| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2020/03698/И |
| Дугаар | 184/ШШ2022/03545 |
| Огноо | 2022-11-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 184/ШШ2022/03545
| 2022 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 184/ШШ2022/03545 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, * дугаар хороо, * байр* тоотод оршин суух, *-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, *дугаар хороо, * дүгээр байр, * тоотод оршин суух, *т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 38,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагч талын хүсэлтээр гэрч *, *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн * нь 2019 оны 10 сарын 23-ны өдөр *тай харилцан тохиролцож түүнд 25,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр барьцаагүйгээр зээлсэн. Тус мөнгийг зээлдэхдээ *ын Хаан банк дахь *тоот данс руу удаа дараагийн үйлдлээр 6,950,000 төгрөг, эцэг Батцэнгэлийн хаан банк дахь * тоот данс руу 550,000 төгрөг, орон сууцны төлбөр төлөх шаардлагатай гэсэн тул бэлнээр тус өдрөө 17,500,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг зээлсэн. Уг мөнгийг зээлснээс хойш ойролцоогоор 2 сарын дараа * нь мөнгөө шаардаж холбоо тогтоох гэж оролдсон боловч үргэлж боломжгүй гэх хариу өгсөөр өнөөдрийг хүрсэн. Өөрөөр хэлбэл 2019 оны 10 сарын 23-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ямар ч мөнгө *т өгөөгүй. Иймд зээлийн гэрээний үндсэн үүрэгт 25,000,000 төгрөг, 2019 оны 10 сарын 23-ны өдрөөс 2020 оны 09 сарын 18-ны өдрийг хүртэлх 11 сарын 5 хувийн хүү болох 13,750,000 төгрөг нийт 38,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчээс дансаар нийт 5 удаагийн гүйлгээгээр 6,950,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Мөн аав руу нь 550,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Бусад зүйлсэд шаардлагатай гэж хэлсэн учир 17,500,000 төгрөг бэлнээр өгсөн. Нийтдээ нэхэмжлэгчээс 25,000,000 төгрөгийг зээлүүлсэн, үүний хүүг 5 хувиар тооцон 13,750,000 төгрөг нийт 38,750,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг дэмжиж оролцож байгаа. Нэхэмжлэгч 2 сарын дараа нэхэмжлэгч мөнгө шаардсан боловч мөнгө орж ирэхээр өгнө гээд өгөөгүй.
Гэрч *ын мэдүүлгээр хариуцагч *, * нэхэмжлэгч * нар байлцаж уг гэрээнд гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байгаа. *ийн дансаар шилжүүлсэн 6,950,000 төгрөг нь ажлын хөлс, ашиг биш уурхайд хамтарч ажиллаад ашиг гэж аваагүй гэж гэрч * мэдүүлсэн байгаа. Нэхэмжлэгч хариуцагчийн гуйлтаар 25,000,000 төгрөгийг бусад этгээдээс хүүтэй зээлж олж өгсөн байдаг. Одоо өөрөө тэр мөнгөө хүүтэй нь хамт төлөөд өөрөө хохирсон. Фэйсбүүк мэссэнжэрээр хүүтэй зээлж өгснөө илэрхийлж хүүтэй нь төлөхийг удаа дараа шаардсан байгааг хариуцагч төлнө, ажил хийгээд мөнгө орж ирэхээр төлнө гэх мэт хариу өгсөн байдаг. Үзлэг хийж бэхжүүлсэн байгаа. 25,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй төлөхөө зөвшөөрч гарын үсэг зурсан учир нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.
9,000,000 төгрөг хүлээж авсан тул нэхэмжлэлээсээ хасаж тооцоход асуудал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага дээр үндэслэл болж байгаа зээлийн баримт нь зээлийн хүүг тооцно гэж тохирсон тул нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал зээлийн гэрээ байгуулсан, байгуулаагүй дээр маргаад байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтын хувьд зээлийн гэрээнд хүү тогтоосон, хүү тогтоосон зээлийн гэрээ нь бичгээр байх ёстой учир нотлох баримтаар гаргаж өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр *ын гарын үсэг биш гэж гарч байгаа боловч үүнийг тухайн үед албаар өөр байдлаар зурсан байх магадлалтай. Ганц шинжээчийн дүгнэлт нь нотлох баримт шийдвэрийн үндэслэл болох боломжгүй гэж үзэж байна. Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг шинжээч томилогдож шинжээчийн дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч талаас хэд хэдэн удаагийн гүйлгэрээр мөнгө шилжүүлсэн. Энэ шилжүүлсэн мөнгийг манай талаас зээл гэж үзэж байгаа. Хэрвээ зээл биш гэж үзэж байгаа бол хариуцагч тал татгалзлаа нотлох үүрэг нь хариуцагч талд байгаа. 15,000,000 төгрөг төлсөн дээр хариуцагч тал маргахгүй байгаа. 15,000,000 төгрөг нь зээлийн харилцаа байж болж байгаа тул бусад зардал нь шилжүүлсэн мөнгө нь зээл гэж үзэж байна. Хариуцагч талын гэрч нар нь 2020 оны 4 сараас эхлэн *ыг дарамталж мөнгийг нь шилжүүлсэн гэж тайлбар хэлдэг. Гэтэл 9,000,000 төгрөг шилжүүлсэн баримт нь 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн байдаг. Энэ нь гэрч зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа нь тодорхой харагдаж байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн 25,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн гэх баталгаа нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөр огноотой үйлдэгдсэн байх бөгөөд * нь энэ баталгаа бичигдсэн гэх цаг хугацаанд Улаанбаатар хотод биш Хэнтий аймагт байсан учир гарын үсэг зурсан байх ямар ч боломжгүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээр мөнгө шилжүүлсэн гэх баримтуудын огнооны зарим нь өмнө нь зарим нь хойно нь байна. Өмнө нь шилжүүлсэн мөнгийг баталгаа бичихдээ оруулж бичсэн байлаа гэхэд үнийн дүн нь 20,250,0000 болж баталгаа бичигдсэн үнийн дүн хүрэхгүй байна. Харин баталгаа бичигдснээс хойш 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны хооронд цувуулан хийсэн мөнгийг урьдчилан тааж 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр баталгаа бичих ямар ч боломжгүй юм. Иймд дээрх баталгаа нь илт хуурамч болох нь тогтоогдож байна. Мөн нэхэмжлэлдээ 17,500,000 төгрөгийг бэлнээр авсан гэж худал үнийн дүн бичсэн. Тухайн өдөр 15,000,000 төгрөгийг авсан болох нь кассын орлогын ордероор тогтоогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлага огт үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй байна. *ын эцэг Батцэнгэлийн дансанд мөнгө шилжсэн асуудалтай маргах зүйл байхгүй.
* гэдэг хүн хариуцагч *ын аавынх нь уурхайд тэдэнтэй хамтарч ажиллахаар тохиролцоод үйл ажиллагааны зардалд дансаар мөнгө шилжүүлж байсан байдаг. Харин * ХХК-д орон сууцны төлбөрт 2019 оны 10-р сарын 23-ны өдөр * өөрөө Хэнтий аймагт байхдаа байрны мөнгө хэрэг болоод байна зээлээч гэж Эрдэнэпүрэвт хэлж, түүний эхнэрт * 15,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Уг мөнгийг түүний эхнэр * ч гар дээрээ аваагүй шууд * ХХК-д тушаасан байдаг. Энэ мөнгийг бол авснаа хүлээн зөвшөөрч байгаа. * үүн дээр *ын *тоот данс руу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн 50,000 төгрөг гээд нийт 1,700,000 төгрөг шилжүүлснийг нэмээд зээлсэн гэж нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна. Учир нь цаг хугацааны хувьд сүүлд өгсөн мөнгөө 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бичсэн баталгаа гэдэгт оруулж бичсэнийг ойлгохгүй байна. Авсан 15,0 сая төгрөгийг бол ямар ч хүү ярилцаагүй авсан. Энэ мөнгөнөөс төлөгдөөгүй үлдсэн 3,0 сая төгрөгийг төлөхөд бэлэн байгаагаа хэлсээр ирсэн. Дээрх нэхэмжлээд байгаа мөнгө бол уурхайд ажиллах хугацаандаа хоол, унаа, түлш зэрэгт ашигласан зардалд шилжүүлсэн мөнгө байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг үгүйсгэж байгааг нь гайхаж байна. Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр *ын гарын үсэг биш гэж гарсан. Харин * нь *ын гарын үсгийг дуурайлгаж зуруулсан байж магадгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс *ээс *т олгосон итгэмжлэл, *ийн иргэний үнэмлэхний хуулбар, *, * нарын гарын үсэг бүхий Баримт гэх гар бичвэр, Хаан банк ХХК дахь *ийн * дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банк ХХК дахь *ийн * дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтыг ирүүлсэн байна.
Хариуцагчаас *ын Амбулториор эмчлүүлэгсдийн карт, *аас *д олгосон итгэмжлэл, *гэх хаягаар харилцсан харилцан ярианы фото зураг, зэрэг бичгийн баримтыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн албан тоот, хавсаргаж ирүүлсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаар Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай Прокурорын тогтоол, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 сарын 13-ны өдрийн 1343 дугаар шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай Мөрдөгчийн санал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн * дугаар Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаартай Хэрэг бүртгэлийн хэргийг хаасан прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай Прокурорын тогтоол, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Дахин шинжилгээ хийлгэх тухай 59 дугаар Прокурорын тогтоол, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг * дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн * дугаар шинжээчийн дүгнэлт, Хаан банк ХХК дахь * тоот данс эзэмшигчийн мэдээлэл, *ыг гэрчээр асууж авсан тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, зэрэг бичгийн баримтыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуцагч *т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг нь хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...дансаар болон бэлнээр нийт 25,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр баримт үйлдэж гарын үсэг зурсан, * уг баримтад гарын үсэг өөрөө зурсан болох нь гэрч *ын мэдүүлгээр тогтоогдоно. Мөн өдрөө бас өөр гэрээнд ч гарын үсэг зурсан байгаа..., ...өөрөө зээлсэн мөнгөө төлж барагдуулах талаар удаа дараа зөвшөөрч мэссэж бичиж байсан нь гар утас дээрх түүний харилцсан мэссэжээр тогтоогдож байгаа..., ...төлбөрөө төлөөгүй учир гаргуулна... гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...намайг уг баримтад байхгүй байхад гарын үсэг зурсан гэж хуурамчаар баримт үйлдсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа, ...Хэнтий аймагт уурхай дээр хамтарч ажиллана гэж тохиролцож үйл ажиллагааны зардалд шилжүүлсэн мөнгөө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй..., ...* ХХК-д орон сууцны төлбөрт 15,0 сая төгрөгийг авсан. Уг нь хамтарч ажиллаж олсон орлогын хувиас өгч байгаа гэж ойлгож байсан ч зээлсэн гээд нэхээд дарамтлаад байсан учир энэ 15,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөгийг дансаар төлсөн нэмж 3,000,000 төгрөгийг төлсөн байгаа, одоо үлдэх 3,000,000 төгрөгийг төлөхөд бэлэн байна. ...хүү тооцох талаар огт тохиролцоогүй, уг баримтыг энд үйлдэж байхад бид хөдөө ажиллаж байсан... гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Нэхэмжлэгч * нь өөрийн эзэмшдэг ХААН банк ХХК дахь *дугаартай харилцах данснаас хариуцагч *т түүний *тоот данс руу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 250,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 50,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 150,000 төгрөгийг шилжүүлэн нийт 6,950,000 төгрөгийг, хариуцагч *ын төрсөн эцэг *ийн * тоот данс руу 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 50,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн нийт 550,000 төгрөгийг шижлүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан түүний дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. Мөн уг данснаас 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 15,000,000 төгрөгийг зарлагын гүйлгээ хийгдэн уг мөнгийг хариуцагчид бэлнээр хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргадаг бөгөөд дээрх дансаар болон бэлнээр нийт хүлээн авсан мөнгөн дүнгийн талаар талууд хэн аль нь маргадаггүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
Харин уг мөнгийг нэхэмжлэгч хэргийн 6-р талд авагдсан Баримт гэх бичгийн баримтыг үндэслэн нийт 25,0 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн учир хүүгийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргадаг, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч хамтран ажиллах хэлцлийн дагуу ажлын хөлс, үйл ажиллагааны зардалд шилжүүлсэн мөнгө, баримтад гарын үсэг зураагүй гэж тайлбарлан мэтгэлцдэг.
Хариуцагч өөрийн татгалзал тайлбараа нотлох зорилгоор хэрэгт авагдсан Баримт гэх гарчигтай Миний бие Дамбийжанцан овогтой Эрдэнэпүрэв би Батцэнгэл овогтой *т түүний гуйлтаар тусалж 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг сарын 5% хүүтэйгээр барьцаагүйгээр итгэж өгөв. Өгсөн *, авсан * гэх баримтад зурагдсан гарын үсэгт шинжээч томилуулан гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шинжээч томилсон бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр * дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүхэд гарган ирүүлсэн. Уг шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт 1.2019 оны 10 сарын 23-ны өдрийн Баримт гэсэн гарчигтай баримтын доод хэсэгт авсан гэсний ард * гэсний урд хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр бичсэн гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн *ын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй.гэх дүгнэлтийг гарган ирүүлсэн байна. /хх-ийн 169-179-р хуудас/
Мөн хариуцагч * нь нэхэмжлэгч * нь дээрх баримтыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст хандан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн *ын гарын үсгийг дуурайлган зурж хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө зээлсэн баримт үйлдэж үндэслэлгүй хүүтэй их хэмжээний мөнгө нэхэмжилсэн гэх гомдлыг гаргасныг хүлээн авч хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр *дугаартай Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаасан болох нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын * дугаартай тогтоолуудаар нотлогдож байна. Уг эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг хийх явцад мөрдөн байцаагчийн тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилон мөн маргаан бүхий Баримт гарчигтай бичгийн баримтад зурагдсан *ын гарын үсгийг хэн зурсан талаар шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулсан байх бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1343 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...2019.10.23-ны огноотой Баримт гэсэн гарчигтай, ...гэж төгссөн 6 мөр үндсэн бичвэр бүхий гар бичвэр нь харьцуулах загвараар ирүүлсэн *ийн гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загвартай тохирч байна. 3.Харин уг шинжилж буй гар бичвэр нь харьцуулах загвараар ирүүлсэн *ын гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт туршилтын загваруудтай тохирохгүй байна. ...5.харин дээрх гарын үсгийн доор * гэсний урд зурагдсан байх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн *ын гэх гарын үсгийн чөлөөт, туршилтын загвартай хоорондоо тохирохгүй байна... гэсэн дүгнэлтийг гарган ирүүлсэн байна. /хх-ийн 116-122-р хуудас/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр оролцсон гэрч * мэдүүлэхдээ ...анх уурхайн тал дээр хамтарч ажиллах гэж би энэ хоёр хүнийг танилцуулж байсан..., ...тэр мөнгийн би анх * ахтай ярьж гуйж өгүүлж байсан. * ах хүнтэй яриад бүтээгээд өгье гэж хэлж байсан. Тэгээд мөнгө зээлсэн., ...анх хүн нь мөнгөө нэхээд байна гэхэд ах Э.*ыг найзаараа дуудуулж Их улс гэдэг ресторанд уулзаад мөнгөө нэхтэл үл тоосон байдал гаргасан учир цагдаад хандсан. Цагдаагаас харьяаллын дагуу ханд гэсэн учир эргээд уг ресторан руу очоод * *, Э.*, * миний бие 5-уулаа хоолонд ороод 2 гэрээ хийсний нэг нь 25,000,000 төгрөгийг гэрээ нөгөө нь өмнө нь байгуулсан хамтран ажиллах гэрээнд өөрчлөлт оруулж гэрээ хийсэн. Уг гэрээнд Э.* гарын үсэг зурсныг бүгд харсан. ...25,000,000 төгрөгийг *ээс шилжүүлж байсныг сайн санахгүй, мэдэхгүй байна. Уг баримтыг мөнгийг нэхэх үед л үйлдэж байсан. Түүнээс өмнө мөнгийг өгсөн байсан. ...тухайн үед уурхайн гэрээ хийж 3 хувь үйлдэж байсан. ...Би *ын гарын үсэг биш гэж гарсан гэхийг сонсоод гайхсан. Нөгөө гэрээ нь 3 хувь байгаа. тэр гэрээн дээр *ын гарын үсэг байгаа... гэж мэдүүлжээ. /хх-ийн 203-204-р хуудас/
Мөн нэхэмжлэгч талын хүсэлтээр нэхэмжлэгч *ийн гар утаст үзлэг хийж, үзлэгээр түүний *гэх фээсбүүк мэссэнжэрт үзлэг хийж үзлэгээр хариуцагч *ын гэх *гэх фээсбүүк мэссэнжэр хаягтай харилцан бичсэн бичвэрүүдэд үзлэг хийж, нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн хэргийн 64-77-р хуудаст авагдсан бичгийн баримттай тулган уг баримтыг нотлох баримтаар бэхжүүлсэн бөгөөд уг баримтад бичигдсэн бичвэр мэссэжүүдээр талуудын хооронд уул, уурхайн чиглэлээр хамтран ажиллаж байсан, талуудын хооронд мөнгөн төлбөрийн үүрэг үүссэн гэх нөхцөл байдал бий болсон байх боловч 25,000,000 төгрөгийг зээлсэн гэх үйл баримт нотлогдож тогтоогдохгүй байна.
Мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч * мэдүүлэхдээ ...би *ын эхнэр, тухайн үед би ой хүрээгүй хүүхэдтэй байсан. Нөхөр * Хэнтий аймгийн * суманд уурхай дээр ажиллаж байсан. Тэгээд орон сууцны төлбөр төлөх гээд мөнгө байхгүй байсан учир нөхөр маань над руу яриад хүн очиж уулзана гэсэн. Тэгээд Эрдэнэпүрэвтэй утсаар яриад ХААН банк дээр очиж уулзсан. * ХХК-д төлөх орон сууцны төлбөрт хийх ёстой байсан 15,000,000 төгрөгийг төлж өгсөн. * өөрөө тэр мөнгийг барьж ирээд шууд банкинд төлсөн. Манай нөхөр надад жоншны мөнгө 30,0 гаран сая төгрөг орж ирнэ гэж ярьж байсан учир тэр мөнгөнөөс нь л 15,0 сая төгрөгийг нь өгч байгаа юм байна гэж ойлгосон. Сүүлд нь гэр лүү хүн явуулж, ирж нэхээд дарамталаад байсан учир миний * тоот дансаар 9,000,000 төгрөгийг төлсөн. Дараа нь 3,000,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэх 3,000,000 төгрөгийг чинь төлчихье гэхээр авахгүй гээд байгаа... гэж мэдүүлсэн байна. Мөн гэрч * ...миний бие Хишигт ногоон тал ХХК-ийн үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь удирдан явуулдаг. * миний хүү, түүний найз * болон энэ * бид бүгд Хэнтийн Батноров суманд байдаг уурхайн ажил дээр хамтран ажиллаж байсан бие биенээ таньж мэддэг хүмүүс..., ... миний бие хүү *ын хамт уурхай дээр хөдөө ажиллаж байсан. Тэр өдөр ажил хөөцөлдөөд Бэрх сум руу Портер машинтай орж ирээд машины трубин нь эвдэрсэн байсан учир сайн санаж байна. Уг нь оройдоо буцна гэж байгаад чадаагүй. Тэр үед *тэй ярьж, түлшний мөнгө гэж 50,000 төгрөг миний дансаар авч байсан. Мөн сүүлд нь 500,000 төгрөг шилжүүлж уг мөнгийг түлш тосонд л зарцуулсан. Зээл гэж аваагүй. Үйл ажиллагаандаа хэрэглэхээр л авсан. Манай хүү * Эрдэнэпүрэвээс байрны мөнгөнд өгөх гэж л 15,0 сая төгрөг зээлсэн гэж хэлж байсан. Бид анд 2019 онд танилцаж байсан... гэж мэдүүлсэн байна.
Гэрч нарын мэдүүлэг болон талуудын хооронд фэйсбүүк мэссэнжэрээр харилцаж байсан гэх баримтуудаар *, * нарын хооронд 25,000,000 төгрөгийн 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан талаар болон уг гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэх үйл баримт нотлогдохгүй байна. Түүнчлэн талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, эсхүл хожим нөхөж байгуулсан байна гэж үзвэл энэ өдөр зөвхөн 15,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн авсан үйл баримт тогтоогддог. Хэрэв зээлдэгч зээлийг хүүтэй олгож байгаа тохиолдолд талууд хэлэлцэн тохиролцож, зээлийн гэрээндээ хүүгийн хэмжээ болон түүний төлөх хугацааг тодорхой тохиролцох ёстой. Уг баримтад зээлийг эргүүлэн төлөх хугацааг тохиролцож тогтоогоогүй байдаг.
Нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хоорондох дансаар 99096057, р, Эрдэнэпүрэвээс гэх гүйлгээний утгуудтайгаар шилжүүлсэн мөнгийг уг гэрээний дагуу шилжүүлэн өгсөн гэж тайлбарлан нэхэмжилдэг. Нэхэмжлэгч уг гүйлгээний утга зээл яагаад зээлсэн бол зээл гэж бичээгүй талаар болон цаг хугацаа, үнийн дүнгийн хувьд хоорондоо зөрүүтэй шилжүүлсэн болох талаар үндэслэл бүхий тайлбарыг шүүхэд гаргаж, уг тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талуудын гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байх ёстой бөгөөд зохигчийн тайлбар нотолгооны хэрэгсэлд тооцогддог. Нэхэмжлэгч нь хариуцагч *т 25,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн гэх шаардлагыг гаргахдаа түүнд шилжүүлсэн өгсөн мөнгийг банкаар дамжуулан 7 удаагийн гүйлгээгээр болон бэлнээр 15,000,000 төгрөгийг өгсөн гэж тайлбар гаргадаг бөгөөд дээрх банкаар шилжүүлсэн мөнгөн дүнг тооцон үзвэл 7,500,000 төгрөг болж байгаа бөгөөд бэлнээр 17,500,000 төгрөгийг өгсөн гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч шүүх хуралдааны шатанд хариуцагчийн * ХХК-д 15,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх тайлбарыг үгүйсгэдэггүй. Харин 2,500,000 төгрөгийг бэлнээр хэрхэн хаана, хэнд хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотолж чадахгүй байна. Түүнчлэн хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай болон хаах тухай тогтоолд авагдсанаар уг эрүүгийн хэрэгт гаргасан мэдүүлэгтээ ...би 50,000,000 төгрөгийг уурхайн кемп байгуулахад зориулж *т өгсөн, байрны 15,000,000 төгрөгийг тушаасан, 25,000,000 төгрөгийг зээлүүлсэн.. гэж мэдүүлж байжээ. Түүний гаргасан дээрх тайлбар мэдүүлгээр байрны төлбөрт шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг нэхэмжлэлд дурдагдсан агуулгаас өөрөөр мэдүүлж байсан гэж үзэхээр байна. Хариуцагч * нь уг байрны төлбөрт төлсөн 15,000,000 төгрөгийг зээлсэн болохоо хүлээн зөвшөөрч уг төлбөрөөс 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 9,000,000 төгрөгийг төлсөн болох нь *ийн дансны хуулгаар тогтоогдож байна. Харин үлдэх 6,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг буцаан төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй тохиолдолд гэрээний талууд харилцан тохиролцсоны дагуу мөнгө, эсхүл эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Дээрх гэрч нарын мэдүүлэг болон хэрэг авагдсан дансны хуулга, прокурорын тогтоолууд зэрэг бичгийн баримтууд болон талуудын тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож буй үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болж буй баримт болох хэргийн 6-р талд авагдсан баримт нь талуудын хооронд 25,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхэд хангалттай нотолж тогтоосон баримт биш бөгөөд харин уг баримтыг талуудын хооронд үүссэн өөр хэлцэл, гэрээний харилцаанаас үүссэн төлбөр тооцоотой холбоотой хийгдсэн баримт болохыг үгүйсгэх боломжгүй юм.
Түүнчлэн талуудын хүсэлтээр оролцсон гэрч нарын мэдүүлэгт болон талуудын тайлбарт Хэнтий аймгийн Батноров суманд уул уурхайн чиглэлээр хамтран ажиллахаар гэрээ хэлцэл байгуулагдсан байсан, үйл ажиллагааны зардал тооцоо байсан гэж тайлбарладаг боловч талууд хэн аль нь эдгээр нэхэмжлэлийн шаардлага, татгалзалаа нотолсон баримтыг шүүхэд гарган ирүүлээгүй, энэ талаар хүсэлт санал гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх, нотлох үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.
Шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргийг үндэслэн талуудын хооронд 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн уг төлбөрөөс хариуцагч * 9,000,000 төгрөгийг дансаар буцаан төлсөн, үлдэх 6,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа учир хариуцагчаас гаргуулан энэ хэмжээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг 15,000,000 төгрөгөөс хүү тооцон шаардах эрхгүй байна гэж үзлээ.
Иймд хариуцагч *аас 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *т олгож, нэхэмжлэгчийн үлдэх 32,750,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан бол нэхэмжлэгч, хариуцагч нар тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *аас 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч *аас 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *т олгож, үлдэх 32,750,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *аас 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН