| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/04507/И |
| Дугаар | 191/ШШ2025/07196 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/07196
2025 09 02 191/ШШ2025/07196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ха дүүрэг, дугаар хороо, Энгельсийн гудамж, дугаар байр, тоотод оршин суух Он овогт Мя Ө/РД:......../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, С дүүрэг, дугаар хороо, Ү-3, өөрийн байранд байрлах, Ни ш ш гү гат холбогдох
2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ..... дугаартай Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Өл нь хариуцагч Ни ш ш гү гат холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 213 дугаартай захирамжаар Г ин фрс ХХК-аас 846,485,295 төгрөг гаргуулж, М Хан- ХХК-д олгож шийдвэрлэсэн. Ни ш ш гү га нь тус шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна.
1.2. Нэхэмжлэгч нь дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 215,000,000 төгрөг төлсөн ба боломжит бүхий л аргаар төлбөрөө төлж барагдуулсаар байна. Гэтэл төлбөрийн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр төлбөр төлөгчийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно гэж, мөн зүйлийн 59.1.1-д эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж тус тус заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг үндэслэлгүйгээр түдгэлзүүлж Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан эрхийг хязгаарласан байна.
1.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан эрхийг шийдвэр гүйцэтгэх байгууллага нь эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэсэн 3 үндэслэлийн аль нэг нь бүрдсэн, уг нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд хэрэглэгдэх боломжтой арга хэмжээ буюу Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг хязгаарлах тусгайлсан зохицуулалт юм.
1.4. Гэтэл тухайн гүйцэтгэх баримт бичигт нэхэмжлэгчийг эрэн сурвалжилсан баримт байхгүй, төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэнтэй холбоотой нотлох баримт огт байдаггүй, энэ талаар ажиллагаа ямар ч ажиллагаа хийгдээгүй. Харин ч төлбөрийн үүргээ гүйцэтгэсээр ирсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийг дуудсан хугацаанд очиж хөрөнгийн талаарх мэдүүлгийг үнэн зөвөөр өгөх зэргээр ажиллагаанд оролцсон.
1.5. Мөн нэхэмжлэгчид 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ..... дугаартай тогтоолыг огт танилцуулаагүй. Нэхэмжлэгч 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гомдол гаргасны дагуу тухайн тогтоолыг танилцуулаагүй. Тогтоол гарсан даруйд танилцуулах ёстой байсан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна.
1.6. Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ тус компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Новел лизинг ХХК-д илгээсэн. Нийтэд илэрхий баримтаас үзэхэд, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шуудан гардан авсан нь нотлогдож байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дах хэсэгт ажил хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно гэж зааснаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчин болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шйдвэр гүйцэтгэх газар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 213 дугаартай захирамжаар Г ин фрс ХХК-аас 846,485,295 төгрөгийг гаргуулж М Хан- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
2.2. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал М.Өлод шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.
2.3. Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг баталгаат шуудангаар илгээсэн. Төлбөр төлөгч нь мэдэгдлийг хүлээж аваагүй, мэдээгүй гэдэг нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж байгаа нэг хэлбэр юм. Тогтоолыг утсаар танилцуулсныг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасантай нийцсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаагүй, шүүхэд хандах хугацаандаа гомдлоо гаргаагүй байна. М.Өлын гадаадад зорчих эрхийг хууль тогтоомжид заасны дагуу түдгэлзүүлсэн нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-6/, Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-7-8/,2025.04.09-ний өдрийн 4/429 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудас /хх-9/, 2024.01.11-ний өдрийн ..... дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-10/, 2024.01.08-ны өдрийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас /хх-11/, 2023.08.16-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх-12/, 2023.07.26-ны өдрийн 181/ГХ2023/00822 дугаартай гүйцэтгэх хуудас, 2023.07.26-ны өдрийн 181/ШЗ2023/12688 дугаартай шүүгчийн захирамж /хх-14/, 2023.01.16-ны өдрийн 181/ШШ2023/00213 дугаартай шүүгчийн захирамж /хх-15-18/, М Хан- ХХК-ийн Ни ш ш гү га хүргүүлсэн албан тоот /хх-19/, Ни ш ш гү гат гаргасан гомдол /хх-20/, М.Өлоос Новел лизинг ХХК-д гаргасан өргөдөл /хх-21/
4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. 2023.07.26-ны өдрийн 181/ГХ2023/00822 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-38/, 2023.07.26-ны өдрийн 181/ШЗ2023/12688 дугаартай шүүгчийн захирамж /хх-39/, 2023.08.16-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх-40/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-41, 48, 51/, зарлан дуудах мэдэгдэл /хх-42/, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл /хх-43/, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг /хх-44-45/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгаа /хх-46/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан тухай баримт /хх-47/, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас /хх-58/ тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн болно. /хх-85-95/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.Өл нь хариуцагч Ни ш ш гү гат холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ..... дугаартай Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч М.Өлын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх хуульд заасан үндэслэл бий болоогүй буюу төлбөр төлөгч нь эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлүүд бүрдээгүй, гадаадад зорчих эрхийг хязгаарласан шийдвэрээ танилцуулаагүй, нэхэмжлэгч тухайн байгууллагад ажиллахаа больсон гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал М.Өлод шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг баталгаат шуудангаар илгээсэн, утсаар мэдэгдсэн, төлбөр төлөгч нь мэдэгдлийг хүлээж аваагүй, мэдээгүй гэдэг нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж байгаа нэг хэлбэр, хуульд заасны дагуу ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахгүйгээр шүүхэд хандсан, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн гэж татгалзсан байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2023/12688 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, тус шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 181/ГХ2023/00822 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас-т дурдсанаар Г ин фрс ХХК нь М Хан- ХХК-д төлвөл зохих 846,485,295 төгрөгийг сайн дураар төлөөгүйн улмаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/00213 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болжээ. Улмаар 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн байна. /хх 38-40/
4.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Зарлан дуудах мэдэгдэл-д тусгагдсанаар М.Өлыг шийдвэр гүйцэтгэх газарт 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагт бэлэн байхыг мэдэгдсэн байна. /хх41-42/
Түүнчлэн, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 151 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, мөн өдрийн 151 дугаартай Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал М.Өлыг төлбөр авагчид төлвөл зохих 649,903,308 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, төлөөгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг мэдэгдсэн байна. /хх43-44/ Төлбөр төлөгч М.Өл нь тухайн заасан хугацаанд төлбөр төлөөгүй үйл баримтад талууд маргаагүй.
4.4. Улмаар шийдвэр гүйцэтгэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр М.Өлын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан баталгаанд дурдсан гар утасны дугаараар холбогдож чадаагүй тул оршин суугаа хаягаар нь гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх санал гаргаж байгаа талаараа мэдэгдсэн байна. Мөн өдрөө ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандан, төлбөр төлөгч хуулийн этгээд нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй байх тул гүйцэтгэх захирлын гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх санал гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандсан байна. /хх 46, 50-52 /
4.5. Дээр дурдсан баримтуудаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал М.Өлод гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөр төлөх талаар мэдэгдэж, хугацаа олгосон, заасан хугацаанд шийдвэр биелэгдээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар сануулсан, түүний гадаадад зорчих эрхийг хязгаарлах санал гаргах гэж байгаа талаар мөн мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэгч нэхэмжлэгчийн бус өөр утасны дугаар руу залгасан гэж маргах боловч баталгаат шуудангаар хүргүүлсэн мэдэгдлийг хүлээн аваагүй талаарх тайлбараа баримтаар нотлоогүй.
Иймд шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, 59.3 дах хэсэгт заасан журмын дагуу төлбөр төлөгч хуулийн этгээдийн төлөөлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг хуульд заасны дагуу гүйцэтгэсэн байна.
4.6. Хариуцагч байгууллагын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгчээс гаргасан дээрх саналыг хянаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасныг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ..... дугаартай тогтоолоор төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал М.Өлын гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлж, уг шийдвэрийг төлбөр төлөгчид танилцуулахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд уг тогтоолыг эс зөвшөөрвөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурджээ.
Хэргийн 54 дэх талд авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсанаар шийдвэр гүйцэтгэгч нь М.Өлод дээрх ..... дугаартай тогтоолын талаар түүний гар утас руу холбогдож мэдэгдсэн байна. Иймд тухайн тогтоолтой 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр танилцсан гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх тогтоолын талаар мэдсэн байх бөгөөд эс зөвшөөрсөн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй байна.
Иймд 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ..... дугаартай тогтоолыг хүчингүй болгох агуулгаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч М.Өлоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Өлын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ..... дугаартай Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Өлын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ