Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/73

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч *******

Яллагдагч ******* өмгөөлөгч ******* /цахим/

Нарийн бичгийн дарга Б.чимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 704 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр яллагдагч ******* холбогдох 2418000000392 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Яллагдагч нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 08 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 710 дугаар байрны тоотод *******г “шөнөжингөө залгаж хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар биед нь халдан зодож баруун нүдний зовхи, эрүүний баруун хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр талын завжинд язарсан шарх, цээж, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: ******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000392 дугаартай хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор, яллагдагч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Шүүгчийн захирамжийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийн шаардлагад хангаагүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Хэргийг нотлох ажиллагаа гэдэг нь хянан шийдвэрлэж буй хэрэгт хамааралтай болж өнгөрсөн үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан хуульд заасан үндэслэл, журмын дагуу сэргээн дүрсэлж, бодит үнэнийг тогтоох үйл явц бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээ авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалган хянаж, шүүх талуудын мэтгэлцээний үндсэн Дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй байдлаар тодорхойлсон.

Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн биед учирсан хохирлыг тодорхойлсон 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 439 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шинжээч гаргахдаа хохирогчийн биөд үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримт болох 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “г’ эмнэлгийн толгойн компьютерт томографын буюу дүрс оношилгооны шинжилгээний хариу зэргийг үндэслэж гаргасан байх бөгөөд КТГ-шинжилгээгээр хохирогчийн гавал тархинд өөрчлөлтгүй байгаа нь тогтоогдсон. Мөн хохирогчийн мэдүүлэгт толгой өвддөг, баруун нүд улайсан, хөхөрч хавдсан, хоёр завжны дотор тал зулгарсан талаараа мэдүүлсэн нь шинжээчийн хийсэн үзлэг, хэвлийн эхо зэрэгтэй харьцуулахад түүний биед хамрын хугарал гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байдаг.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс “...Хохирогч эрүүл мэндэд шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 439 дугаартай дүгнэлтэд тусгагдаагүй гэмтлүүд учирсан. Компьютер томографын дүгнэлт гарснаас хойш үзүүлэхэд хоёр талын ухархайн дотор хананд баруун талын 18-6 см урттай, зүүн талын 0.6- 3 см уртын хэмжээтэй хугарал үүссэн гэх шинжилгээний хариу гарсан. Тэгээд эмнэлгийн чих, хамар, хоолойн тасагт хамрын хугарал гэх мэс ажилбар хийлгэсэн. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан ухархайн нэг гэмтэл нь хоёр болсон. Мөн гавал тархины битүү гэмтэл, хамрын хугаралд мэс засал хийлгэсэн тул дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай...” гэх хүсэлт гаргасан боловч хохирогчийг дахин эмнэлэгт үзүүлсэн баримт, шинжилгээний хариу, мэс засал хийлгэсэн талаар баримтыг огт гаргаж өгөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах шийдвэр бүхэн, түүний дотор шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой бөгөөд анхан шатны шүүх хохирогчийн өмгөөлөгчийн холбогдох ямар нэгэн баримтгүйгээр гаргасан хүсэлтийг үндэслэн хохирогчийн биед шинжээчийн дүгнэлтээс өөр гэмтэл учирсан байж болзошгүй гэх таамаглалд үндэслэж хэрэгт авагдаагүй баримтыг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг алдагдуулснаас гадна шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, нотлох баримтад үндэслэж яллах дүгнэлтэд дурдсан баримтуудыг няцааж чадаагүй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/704 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Хэрэгт авагдсан баримтуудаар хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох 432 дугаартай дүгнэлтээр хохирогч *******гийн биед хамар ясны хугарал гэсэн гэмтэл дурдагдаагүй байгаа. Тухайн дүгнэлтийг гаргасан шинжээч эмч нь хохирогчийн биед биечлэн үзлэг хийж, хохирогчийн - эмнэлэгт үзүүлсэн толгойн томографын шинжилгээний хариуг үндэслэн гаргасан байдаг. - эмнэлгээс гаргасан шинжилгээнд хохирогч *******гийн тархи хэсэгт нь ямар нэгэн байдлаар өөрчлөлт гарсан, гэмтэл учирсан гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэгтээ миний толгой өвддөг, баруун нүд улайна, хөхөрч хавдсан. 2 завжны дотор тал зулгарсан талаараа мэдүүлсэн. Энэ нь шинжээчийн дүгнэлттэй харьцуулахад ямар нэгэн зөрүүтэй, шинжээчийн дүгнэлтийн үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Урьдчилсан хэлэлцүүлгээр хохирогчийн өмгөөлөгч гаргасан үндэслэл нь хохирогч ******* тухайн хэрэг учрал болсны дараа дахин эмнэлэгт үзүүлсэн, мөн хамрын мэс засалд орсон гэдэг үйл баримтын талаар ярьдаг. Ингэж ярихдаа ямар нэгэн холбогдох баримтыг гаргаж өгөхгүйгээр шүүхэд хүсэлт гаргасан. Шүүх ямар нэгэн баримт, нотлох баримтад үндэслэхгүй таамаг төдий зүйлд тулгуурлаж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж эсэргүүцэл бичсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх, хуулийн шаардлагыг хангахгүй нотлох баримтад үндэслэж яллах дүгнэлтэд дурдсан асуудал баримтуудыг няцааж чадалгүйгээр хууль зүйн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байх тул тус шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* тайлбартаа:

5 сарын 18-нд мөрдөн байцаагч 3 хоногийн дотор шинжээчийн дүгнэлт гарсан байх ёстой гээд намайг шаардсан. эмнэлэгт очих хугацаа 23 гэсэн. 23 болоогүй томографт харуулаагүй болохоор би яах вэ гэдгээ асуухад 72 цагийн дотор гарах ёстой та хувийн эмнэлгээр очиж үзүүлээд дүгнэлтээ гаргуул гэхээр нь би “-” эмнэлэг дээр очиж гаргуулсан. Өглөө нь зураг авхуулахад үдээс хойш нь надад өгсөн. Үдээс хойш өгөхөөр нь шүүх эмнэлэгт аваачиж өгсөн. Тэндээсээ мөрдөн байцаагч руу явуулсан.

“-” эмнэлэгт гомдолтой байгаа. 6 сарын 23-ны өдөр эмнэлгийн томографаар харуулахад миний хамрын нэг тал баруун тал руугаа хазайлттай байхаар нь чих хамар хоолой руу нь орж чихүүлсэн. Баримт нь байгаа. Үзүүлсэн талаарх баримт нь бичигдсэн байгаа энэ талаар баримтаа өмгөөлөгчид өгсөн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Тус шүүх хуралдаанд би прокурорын эсэргүүцлийг дэмжсэн байр суурийг илэрхийлж оролцож байна. Учир нь анхан шатны шүүх прокурорт буцаахдаа зөвхөн хохирогчийн саналыг үндэслэн буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтаст хэргийн 26 дугаар талд авагдсан компьютер томографын шинжилгээний хариугаар хохирогчийн хэлээд байгаа онош байдаггүй. Компьютер харж байгаа тэрнээс биш хэн нэгэн хүн оношлоод байгаа юм биш. Компьютероор харсан зүйлээ эмч дүгнэлт болгож бичээд байгаа. Гэтэл шинжээчийн дүгнэлт маань өөрөө компьютер томографын дүрс оношилгооны шинжилгээг үндэслэж гарсан. Прокурорт хэргийг буцааж байгаа нь  энэ агуулгаар хууль зүйн үндэслэлгүй. Иймд 7 дугаар сарын 1-ний өдрийн 704 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсмээр байна.

Тухайн үйл явдал 5 сарын 17-ны өдөр болдог. Компьютер томографт 5 сарын 22-ны өдөр харуулдаг. Тухайн компьютер томографууд толгойн бүтцийг бүгдийг нь жишээлбэл тархины яс, 2 нүд бусад бүгдийг тэр чигт нь компьютероор оношилчихсон байна. Үүнийг үндэслээд шинжээчийн дүгнэлт гарчихсан. Шүүхийн хэлэлцүүлэг дээр өвчтөний картад бичигдсэн 6 сарын 3-ны өдрийн асуудлыг ингээд асуугаад байх шиг байна л даа. Энийг би үгүйсгэсэн хэлбэрээр тайлбарламаар байна. Яагаад гэвэл тухайн үйл явдлаас чинь хойш болоод байна. Гэтэл энэ чинь 5 сарын 22-ны өдөр болсон тархийг тэр чигт нь толгойны бүтцийг харчихсан компьютер томографын оношилгоогоор тэр хугарал чинь байхгүй харагдаагүй байгаад байна. Тэгэхээр энийг шалгаад ир гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн эхний тайлбараа дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хянан хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгах болон анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж тогтоох үүргээ хэрэгжүүлсэн болно.

Анхан шатны шүүх, яллагдагч ******* холбогдох 2418000000392 дугаартай эрүүгийн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийсний эцэст:

Хохирогчид “гавал тархины битүү гэмтэл, хамрын хугарал” үүссэн ба энэ талаар Дархан-Уул аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 439 дугаартай дүгнэлтэд дурдагдаагүй байх тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзжээ.

Шүүх ямар нотлох баримтуудыг үндэслэн дээрх дүгнэлтэд хүрэх болсон нь тодорхойгүй ба энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байх ба шүүх дээрх эргэлзээтэй байдлыг тодруулах үүднээс холбогдох нотлох баримтуудыг хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1.т зааснаар “...шүүхийн шатанд дахин шинжилгээ хийлгэх...” боломжтой тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 704 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл яллагдагч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах аслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.АМАРЖАРГАЛ

           ШҮҮГЧИД                                                     З.ТӨМӨРХҮҮ

                                                                                            Б.МАНЛАЙБААТАР