| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0078/Э |
| Дугаар | 89 |
| Огноо | 2018-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгч Д.Шүрэн-Эрдэнийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр,
шүүгдэгч Б.Батхуягийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,
хохирогч Д.Шүрэн-Эрдэнэ,
шүүгдэгч Д.Шүрэн-Эрдэнэ, Б.Батхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Харчин овогт Дугарсүрэнгийн Шүрэн-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1, Салдангууд овогт Батнацагийн Батхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807000510021 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, Багахангай дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 6-29 тоотод оршин суух, регистрийн НЦ91070401, Харчин овогт Дугарсүрэнгийн Шүрэн-Эрдэнэ.
2. Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Увс аймаг Малчин суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс баяд, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 6-29 тоотод оршин суух, регистрийн ОЖ89121211, Салдангууд овогт Батнацагийн Батхуяг.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.Батхуяг нь Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 6 дугаар байрны 29 тоотод 2018 оны 1 дүгээр сарын 17-ны 21 цагийн үед өөрийн эхнэр Д.Шүрэн-Эрдэнэтэй маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч Д.Шүрэн-Эрдэнэ нь өөрийн нөхөр болох Б.Батхуягт зодуулж бие махбодийн хүчирхийлэлд өртсөн гэх 1807000510021 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдож 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр, 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мэдүүлэг авах өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гарган мэдүүлэг өгөхдөө “Батхуяг намайг зодоогүй би хашраах гэж худлаа мэдүүлэг өгсөн ...миний биед учирсан хөнгөн гэмтлийг би өөрөө учруулсан ...машины хаалга мөргөсөн юм” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Батхуяг нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны орой Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 6 дугаар байрны 29 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Шүрэн-Эрдэнийг угаасан куртик бариад өгөөч гэхэд нь дургүйцэн уурлаж түүний нүүрэн тус газар буюу хацар руу /таших/ цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хүүхдийнхээ барьж явсан хоолны савхыг булааж авсан,
шүүгдэгч Д.Шүрэн-Эрдэнэ нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны орой орой Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 6 дугаар байрны 29 тоотод оршин суух гэртээ нөхөр Б.Батхуягийг угаасан куртик бариулах гэж түүнтэй маргалдан нүүрэндээ /хацар/ цохиулан энэ талаар 2230 орчим Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл гарган ах Пүрэврагчаа, эгч Шүрээ нарт мэдэгдсэн атлаа 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр, 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гарган мэдүүлэг өгөхдөө дээрх үйл явдал болоогүй хашраах гэж худлаа мэдүүлэг өгсөн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Шүрэн-Эрдэний өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн орчим би куртик угаагаад нөхөртөө хандаж “куртик бариад өгөөч” гэж гуйхад нөхөр дургүйцэж уурласан. Би нөхөртөө мөчөөрхөж хэрүүл өдсөн. Тэр үед манай хүү Гарьд хоёр ширхэг савх барьсан байхаар нь манай нөхөр савхыг булааж авахад Гарьд уйлсан. Би нөхөртөө “яагаад хүүхдэд уураа гаргаад байгаа юм бэ” гэж хэлэхэд нөхөр уурлаад миний хацарт хүрсэн. Намайг газарт суухад миний угааж байсан хувцасны усыг над дээр асгасан. Би гэрээс уурлаж гараад машиндаа суухдаа хаалганы дээд талд толгойгоо цохисон. Би өөрийн зөв болгохын тулд эгч рүүгээ залгаж “Хуягаа намайг зодоод, миний дээрээс дэвссэн” гэж худлаа хэлсэн” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батхуягийн өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 17-ны орой эхнэр ажлаасаа ирээд цайгаа уусны дараа хувцас угаах асуудлаас болж жижиг маргаан болсон. Үүнээс хэрүүл даамжирч, машин барих, барихгүй талаар маргалдсан. Би эхнэрээ гарын үзүүрээр ташсан. Манай нутгийнхан аялгаар хурууны үзүүрээр зөөлхөн цохихыг таших гэж хэлдэг юм. Эхнэр лүүгээ ус цацсан. Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд хянагдаж байхад би өмгөөлөгчийн туслалцаа аваагүй байсан тул шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах боломжтой гэдгийг мэдээгүй байсан. Хэрвээ мэдэж байсан бол шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах байсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч Д.Шүрэн-Эрдэний өгсөн: “Би худал мэдүүлэг өгсөндөө маш их гэмшиж байна. Дахиж худал мэдүүлэг өгөхгүй, худал мэдүүлэг өгвөл ямар хариуцлагатай гэдгийг маш сайн ойлгосон” гэх мэдүүлэг болон улсын яллагч, өмгөөлөгч нарын судалсан:
Мөрдөн байцаалтад гэрч Д.Пүрэв-Рагчаагийн өгсөн: “2018.01.17-ны орой гэртээ байх байхад 21-н цагийн миний төрсөн дүү Шүрээ гар утсаар залгаад Шүрэн-Эрдэнийг нөхөр нь зодлоо зайл гэж хөөсөн хүүхэдтэйгээ гадаа байна гэнэ гэж хэлсэн. ” гэх мэдүүлэг,
/хх-ийн 32 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Д.Шүрээгийн өгсөн: “2018.01.17-ны орой гэртээ байж байхад 21-н цагийн миний төрсөн Шүрэн-Эрдэнэ гар утсаар залгаад манай нөхөр намайг зодлоо зайл гэж хөөсөн би хүүхэдтэйгээ гадаа байна одоо яах уу гэж залгасан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 34, 81 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Л.Тогмидын өгсөн: “Д.Шүрэн-Эрдэний гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээг Хөдөлмөр хамгааллын сайд, Хууль зүйн, Дотоод хэргийн сайдын тушаалын дагуу батлагдсан маягтын дагуу асуумж асууж хариулт авах замаар хийсэн үнэлгээний хариу эрсдэл өндөр гарсан. Тухайн үед Д.Шүрэн-Эрдэнэ айж сандарсан байдалтай. Асуусан асуултанд эрүүл саруул үнэнгээсээ хариулж байсан. Ямар нэгэн худлаа хэлж байгаа шинж ажиглагдаагүй. Тухайн үед төрсөн ах гээд Д.Пүрэврагчаа гэх залуу хамт явж байсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 103 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08 шэ/78 дугаар:
“1.Д.Шүрэн-Эрдэнэ-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” Гэх дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/ мөрдөн байцаалтад хохирогч, яллагдагчаар өгсөн Д.Шүрэн-Эрдэнэ, яллагдагчаар өгсөн Б.Батхуяг нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Энэхүү шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэн судалсан үйл баримтуудыг судалж дүгнэхэд шүүгдэгч Б.Батхуяг нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны орой Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 6 дугаар байрны 29 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Шүрэн-Эрдэнийг 22 цагийн орчим угаасан куртик бариадах гэхэд нь дургүйцэн хүүхдийнхээ барьж явсан савхыг булааж уурлан Шүрэн-Эрдэний нүүрэн тус газар /таших/ цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг,
Шүүгдэгч Д.Шүрэн-Эрдэнэ нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны орой Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 6 дугаар байрны 29 тоотод оршин суух гэртээ нөхөр Б.Батхуягийг угаасан куртик бариадах гэж түүнтэй маргалдан нүүрэн тус газраа цохиулан гэр бүлийн хүчирхийллийн улмаас биедээ тархины доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн талаар 22 цаг 30 минутын орчим Цагдаагийн байгууллагад гомдол гарган, мөн оны 01 дүгээр сарын 18-ны хохирогчоор тогтоон хохирогчийн эрх үүргийн танилцуулан мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтсийн мэдүүлэг авах өрөөнд 03 дугаар сарын 11, 17-ны өдрүүдэд Батхуяг намайг зодоогүй, миний биед учирсан хөнгөн хохирол нь машины хаалга мөргөхөд учирсан гэж зориуд худал мэдүүлэг өгч шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай байна.
Энэ талаар Д.Шүрэн-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1, Б.Батхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байх тул Д.Шүрэн-Эрдэнэ, Б.Батхуяг нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Шүрэн-Эрдэнэ, Б.Батхуяг нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин Д.Шүрэн-Эрдэний миний биед учирсан гэмтэл нь машины хаалга мөргөснөөс болсон гэж мэдүүлж байгаа нь гэрч Д.Шүрээ, Д.Пүрэврагчаа нарын мэдүүлэг болон цагдаагийн хэлтсийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр няцаагдаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчин овогт Дугарсүрэнгийн Шүрэн-Эрдэнийг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,
шүүгдэгч Салдангууд овогт Батнацагийн Батхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Шүрэн-Эрдэнэд төрийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ сар хасаж, 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Батхуягт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Шүрэн-Эрдэнэ, Б.Батхуяг нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 5 /тав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Шүрэн-Эрдэнэ, Б.Батхуяг нарт мэдэгдсүгэй.
5. Д.Шүрэн-Эрдэнэ, Б.Батхуяг нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Д.Шүрэн-Эрдэнэ, Б.Батхуяг нарт оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Шүрэн-Эрдэнэ, Б.Батхуяг нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ