| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2023/02752/И |
| Дугаар | 184/ШШ2023/01933 |
| Огноо | 2023-05-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2023/01933
| 2023 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 184/ШШ2023/01933 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс
Гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүрэг, *дугаар хороо, * гудамж * тоотод оршин суух, *-д холбогдох архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийг төлөөлж цагдаагийн дэд ахлагч*, гуравдагч этгээд *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч * нар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн *дугаар хороо * тоотод оршин суух * нь архинд донтох эмгэгтэй нь тогтоогдсон тул Согтуурах, мансуурах донтой хүнийг Захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3,4,5,8 дугаар зүйлийг үндэслэн тухайн хүнийг албадан эмчилгээнд хамруулж өгнө үү.
Миний бие СХД-ийн *дугаар хорооны нутаг дэвсгэрийн хариуцан ажилладаг. * нь тус хорооны нутаг дэвсгэр Саппоро орчимд бусадтай нийлж архи ууж, хамгийн сүүлд 7-9 хоног тасралтгүй архи уусан. Улмаар гудамж талбай, автобусны буудал, цэцэрлэгийн сад, байрны орцонд тасарч унаад, гадуур хоноглож байна. Сүүлийн 2 хоног миний бие өөрийн хамгаалалтанд байлгаж эрүүлжүүлэн, эмнэлгийн байгууллагаар үзлэг шинжилгээнд хамруулж гайгүй болгож авч байна. * тус хорооны 2-р байранд өрөө түрээслэн амьдарч байгаад түрээсийн байрнаасаа гарсан, тодорхой амьдрах орон гэр байхгүй байгаа. Ар гэр нь Хөсгөл аймагт байдаг. Тийшээ зардлыг нь хувиасаа өгөөд унаанд суулгаад явуулж болох ч энэ хүн тийшээ явахгүй, эргээд л Саппоро хавийн архичидтай нийлээд архи ууж өөрийгөө эрсдэлд оруулах магадлалтай нөхцөлд байгаа. Өмнө нь би олон дахин сануулж, гэр лүүгээ эхнэр хүүхэд, ээж дээрээ оч, ажил хий гэж хэлж сануулж байсан ч сайн дураараа архинаас гарч, эмчилгээнд хамрагдахгүй байна. Ар гэртээ нь холбоо барихаар залгасан боловч Улаанбаатар хотод байдаг ах дүү нь намайг цагдаагаас ярьж байна, *ын асуудлаар... гэж хэлэхэд л утсаа таслаад дахиад авахаа больчихсон. Хөвсгөлд ээж нь амьдардаг хүүгээ архи уудаггүй л болгож авмаар байна гэсэн. Архи уухаа болихгүй бол нутагтаа очоод ч л ар гэртээ агсам тавьж хүчирхийлэл үйлдэх магадлалтай. Үүнээс өмнө олон удаа эрүүлжүүлэгдэж байсан. Хамгийн сүүлд саяхан эрүүлжүүлэхэд очсон боловч даралт ихтэй гээд аваагүй явуулсан эргээд архи уусан байдалтай байгаад байна. Одоо энэ удаад л эмчилгээнд хамруулахгүй бол дахиад л бүүр үүнээс дордож гэмт хэрэгт ч холбогдох магадлалтай эрсдэлтэй нөхцөлд байгаад байна. Учир нь Саппоро орчимд архичид ихтэй, урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан, ял шийтгүүлж байсан хүмүүс ихээхэн байдаг, бид *ыг мөн тэдгээр хүмүүстэй уулзуулахгүй байх боломжийг бас хайж байгаа юм. * нь бага насны хүүхэдтэй. Ээж, хүүхэд 2 нь хамт одоо *ын төрсөн эмэгтэй дүүтэй нь амьдарч байгаа гэсэн. Ээжийгээ асарч байсан зүйл байхгүй. Энэ хүн мөнгө олоод ээж, хүүхэддээ явуулья, замын зардал олоод явья гэвэл бүрэн боломж байсан. Хэдхэн алхамын цаана вагон дээрээс цемент буулгах ажил хийхэд л өдрийн 60,000 төгрөг олчих боломжтой байдаг. Залуу, ажил эрхлэх бүрэн боломжтой байхад хийхгүй архи уугаад байгаа учир нэхэмжлэлээ дэмжиж байна. Хүүхэд болон өөрийнх нь ирээдүйг бодоод архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд * нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хөдөө орон нутаг руу ажлаар явдаг. Сая 5 дугаар сарын 03-ны өдөр ажлаасаа ирээд, архи уугаад хүнд зодуулаад бүх бичиг баримт, мөнгө төгрөгөө алдчисан. Тэгээд харих мөнгөгүй болоод архи уусан. Түрээслэж байсан байрнаасаа аль эрт гарчихсан. Саппоро орчим сүүлийн 7 хоног архи уусан нь үнэн ч саатуулагдахдаа эрүүл байсан. Албадан эмчилгээг хүлээн зөвшөөрч байгаа ч ээж маань эрүүл мэндийн байдал муу, хэвтэрт байгаа, охинтой минь хамт амьдарч байгаа учир би мөнгө олж тэд нартаа өгөх хэрэгтэй байна. Ажил хийж мөнгө олох боломж олгож түр хойшлуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар авагдсан нотлох баримт болон тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс нь гуравдагч этгээд *ын архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
* нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Саппоро орчимд гудамж талбайд бусадтай архидан согтуурч, орцонд хоноглон, өөрийгөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа болох нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 3 дугаар хэсгийн ахлагч * тайлбар, түүнийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн хэсгийн байцаагч *ын асууж авсан тэмдэглэл, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн хүсэлт, захиргааны зөрчлийн тухай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс *ыг ажил хийж олсон мөнгөөрөө архи уудаг, байнга архидан согтуурч өөртөө болон гэр бүлийн гишүүддээ аюул учруулах эрсдэлтэй байдалд байгаа, удаа дараа хэлж сануулахад өөрөө сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тул албадан эмчилгээнд хамруулахаар хүсэлтийн үндэслэлээ тайлбардаг бөгөөд * нь дээрх нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн баримтыг үгүйсгээгүй бөгөөд хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
Цагдаагийн байгууллагаас *ыг албадан эмчилгээнд хамруулах тухай Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч * нарын бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авч түүнийг согтууруулах, мансуурах донтой болохыг тогтоолгон дүгнэлт гаргуулахаар харьяа Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд хандан үзлэг шинжилгээ хийлгэсэн байх бөгөөд * нь Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтээр нь Архинд донтох эмгэг оноштойгоор архины албадан эмчилгээнд явуулах шаардлагатай, харшлах өвчин байхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Иймд Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар *ыг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т зааснаар *-г архины албадан эмчилгээнд хамруулсугай.
2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар *ыг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
3.Албадан эмчилгээний хугацааг гуравдагч этгээд *ыг албадан эмчлэх байгууллагад хүлээн авсан өдрөөс эхлэн тооцох бөгөөд албадан эмчлэх нийт хугацааг Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан журмаар тогтоохыг тайлбарласугай.
4.Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
5.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар *ыг албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэрийг түүний гэр бүлийн гишүүнд мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН