| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0100/Э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2018-06-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Наранбаатар,
хохирогч С.Болотбек,
шүүгдэгч Д.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамтаар Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 11Б-ийн 1 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн ЧВ80092009, Боржигон овогт Дашзэвэгийн Нарангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807001110069 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүдэгч Д.Нарангэрэл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 11Б-ийн 1 тоотод өөрийн гэртээ мах идээд ширээний ард сууж байхдаа хамтран амьдрагч С.Болотбекийн өөрийг нь татсан гарыг хутгатай гараараа түлхэх явцдаа болгоомжгүй үйлдлээр хэвлийн тус газарт нь хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нарангэрэлийн өгсөн”... Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Болотбекийн өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 19-ний орой Ууганбаярыг гэрээс гаргаж өгөхөд надаас бэлэг нэхсэн. Би гэрт ороод “Ууганбаяр бэлэг нэхээд байна, та хоёр явалддаг юм уу” гэж хардаад эхнэрээ ширээн дээр сууж байх үед цохиж авсан. Эхнэр уурлаж, намайг хутга барьсан гараараа цохьсон. Би эхнэртээ хандаж “чи намайг хутгалчихлаа” гэж хэлэхэд эхнэр сандарч, түргэн дуудсан. Түргэн хурдан ирсэн. Би ухаан алдаад нэг сэрэхэд Улаанбаатар хотын эмнэлэгт байсан. Эхнэрээ зүгээр байхад хардсан нь миний буруу. Эхнэрээ ийм байдалд оруулсандаа гэмшиж байна. Эхнэрт маань хөнгөн ял оноож өгнө үү ...” гэж мэдүүлсэн мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Мөрдөн байцаалтад хохирогч С.Болотбекийн өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед босоод цайгаа уучихаад хүн ирж золгож магадгүй гэж бодоод дэлгүүр орж 0.75 литрийн “хараа” нэртэй архи 1 шилийг авч ирсэн. 12 цагийн үед эхнэрийн танил Ууганбаяр, араас нь хуучин хашааны танил Мэндээ нар ирсэн. Мэндээ, Ууганбаяр, эхнэр, бид дөрөв 0.75 литрийн “хараа” нэртэй архи хувааж ууцгаасан. Ууганбаяр бас дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн архи авч ирээд хувааж ууцгаасан. 18 цагийн үед Мэндээ яваад, араас нь Ууганбаяр явахдаа надаас бэлэг нэхээд байхаар нь “надад юу байдаг юм” гэж хэлээд явуулсан. Гэртээ унтаж байгаад 19 цагийн үед босоод эхнэртээ “Ууганбаяр надаас бэлэг нэхсэн” гэж хэлэхэд эхнэр “юун сүртэй юм” гээд өмөөрөөд байхаар нь би “чи яагаад өмөөрөөд байгаа юм, та хоёр явалддаг юм биш үү” гэхэд уурлаж бид хоёр маргалдсан. Эхнэр ширээний дэргэд хутгаар мах идээд сууж байснаа хутгаа урдаас чичихээр нь би гарыг нь барьж авах гээд тонгойхдоо хутган дээр хэвлийгээрээ дарчихсан. Тэгтэл хэвлийгээс цус гарсан. Эхнэр эмнэлэг дуудаж удалгүй эмнэлэг ирээд авч явсан... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-42 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч Д.Нарангэрэлийн өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр цагаан сарын шинийн 4-ний өдөр байсан. Өглөө босож, цайгаа уучихаад арван жилийн ангийнхан ирнэ гэж байсан болохоор Болотбек бид хоёр дэлгүүр орж 0.75 литрийн “хараа” нэртэй архи 1 шилийг авсан. Дэлгүүрийн үүдэнд Ууганбаяртай тааралдаад мэнд мэдээд гэртээ ирсэн. Удалгүй хойноос Ууганбаяр орж ирээд “архиа задлаач” гэхээр нь “найзууддаа авсан юм” гэж хэлэхэд мөнгө нэмээд архи авъя гэсэн. Тэгээд би дэлгүүр орж 0.75 литрийн архи 1 шилийг авч ирсэн. Би Мэндээг гэртээ оруулаагүй байгаа болохоор оруулаад гаргая гэж бодоод утсаар дуудахад удалгүй ирсэн. Тэгээд бид 4 архиа хувааж ууцгаасан. Манай ангийн хүүхдүүд ирэхгүй болохоор нь нөгөө архи гаргаад хувааж ууцгаасан. 18 цагийн үед Мэндээ, Ууганбаяр хоёр гараад явсан. Тэгтэл Болотбек нөгөө хоёрыг гаргаж өгчихөөд буцаж орж ирэхэд нь би цай уугаад, мах идээд сууж байтал ширээний хажуу талд ирж суугаад “чи энэ Ууганбаяртай явалддаг юм уу, надаас бэлэг нэхлээ, гэр орондоо оруулаад хамт хонох гэж байсан юм уу” гээд хэл амаар доромжлоод, гараараа чичээд байсан. Тэгээд босч ирээд миний мөр толгойноос татаж чангааж, шүлсээ үсчүүлээд дайраад байхаар нь би уурлаж хутга барьж байснаа мартан “цаашаа бай л даа” гээд түлхсэн. Тэгээд доошоо хараад сууж байтал Болотбек “чи намайг хутгалчихлаа” гэхээр нь хартал гараараа гэдсээ дарчихсан, хэвлийгээс нь цус гарсан байхаар нь сандраад “яана” гэж орилоод хутгаа хаяад босч 103 дугаар луу залгаж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 82-83 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн өвчний түүхээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08шэ/130 тоот:
1. С.Болотбекийн
2. Дээрх нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр тал/,
Д.Нарангэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86 дугаар тал/,
Д.Нарангэрэлийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-6 дугаар тал/,
Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-25 дугаар тал/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-26-28 дугаар тал/,
Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-29-30 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Нарангэрэл нь архи ууж согтуурсан үедээ 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо 11Б-ийн 1 тоотод өөрийн гэртээ мах идээд сууж байхад хамтран амьдрагч С.Болотбек мөр толгойноос нь татаж чангааж, шүлсээ үсчүүлэн дайраад байхаар нь гэнэт уурлаж хутга барьж байснаа мартаж хутгатай гараараа цааш нь түлхтэл хэвлийн тус газарт нь хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №08шэ/130 тоот дүгнэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Болотбекын мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Нарангэрэлийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэргээр тогтоогдон нотлогдов.
Шүүгдэгч Д.Нарангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлэтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Нарангэрэл хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж байгаа нь хууль зүйн шаардлагад нийцсэн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Нарангэрэлд холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн шар иштэй хутгыг устгах, сиди 2 ширхэгийг хэрэгт хадгалах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Дашзэвэгийн Нарангэрэлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нарангэрэлийг тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгаж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэхийг Д.Нарангэрэлд даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхэлэн тоолсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эрээн хуванцар бариултай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц усгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах, 2 ширхэг сидийг хэрэгт хадгалсугай.
5. Д.Нарангэрэл нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Нарангэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ