Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 107

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

хохирогч Б.Эрдэнэчимэг,

шүүгдэгч А.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Урианхан овогт Авираагийн Отгонбаатарт холбогдох эрүүгийн 1807002710101 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 16 дугаар гудамжны 03 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн УД78040177 дугаартай, Урианхан овогт Авираагийн Отгонбаатар.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч А.Отгонбаатар нь 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 16 дугаар гудамж 03 тоотод эхнэр Б.Эрдэнэчимэгтэй маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч А.Отгонбаатар эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Отгонбаатар нь 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 16 дугаар гудамж 03 тоотод эхнэр Б.Эрдэнэчимэгийг ажлаасаа оройтож ирсэнд хардаж маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Отгонбаатарын өгсөн: “Би 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчим гэртээ ирэхэд эхнэр ажлаасаа ирээгүй байсан. Удалгүй эхнэр ажлаасаа ирэхээр нь би хардаад хоорондоо маргалдсан. Би уурлаж эхнэрийнхээ цамцнаас чирээд толгойн тус газарт 2-3 удаа баруун гараараа цохьсон. Тэгээд би ээжийнхээ гэрт хүүхдээ авч гэртээ орсон” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эрдэнэчимэгийн өгсөн “2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нөхөр бид хоёр жаахан маргалдаад нөхөр намайг гэрээс хөөж гаргасан. Би уурандаа цонхоо хагалсан. Би 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 26-ны өдрүүдэд гэртээ хариагүй. 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр цонх шиллэдэг газраас хүн ирж цонхоо шиллэж байх үед нөхөр гаднаас согтуу орж ирээд “ямар их мөнгөтэй юм бэ” гэж хэлээд цохих гээд байхаар нь цонх шиллэж байсан залуугийн араар нуугдсан. Би нөхрөөсөө санаа зовоод залууг цонхоо шиллээд дуусангуут “гадаа байж байгаарай” гэж хэлээд гэрээс гаргасан. Нөхөртэйгээ гэрт маргалдаж байгаад цохьчих болов уу гэж бодоод гэрээс гарахад нөхөр араас зууралдаад гарч ирсэн. “Чамайг алчихаад өөрийгөө ална” гэж хэлээд хашаан дотор үсдэж газраар чирч, гарыг маань хойш нь дараад багалзуурдсан. Цонх шиллэж байсан залуу цагдаа дуудсан” гэх мэдүүлэг,

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №08шэ/244 дүгээр:

  1. “Б.Эрдэнэчимэгийн биед нүүр, цээж, баруун бугалга, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, хүзүү, баруун шанаа, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх нүүр, баруун бугалга, баруун, зүүн шилбэнд цус хуралт, хүзүү, баруун шанаа, нуруунд зулгаралт гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх 2018.04.26-ны өдөр, цээж, зүүн гуянд цус хуралт гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх 2018.04.23-ны өдөр үүссэн байх боломжтой.
  4. Дээрх нүүр, баруун бугалга, баруун шилбэнд цус хуралт, хүзүү, баруун шанаа, нуруунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2018.04.23-ны өдөр үүссэн цээж, зүүн гуянд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоор журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 22 дугаар тал/

Аюулын зэргийн үнэлгээ,

/хх-ийн 34-43 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 47 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 48 дугаар тал/

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүргэл,

/хх-ийн 49-51 дүгээр тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт,

/хх-ийн 53 дугаар тал/

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,

/хх-ийн 54 дүгээр тал/

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 57 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас А.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эрдэнэчимэгт хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэснийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас А.Отгонбаатарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.Эрдэнэчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч А.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Урианхан овогт Авираагийн Отгонбаатарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Отгонбаатарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Отгонбаатарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан А.Отгонбаатарт мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Отгонбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ