| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2022/01795/И |
| Дугаар | 184/ШШ2022/02756 |
| Огноо | 2022-09-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2022/02756
| 2022 оны 09 сарын 14 өдөр | Дугаар 184/ШШ2022/02756 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, Баянмонгол хороолол, * дугаар байр,* тоотод оршин байрлах, *т ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, * дүгээр хороо, толгойт * тоотод байрлах, * ХХК-д холбогдох
14,408,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр * ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр бэлэн гоймонгийн уут нийлүүлэх, захиалагч нь гэрээнд заасан хөлс төлөхөөр харилцан тохиролцсон. *т ХХК нь гэрээгээр тохиролцсоны дагуу гоймонгийн уутыг нийлүүлсэн бөгөөд захиалагч нь гэрээгээр тохиролцсоны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс өнөөдрийг хүртэл хугацаанд санаатайгаар татгалзсаар ирсэн. Талууд 2018 оны 10 сард ажил гүйцэтгэх гэрээгээ дүгнэн тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан бөгөөд уг актаар * ХХК нь 14,408,960 төгрөгийг *т ХХК-д төлөхөөр тооцоотой болохоо хүлээн зөвшөөрч эрх бүхий ажилтан гарын үсгээ зурж санхүүгийн тамгаар баталгаажуулсан. Иймд * ХХК нь тооцооны үлдэгдэл болох 14,408,960 төгрөгийг өгөхгүй байгаа тул * ХХК-иас 14,408,960 төгрөгийг гаргуулж өгнө үү.
*т ХХК нь * ХХК-тай бэлэн гоймонгийн уут нийлүүлэх байдлаар хамтран ажиллаж эхэлсэн. Талууд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр албан ёсоор гэрээ байгуулсан ч үүнээс өмнө талууд мэйлээр харилцаад, бэлэн гоймонгийн уутны загварууд болон тоо, ширхэг, үнийн асуудлыг харилцан тохиролцоод явж байсан. *т ХХК-ийн зүгээс * ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 14,408,960 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Гэрээ байгуулаагүй байх цаг хугацаа буюу 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн барааны төлбөр тооцооны хувьд талууд маргаантай байдаг. Талууд 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний төлбөр тооцоонд 2018 оны 11 дүгээр сард тооцоо нийлж, тооцоо нийлсэн акт үйлдсэн. Энэхүү тооцоо нийлсэн актыг талууд биечлэн үйлдээгүй ба талуудын эрх бүхий албан тушаалтнууд руу мэйлээр баталгаажуулж явуулсан, энэхүү мэйл дээр талууд гарын үсэг зурж, тамга, тэмдгээ дарсан. Тооцоо нийлсэн актыг үйлдсэн гэдгийг талууд хэн аль нь хүлээн зөвшөөрдөг, маргаантай зүйл байхгүй. * ХХК нь гэрээ байгуулахаас өмнө буюу 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ 14,408,960 төгрөгийг төлөөгүй 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Иймд хариуцагч * ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болох 14,408,960 төгрөгийг гаргуулж, *т ХХК-д олгож өгнө үү.
2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн гэрээгээр тохиролцсон үнэ бол өмнө нь бидний тохирсон үнэ байсан. Уг үнээр гэрээ байгуулахаас өмнө 2-3 удаагийн давтамжтайгаар энэ үнээр бараа нийлүүлж байсан. * 4 дэх удаагийн захиалгаасаа эхлэн уутны төлбөрөө төлөөгүй. Ингээд 5 дахь хийх боломжгүй болж, 4 дэх захиалгын төлбөр 14,408,960 төгрөгийн өр төлбөрөө төлөхийг хэлж сануулсан. 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар ...би ийм саналтай байна, манайх бранк уутны татан авалт хийхгүй, танайх устгалд оруул аа гэж хэлэхэд * ХХК-ийн нягтлан Алтантулга ...ажилчдын цалингийн зардлыг 4,620,000 төгрөгийг манайхаас нэхэмжлэхгүйгээр, хоорондын тооцоогоо хааж болох уу гэхэд ...хааж болно, тэгж тохиролцож байна гэсэн. Өмнө нь * ХХК-ийн агуулахад очиж үзлэг хийхэд манай уутнууд үнэргүй, ямар ч чанарын доголдолгүй, бранкгүй, хэвээрээ байсан. Анх хариуцагч тал манай уутнуудыг бранктай, үнэртэй, мэргэжлийн хяналтын бичиггүй гэж төлбөр төлөхөөс татгалзаж байсан. Тэгэхээр нь бид нар мэргэжлийн хяналтын газар уутаа өгөөд, дүгнэлтээ гаргуулсны дараа төлбөрөө нэхэмжлэх ёстой юм байна гэж бодсон. Төлбөр нэхэмжилсний дараа * ХХК-ийн захирал, ажилтнууд нь бүгд солигдсон учраас өмнөх асуудлыг мэдэхгүй, өмнө нь ажиллаж байсан хүмүүс ямарваа нэг тооцоотой гэж мэдэгдээгүй, энэ талаар тодруулъя гэж хэлээд 6 сар болсон.
Барааг хүлээж аваад, 2 талын нягтлангууд тооцоо нийлсэн актыг үйлдсэн. Өөрөөр хэлбэл * ХХК, *т ХХК-д 14,408,960 төгрөгийн өр төлбөртэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хэрэв бараа хүлээж аваагүй бол тооцоо нийлсэн акт үйлдэхгүй. Хэргийн материалтай танилцахад * ХХК-аас *т ХХК-д захиалсан бараа, материалын тоо ширхэг, хүлээж авсан тоо ширхэгийн талаар программаасаа шүүгээд, гаргаад өгчихсөн байна билээ.
Энгийн гоймонгийн уут 14,000 ширхэг, улаан нь 1000 метр, уут нь 7,000, энгийн өргөн гоймонгийн улаан нь 500, уут нь 7,000, идэвхтэй гоймон уут 1,500, улаан нь 300, нийт 45332 ширхэг уут нийлүүлсэн байна. Хариуцагч эхний 4 удаагийн захиалгын төлбөрөөс төлөхгүй яваад ийм төлбөрийн дүн гарсан. Хурлаар 4 дэх захиалгын төлбөр төлөгдсөнөөр 5 дугаар захиалгын эрх үүснэ гэдгийг хэлсэн. 2 дугаар захиалгаас 301,500 төгрөг, 3 дугаар захиалгаас 9,924,810 төгрөг, 4 дүгээр захиалгаас 4,182,650 төгрөг, нийт 14,408,960 төгрөгийн зөрүү буюу авлага төлөгдөөгүй гэсэн үг. Эдгээр 4 захиалга нь бүгд гэрээ байгуулагдахаас өмнөх харилцаа. Хариуцагч тал өмнөх төлбөрөө өгөхгүй, 3 удаагийн төлбөрийн хугацаа хожимдуулсан учраас эхлээд тооцоо нийлсэн акт үйлдээд, дараа нь гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлье гэж хэлсэн. Бид 2, 3 жил хамтарч ажиллаж байсан болохоор урт хугацааны харилцаагаа бодоод, гэрээ байгуулахаас татгалзалгүйгээр гэрээ байгуулсан. Хурал дээр энэ талаар уг нь ярилцаж байсан ч * ХХК-ийн зүгээс хурлын протоколыг хөтөлж байсан учир энэ талаар тусгаагүй юм байна. Бид харилцагч байгууллагатайгаа протоколоос болж маргаад яах вэ дээ гэж бодсон. Тэр бранк уут ялгасан ажилчдын цалин хөлс, буцаалт хийхгүй гэж тохирсон нь зөвхөн 5 дахь захиалгын тухай ярилцаж байсан. Агуулахаас очиж үзлэг хийхэд зөвхөн 5 ширхэг уутыг л ялгаж бранк гэж харуулж байсан. Өнгө үнэр байхгүй байсан. Манайх 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр уутыг шинжилгээнд өгөхөд мэргэжлийн хяналтаас ямар ч асуудалгүй гэж дүгнэлт гаргасныг эдний талд хүргүүлсэн байгаа. Хариуцагч талтай эвлэрэх боломж байхгүй, энэ төлбөрөөс гадна манайх өөр төлбөр тооцоо нэхэмжлэх ёстой, тэрийгээ тусдаа нэхэмжилнэ. Тооцоо нийлсэн акт, бусад баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч * ХХК шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан тооцоо нийлсэн актыг нэхэмжлэлийн гол үндэслэлээ болгосон байна. Гэвч энэхүү тооцоо нийлсэн актны дараа сав баглаа боодлуудад доголдол илэрч зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон тул 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Ивээлт ивээлт ХХК-ийн удирдлагуудтай дээрх асуудалдаар хуралдсан. Энэхүү хурлаар *т ХХК-ийн зүгээс өөрийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний доголдолыг хүлээн зөвшөөрч бранк уутны татан авалт хийхгүйгээр хоорондын тооцоогоор хаах саналыг тавьсан. Үүний үр дүнд талууд харилцан тохиролцож хоёр талын эрсдэлээ өөрсдөө хариуцахаар болсон. Өөрөөр хэлбэл *т ХХК нь доголдолтой сав баглаа боодлынхоо эрсдэл буюу төлбөрийг нэхэмжлэхгүйгээр уг төлбөрийг өөрсдийн зардлаар хариуцахаар тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нь 14,408,960 төгрөг буюу дээрх доголдолтой барааны үнийг нэхэмжилж байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч нь уг төлбөрийг шаардах эрхгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нийлүүлсэн уут бараа бүтээгдэхүүн нь маш их будгийн үнэртэй, үг үсгийн алдааны зөрүүтэй нөхцөл байдал илэрсэн. * ХХК нь хэрэглэгчдэд зориулан, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас хэрэглэгчдийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц уутыг хэрэглэх боломжгүй байсан. Энэ талаараа нэхэмжлэгч талд мэдэгдсэн. Тухайн үед нэхэмжлэгч талтай энэ асуудлын талаар хуралдаж, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр *т ХХК-ийн захирал болон Болд гэх хүмүүсийг оролцуулан, сав, баглаа, боодлын хурлын протокол үйлдэж, мэйлээр баталгаажуулсан. Хурлаар нэхэмжлэгч тал ...ажилчдын уут сольсон гээд байгаа 4,620,000 төгрөгийг танайх хариуцчих, манайх бранк уутнуудыг танайхаас татан авалт хийхгүй, энэ хариуцлагаа бид нар өөрсдөө хүлээе гэж ярьсан. Мөн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.13-т зааснаар уутны чанарын доголдол илэрсэн тохиолдолд буцаалт хийх, эсхүл хэвийн бараагаар сольж өгнө гэж тусгасан. Гэрээний 3.14-т уутны чанарт доголдол гарсан тохиолдолд гүйцэтгэгч бүрэн хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл тухайн үед уутны будгийн үнэр, үг, үсгийн алдаатай байсны улмаас нэхэмжлэгч тал 14,408,960 төгрөгийн өр төлбөрөө өөрсдөө хариуцахаар болсон. Манай үйл ажиллагаа байнгын хэвийн явагдаж байгаа ба нэхэмжлэгч тухайн үеийн үйл явдлаас 2 жилийн дараа нэхэмжлэл гаргасан. Одоо үзлэг хийхэд уутнаас будгийн үнэр үнэртэх боломжгүй. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй, гэрээний өмнөх харилцаа болон гэрээний дагуу нэхэмжлэл гаргаж байгаа эсэх нь ойлгомжгүй.
2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулагдахаас өмнө манайх *т ХХК руу мөнгө шилжүүлсэн, гэхдээ ямар нэгэн бараа, бүтээгдэхүүн хүлээж аваагүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлээд байгаа үнийн дүндээ таарсан хэдэн төгрөгийн ямар нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж, хүлээлгэж өгсөн талаарх баримт байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч гэрээний харилцаа үүсэхээс өмнө манайд хэдэн төгрөгийн ямар бараа нийлүүлсэн талаарх баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлэхдээ гэрээнээс өмнөх харилцаанаас үүссэн барааны өр төлбөрийг нэхэмжилж байна гэлээ. Манайх гэрээ байгуулахаас өмнө ямар нэгэн бараа, бүтээгдэхүүн аваагүй, өгсөн гэх үйл баримтаа нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тооцоо нийлсэн акт нь гэрээ байгуулагдсаны дараах асуудал юм.
Тухайн үед ажиллаж байсан ээлжийн ахлах болон бусад ажилчид үнэртэй байсныг нь хэлсэн. 2-3 жилийн дараа үзлэг хийхэд үнэр нь арилчихсан учраас тогтоох боломжгүй гэж дүгнэсэн ч тухайн үед бранк уут илэрсэн гэдгийг талууд хүлээн зөвшөөрөөд, гарын үсэг зурсан. * ХХК өдөр тутам үйл ажиллагаа явуулдаг учраас хэрэв тэр уутнууд доголдолгүй байсан бол 3 жил хадгалаад байх ямар ч шаардлагагүй. Бид гэрээний дагуу авсан бараа материалын тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан, гэтэл дараа нь бранк уут илэрч, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр талууд тооцоогоо хаасан.
Манай төлөөлүүлэгчийн зүгээс бранк уут илэрсэн учраас эвлэрэх боломжгүй гэсэн. Энэ маргаантай асуудлаас болоод талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа, манайх өдөр тутам үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас өөр газраас захиалга авч байгаа. Агуулахад байгаа хэрэглэх боломжгүй, хүнсний хэрэглээнд огт гаргаагүй, энэ маргаантай асуудлыг шийдэгдтэл устгалд оруулахгүй байхаар болсон. Тухайн үедээ ярилцаад, бранк уут байсан гэдгийг нэхэмжлэгч талыг хүлээн зөвшөөрч, тохиролцсон гэж ойлгосон учраас шинжилгээнд өгөөгүй.
Нэхэмжлэгч гэрээ байгуулагдахаас өмнө нийт хэдэн төгрөгийн уут нийлүүлснээс 14,408,960 төгрөгийн өр төлбөр үлдсэн гэдэгтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна гэж үзлээ. Гэрээ байгуулагдсанаас хойш талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн ба түүний дараа сав, баглаа, боодлын хурал явагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс *т ХХК-ийн *дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн * дугаартай Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж зэрэг бичгийн баримтыг гаргасан байна.
Хариуцагчаас * ХХК-ийн *дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбрыг гаргасан байна.
Шүүхийн журмаар талуудын хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн * дугаартай Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжаар шүүхийн архиваас *т ХХК-ийн нэхэмжлэлтэй, * ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 14,408,960 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг материалаас гаргуулсан цуглуулсан бичгийн баримтууд буюу *т ХХК, * ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Эрүүл ахуйн хими хор судлалын хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, *т ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Ж.Нямбилэгийг ажилд авах тухай 28 дугаартай захирлын тушаал, гэрч *гийг асуусан тэмдэглэл, *т ХХК, * ХХК-ийн тооцооны үлдэгдэлийн баталгаа, тооцооны хүснэгт, Сав баглаа боодлын захиалгын нэгтгэлийн хүснэгт, * и-мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, Сав баглаа боодлын хурлын протокол, * ХХК-ийн агуулахад үзлэг хийсэн тэмдэглэл, агуулах болон нүүдэл гоймонгийн уутны фото зургууд, *т ХХК-ийн аудит хийсэн санхүүгийн байдлын тайлан, *т ХХК-д сав баглаа боодлын захилгын тооцооны хүснэгт, гоймонгийн уут сольсон ажилчдын цалингийн зардлын тооцоолол, Хаан банк ХХК дахь *т ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банк ХХК дахь * ХХК-ийн депозит дансны хуулга, Нүүдэл туузан гоймон гэх фото зураг, Нүүдэл гоймонгийн 5ш уут зэрэг бичгийн баримтыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *т ХХК нь хариуцагч * ХХК-д холбогдуулан 14,408,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч * ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул тооцооны нийлсэн актаар тогтоосон дүнгээр тооцон 14,408,960 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнээс доголдол гарсан тул талууд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сав баглаа боодлын талаар хурал хийж, хурлаар ...бранк уутнуудыг таталт хийхгүйгээр манайх устгалд оруулж, уут ялгасан ажилчдын цалингийн зардал 4,620,000 төгрөгийг нэхэмжлэхгүйгээр хоорондын тооцоогоо дуусгахаар тохиолцсон... гэж шийдвэрлэсэн тул төлбөрийг төлөхгүй маргаж байна.
Талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
*т ХХК болон * ХХК-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, талууд уг гэрээгээр 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаатай, гэрээний хавсралтад заагдсан үнээр 5 нэр төрлийн гоймонгийн уут, сав баглаа боодлыг захиалагч * ХХК-ийн захиалга, зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч тал гүйцэтгэгч талд захиалгын тоо хэмжээг 1 сарын өмнө мэдэгдэж, захиалсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн 50 хувийг урьдчилан төлж захиалгыг баталгаажлуулан, гүйцэтгэгч тал захиалгыг мэдэгдсэнээс хойш ажлын 10-15 хоногийн дотор захиалсан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, бараа бүтээгдэхүүнийг захиалагчид хүлээлгэн өгсний дараа үлдэгдэл 50 хувийн төлбөр, тооцоог хийж дуусгахаар харилцан тохиролцсон байна. Талууд энэхүү гэрээ байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх талаар маргадаггүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
Мөн уг гэрээг бичгээр байгуулагдахаас өмнөх хугацаанд талуудын хооронд дээрх гэрээний гол нөхцөлүүдээр тохиролцсон хэлцэл байсан талаар маргадаггүй.
Иймд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч буюу *т ХХК нь өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх, * ХХК нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг.
Талууд гэрээ бичгээр байгуулагдахаас өмнө хугацаанд буюу * ХХК-иас ирүүлсэн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд 4 удаагийн захиалгын дагуу нийт 83,204,720 төгрөгийн гоймонгийн уут захиалж, захиалгын урьдчилгаа болон төлбөрт 6 удаагийн гүйлгээгээр нийт 68,187,360 төгрөгийг гүйцэтгэгч *т ХХК-д шилжүүлэн болох нь талуудаас гаргаж ирүүлсэн төлбөрийн тооцооны хүснэгт, сав баглаа боодлын захиалгын нэгтгэл, талуудын дипозит дансны хуулгаар тогтоогдож байна. Мөн эдгээр захиалгын дагуу бэлтгэн нийлүүлсэн гэх гоймонгийн уутны тоо ширхэг, үлдэгдэл төлбөрт 14,408,960 төгрөгийг шилжүүлээгүйн улмаас талууд тооцоо нийлж 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны хооронд * ХХК нь 14,408,960 төгрөгийн өр төлбөртэй болохыг баталгаажуулан Тооцооны үлдэгдэлийн баталгаа гэх баримтыг үйлдэж харилцан гарын үсэг зурсан байна. Талууд дээрх захиалга, захиалгын төлбөрт шилжүүлсэн мөнгөн гүйлгээ, тоо тооцоолол, тооцоо нийлсэн актын талаар маргадаггүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
Харин нэхэмжлэгч *т ХХК нь дээрх баримтуудыг үндэслэн уг үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч тал уг өр төлбөрөө төлөөгүй бөгөөд төлөхгүй байгаа шалтгаан, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...нийт нийлүүлсэн гоймонгийн уутнаас ашиглах боломжгүй, будагны үнэртэй, хүнсний зориулалтаар ашиглах боломжгүй, захиалгаас өөр өнгө, үг үсгийн алдаатай ирүүлсэн..., ... талууд сав баглаа боодлын чанар, тооцоо, ажлын гүйцэтгэл, цаашид хамтран ажиллах эсэхийг шийдвэрлэхээр хуралдаж, хурлаар уг тооцоог авахгүй дуусгахаар тохиролцсон... гэж тайлбарлан маргаж, татгалзалаа нотлох зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хурлын тэмдэглэлийг гарган ирүүлдэг. Уг тэмдэглэлд бичигдсэнээр захиалгыг 20 хоногт багтаан хийж гүйцэтгэж байх, нөхөлт болон 5-р захиалгыг 20 хоногт багтаан хийж гүйцэтгэх, 5 дахь захиалга болон нөхөлтийн уут ирсний дараа төлбөр тооцоог 100 хувь барагдуулах, хэвний маргааныг 3 дагч талын үнэлгээгээр шийдвэрлэх, төлбөр тооцоог нөхөлтөөр ирсэн тоо хэмжээгээр хийх зэрэг асуудлуудыг шийдвэрлэн эцэст нь *т ХХК-ийн гүйцэтгэх захирал *аас ...би ийм саналтай байна. Бранк уутнуудыг танайх устгалд оруул, манайх тооцоо тооллого хийж бранк уутны татан авалт хийхгүй, нөгөө талаас уут сольсон ажилчдын цалингийн зардалд 4,620,000 төгрөгийг манайхаас нэхэмжлэхгүйгээр хоорондын тооцоогоор хааж болох уу. гэх саналыг гаргаж, * ХХК-ийн ахлах нягтлан бодогч *Болно зөвшөөрч байна гэснээр захиалагч бэлтгэн нийлүүлэгч тал нар харилцан ойлголцож хоёр талын эрсдэлээ өөрсдөө хариуцахаар болсон гэжээ.
Энэхүү хурлын тэмдэглэлээс үзвэл талууд гэрээний дагуу 5 дахь захиалгыг хийж гүйцэтгэх хугацаа, төлбөр тооцооны талаар харилцан тохиролцсон байх бөгөөд тооцоо нийлсэн актаар тогтоосон 14,408,960 төгрөгийн өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна.
Мөн талуудын хооронд хийгдсэн 1-5 удаагийн захиалга тус бүрээс * ХХК хичнээн хэмжээний доголдолтой, ашиглах боломжгүй сав баглаа боодол ирүүлсэн болох, энэ талаар тухай бүр гүйцэтгэгч компанид мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй. Хариуцагч талаас ирүүлсэн 2019.01.03 гэсэн огноо бүхий *т ХХК-д сав баглаа боодлын захиалгын тооцоолол, 2018.11 гэсэн огноо бүхий гоймонгийн уут сольсон ажилчдын цалингийн зардлын тооцоолол, гоймонгийн уут солих ажилчдын цалингийн зардлын тооцоолол гэх санхүүгийн баримт нь дээрх хурлаар хэлэлцэгдсэн баримт гэж үзэх боломжгүй, гоймонгийн уут яагаад сольсон, солих болсон шалтгаан үндэслэл тодорхойгүй, уг доголдын талаар тооллого хийж акт тавигдсан эсэх, улмаар уг доголтолтой сав баглаа боодол нь нэхэмжлэгчээс ирүүлсэн сав баглаа боодол мөн эсэх, гоймонгийн солих болсон шалтгаан нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болсон гэх үйл баримтыг шууд нотолсон баримт гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хурлаас гаргасан шийдвэр нь бичгийн гэрээ байгуулагдсанаас хойшхи хугацааны буюу 5 дахь захиалгын талаар хэлэлцэж тохиролцсон. Хэдий хэмжээний бранк уут гарсныг мэдэгдээгүй, устгалд оруулаагүй байгаа, өмнөх тооцоо нийлсэн актаар төлөх ёстой төлбөрөө төлсний дараа 5 дахь захиалгыг нийлүүлэх тухай мэдэгдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг няцааж чадахгүй байна.
Түүнчлэн хариуцагч талаас гарган ирүүлсэн тус компаниас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаартай албан бичгээр ...гэрээ цуцлахтай холбогдон хэвний төлбөр болон тус гэрээний заалтуудыг үндэслэн нийт 14,135,420 төгрөг нэхэмжилж байна... гэж мэдэгдэл хүргүүлснээс үзвэл хариуцагчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэл болгон татгалзаж буй түүний тайлбар үгүйсгэгдэж байна.
Талууд гэрээгээр захиалга тус бүрээр урьдчилгаа төлбөрийг төлж, хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгсний дараа захиалга тус бүрийн хөлсийг бүрэн төлж дуусгахаар харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч 1, 2, 3, 4-р захиалгын дагуу сав баглаа боодлыг нийлүүлж, талууд төлбөрийн талаар тооцоо нийлж 14,408,960 төгрөгийг өр төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрч харилцан гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан сав баглаа боодлын захиалгын нэгтгэл, тооцооны үлдэгдэлийн баталгаа, тооцоо нийлсэн тухай санхүүгийн хүснэгт, зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.
Шүүхээс талуудын хүсэлтээр * ХХК-ийн агуулахад очиж үзлэг хийсэн бөгөөд уг үзлэгийн тэмдэглэл болон тэмдэглэлд хавсаргасан 3 кг, 30 гр хэмжээтэй гоймонгийн уутнууд болон хариуцагчаас гарган ирүүлсэн уут захиалсан батлагдсан загвар гэх 2 хуудас фото зургаар нэхэмжлэгч *т ХХК-ийг батлагдсан хэв загвараас өөрөөр, өнгө будаг зөрүүтэй, үнэртэй, үг үсгийн алдаатай гэх зэрэг доголдолтой сав баглаа боодлыг нийлүүлсэн, ажлын үр дүн доголдолтой баасан гэж шууд буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэрэв ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажил түүний үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн зардлаар уг доголдолыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр захиалагч тал шаардах эрхтэй бөгөөд хариуцагч энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.
Шүүхээс талуудад нотлох баримт бүрдүүлж цуглуулах талаар бүхий л боломжит хугацааг олгосон бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул татгалзал нотлогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч тал гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 14,408,960 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 230,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 346 дугаар зүйлийн 346.2-д заасныг баримтлан хариуцагч * ХХК-иас 14,408,960 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *т ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-иас 230,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *т ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН