Үүрэгт ажлаас чөлөөлөх” тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан аялал, жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Д.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа:2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тус байгууллагын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж Аялал жуучлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Т.У-г үүрэг ажлаас чөлөөлсөн. Уг тушаалд Монгол улсын төрийн албаны тухай хуулийн 4.1.2, 13.1.5, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.1, 5.4.4, 5.4.6, 5.5.1 дэр заалтыг баримталсан. Миний бие МУ- ын нурууны байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд багтах Цагаан эрэг нэртэй газарт хууль бусаар ашигт малтмал олборлож буй ард иргэдийг буулгах ажлаар явж байгаад 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр бензин шатахуун, хоол хүнс, интернетийн төлбөр хийхээр ирэхэд урд өдөр нь Т.У ажлын цагаар архидан согтуурч миний өрөөнд нэвтэрч тамга хулгайн авч явж Ховд аймаг уруу явсан. Ингээд удаа дараа шаардсан боловч авч ирж өгөөгүй. Төрийн алба тасралтгүй хэвийн явагдах бөгөөд энэхүү үйл ажиллагаанд Т.У нь санаатай саад учруулсан.

Үүнтэй холбоотой даргын дэргэдэх зөвлөл хуралдаж Т.У-г үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан гэжээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээндээ: МУ-ын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.П-н 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар "Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан аялал жуучлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.П хүлээн зөвшөөрч бид эвлэрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.У-н МУ-ын нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан гаргасан, “Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.П-н 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар "Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан аялал жуучлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч  Д.П нь МУ-ын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.П-н 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар "Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан аялал жуучлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийхээр тохиролцон эвлэрлийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бичгээр  байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулж,  маргаанаа  дуусгавар  болгож байгаа  нь хуульд харшлаагүйн бусдын  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар Т.У-н МУ-ын нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан гаргасан, “МУ-ын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.П-н 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар "Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан аялал жуучлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.У-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Г.СОНИНБОЛОР