Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00356

 

 

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00356

 

Зэлтэ

Ц.Р-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 103/ШШ2022/00020 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Р-ын хариуцагч Ю.Э-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 3,130,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ю.Э-н хүсэлтээр зээлийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг хоногийн 3 хувийн хүүтэй, нэг хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээ байгуулсны дараа Ю.Э-н Хаан банкны дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ю.Э тухайн зээлийг гэрээний дагуу цагт нь буцаан төлж 2,000,000 төгрөг дахин зээлээч хэмээн гуйсан тул Ю.Эг эхний удаа зээлээ цаг тухайд нь төлсөнд итгэж зээлийн гэрээ байгуулахгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгийг хоногийн 3 хувийн хүүтэй нэг сарын хугацаатай зээлсэн. Зээлийн хугацаа дуусахад Ю.Э зээл, зээлийн хүүг төлөөгүй. Түүнээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад “мөнгөгүй байна, лангуу орлогогүй, самарт явж ирээд төлье...” гэх шалтаг хэлсээр хоёр жил болсон. Хариуцагч 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 17-нд 200,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 170,000, 2020 оны 08 дугаар сарын 20-нд 50,000 төгрөг, 2020 оны 10 дүгээр сарын 21-ний өдөр 50,000 төгрөг, нийт 670,000 төгрөгийг надад өгсөн. Зээлийн төлбөр болох 3,800,000 төгрөгөөс хариуцагчийн өгсөн 670,000 төгрөгийг хасаад, 3,130,000 төгрөгийг Ю.Эгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

          2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ц.Раас 2,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Би Ц.Рт зээлийн хүү 60,000 төгрөг, үүнээс гадна нийт 970,000 төгрөгийг өгсөн. Нэхэмжлэгчээс энэ мөнгийг хүүтэй зээлээгүй тул хүү төлөхгүй, түүнд өгсөн 970,000 төгрөгийг хасаад үлдэх 1,030,000 төгрөгийг төлнө гэжээ.

 

          3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Ю.Эгаас 1,330,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Рт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1,330,000 төгрөгт ноогдох тэмдэгтийн хураамж 36,230 төгрөгийг хариуцагч Ю.Эгаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Рт олгож шийдвэрлэжээ.

 

          4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх надаас 1,330,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс 300,000 төгрөгийг нь зөвшөөрөхгүй байна. Учир нь Ю.Э би нэхэмжлэгч Ц.Рт нийт 970,000 төгрөгийг төлсөн. Үүнээс нэхэмжлэгч 670,000 төгрөгийг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн. Харин 300,000 төгрөгийг авснаа үнэн зөвөөр хүлээн зөвшөөрөөгүй. Иймд миний төлсөн мөнгийг 300,000 төгрөгөөр дутуу бодож тооцоолсон шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний төлсөн 300,000 төгрөгийг өр төлбөрөөс хасч нэхэмжлэгчид 1,330,000 төгрөг бус харин 1,030,000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

          5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Ю.Э нь надад 300,000 төгрөг өгөөгүй, харин 670,000 төгрөг өгсөн. Тэрээр дансаар 300,000 төгрөг өгсөн гэх боловч өгөөгүй ба надтай уулздаггүй. Би түүний өгсөн мөнгөний баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Ц.Р нь хариуцагч Ю.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,130,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зээлийн гэрээгээр хүү тохиролцоогүй тул хүү төлөх үндэслэлгүй, нэхэмжлэгчид 970,000 төгрөгийг буцаан өгсөн, үлдэх 1,030,000 төгрөгийг төлнө гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Ц.Р нь 2,000,000 төгрөгийг хоногийн 3 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай хариуцагч Ю.Э-д зээлдүүлэхээр тохиролцсон гэх боловч талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй гэх үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.  

 

4а. Хариуцагч Ю.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 200,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 170,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 50,000 төгрөг, нийт 670,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Рт төлсөн болох нь хэргийн 82, 84, 85, 95, 99 дахь талд авагдсан Хаан банк дахь Ц.Р-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар тогтоогджээ.

 

Хариуцагч 970,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж тайлбарласан боловч хэргийн баримтаар 670,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон тул түүний дээрх тайлбар үндэслэлгүй байна.

 

4б. Хариуцагч нь нэхэмжлэгчид 300,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, тэрээр дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул хариуцагчийн “миний төлсөн мөнгийг 300,000 төгрөгөөр дутуу бодож тооцоолсон” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлсэн мөнгөнөөс төлөгдөөгүй төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

5. Талуудын хооронд зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдагдаагүй болохыг зохигчдын хэн аль нь үгүйсгээгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар Ц.Р зээлийн гэрээний дагуу хүү шаардах эрхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Ю.Эгаас 1,330,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Рт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 103/ШШ2022/00020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                                     ШҮҮГЧИД                                          Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ