Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/1033

 

 

 

 

 

 

  2024               9            10                                         2024/ДШМ/1033

 

 

М.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.И,

хохирогч Б.А,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О, түүний өмгөөлөгч Н.У,

шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Р.У,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/637 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О, шүүгдэгч М.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Д-д холбогдох ..................... дүгээр эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 21 цаг 26 минутын орчимд ........... дүүргийн ................дугаар хороо Монгол Улсын Их сургуулийн төв номын сангийн урд ................ улсын дугаартай мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.1-т Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.2-т Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 16.1-т Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө. 3.7-д Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ...тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган явган зорчигч нарыг мөргөж, Б.А-ын эрүүл мэндэд хүнд хохирол, М.М-ийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: М.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Д-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497.1, 505.1, 513.1-т зааснаар шүүгдэгч М.Д-аас 3.963.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дансанд 20.848.016 төгрөг гаргуулж хохирогч Б.А-д тус тус олгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Д-д маш их гомдолтой байна. Иймд шүүхээс гэмт этгээдэд 3 жилийн ял оноосон нь надад үнэхээр хангалтгүй санагдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4-5 жилийн хорих шийтгэлийг өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрхэм шүүхийн байгууллагын ажилтан та бүхэн ялын бодлогоо улам боловсронгуй болгож иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг зам тээврийн осол, гэмт хэргээс хамгаалах, хохирсон иргэдийнхээ сэтгэл санаанд хууль зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье. Хожим тэр аймшигт хэрэг гардаг тэр өдөр М.Д нь 79.3 км/цагийн биш ядаж л 60 км/цагаас доош хурдтай явсан бол 1-2, 2-3 минут тухайн агшинд манай хоёр осолд орохгүй зөрөх, өртөгдөж осолд орлоо ч гэсэн бага саармаг хурдны улмаас амь нас эндэхгүй, эсэн мэнд, гэмтлийн зэрэг нь хөнгөн байх бол уу гэж ихэд харамсах бодол төрдөг юм. Энэ тохиолдолд охин минь амьд сэрүүн, А гэмтэл бэртэлгүй, Д нь гэмт хэрэгтэн болохгүй, цагдаа, прокурор, шүүх гээд нөр их ажил болохгүй даан ч бодит тохиолдлыг ухрааж болохгүй юм даа. Дахин сануулахад анхан шатны шүүх хурлын шийдвэр нь үхсэний хохь, амьдын зол, алуурчинд 3 жилийн хорих ял өгч байна, гүйцээ гэж байгаа юм шиг шийдвэрлэхгүй гэдэгт итгэж байгаа болно. Иймд давж заалдах шатны шүүх та бүхэн хайрт охины минь алтан амийг хөнөөсөн гэм буруутай М.Д-д Эрүүгийн хуулийн дагуу хууль ёсны зохих цээрлэлийг хүлээлгэж, 5 жилийн хорих ялыг оногдуулан шийдвэрлэж, гомдол цөхрөлийг минь бага ч болтугай нимгэлэн гэтэлгэж өгөхийг туйлын их хүсэж байна. Би ганц охиноо алдсандаа үнэхээр их харамсаж байна. М.Д мотоциклтой бага хурдтай явсан бол миний охин өнөөдөр амьд байх байсан. Сэтгэл санаа маш хэцүү байна. Үлдсэн ганц хүүгээ бодоод амьд явж байна. Хүн алчихаад хүүхдээрээ түрий барьж ял хөнгөрүүлэх гэж байгаад би гомдолтой байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ийн өмгөөлөгч Н.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч талаас ял шийтгэл хөнгөрүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй ялын дээд хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Шүүх бүрэлдэхүүн эрх хэмжээнийхээ хүрээнд бүрэн шийдвэрлэх боломжтой. Шүүх ял хөнгөдсөн гэж үзэх юм бол шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах ёстой. Хэрвээ ял шийтгэл тохиорсон байна гэж үзэх юм бол шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч М.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Д миний бие урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй болно. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна. Миний эрүүл мэндийн байдал их муу байгаа. Би буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. Мөн амь хохирогчийн ар гэрт хохирол төлбөрөө төлсөн. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан хөнгөрүүлж үзэн хамгийн багаар буюу гэрийн хорионы ял болгон шийдвэрлэж өгнө. ...” гэв.

Шүүгдэгч М.Д-ийн өмгөөлөгч Р.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Д хийсэн хэрэгтээ чинь сэтгэлээсээ гэмшиж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Прокурор П.И тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэж зөв дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ялыг оногдуулсан. Энэ ял шүүгдэгч М.Д-д тохирсон гэж прокурорын зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 21 цаг 26 минутын орчимд ........... дүүргийн ................дугаар хороо Монгол Улсын Их сургуулийн төв номын сангийн урд ................ улсын дугаартай мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.1-т Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.2-т Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 16.1-т Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө. 3.7-д Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ...тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган явган зорчигч нарыг мөргөж, Б.А-ын эрүүл мэндэд хүнд хохирол, М.М-ийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ийн “...М.М нь миний төрсөн охин байгаа юм. ...Тухайн зам тээврийн ослын талаар бол би мэдэхгүй байна, би тухайн үед цуг байгаагүй. Маш их үгээр хэлж зүйрлэшгүйгээр маш их гомдолтой байна. Манай гэр бүлийн сэтгэлийн нар минь л байсан хүүхэд, би маш их гомдолтой байна. ...”/1хх 27/,

хохирогч Б.А-ын “...Тухайн осол болсон өдөр найз охин М-ийн хамт Улсын Их дэлгүүр ороод буцаад МУИС-ийн төв номын сан тийшээ алхаж зам хөндлөн гарах үед 2 машин зам тавьж өгөхөөр нь явган хүний гарцаар гараад замын голд ирэх үед бид 2-н зүүн талаас ямар нэгэн зүйл мөргөх шиг болсон. Тэгээд би замын хойд урсгалын 1-р эгнээ орчимд газарт хэвтэж байсан. Намайг тойроод хүмүүс нүдээ аньж болохгүй шүү гээд сэргээх гээд байсан. Тухайн үед мотоциклийн жолооч хажуу талын насилк дээр хэвтээд толгойгоо барьж байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр ирж үзүүлэхэд хөл хугарсан байна гээд байсан. Тэгээд би ухаан алдчихсан юу болсныг хэсэг хугацаанд санахгүй байна. Ослын улмаас надад бага тархины цус харвалт, хэл хазгай зүүн талруугаа, хоолойн зүүн талын хөвч гэмтснээс болоод хоолой сөөнгө болсон, баруун хөлний гуя хэсгийн өвдөгний яс, зүүн хөлний шилбэ хэсгээр хугарсан гэмтэл үүссэн. Осол болох үед намайг эхэлж мөргөсөн болов уу гэж бодож байна. Ослын дараа би хөдөлж чадахгүй байсан учраас найз охин М-г ямар байдалтай байсан талаар харж чадаагүй. Би маш их гомдолтой байгаа. ...” /1хх 30-31/,

иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн “...Дээрх гэмтлийн улмаас хохирогч Б.А нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ, үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.963.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч М.Д-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ............. дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /1хх 56/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ш.М-ийн “...улсын дугаартай мотоцикль нь миний нэр дээр байдаг боловч би 2022 оны 6 дугаар сарын дунд үеэр зарсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн мотоциклийг би зарчихсан учраас одоо миний мотоцикль биш. Би бусдад учирсан гэм хор, хохирлыг төлж барагдуулахгүй, буруутай этгээд нь төлж барагдуулна. ...” /1хх 52, 59/,

гэрч Э.У-ын “... ...” /1хх 34/, гэрч Д.П-ийн “... ...” /1хх 38/, гэрч Б.Ц-ын “... . ...” /1хх 40/,гэрч М.О-ын “... ...” /1хх 42/, гэрч Ё.Б-ын “... . ...” /1хх 43/, гэрч А.Б-ын “... ...” /1хх 35-36/,

шинжээч Т.А-ийн “...Олон удаагийн үйлчлэлээр гэдэгт мөргөгдөх, мөргөгдөөд шидэгдэх, шидэгдээд газарт унахдаа цохигдох, нидрэгдэх, шүргэгдэх зэрэг үйлчлэлийг ойлгож болно. Амь хохирогчид үүссэн гэмтлүүд мотоцикльд мөргөгдсний улмаас үүсэх боломжгой...” /1хх 144-145/,

шинжээч Э.Б-ын “...Шинжилгээнд ирүүлсэн толгойн компьютер томографф шинжилгээний дискийг дүрс оношлогооны эмчээр уншуулахад хамар орчмын зөөлөн эдийн хэвийн, хамрын хөндийн салст хэвийн хамар яс хэвийн, таславч баруун тал муруй /хуучин/ гэж дүгнэсэн. Тухайн хамрын таславчийн муруйлт нь зам тээврийн ослоос үүссэн гэмтэлтэй шалтгаан хамааралгүй байна. Хамрын таславч нь өөрөө мөгөөрслөг эд учир төрөлхийн болон үйл ажиллагаатай холбоотойгоор /хамар болон хамрын хөндийд үүсэж болох өвчин, эмгэг, өөрчлөлт таславч муруй байж болно. Хамрын ясанд ямар нэгэн хугарал үүсэхгүйгээр таславч /гэмтлийн үед/ дангаараа муруйх боломжгүй. ...” /2хх 112-113/,

яллагдагч М.Д-н “...МУИС-ийн төв номын сангийн урд замаар ертөнцийн зүгээр баруун зүүн зүгт чиглэн замын зорчих хэсгийн урсгалыг тусгаарласан үргэлжилсэн цагаан шугам дээгүүр явж байсан. Хэдэн км цагийн хурдтай явж байсныг бол би одоо санахгүй байна. Тэгээд явж байхад нэг мэдэхэд би брожур дээр хэвтэж байснаа санаж байгаа юм. Тэгээд сүүлд хагалгаанд орсны дараа эмнэлэгт ухаан орсон юм. Тэгээд осолд орсон гэдгээ мэдсэн юм. Би тэр хүмүүсийг зам хөндлөн гарч байхыг хараагүй. Тухайн үед зам түгжрэлтэй байсан болохоор би найз охин руугаа яарч явсан юм. Учир нь би аав болсон гэдгээ сонсоод найз охинтойгоо уулзах гээд явж байсан. Зам түгжрэлтэй байсан болохоор би замын голоор үргэлжилсэн цагаан шугам дээгүүр явсан юм. Би тухайн үед ганцаараа явж байсан. ...Ослын улмаас миний зүүн нүдний ухархай цөмөрсөн, бөөрөнд цус хурсан, тархинд цус хурсан, хамар зүүнээс баруун тийш муруйсан, духны зузаан хальс цөмөрсөн гэмтэл учирсан. Би хохирогч Б.А-д эмчилгээндээ зарцуулаарай гэж ойролцоогоор 4.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Амь хохирогчийн талд бол хохирол барагдуулсан зүйл байхгүй. Би цаашид ажил хийж мөнгө олж байгаад хохирогчид учирсан хохирлыг барагдуулна. ...” /1хх 190-191/ гэх мэдүүлгүүд,

 “...Талийгаачийн цогцосын шинжилгээгээр гавлын орой зүүн чамархай яснаас гавлын суурийн дунд, арын хонхор луу салаалсан шугаман хугарал, хуйх, ясны хальсны цус хуралт, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, уушигны холбоос эдийн цус хуралт, баруун дунд чөмөг ясны ил хугарал, өвчүү яс, баруун 1-р хавирга, зүүн 5, 6-р хавирга, зүүн шуу, аарцаг ясны далд хугарал, нүүрний шарх, зулгаралт, цус хуралт, мөчдийн шарх, зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, амь насанд аюултай шинэ гэмтэл байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач гавал тархи, цээж мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цуснаас спиртийн агууламж илрээгүй болно. Талийгаачийн нас барсан хугацааг цогцсын анхны үзлэгээр тогтооно. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 1735 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 62-66/,

“...Урьд гаргасан 1285 дугаар дүгнэлт үндэслэлгүй байна. Б.А-ын биед тархины хоёр тал бөмбөлөг, бага тархи, дунд тархинд голомтлог цус хуралт, дууны хөвчийн саажилт, баруун дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн шаант, тахилзуур ясны ил хугарал, баруун умдаг ясны урд салааны зөрүүгүй хугарал, хоёр тохойд зулгаралт, зулайн хуйханд шарх, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тогтоогдсон гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дууны хөвчийн саажилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 1.4.19.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. Баруун дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн шаант, тахилзуур ясны ил хугарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 273 дугаар шинжээчийн дүгнэлт /2хх 104-109/,

“...Шинжилгээнд ирүүлсэн “..... гэсэн дугаартай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцнэ. Шинжилгээнд ирүүлсэн “...... гэж хаягласан агууламж илрээгүй. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох спиртийн шинжилгээний дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа тул шинжилгээ хийх боломжгүй байна. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2923 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 89-90/,

“...Шинжилгээнд ирүүлсэн .................... гэсэн нэртэй хяналтын. камерын төхөөрөмжөөс хөрвүүлэн авсан дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэж байна. ......... гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдэх .............. гэх тээврийн хэрэгсэл нь А-Б цэгийн хоорондох 30.9 метр зайг 79.4 км/цагийн хурдтайгаар дүрслэгдэж байна. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 3258 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 135-136/,

“…маркийн ............. улсын дугаар мотоциклийг тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй их хэмжээний эвдрэлтэй байгаа тул Шүүхийн шинжилгээний хуулийн 19.1.6 дугаар заалтыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй болно. ...” гэсэн Автотээврийн үндэсний төвийн ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 606 дугаар албан бичиг /1хх 120/,

 “..... нөүтбүүкний 14 инчийн дэлгэц 550.000 төгрөг, ..... гар утас 1.400.000 төгрөг, ...... гар утас 600.000 төгрөг, нийт үнэ 2.550.000 төгрөг. ...” гэсэн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид Билгүүн ХХК-ийн ТХҮ-023/8000 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 158-163/,

“...2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас хохирогч Б.А-ын сэтгэцэд хор уршиг учирсан байна. Б.А-ын сэтгэцэд сэтгэл зүйн гэмтлийн дараах стрессийн хариу урвал, дасан зохицохуйн хямралын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн зөвөлгөө заслын тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 308 дугаар шинжээчийн дүгнэлт /2хх 146-148/,

 “...М.Д-н мэдээллийг жолоочийн бүртгэлийн нэгдсэн санд шүүхэд жолоочийн бүртгэлгүй /тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй/ байна. ...” гэсэн Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 23-1/2027 дугаар албан бичиг /1хх 245/,

“…М.Д нь өөрийн үйлдсэн хэргээ хариуцах чадвартай байна. …” гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 317 дугаар шинжээчийн дүгнэлт /2хх 165-170/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /1хх 5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 8-18/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 19-23/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх 16/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 13/5907, 13/5909, 13/5910 дугаар албан бичгүүд /1хх 123, 126, 129/, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /1хх 203/, нас барсны гэрчилгээ /2хх 2/, мөрдөгчийн магадлагаа /1хх 170-173/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Д-г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний амь насыг хохирсон гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, шүүгдэгч М.Д-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.1, 12.2, 16.1, 3.7а-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Б.А-ын эрүүл мэндэд хүнд, хохирогч М.М-ийн амь насыг хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч М.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

хохирогч Б.А “...шүүгдэгч М.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4-5 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О “....шүүгдэгч М.Д-д 5 жилийн хорих ялыг оногдуулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч М.Д “...хорих ялыг хөнгөрүүлэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Шүүх, нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд  эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Энэ гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

Хавтас хэрэгт цугларсан баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч М.Д-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, шүүгдэгч М.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрлөөс хорих ялыг сонгон 3 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс  шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хүндрүүлж оногдуулах хуулийн зохицуулалтгүй тул хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын шүүгдэгч М.Д-ийн ялыг нэмж хүндрүүлэх тухай гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Мөн давж заалдах шатны шүүх М.Д-д холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Д-ийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 78 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Иймд хохирогч Б.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О, шүүгдэгч М.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/637 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О, шүүгдэгч М.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-ийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Г.ГАНБААТАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ