| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сураагийн Отгонтуяа |
| Хэргийн индекс | 115/2026/0007/З |
| Дугаар | 115/ШШ2026/0006 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 115/ШШ2026/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Н
Хариуцагч: Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.С нарын хоорондын “... хууль бус татгалзсан үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирол 86,400,000 төгрөгийг гаргуулах” маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Н нь Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Сд холбогдуулан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар иргэн Б.Нгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан 44-65890, 44-65888, 44-65886, 44-65885, 44-65884, 44-65882 дугаартай мэдүүлгүүдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Сгийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл”-үүдийг хууль бус байсан болохыг тогтоолгож, хууль бус татгалзсан үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирол 86,400,000 төгрөгийг гаргуулах”[1] шаардлага гарган маргаж байна.
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:
2.2. Хариуцагч улсын бүртгэгч Б.Сгаас нэхэмжлэгч Б.Нгийн гаргасан мэдүүлгүүдийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь заалтыг үндэслэн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл”-ээр нэхэмжлэгчид буцаан шийдвэрлэжээ.
2.3. Нэхэмжлэгчээс “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл”-ийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргасан ба Захиргааны байгууллагаас гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй үндэслэлээр иргэн Б.Н болон “ТК” ХХК-аас 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2.4. Тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 115/ШЗ2026/0018 дугаар захирамжаар нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож шийдвэрлэсэн ба Б.Н болон “ТК” ХХК-аас 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бүрдүүлбэр ханган дахин ирүүлсэн нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 115/ШЗ2026/0032 дугаар захирамжаар “ТК” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, харин иргэн Б.Нгийн нэхэмжлэлд дахин бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож шийдвэрлэсэн.
2.5. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 115/ШЗ2026/0032 дугаар захирамжид “ТК” ХХК нь гомдол гаргаагүй боловч иргэн Б.Н болон “ТК” ХХК-аас дахин 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргаж ирүүлснийг мөн шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 115/ШЗ2026/0040 дүгээр захирамжаар “ТК” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, иргэн Б.Нгийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь заалтаар Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч Б.Сгийн үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Б.Нгийн нэр дээр Улсын бүртгэлд бүртгэхээс хууль бус татгалзсан үйл ажиллагааны улмаас хүн хуулийн этгээдэд учирсан хохирол 86,400,000 /наян зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Сд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3. Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7-д заалтаар Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч Б.Сгийн Үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Б.Нгийн нэр дээр улсын бүртгэл бүртгэхээс хууль бус татгалзсан үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учирсан 86,400,000 /наян зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол гаргуулах”[2] нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар иргэн Б.Нгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан 44-65890, 44-65888, 44-65886, 44-65885, 44-65884, 44-65882 дугаартай мэдүүлгүүдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Сгийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл”-үүдийг хууль бус байсан болохыг тогтоолгож, хууль бус татгалзсан үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирол 86,400,000 төгрөгийг гаргуулах” гэж өөрчлөн тодруулснаар маргаж байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
3.1. “Хуульд улсын бүртгэгч нь хараат бусаар бие даасан шийдвэр гаргана гэж заасан байхад хариуцагч нь “би айж байна, дээд дарга нар битгий оруул” гээд Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн газрын дарга, Хэнтий аймгийн улсын бүртгэгчээс асуугаад 7 хоносон, хуульд заасан тусгай болон урьдчилсан тэмдэглэгээ хийгдээгүй байхад хууль бусаар татгалзсан;
3.2. Миний өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан 6 байранд ямар нэгэн тэмдэглэгээ байгаагүй, гэтэл миний нууц мэдээллийг бусдад зарлаж хууль зөрчсөн;
3.3. Дээд шатных нь даргад гомдол гаргахаар хасалт хийгээд бүртгэ гэсэн албан бичиг ирснээр сая 03 дугаар сард гэрчилгээнүүдийг гаргаж өгсөн, хэрэв би тухайн үед л байраа бүртгүүлээд авсан бол тухайн үеэс эхэлж байраа түрээслээд 6 сард нэг байрнаас 6,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөгийн ашиг олох байсан;
3.4. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. Мөн хуулийн 498.5-т “...хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 100, 101, 102, 103-т дээд шатны дотоод аудит буруутай этгээдийн гэм бурууг тогтоогоод буцааж заавал төлнө гэж заасан, би сар бүр олох байсан орлогоороо хохирсон” гэх агуулгаар тайлбарлаж байна.
4. Нэхэмжлэгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
“Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 8 дугаар хэсгийн 64 дүгээр байрны 6, 7, 8, 9, 10, 20 тоот байрнуудыг худалдан авч, эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос гарч Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн даргатай уулзаж “танай улсын бүртгэлийн байгууллагынхан нэг биш удаа жижиг тосгоны хэмжээнд төрийн албан хаагчид бие биеэ таньдаг байдлаа ашиглаж, бүртгэл хийхээс удаа дараа татгалзаж байгаа” талаар дэлгэрэнгүй ярьсан. Жишээлбэл улсын бүртгэлд бүртгэх бүртгэлийг хаягийг өөрчил, буруу хаяг өгсөн байна гэх мэтээр Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар захиргааны байгууллагад олгосон эрх, мөн Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д заасан захиргааны байгууллага өөрт байгаа нотлох баримтыг иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй гэсэн зохицуулалтыг зөрчиж өөрийнх нь чиг үүрэгт хамаарах асуудлыг иргэнээс шаардаж, зориудаар 2 жил бүртгэл хийхгүй чирэгдэл учруулж байна.
Тухайн байранд цагдаа, улсын бүртгэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч нар дайраад орчихсон. Эдгээр хүмүүс нь бүгд бие биеэ танина. Монгол Улсын төрд тангараг өргөсөн төрийн албан хаагч нар хууль бусаар бусдын байранд дайрч орчхоод үнэ төлбөргүй 4, 5 жил дээрмийн чанартай үйл ажиллагаа хийж байна.
Улсын бүртгэгч Б.С юу гэж байна гэхээр “би айж байна, дээд дарга нар битгий оруул” гэсэн гэдэг. Энэ хүн дээд удирдлагынхаа үгээр ажиллах уу, Улсын бүртгэлийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу ажиллах юм уу. Хуулиараа улсын бүртгэгч хараат бусаар, бие даасан шийдвэр гаргана гэж байгаа.
Гэтэл энэ асуудлын талаар Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, Хэнтий аймгийн улсын бүртгэгчээс асуугаад 7 хоносон. Бүртгэл хийхгүй байх хоёр л шалтгаан байгаа. Нэг бол авлига авсан, нэг бол ажлаа мэддэггүй. Б.Сгийн хувьд Улсын бүртгэлийн тухай хуулиа огт мэддэггүй. Энэ хүний сарын цалин 2,000,000 төгрөг байх. Гэтэл би сарын цалингаас нь 3 дахин их ашгаа сар болгон алдчихаад байхад айж сандрахгүйгээр инээгээд л яваад байдаг. Энэ хүний хууль мэдэхгүй шалтгаанаас болж би сар болгон хохироод байхад юу ч болоогүй юм шиг инээгээд л яваад байдаг нь ариун ёс уу. Ганц Б.С ч биш, улс орон даяараа л төрийн алба нь зэвэрсэн, өмхийрсөн, ялзарсан нь харагдаж байгаа юм.
Хариуцагчийн зүгээс бүртгэхээс татгалзсан татгалзлаа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1.5-д зааснаар гаргасан гэдэг. Би энэ хүнд “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.5-т гэж бичих гэж байгаад андуурсан юм уу” гэж асуухаар “тийм байна” гэдэг, үүнээс эхлээд асуудал үүснэ. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.5-т мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа бол гэж заасан. Гэтэл энэ татгалзал гарах хугацаанд уг зургаан байранд маргаан гарч Улсын бүртгэлийн тухай хуулиараа тусгай болон урьдчилсан тэмдэглэгээ хийгдсэн зүйл байхгүй. Энэ тэмдэглэгээ хийгдээгүй талаар хамгийн эхэнд мэдэх ёстой төрийн албан хаагч нь Сийлэгмаа байсан. Намайг тухайн байрнуудыг бүртгүүлэх гээд очиход дээрэмчин, луйварчин, хулгайч, байр руу дайрч орсон хүмүүс рүү даргатай хамт очиж хаалгыг тогшоод “бүртгэх үү, байрнаасаа хөөгдлөө” гээд асуугаад яваад байдаг. Тухайн татгалзал гарах үед тухайн байрны 16 тоот мөн 2, 3 тоот байр тэмдэглээтэй байсан. Үүнээс гадна миний шүүхийн шийдвэрээр худалдаж авсан 21, 19, 18 тоот байрууд прокурорын тэмдэглэгээтэй байсан. Бусад байранд ер тэмдэглэгээ байхгүй. Гэтэл улсын бүртгэгч өөрийн үүргийг биелүүлэхгүй, миний нууцыг бүгдэд зарлаж явсан.
Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар улсын бүртгэгч нь хэргийн оролцогч бус хүнд хууль бусаар мэдээллийг задруулахыг хориглодог. Тэгээд очиж мэдээлэл тараасных нь дагуу нөгөө хүмүүс нь шүүхэд нэхэмжлэл гаргасан ч хэргийн оролцогч биш гээд хүлээж аваагүй байна лээ. Мөн дарга хориглосон гээд бүтэн жил хүний хөрөнгийг бүртгээгүй. Би энэ хэрэг шүүхээр хянагдсаны дараа тухайн албаны эрх ашгаараа хяхан боогдуулсан буруутай этгээдийг олж тогтоолгоно. Тэгээд дээд шатных нь даргад гомдол гаргахад хасалт хийгээд бүртгүүл гэсэн албан бичиг ирүүлсэн. Хэрэгт энэ талаарх баримт авагдсан. Тэгэхээр нь би энэ хүнд “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд чинь ийм заалт байхгүй, дээд шатны хяналт тавьж байгаа дарга чинь иш чааваас даа” гэж хэлсэн. Улаанбаатар хотод байх 1000 айлын орон сууц нэг айл бүртгэл хийлгэхдээ л нөгөө 999 айлыг хасалт хийгээд явах уу, тийм зүйл байхгүй. Татварын ерөнхий хуульд заасны дагуу нийт байр борлогдоод дууссаны дараа гүйцэтгэгчээс улсын бүртгэлийн газарт очоод энэ бүх байр зарагдаад, задраад дууссан тул үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлээ хасалтаа хийлгэе гээд бичүүлдэг зүйлийг дээд шатны байгууллагын дарга үүрэг болгосон байгаа. Энэ албан бичгийг нь уншихаар нулимс гарч байна.
Улсын бүртгэлийн газар иргэн, хуулийн этгээд, төрд асар их хохирол учруулдгийг энэ байгууллагын ажилчид дээд шатнаасаа доод шат хүртлээ мэддэггүй. Энэ эмгэнэлийг засах газар нь ганц захиргааны хэргийн шүүх байгаа. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. Мөн хуулийн 498.5-т “...хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 100, 101, 102, 103-т дээд шатны дотоод аудит буруутай этгээдийн гэм бурууг тогтоогоод буцааж заавал төлнө гэж байгаа. Өнөөдөр шүүхэд цугларсан нотлох баримт миний нэхэмжлэлийг шаардлага, үндэслэлийг хангаж чадахгүй байх. Гэхдээ хууль бус шийдвэр гаргасан байсан гэдгийг тогтоочих байх.
Анх “ТК” ХХК нь 2020 онд 24 айлын орон сууц ашиглалтад оруулаад улсын комисс өвлөөр хүлээж авсан. Өвөл хүлээлгэж байгаа учраас төвийн халаалтаа авсан. 3, 4 сар халаалт төлөх болсон учраас манаачдаа хэлээд орон нутгийн ханшаар нь хоёр айл оруулчхаарай гэж гуйсан. Тэгээд хоёр айл оруулчихсан байсан чинь нөгөө хоёр айл нь хотоос хүн ирэхгүй гээд нэмээд зургаан айл оруулсан. Ингээд гүйцэтгэгч компанийн зөвшөөрөлгүйгээр айлууд орчихсон. Нөгөө зургаан айл нь сүүлдээ арван хоёр айл болсон. Энэ 12 айл анх ашиглалтад орсон цоо шинэ байранд ороод компанид нэг ч төлбөр төлөөгүй. Энд миний газар байсан, энд манай жорлон байсан, би ногоон хөгжил үндэсний нэгдэлд залилуулсан гээд байсан учраас би 21, 24, 19, 16 тоот байруудыг өөрийн нэр дээр тэмдэглүүлж авсан. Ногоон хөгжил үндэсний нэгдэл гэдэг компани манай компанийн нэрийг барьж дундаас нь 80,000,000 гаруй төгрөгийг залилсан гэсэн. Гэхдээ ямар ч гэрээ байхгүй, энэ нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа.
Хариуцагчийн гаргасан тайлбарт нь би хариу тайлбар гаргахгүй бол давж заалдах шатны шүүхэд энэ тайлбарт нь хариу тайлбар гаргаагүй харагдах гээд байна. Тэгээд тэр дөрвөн айл гарахаар нь би өөртөө туслах ажиллагаагаар гэрчилгээгээ гаргуулж авч тухайн хүмүүсийг хөөгөөд түрээсийн гэрээ хийгээд тэрнээс хойш түрээслээд явж байгаа.
Хариуцагчийн татгалзлын тухайд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэл болгож бичсэн байдаг. Гэтэл энэ хуулийн 19 дүгээр зүйлд улсын бүртгэгч түүний эрх үүргийн талаар тусгагдсан. Улсын байцаагчаас манай байранд дайрч орсон хүмүүст санаа зовоод дээрх хуулийн 19.4-т зааснаар очиж уулзсан гэж ярьдаг. Энэ хуулийг эх барьж авсан хүний хувьд хэлэхэд 19.4.1-т “...холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох” гэж заасан. Холбогдох иргэн гэж байгаа болохоос гудамд байгаа иргэнээс асууна гэсэн үг биш.
Би улсын бүртгэгч Б.С, түүний даргад “энэ миний нууц, би амиа алдаж магадгүй, буудуулж магадгүй, миний өмч хөрөнгийг булааж магадгүй, энэ чинь хувь хүний өмчлөх эрхийн нууц” гэж хэлж л байсан. Таны хамгаалах гээд байгаа хүн чинь эдгээр хүмүүс биш. Энэ хүмүүс орон сууц захиалгын гэрээтэй, мөнгөө төлөөд залилуулчихсан, улсын бүртгэлд очоод гомдол гаргасан бол санаа зовж болно. Гэтэл энэ хүмүүстэй хуйвалдаад өргөсөн тангаргаа зөрчиж болохгүй. Дээрх хуульд заасан эрх, үүргээрээ миний бүртгэл дутуу эсэх талаар надаас л асууж тодруулж шалгана. Түүнээс миний байранд дээрэмдэж орж ирсэн хүмүүсээс асуухгүй. Тэр хүмүүс шүүхэд хандана уу, цагдаад гомдол гаргана уу энэ таны асуудал биш. Миний өмчлөх эрх миний амь настай холбоотой нууц байдаг юм. Энэ асуудлаар шүүхэд хэрэг үүссэн яваад байна гэдэг нь энэ хүн даалгавар өгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29.1.5-т зааснаа хангуулах гээд байгаа юм. Би энэ хуулиудын зүйл заалтыг нэг бүрчлэн мэддэг учраас эдний алдаа болгоныг хэлдэг. Ингээд хэлэхээр дарамталлаа, мөнгө шаардлаа гэж байна. Эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг хуульд зааснаар төлдөг юм.
Би Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн даргад гомдол гаргасан. Тэгэхэд бүх байр зарагдаж дууссаны дараа хасалт хийдэг зохицуулалтыг хэрэглэж бүртгэнэ гэсэн, ерөнхий газраас чинь болохоор манай улсын бүртгэгч татгалзах бүрэн эрхтэй байна гэж хариу өгсөн учраас би нэхэмжлэлээсээ татгалзчих юм бол энэ бүх хүмүүс хуулиа мэдэхгүй л ажиллаад байх юм байна гэж бодсон. Нэхэмжлэлээ яагаад татаж аваагүй гэхээр чи хариу тайлбар гаргахдаа өөрийнхөө бурууг хүлээхгүй илт хамгаалсан байсан иймд өөгшүүлсэн болчих урчаас татаж аваагүй.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29.1.5-т зааснаар бүртгэл хийхээс татгалзсан нь хууль бус болох нь шүүхийн мэтгэлцээний явцад харагдлаа. Учир нь тусгай тэмдэглэгээг хэн нэгэн этгээд улсын бүртгэлийн байгууллагад гомдол гаргаснаар тавигддаггүй. Шүүхэд нэхэмжлэгч тал хүсэлт гаргаж шүүгчийн захирамж гарснаас тусгай тэмдэглэгээ хийгддэг гэдгийг ойлголгүйгээр иргэн, хуулийн этгээдэд үлэмж хэмжээний хохирол учруулж, 5, 6 сарын хугацаанд бүртгэл хийгээгүй. Сар болгон миний олох байсан орлогыг тасалдуулсан тул намайг хохиролгүй болгож, хариуцагчийн татгалзал хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү” гэв.
5. Хариуцагч Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.С шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Иргэн Б.Н нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.Шын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-0714001945 дугаарт бүртгэгдсэн Замын-Үүд сум, 1-р баг, 8 хэсэг гудамж 64-р байрны 16, 17, 18, 21 тоот хаягт байрлах орон сууцыг бүртгүүлэхээр 44-57603 дугаартай мэдүүлэг гаргасан ба мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтын бүрдлийг хянаж үзэхэд хэлцэл нь гэрээний шаардлага хангаагүй байсан. Иймд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.2-т заасан үндэслэлээр мэдүүлгийг буцаасан. Үүнээс үүдэж иргэн Б.Н бухимдаж миний шийдвэрийг эсэргүүцэж Авлигатай тэмцэх газар өгч шалгуулсан, мөн утсаар болон мессежээр хохирлоо мөнгөн дүнгээр нэхдэг байсан.
Б.Н нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж явснаар өмнөх өмчлөгч нь гарч ирж иргэн хоорондын маргаанаа шийдвэрлэснээр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Тухайн байранд амьдарч байсан иргэд хөөгдөж шүүхээр маргаан үүсгэж тухайн хөрөнгүүдийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний 07 тоот зөвшөөрлөөр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.
Харин энэ удаад Б.Н нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Замын-Үүд сум, 1-р баг, 8 хэсэг гудамж, 64-р байрны 6, 7, 8, 9, 10, 20 тоотуудыг өмчлөх хүсэлт гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.1 дэх заалтыг үндэслэн 6, 7, 8, 9, 10, 20 тоот хаягт байрлах орон сууцанд амьдарч байгаа иргэдээс тодруулга тайлбар авсан.
Тухайн иргэд нь Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэл, тус хэлтэст шүүхэд нэхэмжлэл гаргасан хэрэг маргаан хэлэлцэгдэж шийдэгдтэл ямар нэгэн бүртгэл хийхгүй байх талаар иргэдийн 2025 оны 09 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд гаргасан өргөдөл зэргийг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалтыг үндэслэн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг иргэн Б.Нд хүргүүлсэн.
Өмнө нь бүртгүүлсэн бүртгэлээс иргэд хохирч тухайн иргэд шүүхээр маргаан үүсгэж одоо хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа, мөн одоо амьдарч байгаа оршин суугчид нь манай байгууллагад өргөдөл өгсөн учраас Төрийн албан хаагчийн хүнлэг энэрэнгүй байх зарчмыг баримталж буруу шийдвэр гарахаас сэргийлж эргэлзээ төрүүлсэн. Иймд буруу шийдвэр гаргахаас сэргийлж Хэлтсийн дарга хяналтын улсын байцаагч, тасгийн дарга нараас зөвлөгөө авах хүсэлт явуулсан үүний дагуу Хэлтсийн даргын 2025.11.07-ны 18/971 тоот албан бичгээр 29.1.5 дахь заалтаар буцаах нь зүйтэй гэсэн зөвлөмж ирүүлсний дагуу мэдүүлгийг буцаасан.
Иргэн Б.Нгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хүн, хуулийн этгээд хохирсон гэх 86,400,000 төгрөг төлөх үндэслэлгүй.
1. Хотоос 720 км замыг хувийн унаагаар явсан гэх, энэ нь мэдүүлгээ гаргах нь энэ хүний асуудал, буудалд 5 хоног байсан гэх тухайн үед мэдүүлгээ өгчхөөд эрээн гарах ажилтай гээд явсан байдаг 3 хоногийн дараа гэрчилгээ гарсан эсэхийг хүнээр асуулгасан. Иймд энэ хүн бүртгэлээ хүлээж 5 хоног буудалд байгаагүй гэж үзэх үндэслэлтэй.
2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.13-д зааснаар "Шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ байршилтай танилцах" гэсний дагуу улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энх-Эрдэнийг Замын-Үүд суманд албан томилолтоор ажиллаж байх үед хамт очиход бүртгүүлэх гэж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн 1 орон сууцыг танилцуулж, бусад орон сууцыг танилцуулахаас татгалзан Эрүүгийн хуулийн зүйл заалтын талаар ярьж эсэргүүцээд оруулаагүй.
3. Нэхэмжлэгч 86,400,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сараас гэсэн нь үндэслэлгүй бөгөөд 2025 онд нотлох баримтаа бүрдүүлэн мэдүүлэг гарган бүртгүүлсэн байдаг.
Одоо бүртгүүлэх гээд байгаа мэдүүлэг нь 2025 оны 10 сард хандсан болно. Төрийн албан хаагч миний бие өргөсөн тангарагтаа үнэнч байж аль нэгэн талд давуу эрх үүсгэлгүй бүртгэлээ үнэн зөв бүртгэх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1. 19.4.10 дахь заалтыг баримтлан эрх тэгш үнэнч шударга ажиллахад минь саад учруулж 2024 оны 9 сараас хойш мессеж болон утсаар айлган сүрдүүлж, дарамталж сэтгэл зүйд нөлөөлж ажил тайван хийх аргагүйд хүргэж байна.
Тухайн бүртгэл нь маргаантай олон жил болсон ба бүртгэвэл одоо амьдарч байгаа иргэд нь маргана, бүртгэхгүй бол бүртгүүлэх гэж байгаа иргэн нь маргана, 2 талтай учраас шийдвэр гаргахад эргэлзсэн учир дээд удирдлагууддаа хандсан Хэлтсийн даргын албан бичгээр 29.1.5 дахь заалтаар буцаах нь зүйтэй гэсэн зөвлөмж ирүүлсний дагуу мэдүүлгийг буцаасан. Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2 удаа хандаж бүртгэлийг хийхээр шийдвэрлэсний дагуу 2026 оны 03 дугаар сарын 05-нд тухайн бүртгэлүүдийг бүртгэж гэрчилгээ олгосон. Б.Н нь хэлтсийн даргатай болон бүртгэгч надтай утсаар ярихдаа нэхэмжлэлээ буцаан татна, хариу тайлбар өгөх хэрэггүй гэж хэлсэн.
Миний бие хууль дүрэм журмын хүрээнд эрхэлсэн ажлаа өнөөдрийг хүртэл үнэнч шударгаар эрхэлж байгаа бөгөөд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол гэж яриад байна. Анх 2024 оны 09 сар гэж нэхэмжлэгч яриад байх юм. Анх 2024 оны 10 сарын 24-ний өдөр мэдүүлгээ гаргасан. Тухайн үед энэ хөрөнгө нь Ш гэдэг иргэний хөрөнгө байсан. Нэхэмжлэгчээс анх нотлох баримтаа бүрдүүлж ирэхдээ үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээг хавсаргаж ирүүлсэн. Гэтэл 2023 оны 03 сарын 15-ны өдөр тухайн хөрөнгийн хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлчихсэн байсан. Тэгээд хэсэгчлэн буюу 16, 20 тоот байрнуудын хөдөлгөөн хийх эрхийг сэргээсэн захирамж гарсан. Тухайн гэрээг үндэслээд бүртгэх гэсэн боловч гэрээгээ нотариатаар батлуулаагүй, хуулбар үнэн дарагдсан байсан.
Шүүхийн шийдвэрээр бүртгүүлнэ гээд ирсэн ч тухайн шийдвэрт 64 дүгээр байрны 16 болон 20 тоотын хөдөлгөөн хийх эрхийг сэргээх нь зүйтэй л гэсэн байсан. Тэгээд тухайн үед баримтууд нь шаардлага хангахгүй байсан учраас буцаасан. Б.Н гэж хүн манай ерөнхий газарт өргөдөл гаргаад явж байх хугацаанд н.Ш гэдэг хүн ирээд “би энэ эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зураагүй” гэсэн тайлбараа өгсөн байдаг. Сүүлд нь н.Шаас н.Д буюу “ТК” ХХК-ийн захирал руу бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байсан. Түүний дараа нэхэмжлэгч мэдүүлгээ 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан.
2025 оны 07 сард сэргээгдээд 2025 оны 10 сард нэхэмжлэлд дурдаад байгаа 6 хөрөнгийнхөө мэдүүлгийг гаргасан. Тухайн үед өмнөх өмчлөгч нар эрх ашиг хөндөгдсөн, байрнаасаа хөөгдсөн гээд одоо хүртэл шүүхэд хандаад явж байгаа. Тэгээд эргээд манай гэрчилгээг үндэслээд тухайн хүмүүсийг байрнаас нь хөөдөг учраас иргэдийн эрх ашиг хөндөгдөх вий гэсэн үүднээс хэлтсийн даргатайгаа газар дээр нь очиж хэд хэдэн тоотыг түрээсэлж байгаа, өмчлөгч нь ямар хүн байгаа талаар харах гэж очиход Б.Н гуай 20 тоот байранд оруулчхаад бусдыг нь бид нарт үзүүлээгүй, өөдөөс хууль бариад дайраад байхаар нь буцаад явсан. Тэгээд Б.Э гэж хүн нь тухайн байрны 6, 7, 8, 9 тоот хөрөнгийг газрын эзэмшигч нь юм байна лээ. Тухайн хүн ирээд шүүхэд нэхэмжлэлээ гаргачихсан байгаа учраас бүртгэхгүй байж өгөөч гээд нэхэмжлэлээ харуулаад, өргөдөл гаргасан. Үүний дагуу бид нар хэн нэгэн этгээдийг хохироочих вий гэдэг үүднээс хугацаа харах шаардлага гарсан. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.5-т зааснаар шүүхээр маргаан хэлэлцэгдэж байгаа гэдэг үндэслэлээр татгалзсан.
Тухайн үед нотлох баримт нь бүрдчихсэн байсан ч иргэдээс “бид нар хохирох гээд байна” гээд байсан учраас дээд шатны байгууллагадаа энэ байдлаа хэлсэн. Сая хүртэл над руу танихгүй дугаараас “гуравдагч этгээдийн өмгөөлөгч байна, Б.Н гэж хүнийг дуудаад ирэхгүй эрэн сурвалжилж байна, танай байгууллагыг мөн оролцогчоор татна” гээд ярьж байсан. Манай байгууллага нөгөө талд үйлчилсэн гэдэг юм уу, эсхүл энэ хүний яриад байгаа шиг нийлж хов базаж энэ шийдвэрийг гаргаагүй. Хамгийн гол нь манай гэрчилгээг үндэслээд өөр хэн нэгэн этгээдийн эрх ашиг мөн хөндөгддөг учраас хариуцлагатай шийдвэр гаргахын тулд Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газраасаа зөвлөмж хүссэн. Тухайн үед нэхэмжлэгчийн дүү Б.Э нь газрын эзэмшигч иргэдэд 4 гэрчилгээг буцаагаад олгоно гэж хэлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газраас мөн иргэд нь хоорондоо шүүхээр учраа олог гэж чиглэл хүргүүлсэн. Тэгэхгүй бол энэ хүн байнгын л утсаар дарамтлаад байсан, аргагүйн эрхэнд л манайхаас сая бүртгэл хийж өгсөн.
Тухайн хөрөнгөтэй холбоотой иргэд нэхэмжлэл, өргөдөл гаргасан байсан. Хариуцагчаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй учраас маргаантай гэж үзэхгүй л гээд байна. Хуульд шүүхийн шийдвэр гэж заагаагүй, мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа гэж заасан учраас энэ заалтад хамаарна гэж үзсэн. Мөн дөрвөн орон сууцыг тухайн газрыг иргэд авсан гэдэг нь хууль ёсных гэж бодож байна. Хөндлөнгийн ямар ч хамааралгүй хүн тухайн байранд амьдраад байхгүй нь ойлгомжтой байх. Би энэ асуудлыг ганцаараа шийдвэрлээгүй, дээд шатны байгууллагын удирдлагууд хамааралтай” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс захиргааны хэрэг үүсгэсэн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7-д заалтаар Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Б.Сгийн Үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Б.Нгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэхээс хууль бус татгалзсан үйл ажиллагааны улмаас хүн хуулийн этгээдэд учирсан 86,400,000 төгрөгийн хохирол гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар иргэн Б.Нгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан 44-65890, 44-65888, 44-65886, 44-65885, 44-65884, 44-65882 дугаартай мэдүүлгүүдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Сгийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл”-үүдийг хууль бус байсан болохыг тогтоолгож, хууль бус татгалзсан үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирол 86,400,000 төгрөгийг гаргуулах” гэж өөрчлөн тодруулсан болно.
2. Шүүх нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзлээ.
2.1. Нэхэмжлэгчийн гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар иргэн Б.Нгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан 4465890, 4465888, 4465886, 4465885, 4465884, 4465882 дугаартай мэдүүлгүүдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Сгийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл”-үүдийг хууль бус байсан болохыг тогтоолгож, хууль бус татгалзсан үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирол 86,400,000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагад хамаарах дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
2.2. Анх нэхэмжлэгч нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 8 дугаар хэсгийн 64 дүгээр байрны 20, 10, 09, 08, 07, 06 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Замын-Үүд сум дахь улсын бүртгэгчид хандан мэдүүлэг гаргасан нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 44-65882, 44-65884, 44-65885, 44-65886, 44-65888, 44-65890 дугаартай мэдүүлгүүд, мэдүүлэг тус бүрд хавсаргасан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “ТК” ХХК-ийн орон сууцны төлбөрийг төлж барагдуулсан тухай албан бичиг, “Орон сууц захиалгаар худалдах гэрээ”, “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”, “Үл хөдлөх хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт”, орон сууцны гадна талаас авсан гэрэл зураг, схем зураг зэрэг бичгийн баримтуудаар /хавтаст хэргийн 11-20, 22-31, 33-42, 44-54, 56-64, 66-75 дахь тал/;
2.3. Хариуцагч улсын бүртгэгч Б.Сгаас нэхэмжлэгч Б.Нгийн гаргасан дээрх мэдүүлгүүдийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь заалтыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл”-ээр /хавтаст хэргийн 10, 21, 32, 43, 55, 65 дахь тал/;
(Хариуцагчийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл”-д огноо бичээгүй бөгөөд энэ талаар хариуцагч нь 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан гэж, мөн мэдэгдлийн татгалзсан тайлбарт “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь заалтыг үндэслэн буцаав” гэж бичсэн ба 29 дүгээр зүйл гэж бичихийг 19 гэж андуурч бичсэн гэж тайлбарласныг нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрч маргаагүй болно)
2.4. Хариуцагчаас нэхэмжлэгч Б.Нгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө авахаар Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргад хандсан ба Улсын бүртгэлийн хэлтсийн даргаас “... улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах нь зүйтэй” гэх хариуг ирүүлсэн нь хариуцагчийн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хүсэлт /хавтаст хэргийн 186 дахь тал/, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 18/971 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 114-115 дахь тал/;
2.5. Цаашлаад Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Б.Нгийн гаргасан мэдүүлгүүдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлаар чиглэл авахаар хандсаны дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газраас “... улсын бүртгэгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрээ гаргаж татгалзсан хариу өгсөн ...” гэх агуулгатай хариуг ирүүлсэн нь Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Чиглэл хүсэх тухай” 16/55 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 4/1266 дугаар албан бичгээр /хавтаст хэргийн 183-184 дэх тал/;
2.6. Үүний дараа шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд буюу 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэгчийн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 44-65890, 44-65888, 44-65886, 44-65885, 44-65884, 44-65882 дугаартай мэдүүлгүүдийн дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 8 хэсэг гудамж 64 дүгээр байрны 06 тоот 42.01 м.кв, 09 тоот 38.17 м.кв, 08 тоот 37 м.кв, 20 тоот 42.01 м.кв, 07 тоот 40.25 м.кв, 10 тоот 42,01 м.кв талбайтай 2 өрөө нийт 6 орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Нг бүртгэж тус бүрд гэрчилгээ олгосон нь “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-гээр /хавтаст хэргийн 132-137 дахь тал/ тус тус тогтоогдож байна.
3. Өмнө “Тодорхойлох нь” хэсгийн 2.3-2.5 дахь хэсгүүдэд дүгнэснээр нэхэмжлэлд 2 удаа бүрдүүлбэр хангуулж, тус шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 115/ШЗ2026/0040 дүгээр захирамжаар зөвхөн нэхэмжлэгч Б.Нгийн гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7-д заалтаар Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Б.Сгийн Үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Б.Нгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэхээс хууль бус татгалзсан үйл ажиллагааны улмаас хүн хуулийн этгээдэд учирсан хохирол 86.400.000 /наян зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах” /хавтаст хэргийн 96-99, 100-102 дахь тал/ шаардлага бүхий нэхэмжлэлээр хариуцагчид холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.1. Тодруулбал шүүхээс нэхэмжлэгч Б.Нгийн гаргасан зөвхөн “хохирол гаргуулах” шаардлагыг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн, нэхэмжлэгчээс “түүний үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан гэх захиргааны акт буюу хариуцагчийн гаргасан мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах” шаардлагыг гаргаагүй байна.
4. Нэхэмжлэгчээс анх гаргасан “хохирол гаргуулах” агуулгатай нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэх үед өөрчлөн тодруулсан ба “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар иргэн Б.Нгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан 44-65890, 44-65888, 44-65886, 44-65885, 44-65884, 44-65882 дугаартай мэдүүлгүүдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Сгийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл”-үүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох, ...” шаардлагын тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3. “3ахиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан.
Өмнө нь 3.1 дэх хэсэгт дүгнэснээр нэхэмжлэгч нь “түүний гаргасан 44-65890, 44-65888, 44-65886, 44-65885, 44-65884, 44-65882 дугаартай мэдүүлгүүдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Сгийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл”-үүдийг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй атлаа “үргэлжлүүлэн тогтоох” нэхэмжлэл болох “захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг гаргасан нь үндэслэлгүй.
Тодруулбал 1/ нэхэмжлэгч нь эхэлж “захиргааны актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх
2/ хүчингүй болгуулахаар шаардаж буй захиргааны акт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусахаас өмнө хэрэгжсэн эсхүл биелэгдсэн байх урьдчилсан нөхцөлийг[3] хангасан тохиолдолд үргэлжлүүлэн “захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг гаргахаар байна.
Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “эхэлж захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх” үргэлжлүүлэн тогтоох буюу “хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн гол урьдчилсан нөхцөл хангагдаагүй байна.
Хэрэв нэхэмжлэгч нь шүүхэд эхлээд “... Улсын бүртгэгч Б.Сгийн Үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Б.Нгийн нэр дээр Улсын бүртгэл бүртгэхээс хууль бус татгалзсан мэдэгдлүүдийг захиргааны актаар тодорхойлон тэдгээрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан байсан бол “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар иргэн Б.Нгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан 44-65890, 44-65888, 44-65886, 44-65885, 44-65884, 44-65882 дугаартай мэдүүлгүүдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Сгийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл”-үүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох, ...” шаардлага нь “үргэлжлүүлэн тогтоох” нэхэмжлэлд хамаарахаар байжээ.
Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрх зөвхөн нэхэмжлэгчид, түүнээс тусгайлан эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгчид хадгалагдах бөгөөд шүүхээс нэхэмжлэгч Б.Нд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоож, түүнд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ зөв тодорхойлох боломжийг 2 удаа олгосныг;
өмнөх 2.6 дахь хэсэгт дүгнэснээр “шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд буюу 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэгчийн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 44-65890, ...дугаар бүхий 6 мэдүүлгийн дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 8 хэсэг гудамж 64 дүгээр байрны 06, 09, 08, 20, 07, 10 тоотын нийт 6 орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Нг бүртгэж тус бүрд гэрчилгээ олгосон” хэдий энэ нь нэхэмжлэгчийг “эхэлж захиргааны актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3. “3ахиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох”, 106.5. “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг баримтлан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар иргэн Б.Нгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан 44-65890, 44-65888, 44-65886, 44-65885, 44-65884, 44-65882 дугаартай мэдүүлгүүдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Сгийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл”-үүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох, ...” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Нэхэмжлэгчийн “...хууль бус татгалзсан үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирол 86,400,000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Өмнөх хэсэгт шүүх нэхэмжлэгчийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар иргэн Б.Нгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан 44-65890, 44-65888, 44-65886, 44-65885, 44-65884, 44-65882 дугаартай мэдүүлгүүдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Сгийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл”-үүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох, ...” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа дээрх тохиолдолд “... хууль бус татгалзсан үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирол 86,400,000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Үүнд:
5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн төрлийг тодорхойлон заасан бөгөөд мөн зүйлийн 52.5.2. “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” гэж зааснаас үзвэл уг нэхэмжлэлийн тухайд захиргааны байгууллагын эс үйлдэхүй эсхүл хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн буюу хөндөгдсөн байх нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөлийг шаардахаар байна.
Харин шүүхээс хууль бус захиргааны актыг хүчингүй болгох эсхүл эс үйлдэхүйг хууль бус тогтоож шийдвэрлэсний үндсэн дээр хууль бус захиргааны акт, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7. “3захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэж зааснаар гаргуулж шийдвэрлэхээр байна.
Хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бусад нэхэмжлэлийн дагалдах шаардлага байдлаар гаргаж болох ба тухайлбал
а/ хүчингүй болгох үндсэн нэхэмжлэлийн хүрээнд хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах, уг актын улмаас учирсан хохирлыг гаргуулах,
б/ эсхүл даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох, холбогдох хохирлыг гаргуулах тухай захиргааны акт гаргахыг даалгах[4] гэх мэтээр, шүүх үндсэн шаардлагыг хэрхэн шийдвэрлэснээс хамаарч дагалдах шаардлагыг шийдвэрлэнэ.
Гэтэл нэхэмжлэгчээс хохирол гаргуулах нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөл буюу хариуцагчаас түүний эрхийг зөрчин, хохирол учруулсан гэж тодорхойлж буй хариуцагчийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл”-үүдийг “хүчингүй болгуулах”, эсхүл “өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан мэдэгдлүүдийг татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн алийг нь ч гаргаагүй атлаа шууд дагалдах шаардлага болох “хохирол гаргуулах” шаардлагыг гаргасан нь үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан.
Иймээс шүүх “захиргааны актыг хүчингүй болгох, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргаагүй байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг зөрчин дээрх нэхэмжлэлүүдийн дагалдах шаардлага болох “хохирол гаргуулах” нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй юм.
Нэгэнт шүүх “хууль бус захиргааны үйл ажиллагаа эсхүл эс үйлдэхүйг хууль бус тогтоож” шийдвэрлээгүй тул “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах буюу тогтоох” үндэслэлгүй.
Гэсэн хэдий ч маргааныг эцэслэх үүднээс шүүх хариуцагчийн гаргасан захиргааны акт болох 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл”-үүдийн хуульд нийцсэн эсэх, энэхүү татгалзсан шийдвэртэй холбоотой үйл баримтыг талаар болон хохирол гаргуулах шаардлагын үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч Б.Н нь “... 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан мэдүүлгүүдийг татгалзсан хариуцагчийн үйл ажиллагаа хууль бус байсан болохыг тогтоолгож, хууль бус захиргааны шийдвэр буюу татгалзсан мэдэгдлүүдийн улмаас учирсан хохирол 86,400,000 төгрөгийг гаргуулах” агуулгатай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... миний өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан 6 байр ямар нэгэн тэмдэглэгээгүй байхад хууль зөрчиж бүртгэхээс татгалзсан, хэрэв би тухайн үед л байраа бүртгүүлээд авсан бол миний байранд дайрч орсон хүмүүсийг гаргаад тухайн үеэс эхэлж байраа түрээслээд 1 сард 6 байрнаас 6,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөгийн ашиг олох байсан, хариуцагчийн хууль зөрчсөний улмаас би олох байсан орлогоо алдсан” гэх агуулга бүхий тайлбараар;
харин хариуцагчаас “... өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан орон сууцууд нь олон жил маргаантай байгаа, тухайн орон сууцуудад иргэд амьдарч байгаа иргэд “бид нар хохирох гээд байна” гэсэн өргөдлийг ирүүлсэн, хуульд шүүхийн шийдвэр гэж заагаагүй, мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа гэж заасан учраас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 заалтад хамаарна гэж үзсэн, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын зөвлөмж, чиглэлийн дагуу өмчлөх эрхийг нь бүртгэж шийдвэрлэсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэх агуулга бүхий тайлбараар тус тус шаардлага, татгалзлаа тайлбарлан маргасан.
Хариуцагчийн “... нэхэмжлэгчийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан орон сууц олон жил маргаантай байгаа, мэдүүлэг гаргасан орон сууцанд /тоотуудад/ амьдарч байгаа иргэдээс “бид нар хохирох гээд байна, шүүхээр маргаж байгаа гэх” гэсэн өргөдлийг ирүүлсэн тул татгалзсан” гэх үндэслэлийн талаар хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
6.1. Анх Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг гудамжны 64 дүгээр байр хаягт байршилтай 40 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны өмчлөх эрх 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001945 дугаарт иргэн Н.Баярмаа, Ч.Энхжаргал нарын өмчлөлд бүртгэгдэж,
- 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.Шын өмчлөлд шилжин бүртгэгдэж,
- 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Б.Шын гаргасан мэдүүлгээр 100 хувийн гүйцэтгэлтэй болж бүртгэгдсэн, улмаар Б.Ш нь орон сууцыг барьцаалан “Алаг уул ган ББСБ” ХХК-тай байгуулсан барьцаалбартай барьцааны гэрээг бүртгүүлсэн,
-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04-45/12327 дугаар албан бичиг, 2024 оны 23290033/04-45 дугаартай хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын дагуу уг орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийгдсэн байсан болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5/13698 дугаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хаяглан хүргүүлсэн албан бичгээр /хавтаст хэргийн 160 дахь тал/;
-Үүний дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон үндэслэлээр Б.Шын өмчлөлийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг гудамжны 64 дүгээр байр хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 02-186/6196 дугаар албан бичгээр /хавтаст хэргийн 161 дэх тал/;
Иргэн Б.Шаас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0923 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-ээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг гудамжны 64 дүгээр байр тоот хаягт байршилтай 1200 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Г.Дт хариу төлбөргүйгээр шилжүүлэн өгснөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгө “ТК” ХХК-ийн ерөнхий захирал Гүрсэдийн Дын өмчлөлд шилжсэн байна. /хавтаст хэргийн 165-167 дахь тал/
6.2. Харин нэхэмжлэгч Б.Нгийн тухайд дээрх 64 дүгээр байрны 20, 10, 9, 8, 7, 6 тоотын 6 орон сууцыг “ТК” ХХК-ийн ерөнхий захирал Г.Даас худалдан авсан болох нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн “Орон сууц захиалгаар худалдах гэрээ”-ээр /хавтаст хэргийн 14-15, 25-26, 36-37, 48-49, 58-59, 69-70 дахь тал арын нүүр/ тогтоогдож байна.
6.3. Нэхэмжлэгчээс 64 дүгээр байрны 20, 10, 9, 8, 7, 6 тоотын 6 орон сууцыг өөрийн өмчлөлд улсын эрхийн бүртгэлд бүртгүүлэхээр 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 44-65882, 44-65884, 44-65885, 44-65886, 44-65888, 44-65890 дугаартай мэдүүлгүүдийг гаргах цаг хугацаатай давхцан дээрх орон сууцны өмчлөх эрхийн талаар маргаантай байгаа гэх
а/ иргэн Ч.Энхжаргалаас 64 дүгээр байрны 6, 7, 8, 9 тоот орон сууцны өмчлөх эрхтэй холбоотойгоор “ТК” ХХК-ны захирал Г.Д, Б.Ш нарт холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг /хавтаст хэргийн 205-206 дахь тал/;
б/ иргэн Ш.Баярсайханаас 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “... 2020 оноос амьдарч байгаа 64 дүгээр байрны 8 тоот байрны өмчлөлийн асуудлаар шүүхэд маргаан үүсгэх тул орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэхгүй байхыг хүссэн” хүсэлтийг /хавтаст хэргийн 207 дахь тал/;
в/ иргэн Т.Гэрэлээс “... 2021 онд ашиглалтад орсноос хойш уг байрны 7 тоотод амьдарч байгаа, гэрчилгээгээ авах хүсэлтийг “ТК” ХХК-д тавьсан боловч одоог хүртэл өгөөгүй, иргэний хэргийн хэргийн шүүхэд маргаан үүсгэх тул орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэл хийхгүй байхыг хүссэн” өргөдлийг /хавтаст хэргийн 208 дахь тал/;
г/ иргэн Ц.Алтанцэцэгээс 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “...2021 оны 9 сард урьдчилгаа 35 сая төгрөг өгч гэрээ хийж авсан, ... 64 дүгээр байрны 9 тоотыг өөр хүний нэр дээр улсын бүртгэл хийхгүй байхыг хүсье” гэх хүсэлтийг /хавтаст хэргийн 208 дахь тал, арын нүүр/ тус тус хариуцагч улсын бүртгэгч Б.Сд бичгээр ирүүлсэн байна.
6.4. Дээр тогтоогдсон үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг гудамжны 64 дүгээр байр хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь 2012 оноос 2025 оны хооронд өмчлөгч нь 3 удаа солигдсон, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрх түдгэлзсэн байсан, нэхэмжлэгчээс өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан цаг хугацаатай давхцан 2025 оны 10 дугаар сарын 08-наас 12-ны өдрүүдэд нэхэмжлэгчийн 6 орон сууцны 4-т нь буюу 64 дүгээр байрны 6, 7, 8, 9 тоотуудад Ч.Энхжаргал, Ш.Баярсайхан, Т.Гэрэл, Ц.Алтанцэцэг нарын (2021 онд ашиглалтад орсноос хойш тухайн байранд амьдарч байгаа гэх) иргэдээс Б.Ш болон “ТК” ХХК-ийн ерөнхий захирал Г.Д нартай орон сууцыг өмчлөх эрхийн талаар иргэний хэргийн шүүхээр маргаан үүсгэсэн талаар өргөдөл, хүсэлтийг хариуцагчид бичгээр гаргасан байжээ.
Дээрх тохиолдолд “тухайн үл хөдлөх эд хөрөнгийн олон жил маргаантай байдал, нэхэмжлэгчийн мэдүүлэг гаргасан орон сууцуудад амьдарч байгаа иргэдээс шүүхээр маргаан үүсгэсэн” зэрэг нөхцөл байдлыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5. “мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа” гэж заасанд хамаарна гэж үзэн нэхэмжлэгчийн гаргасан мэдүүлгүүдийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн мэдэгдлээр буцааж шийдвэрлэсэн хариуцагчийн үйлдлийг буруутгах, ийнхүү татгалзсан мэдэгдлийг “хууль бус” гэж үзэх үндэслэл болохооргүй байна.
6.5. Нэхэмжлэгчээс “... хариуцагчийн хууль бус захиргааны шийдвэр буюу татгалзсан мэдэгдлүүдийн улмаас учирсан хохирол 86,400,000 төгрөгийг гаргуулах” шаардлагын талаар “ТК” ХХК-тай хамтатган нэхэмжлэл гаргасан байсан учраас компаний хохирлыг нэмээд 86,400,000 төгрөгийг нэхэмжилсэн, “... хэрэв би тухайн үед л[5] байраа бүртгүүлээд авсан бол миний байранд дайрч орсон хүмүүсийг гаргаад тухайн үеэс эхэлж байраа түрээслээд 1 сард 6 байрнаас 6,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөгийн ашиг олох байсан” гэж тайлбарлаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1. “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7. “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэж тус тус заасан.
Дээр хуулийн зохицуулалтад заасан хохирлыг бодитой учирсан байхаар ойлгох бөгөөд нэхэмжлэгчийн олох ёстой байсан гэх 36,000,000 төгрөгийг бодит хохирол гэж үзэхгүй.
Өмнөх хэсэгт “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” ба нэхэмжлэгчээс “хууль бус захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгуулах эсхүл эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргаагүй, ийм нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлээгүй тохиолдолд “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах буюу тогтоож” шийдвэрлэх үндэслэлгүй талаар дүгнэсэн, иймээс “...хохирол 86,400,000 төгрөгийг гаргуулах” шаардлагыг хангах үндэслэлгүй.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн ба нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгч Б.Нгийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар иргэн Б.Нгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан 44-65890, 44-65888, 44-65886, 44-65885, 44-65884, 44-65882 дугаартай мэдүүлгүүдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Сгийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл”-үүдийг хууль бус байсан болохыг тогтоолгож, хууль бус татгалзсан үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирол 86,400,000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Мөн шүүх нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан “орон сууц хөлслөх” гэрээг нотолгооны ач холбогдолгүй, хариуцагчаас гаргасан цагаан өнгийн CD-г хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэж үзсэн ба тэдгээрийг болон хавтаст хэрэгт авагдсан тухайн хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй зарим баримтуудыг тус тус үнэлээгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3, 106.3.7 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Сд холбогдуулан гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар иргэн Б.Нгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан 44-65890, 44-65888, 44-65886, 44-65885, 44-65884, 44-65882 дугаартай мэдүүлгүүдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Сгийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл”-үүдийг хууль бус байсан болохыг тогтоолгож, хууль бус татгалзсан үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирол 86,400,000 төгрөгийг гаргуулах” тухай Б.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА
[1] Хавтаст хэргийн 221 дэх хуудасны дээрээсээ 4, 6 дахь догол мөр (шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулсан)
[2] Хавтаст хэргийн 96 дахь тал
[3] Г.Банзрагч, Захиргааны процессын эрх зүй, х.211, (2019)
[4] Г.Банзрагч, Захиргааны процессын эрх зүй, х.214, (2019)
[5] Нэхэмжлэгчийн мэдүүлэг гаргасан 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр