| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0112/Э |
| Дугаар | 115 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгч Э.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Монгол овогт Энхтуяагийн Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1807003140105 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 28 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувь хүний барилга дээр ажиллаж байгаа, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 11-17 тоотод оршин суух, регистрийн УД82082271 дугаартай, Монгол овогт Энхтуяагийн Нямдорж нь: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ - 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 11-17 тоотод оршин суух гэртээ өөрийн эхнэр Г.Болорцэцэгтэй маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Нямдоржийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр арын хашаанд байдаг ахындаа ороод архи уугаад сууж байхад нь өөрийн эхнэр Н.Болорцэцэг нь гаднаас орж ирээд “архи уулаа” гэж хэлэхэд нь маргалдаж, Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 11-17 тоотод өөрийн гэртээ ороод эхнэр нь галын хайчаар нуруу хэсэгт нь хүрэхэд уурлаж багалзуурдаад нүүрний зүүн талын хацар, зүүн мөр, баруун бугалга, гарын бугалга хэсэгт 5-6 удаа цохиж биед нь зүүн нүдний зовхи, зүүн мөр, эрүү, зүүн бугалганд цус хуралт буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл явдал болжээ. Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Нямдоржийн өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр би ахынхаа гэрт ороход ах нэг найзтайгаа архи ууж байсан. Би хамт сууж байтал эхнэр араас орж ирээд намайг архи уулаа гээд бид хоёр маргалдсан. Эхнэр харих замд үглээд байхаар нь гэрийн хашаанд ороод эхнэрийнхээ нүүрэн тус газарт 5-6 удаа цохьсон. Эхнэр орилоод байхаар нь би хашаанаас гарч зугтсан...” гэх мэдүүлэг болон улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан,
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Болорцэцэгийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “... 2018 оны 05 дугаар сарын 14-ний 14 цагийн үед манай нөхөр Э.Нямдорж гэртээ ирээд 1 цаг гаран унтаж байгаад гарч явах гэхээр нь би “хаачих гээд байгаа юм бэ” гэхэд “гарчихаад ирье” гэж хэлээд хашаанаас гарч яваад хойд талын айл руу орчихсон. Намайг араас нь яваад ороход айлынхаа хүнтэй нэг шил архи тавьчихсан уугаад сууж байхаар нь “явъя” гээд дагуулаад гарсан. Тэгээд хашаа руугаа ортол намайг багалзуурдаж боогоод хөл гар, нуруу, нүүрэн тус газарт 5-6 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Батбаярын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: “... 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр би найз Ганбаттай манай гэрт нэг шил архи хувааж уугаад дуусч байхад Нямдорж орж ирээд нэг хундага архи уусан. Тэгтэл эхнэр Н.Болорцэцэг нь орж ирээд “айлд архи уулаа, явъя” гэхэд нь хөдлөхгүй суугаад байхаар нь “хөөе явъя” гээд барьж явсан галын хайчаараа бие рүү нь хүрээд дагуулаад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Мөнхтуяагийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “... Би тэр өдөр гадуур явж байгаад орой 21 цагийн үед гэртээ ирэхэд Н.Болорцэцэг надад Э.Нямдорж зодохоор нь цагдаад дуудлага өгчихсөн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №268 тоот:
1. Г.Болорцэцэгийн
2. Дээрх мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч Э.Нямдоржийн 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 14-ний орой 17 цагийн үед ээжийн дүүгийнх болох хойд хашаанд байдаг Д.Батбаяр ахын гэрт ороход найзтайгаа архи уугаад дуусч байсан. Би архинаас нь дөнгөж амсаад сууж байтал эхнэр Г.Болорцэцэг араас орж ирээд “чи юугаа хийгээд байгаа юм бэ” гээд барьж явсан галын хайчаараа биед хүрээд “хөөе явъя” гээд дагуулаад гарсан. Гарч яваад хашаа хүртлээ хэрэлдэж, хашаандаа ороод галын хайчаараа араас нуруу хэсэгт хүрч архи уулаа гээд хэрүүл хийгээд байхаар нь тэвчилгүй эргэж хараад багалзуурдаж, нүүрний зүүн хацар, зүүн мөр, зүүн гарын бугалга хэсэгт нь 5-6 удаа гараараа цохиход эхнэр орилж бахираад байхаар нь санаа зовсондоо зугтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/,
Э.Нямдоржийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар тал/,
Гэр бүлийн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 34-36 дугаар тал/,
Э.Нямдоржийн амьдран суудаг Налайх дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50 дугаар тал/
Э.Нямдоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр тал/,
Э.Нямдоржийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 55 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин дээрх үйл баримтуудыг судалж дүгнэхэд шүүгдэгч Э.Нямдорж нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 11-17 тоотод өөрийн эхнэр Н.Болорцэцэгийг “архи уулаа” гэж хэлэхэд нь маргалдаж, галын хайчаар нуруу хэсэгт нь хүрэхэд уурлаж багалзуурдаад нүүрний зүүн талын хацар, зүүн мөр, баруун бугалга, гарын бугалга хэсэгт цохиж биед нь зүүн нүдний зовхи, зүүн мөр, эрүү, зүүн бугалганд цус хуралт буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Э.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Э.Нямдорж нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.Нямдорж өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол овогт Энхтуяагийн Нямдоржийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Энхтуяагийн Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Энхтуяагийн Нямдоржид оногдуулсан торгох ялыг 3 ( гурав ) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Нямдорж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Нямдорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Болорцэцэг “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Нямдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ