| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0103/Э |
| Дугаар | 108 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Баянхутагт овогт Баярсайханы Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1807000600055 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамтаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Овоотын 9 дүгээр гудамж 334б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн НЛ98112915 дугаартай, Баянхутагт овогт Баярсайханы Бат-Эрдэнэ.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.Бат-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мангут” ХХК-ийн “Мойлтын тохой” сувилалын газрын нэг давхарын 110 тоотод байрлах зохион байгуулагч, няравын өрөөны цонхоор нэвтрэн орж бэлэн 1,142,500 төгрөгийг хулгайлан авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн өгсөн: “Би хэрэг гарсан өдрийн орой ажлаасаа чөлөө авч найзынхаа төрсөн өдөрт хорооллын эцэст байрлах бааранд очиж архи уусан. Би согтуу шөнө ажил руугаа буцаж ирээд цонхоор орж 1,142,500 төгрөгийг аваад эргэж хот явсан. Маргааш өглөө нь ажил дээрээ ирээд мөнгө авсан гэдгээ хэлж, хэргээ хүлээн зөвшөөрсөн” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Нарантуяагийн өгсөн “Миний бие “Мангут” ХХК-д хүний нөөцийн менежерээр ажилладаг. 2018 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө манай байгууллагын салбар болох Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Мойлтын тохой” сувилалын газрын няравын өрөөнөөс бэлэн мөнгө хулгайд алдагдсан хэрэгт хэрэгт миний бие хохирогч иргэний нэхэмжлэгчээр томилогдсон.
...Бат-Эрдэнэ гэх залуу 1,142,000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж дууссан тул одоо манай байгууллагад ямар нэгэн хохирол байхгүй. Тийм болохоор манай байгууллагын зүгээс гаргах ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 9-10 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Ариунзаяагийн өгсөн “2018 оны 01 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн үед манай байгууллагад туслах ажилтнаар ажилладаг Бат-Эрдэнэ гэх залуу гэнэт “хот явна” гээд хувцасаа өмсөөд байж байхаар нь “явуулахгүй” гэхэд хүний төрсөн өдөр дээр очих ёстой “даргаас чөлөө авсан” гээд Улаанбаатар хот руу явсан. Тэгээд л тэр шөнөдөө эргэж ирээд хулгайлж авсан гэдгээ өөрөө хэлсэн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 11 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Л.Бээдийхүүгийн өгсөн “Миний төрсөн хүү Бат-Эрдэнэ нь 1998 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд миний ууган хүү болон мэндэлсэн. Бага насаа цэцэрлэгээр хүмүүжээд 2016 онд Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн төгссөн. Сургуулиа төгсөөд Мон Алтус биеийн тамрын дээд сургуульд элсэн эхний улирал суралцаад жилийн чөлөө авсан. Тэрнээс хойш сургуульдаа сураагүй. Сургуулиасаа гарснаас хойш хар бор ажил хийж амьдрал ахуйдаа нэмэр болж ирсэн. Зан байдлын хувьд төлөв даруу ажилласаг хүүхэд байгаа юм. 2018 оны 1 дүгээр сард ажиллаж байсан газрынхаа цонхоор орж хулгай хийж мөнгө авсныг мэдээд хүүдээ гомдож, загинаж, цохиж хүртэл авсан. Уг нь урд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүүхэд байгаа юм. Яагаад тийм зүйл хийснийг хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,
/хх-ийн 15 дугаар тал/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл,
/хх-ийн 03-04 дүгээр тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 24 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 25 дугаар тал/
Оршин суух тухай тодорхойлолт /хх-ийн 26 дугаар тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мангут” эмнэлгийн салбар эмчилгээ, сувилгаа явуулах зориулалттай “Мойлтын Тохой” амралтын газрын байрны нэг давхарын няравын өрөөний вакум цонхыг түлхэн орж, тус өрөөний ширээн дээр байсан хавтасны завсараас бэлэн мөнгө хулгайлан авч бусдад 1,142,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Ц.Ариунзаяа, шүүгдэгч Б.Бат-Эрдэний гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилан тогтоосон бөгөөд уг гэмт хэргийг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болж мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заажээ.
Шүүгдэгч Б.Бат-Эрдэний дээрх нэр бүхий эмчилгээ, сувилгаа явуулах зориулалттай “Мойлтын Тохой” амралтын газрын орон байранд нэвтэрч 1,142,500 төгрөгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Түүнчлэн энэ хэргийн шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Б.Бат-Эрдэнэ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Бат-Эрдэнийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Учир нь шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн ба энэ нь хохирогч Б.Нарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн “1,142,000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж дууссан тул одоо манай байгууллагад ямар нэгэн хохирол байхгүй. Тийм болохоор манай байгууллагын зүгээс гаргах ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхутагт овогт Баярсайханы Бат-Эрдэнийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бат-Эрдэнэд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бат-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ