Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 517

 

   Т.Буяндэлгэр, Л.Отгонбаяр, С.Пүрэвням,

   С.Эрхэмбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Ш.Хосбаяр,

шүүгдэгч С.Эрхэмбаярын өмгөөлөгч Б.Энхзаяа,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ш.Хосбаярын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Т.Буяндэлгэр, Л.Отгонбаяр, С.Пүрэвням, С.Эрхэмбаяр нарт холбогдох эрүүгийн 201525030034 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Тангууд овогт Лхамсүрэнгийн Отгонбаяр, 1989 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их булгын тохой” ХХК менежер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 61 дүгээр байрны 709 тоотод оршин суух,

2012 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлж, давж заалдах шатны шүүхийн магадлалаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан гэх. /РД: УХ89090577/,

2. Хотгойд овогт Сарантуяагийн Пүрэвням, 1988 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймаг Батсүмбэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Яргайтын 25-393б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: НБ 88111715/,

3. Бяхайныхан овгийн Сүхбаатарын Эрхэмбаяр, 1990 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 84-1015 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УХ90090355/

4. Боржигон овогт Төрмандахын Буяндэлгэр, 1988 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 81-950 тоотод оршин суух,

2012 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД: УХ88100777/,

Л.Отгонбаяр нь согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах Сургуулийн автобусны буудлын орчимд 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 23 цаг өнгөрч байх үед хохирогч Л.Бархасжавыг танхай сэдэлтээр зодож, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

Дээрх танхайн сэдэлттэй гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Э.Чинзоригтийн “Тоyota ist” загварын 10-20 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд буфер, баруун хойд хаалгыг өшиглөж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн,

Т.Буяндэлгэр, С.Пүрэвням, С.Эрхэмбаяр нар нь согтуурсан үедээ бүлэглэн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах Сургуулийн автобусны буудлын орчимд 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 23 цаг өнгөрч байх үед бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Л.Бархасжавыг зодож, хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Л.Отгонбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар, Т.Буяндэлгэр, С.Пүрэвням, С.Эрхэмбаяр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Буяндэлгэр, Л.Отгонбаяр, С.Пүрэвням, С.Эрхэмбаяр нарт холбогдох эрүүгийн 201525030034 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах нөхцөл байдал тогтоогдлоо гэж дүгнээд:

Хохирогч Л.Бархасжавын биед учирсан хүнд гэмтлийг хэний цохилтоос үүссэн болохыг тогтоох талаар мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн байна.

Тухайлбал: хохирогч нь мөрдөн байцаалтад шүүгдэгч нарыг ямар үйлдэл оролцоотойгоор өөрийг нь цохиж зодсон талаар тодорхой мэдүүлсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт "...Намайг 4 талаас цохисон, хэн яаж цохисныг хэлж мэдэхгүй байна..." гэж өөрөөр мэдүүлж байх тул уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг дахин явуулж уг хэрэг гарах үед байсан хүмүүсээс бүрэн дүүрэн гэрчийн мэдүүлэг авах болон хохирогчийн мэдүүлгийн зөрүүг арилгах, бусад мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, хохирогч Л.Бархасжавын биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай этгээдийг хөдөлбөргүйгээр тогтоох нь зүйтэй юм.

Мөн шүүгдэгч Л.Отгонбаяр нь урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байх бөгөөд уг шийтгэх тогтоолыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Л.Отгонбаярт анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзах өөрчлөлт оруулсан гэж улсын яллагч яллах дүгнэлтдээ дурдсан байна. Гэвч хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй байх тул хэрэгт хавсаргах зайлшгүй шаардлагатай гэж шүүх үзэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр Т.Буяндэлгэр, Л.Отгонбаяр, С.Пүрэвням, С.Эрхэмбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

  Прокурор Ш.Хосбаярын бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Хохирогч Л.Бархасжав “...дэлгүүрээс тамхи аваад гараад зам гараад явж байхад хойноос өндөр намхан хоёр хүн гүйж ирээд намайг заамдаад шууд гараараа цохиж унагаад өшиглөсөн. Тэр хоёр дээрээс нэмэгдээд 2 хүн ирээд өшиглөөд чулуугаар толгой руу цохисон. Би доошоо хараад толгойгоо хоёр гараараа хаагаад хэвтэж байхад дээрээс дэвсээд өшиглөөд байсан. Тэр үед машинтай эрэгтэй, эмэгтэй 2 хүн тааралдаж намайг тэд нараас салгаад машиндаа суулгахад машины хаалгыг өшиглөөд явуулахгүй байсан. ...араас намхан биетэй хар хувцастай залуу мөрнөөс татаж, зүүн шанаанд гараараа цохиод би газар унаад босох гэтэл өндөр нуруутай хар хувцастай залуу эхэлж ирээд цээж рүү хөлөөрөө хэд, хэд өшиглөөд байхад ахиад намхан нуруутай, улаан хүрэмтэй залуу ирээд хажуугаас өшиглөөд байсан. Хамгийн сүүлд саарал майктай, бүдүүн залуу толгойны дээр зогсоод цээж, толгой руу дэвсээд байсан. Тухайн үед энэ дөрвөн залуу намайг босгохгүй тал талаас дундаа хийгээд толгой, хэвлий, нуруу бүх талаас өшиглөөд зодсон. Намайг эхэлж цохисон намхан залуу нь Буяндэлгэр, өндөр нуруутай залуу нь Отгонбаяр,  гэзэгтэй намхан залуу нь Эрхэмбаяр, майктай бүдүүн залуу нь Пүрэвням гэдэг юм... Яг хэний цохилтоос болж миний биед гэмтэл учирсныг хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл энэ дөрвөн залуу бүгд л тал талаас өшиглөж дэвсээд байсан..." гэж мэдүүлсэн,

мөн энэ талаараа шүүхийн хэлэлцүүлэгт өндөр хар хувцастай залууг шүүгдэгч Л.Отгонбаярыг гэж заасан, шүүгдэгч Л.Отгонбаяр “өндөр хар хувцастай нь би байсан” гэж мэдүүлдэг. Мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн анхны мэдүүлэгтээ дээрх байдлыг тодорхой мэдүүлсэн бөгөөд чухам өөрт нь хэний цохилтоос цээжний хэнхэрцэгийн дарагдал, няцрал, зүүн талын хавирганы зөрүүтэй далд хугарал гэмтлүүд учирсан болохыг мэдэхгүй гэж байгаа боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №3746 шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн өмнөх шүүх хуралдаанд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр түүнд учирсан гэмтлийг Л.Отгонбаяр нь учруулсан болох нь тогтоогдсон. Бусад шүүгдэгч нарын үйлдэл оролцооны талаар тодорхой мэдүүлэг хэрэгт авагдсан. Дээрхээс үзэхэд хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зөрүүгүй, болсон хэргийн талаар үзсэн, харсан зүйлээ үнэн зөвөөр бодитойгоор, тогтвортой мэдүүлсэн байхад мэдүүлгийн ямар зөрүүг арилгах, тэдгээрээс дахин мэдүүлэг авах зэрэг нь тодорхойгүй бөгөөд шаардлагагүй ажиллагаа юм. Шүүгдэгч нарын хувьд өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэггүй байхад тэдний өгсөн мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлаар дүгнэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэснийг хүлээн авах боломжгүй. Мөн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй чухам ямар нөхцөл байдал тогтоогдсон нь тодорхой биш, шүүгдэгч Л.Отгонбаяр урьд 2012 онд шүүхээр хорих ял шийтгүүлж, давж заалдах шатны шүүхээс хорих ялыг тэнсэж хянан харгалзсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдал, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, гагцхүү хувийн байдлын талаарх баримт байхад хэрэгт хавсаргах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгож Т.Буяндэлгэр, Л.Отгонбаяр, С.Пүрэвням, С.Эрхэмбаяр нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч С.Эрхэмбаярын өмгөөлөгч Б.Энхзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнө нь энэ хэрэг анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд мөрдөн байцаалтад буцаж байсан. Прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хүлээн авч шүүхийн тогтоолд заасан ажиллагаануудыг хийх шаардлагатай гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан. Анхан шатны шүүхийн тогтоолыг дэмжиж байна...” гэв. 

ХЯНАВАЛ:

            Шүүгдэгч Т.Буяндэлгэр, Л.Отгонбаяр, С.Пүрэвням, С.Эрхэмбаяр нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоол нь үндэслэлтэй гарчээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Т.Буяндэлгэр, Л.Отгонбаяр, С.Пүрэвням, С.Эрхэмбаяр нарт холбогдох хэрэгт шүүх тогтоол гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгаагүй, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолж тогтоогоогүй байна.

Дээрх хуулийн заалтыг хангасны үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлд заасан гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээх зарчим хангагдах учиртай. Өөрөөр хэлбэл, хохирогч Л.Бархасжавыг шүүгдэгч нар бүлэглэн зодохдоо чухам хэний үйлчлэлийн улмаас хүнд гэмтэл авсан болохыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалган тогтоох нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн тогтоолд заасан ажиллагааг шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй тул прокурор Ш.Хосбаярын бичсэн улсын яллагчийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 20 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.