Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 332

 

“Ш” ХХК-ийн гомдолтой,

ШӨХТГ-ын УБ-д холбогдох

зөрчлийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Л.Атарцэцэг,

                                                      Б.Мөнхтуяа,

                                                      Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:   Т.Даваажаргал,

Гомдлын шаардлага: ШӨХТГ-ын УБ-ийн 2018 оны 02 дугаар сарын12-ны өдрийн 0005504 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0431 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0454 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, хариуцагч У.Х нарыг оролцуулж,

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0431 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Ш” ХХК-ийн гомдлыг хангаж, ШӨХТГ-ын УБ-ийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0005504 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0454 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0431 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ШӨХТГ-ын УБ У.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарын давж заалах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Ш” ХХК-ийн ШТС-14 нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дизель түлш 300 литрээс дээш худалдаалахгүй гэсэн хязгаарлалт хийсэн. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т “газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэвийн бус өсөлт, хангамжийн тасалдал, хомстол үүсэх нөхцөлд зохицуулалт хийх” гэж заасан Засгийн газрын бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын 2016 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл”-ийн долдугаар хуралдаан, наймдугаар хуралдаанаас гаргасан зөвлөмж, хуралдааны тэмдэглэл, ШӨХТГ-ын  даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/43 дугаартай мэдэгдэл зэрэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 13 дугаар тушаалаар батлагдсан “Шатахууны жижиглэнгийн үнийн бүрдэлд, компаниудын ашиг, алдагдлын тооцоог судалж санал, дүгнэлт гаргах” ажлын хэсгийн дүгнэлтийг гарах хүртэл хугацаанд аливаа шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй, хомстол үүсгэхгүй, хязгаарлалт хийхгүй байх үүрэг өгөгдсөн.

4.  Гэтэл “Ш” ХХК нь Нано-92, АИ-95, АИ-98 зэрэг шатахууны үнийг нэмэгдүүлсэн, энгийн АИ-92 шатахууны орлогын түгээлтийг удаашруулсан, ШТС-17 нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нано-92 шатахууныг хэрэглэгчид нэмэгдсэн үнэ 1730 төгрөгөөр борлуулж байсан боловч төлбөрийн баримтан дээр 1630 төгрөгөөр тооцон иргэнд НӨАТ-ын баримт олгосон байна.

5.  Мөн “Ш” ХХК нь Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөлөөс болон ШӨХТГ-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/43 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр өгөгдсөн шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байх үүргээ биелүүлээгүй нь хяналт шалгалтын тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, иргэнд төлбөрийн баримтыг үнийн зөрүүтэй олгож байсан нь баримт 00837-002-0230 дугаартай төлбөрийн баримт, холбогдогчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

6.  “Ш” ХХК-д Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байсан тул Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заагдсан шийтгэл оногдуулсан. Гэтэл магадлалд тухайн аж ахуйн нэгжийн зөрчил гаргасан үйлдлийг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзсэн боловч аж ахуйн нэгжийн нэр зөрүүтэй гэсэн дүгнэлт хийх замаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг учир дутагдалтай гэж үзэж байна.

7.  “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хурал дээр “Ш” ХХК, “Ш т” ХХК-иудын удирдлагын болон менежментийн баг нь нэг бүрэлдэхүүнтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн “Ш” ХХК, “Ш т” ХХК нь харилцан хамааралтай аж ахуйн нэгж гэдэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан лавлагаагаар тогтоогдсон. Тус газарт хяналт шалгалттай холбоотой, шатахууны жижиглэнгийн үнийн мэдээ мэдээллийг “Ш” ХХК-ийн лого, нэр бүхий албан бланкаар ирүүлдэг.

8.  Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас 7 хоног тутмын шатахууны жижиглэнгийн үнэ болон нөөцийн үнийн мэдээллийг “Ш” ХХК-ийн нэр дээр ирүүлдэг, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудын гадна хаяг, тухайн шатахуун түгээх станцуудад байршуулсан ажилчдын хөдөлмөрийн аюулгүйн дүрэм, компанийн зорилго, зорилт нь “Ш” ХХК-ийн нэр дээр байгаа нь тус шатахуун түгээх станцууд нь “Ш” ХХК-ийн харьяалалд байдаг гэдгийг илтгэж байна.

9.  “Ш” ХХК-ийн үнэ нэмэгдүүлж, хангамжийг удаашруулсан энэ үйлдэл нь нийгэм, эдийн засагт их хэмжээний бухимдал, сөрөг үр дагаврыг бий болгосон үйлдэл бөгөөд шатахуун бол нийгэм, эдийн засгийн суурь үнийг бүрдүүлж байдаг, шууд нөлөөлөл үзүүлэх боломжтой, стратегийн ач холбогдол бүхий бараа, бүтээгдэхүүний нөөцийн жагсаалтад багтдаг, төрөөс зохицуулалттай бүтээгдэхүүн.

10.    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн дээрх нөхцөл байдал, шийтгэл оногдуулсан шалтгаан нөхцөлийг харгалзан үзээгүй, шийтгэлийн хуудсыг зөвтгүүлэх арга хэмжээг авалгүй нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон байх тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11.    Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, улсын байцаагчийн 0005504 дүгээр шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

12.    ШӨХТГ-ын УБ-ийн 2018 оны 02 дугаар сарын12-ны өдрийн 0005504 дүгээр шийтгэлийн хуудсаар “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 9 дүгээр зөвлөмж, ШӨХТГ-ын даргын 2018 оны 1/43 дугаар мэдэгдэл хүргүүлэх албан бичгээр өгөгдсөн үүргийг биелүүлээгүй, үнэ нэмэгдүүлж, хангамжийг удаашруулсан” гэх үндэслэлээр “Ш” ХХК-ийг 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

13.  Нэхэмжлэгчээс “улсын байцаагч нь хуульд заасан бүрэн эрхээ зөв хэрэгжүүлээгүй, “Ш” ХХК нь шатахуун жижиглэн борлуулдаггүй, Улаанбаатар хотод нэг ч шатахуун түгээх станцгүй байхад “Ш т” ХХК-ийн харъяа шатахуун түгээх станцын гаргасан зөрчлийг хамаатуулсан” гэж, хариуцагчаас ““Ш” ХХК-ийн лого бүхий самбарыг байршуулсан байсан, энэ хоёр компани нэг захиралтай, нэг байранд үйл ажиллагаа явуулдаг” гэж тус тус маргажээ.

14.  Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.2-т “судалгаа, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, тайлан, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, аж ахуй эрхлэгчээс үнэ төлбөргүй гаргуулан авах”, 24 дүгээр зүйлийн 24.1.1-т “зөрчил гаргасан этгээдийн гэм буруу нь нотлогдвол түүнд захиргааны шийтгэл ногдуулах” гэж тус тус зааснаар улсын байцаагч нь зөрчил гаргасан этгээдийг зөв тогтоох чиг үүрэгтэй, энэхүү чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй буруутай байна.

15.  Гэвч энэхүү шийдвэр гаргах ажиллагааны алдаа нь тухайн шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хууль бус гэж үзэх хангалттай үндэслэл биш буюу нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагааны зохион байгуулалт, тодорхой бус байснаас шалтгаалсан, хяналт шалгалтын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх, холбогдох баримтыг цаг хугацаанд нь гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

16.  Тухайлбал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “зөрчлийн” талаар буюу шатахууны үнэ нэмсэн эсэх үйл баримтад холбогдуулан тайлбар гаргаж байсан болохоос “Ш” ХХК-д хамааралгүй, тусдаа аж ахуй нэгж болох талаар тайлбарлаж байгаагүй атлаа шүүхэд энэ үндэслэлээр маргаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэгт “аж ахуй эрхлэгч нь ... хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд ... нэн даруй, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасантай нийцэхгүй юм.

17.  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12/3373 дугаар албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзвэл “Ш т” ХХК болон “Ш” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “Ш г” ХХК байна. Энэ хэргийн тухайд “Ш т” ХХК болон “Ш” ХХК нь нэг захиралтай, нэг байранд байрладаг болох нь нэхэмжлэгчийн тайлбар, улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр  “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б нь тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон оролцуулж байсан, энэ үед “Ш т” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой талаар тайлбарлаж байгаагүй байна.

18.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан, зөрчил гаргасан этгээдийн гэм бурууг шалган тогтоож, тохирсон шийтгэл оногдуулах нь захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал байхаас гадна хэргийн оролцогчид зөрчлийн шинж байдалд холбогдуулан маргаагүй, зөвхөн зөрчил шалгах ажиллагааны журамтай холбогдуулан маргасан учир шийтгэлийн хуудсын хууль зүйн үндэслэлд шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг дахин явуулж, шинээр акт гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

19.  Хэргийн нөхцөл байдлыг тодруулах гэдэгт захиргааны байгууллага нь зөрчил гаргагч этгээдийг зөв тогтоож,  “Ш т” ХХК болон “Ш” ХХК-ийн аль нь зөрчил гаргасан болохыг бүрэн дүүрэн тодруулж, зөрчилд холбогдох баримтад эрх зүйн дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв хэрэглэх замаар дахин шинэ акт гаргах шаардлагатай.

20.  Иймээс хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0431 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0454 дүгээр магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Өрсөлдөөний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.2 дэх заасныг баримтлан ШӨХТГ-ын УБ-ийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0005504 дүгээр шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг ШӨХТГ-т даалгасугай” гэж өөрчилж, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргахгүй бол 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0005504 дүгээр шийтгэлийн хуудас хүчингүй болохыг мэдэгдсүгэй” гэсэн агуулгатай заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ