Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00211

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00211

 

 

 

 

***** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/03071 дугаартай шийдвэртэй,

Нэхэмжлэгч ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ***** ХХК, С.Г, Г.Э, Б.Х, Б.У, М.М нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 139,790,977 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бямбасүрэн, хариуцагч ББ.Х, С.У, М.М хариуцагч **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар, нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ***** ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: *****ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ1105116360 тоот зээлийн гэрээг *****тай байгуулж 359,400,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэйгээр (хувьсах хүүтэй), 60 сарын хугацаатайгаар зээлж авсан.

**** ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн хүүг жилийн 25.2 хувь (хөнгөлөлттэй жилийн хүү 8 хувь) болгож өөрчилсөн. Гэвч **** ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 96,793,849.74 төгрөг, үндсэн хүүд 38,298,718 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,698,409 төгрөг, нийт 138,790,977 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд **** ХХК-иас ЗГ1105116360 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 138,790,977 төгрөг гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож С.Г Г.Ишханд, М.Марал, Б.Х, Б.У Г.Э Д.М нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Д.Мө өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн.

Зээлийн үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ********өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ***********2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ****************3 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, ************ 1 өрөө орон сууцнуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.Хатанбаатар, Б.Ууганбаяр, М.Марал, Г.Э С.Г Г.Иарын өмгөөлөгч Ч.Болдбаатарын тайлбарын агуулга: Гэрээний дагуу хариуцагч нар үүрэг хүлээж байгаа нь ойлгомжтой боловч үндсэн гэрээний талаар тодорхойгүй нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Иймээс уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Б.Хатанбаатар, Б.Ууганбаяр, М.Марал, Г.Э С.Г Г.Иар нь нэхэмжлэлийн шаардлагад тайлбар гаргаагүй болно.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч **** ХХК-аас 138,790,977.16 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***** ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **** ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, гурван өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо,  Баянгол дүүргийн 3 дугаар хороо,  гурван өрөө орон сууц, эрхийн улсын  дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо,нэг өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Б.У холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 922,104 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** ХХК-аас 851,904 төгрөгийг, С.Г Г., М., Б.Х Г.Э араас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***** ХХК-д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч М.М давж заалдах гомдлын агуулга: Тус хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцсэн. Анхан шатны шүүхээс миний эрх үүргийг ойлгомжтой тайлбарлаж өгөөгүй бөгөөд шүүгчийн туслах хэд хэдэн хуудас бүхий зүйл дээр гарын үсэг зур л гэж байсан бөгөөд би өмгөөлөгчтэй хамтдаа шүүх хуралд оролцох, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломжийг хангалгүй шүүх хуралдааныг явуулсан.

Түүнчлэн өмгөөлөгч шүүх хуралдаанд орох гээд Зүүм /Zoom/ хүлээж байхад хүлээж авалгүй хурлыг явуулсан. Өөрөөр хэлбэл би өмгөөлөгчийн хамт оролцож, өөрт холбоотой нотлох баримт гаргаж өгөх хүсэлтэй байсан. Миний эрх ашгийг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч Б.Х давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхээс надад хурлын тов мэдэгдээгүй бөгөөд миний шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломж олгоогүй. Иймээс хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тул анхан шүүхийн шийдвэр хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагч **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатарын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч миний зүгээс шүүх хуралд онлайнаар оролцох тухай хүсэлтээ шүүгчийн туслах Б.Б мэдэгдэн хуралд оролцохоор болсон. Уг хурал товлосон цагтаа эхлээгүй бөгөөд өмнөх хурал тараагүй тул хүлээж бай танд нарийн бичиг код явуулна гэж хэлэн бэлэн байж байхыг надад мэдэгдсэн. Ингээд миний зүгээс зүүм /zoom/-ийн код хүлээж байхад гүүглэ.мийт (google.meet)-ийн код ирүүлсэн учир нарийн бичгээс яагаад дан код юм бэ гэж лавлахад хариу ирүүлээгүй учир тэр дор нь гүүглэ.мийт /google.meet/-ийг татаж суулгаад хүсэлтээ явуулсан боловч дуудлага очсон хирнээ хүлээж авахгүй дуудуулаад байсан учир туслах Б.Баатархүүтэй холбогдоход хурал эхэлчихсэн гэж байсан.

Мөн хурал эхлэхээс өмнө Б. нэхэмжлэгч тал ирсэн эсэхийг тодруулахад ирээгүй гэсэн учир нэхэмжлэлийг буцаах үндэслэл гарч байгааг хэлэхэд, хуралд ирсэн оролцсон гэж ойлгомжгүй тайлбарласан. Миний зүгээс шүүхийн нарийн бичигтэй холбогдоод яагаад дуудлага хүлээж аваагүй хуралдсан талаар тодруулахад шүүгч хүсэлтээ бичгээр гаргаагүй учраас хурал хийсэн гэж тайлбарласан.

Шүүхийн зүгээс хурлаа товлосон цагтаа эхлээгүй хүлээлгэж байгаад хүсэлт бичгээр гаргаагүй гэсэн шалтгаан зааж хэргийн оролцогч миний шүүх хуралд оролцох, мэтгэлцэх зарчим, шүүхэд мэдүүлэх эрх, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж, нэг талыг баримтлан шүүх хурал явуулсанд гомдолтой байна.

Мөн шүүхээс бусад хэргийн оролцогч, зохигч нарт шүүх хурлын тов мэдэгдээгүй, шүүхэд нотлох баримт гаргаж өгөх, хүсэлт гаргах эрхийг хэрэгжүүлээгүй. Мөн шүүхийн өмнө эрх тэгш байх мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгч ***** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нарын гомдлыг зөвшөөрөхгүй. Учир шүүх хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр товлогдсон боловч хариуцагч нарын өмгөөлөгчийн зүгээс орон нутагт ажилтай гэх үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргасныг хангаж, мөн сарын 23-ны өдрийн 15 цаг 20 минутад товлон зарласан. Шүүх хариуцагчийн өмгөөлөгчид хурлын тов мэдэгдсэн байна. Мөн хариуцагч тал нь шүүх хуралд оролцох, нэмэлт материал өгөх, хариу тайлбар гаргах эрхээ эдлэх хангалттай хугацаа байсан. Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр байсан бөгөөд хариуцагч тал ирээгүй байсан болно. Шүүх хуралдаан цагтаа эхлээгүй ч хуралдаан эхлээд хариуцагч талыг 20 гаруй минут хүлээсэн боловч Зүүм /Zoom/-ээр холбогдоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэжээ.

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч ***** ХХК нь хариуцагч **** ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 138,790,977 төгрөг гаргуулах, хариуцагч С.Г Г.И, М.М, Б.Хр, Б.У, Г.Э нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар үндсэн гэрээний талаар яах нь тодорхойгүй нэхэмжлэл тул хүлээн авахаас татгалзах ёстой гэх үндэслэл заан нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

3.Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангасан гэж үзэн, иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь дээрх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

4.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 138,790,977 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

**** ХХК, ***** ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ1105116360 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ***** ХХК нь 359,400,000 төгрөгийг жилийн 7 хувийн хувьсах хүүтэй, 60 сарын хугацаагаар зээлдүүлэх, зээлдэгч **** ХХК гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт буцааж төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх10-13/ Энэ гэрээнд талууд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хүүг жилийн 25.2 хувийн хүүтэй болгосон үйл баримт хэргийн 33-35 дах талд авагдсан бичгийн баримтуудаар нотлогджээ.

Нэхэмжлэгч ***** ХХК нь хариуцагч **** ХХК-ийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй гэх үндэслэлээр зээлийн гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл буюу үндсэн зээл 96,793,850 төгрөг, хүү 38,298,718 төгрөг, гэрээний 2.7-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү 3,698,409 төгрөг, нийт 138,790,977 төгрөгийг тус компаниас гаргуулахаар нэхэмжилсэн байна. /хх-1-3/

Хариуцагч **** ХХК-ийн төлөөлөгч Б.Х нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гардуулж, мөн сарын 20-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлан нэхэмжлэл гардуулсан баримтад гарын үсэг зуруулжээ. /хх-43/

Хариуцагч **** ХХК шүүхээс тогтоосон хугацаанд зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй холбоотой тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул тус компанийг уг нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасанд харшлахгүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан эрх зүйн харилцааг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөв тодорхойлж, хариуцагч **** ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 138,790,977 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн заасанд нийцсэн байна.

5.Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч ***** ХХК нь хариуцагч Б.Х, М.М, Г.Э С.Г Г.И, Б.У нарт холбогдуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийг гардаж аваад шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй учир тэдгээрийг дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцээгүй буюу маргаагүй гэж үзэх нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасантай мөн нийцнэ. /хх-43-44, 48-50, 59, 64/

Хэрэгт авагдсан 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн БГ1105116360 дугаартай, мөн өдрийн БГ1105116360А дугаартай, БГ1105116360Б дугаар бүхий, БГ1105116360Г дугаартай Ипотекийн гэрээнүүдийг тус тус үндэслэн нэхэмжлэгч ***** ХХК, хариуцагч Б.Х, М.М, Г.Э С.Г Г.Иарын хооронд барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна. /хх-14-26, 29-32/

Мөн шаардах эрхийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч **** ХХК зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б.Х, М.М, Г.Э С.Г Г.Иарын өмчлөлийн барьцаа хөрөнгүүдээр хангуулж, хариуцагч Г.Ууганбаярт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөв хэрэглэжээ.

6.Хариуцагч М.л, Б.Х хариуцагч **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг анхан шатны шүүх зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч Б.М, Б.Х нарт тэдгээрийн нэхэмжлэл гаргахдаа шүүхэд өгсөн оршин суугаа газрын хаягаар шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тухайн хаягтаа оршин байгаагүй, мөн хариуцагч нарын шүүхэд тэмдэглүүлсэн гар утасны дугаараар 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн болох нь хэргийн 44, 59, 75, 80-81 дэх талд авагдсан баримтуудаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасан шүүх хуралдааны тов мэдэгдэх үүргээ анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.8 дах хэсэгт тус тус зааснаар зохигч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй, хариуцагч тал энэ үүргээ биелүүлээгүйд анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг шүүх зөрчсөн гэх давж заалдах гомдлын үндэслэлээ ... хуралдаанд онлайнаар оролцох хүсэлтээ шүүгчийн туслахад хэлсэн..., ... зүүм код хүлээгээд байж байсан ... , ... энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй, шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй байсан ... гэж тайлбарлаж байна.

Хэргийн 90 дэх талд авагдсан баримтад 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 12 цаг 23 минут Ч.Болдбаатар, шүүх хурлын тэмдэглэл гараагүй гэсэн учир танилцаж чадсангүй гэх тэмдэглэл бичигдсэн байна. Тус иргэний хэрэг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөр огноолсон албан бичгээр давж заалдах шатны шүүхэд ирсэн байх тул уг өдрөөр шүүх хуралдааны тэмдэглэлийг гарсанд тооцно. Энэ хугацаанаас хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дах хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нь шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, өөрчлөлт оруулах эрх нь нээлттэй байсан, энэ талаар хүсэлт гаргасан баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн, мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэх үндэслэлээр гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/03071 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Ч.ЦЭНД