| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2025/0517/З |
| Дугаар | 128/ШШ2026/0295 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2026/0295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль ХХК /РД:6832989/
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Маргааны төрөл: Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэнтэй холбоотой маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Бауиржан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, Б.Ууганжаргал /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Бауиржанаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/432 дугаартай Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургуулийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж эцсийн байдлаар өөрчилж тодорхойлсон.
Нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль ХХК нь анх Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/432 дугаартай Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургуулийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.
2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1134 дүгээр захирамжаар ахлах сургуулийн бүтэцтэй, 2022 оны А/1396 дугаартай захирамжаар Бага, дунд, ахлах гэсэн бүтэцтэйгээр Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, 3-р хэсэг, ХААИС 3/3 тоот Чандмань төвийн 1, 2 дугаар давхрын хаягийн байршилд Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль ХХК-нд 0004036 дугаартай сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон.
2.1. Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль ХХК нь өөрийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл дэх албан ёсны хаягаа өөрчлөн иргэн Т.Баясгалангийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцатын ам /17100/, 1228 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг ба тухайн хаягийн өөрчлөлтийг хийлгэхээр нэхэмжлэгчээс Нийслэлийн Боловсролын газарт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/209 дугаар албан бичгээр хүсэлт гаргасан боловч баримт бичгийн бүрдлүүд дутуу, шаардлага хангахгүй баримт өгсөн гэж үзэн байгууллагын ирсэн бичгийн бүртгэлд бүргэгдээгүй.
2.2. Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын Смарт сургуулийг сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд хаяг, хүчин чадлын өөрчлөлт хийлгэх шаардлагатай талаар захирал С.Уянгад 2024 оны 04 дүгээр сард сургууль дээр нь очиж танилцахад, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2/925 дугаар албан бичгээр, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2/1260 дугаар албан бичгээр дахин хугацаатай мэдэгдэл хүргүүлсний дагуу Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/240 дугаар албан бичгээр холбогдох баримтуудын хамт Нийслэлийн Боловсролын газарт ирүүлжээ.
2.3. Иргэн Т.Баясгалан, түүний өмгөөлөгч А.Базар нараас гаргасан гомдлыг үндэслэн Нийслэлийн Боловсролын газрын Салбарын хяналтын хэлтсийн даргын баталсан 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 13-00/63 дугаар удирдамжийн дагуу улсын байцаагч Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургуульд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж 2024 оны 08 дугаар 14-ний өдрийн 03-13-00-023/105 дугаар албан шаардлагыг хүргүүлсэн.
2.4. Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль нь дээрх албан шаардлагыг биелүүлээгүй учир Салбарын хяналтын хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 11-нд “Арга хэмжээ тооцуулах санал хүргүүлэх тухай” дотоод албан бичгийг ирүүлснээр Нийслэлийн Боловсролын газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/81 дугаар тушаалаар Боловсролын сургалтын байгууллагын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, байгууллагын хүчин чадалд өөрчлөлт оруулахтай холбоотой магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий байнгын ажлын хэсэг батлагдаж, Нийслэлийн Боловсролын газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” дүгнэлтийг гаргасан.
Нийслэлийн Боловсролын газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Ерөнхий боловсролын Смарт сургуулийн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлэх тухай” А/432 дугаар маргаан бүхий захирамжийг гаргасан.
2.5. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/432 дугаар захирамжийг Нийслэлийн Боловсролын газраас 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 02/416 дугаар албан бичгээр Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургуульд хүргүүлж мэдэгджээ.
2.6. Нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийслэлийн Засаг даргад хандахад 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 03/3814 дугаар албан бичгээр холбогдох тайлбар, мэдээллийг хүргүүлжээ.
2.7. Нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Ерөнхий боловсролын Смарт сургуулийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” захирамжийг эс зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд анх нэхэмжлэл гаргасан байна.
3. “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1134 дүгээр захирамжаар ахлах сургуулийн бүтэцтэй, 2022 оны А/1396 дугаартай захирамжаар Бага, дунд, ахлах гэсэн бүтэцтэйгээр Хан-уул дүүрэг, 22 дугаар хороо, 3 дугаар хэсэг ХААИС 3/3 тоот Чандмань төвийн 1, 2 дугаар давхар хаяг байршилд 0004036 дугаартай сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг авсан.
Байгуулагдсан цагаасаа хойш 800 гаруй сурагч, 78 багш, ажилчидтай болсон тул өөрийн байртай болох зорилгоор 2023 онд иргэн Т.Баясгалантай харилцан тохиролцож, түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүд болох Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо Арцатын ам /17100/, 1228/2 тоот хаягт байршилтай 4,511.87 м.кв талбайтай сургууль цэцэрлэгийн цогцолборын зориулалт бүхий барилга, мөн 1228/1 тоот хаягт байршилтай 1,662.97 м.кв талбайтай Сургууль цэцэрлэгийн цогцолборын зориулалттай барилга, 8,000 м.кв газар, дэд бүтцийн хамт худалдан авахаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулж, гэрээгээр тохиролцсон урьдчилгаа төлбөрийг төлсөн болно.
3.1. Улмаар худалдах худалдан авах гэрээгээр тохиролцсон үлдэгдэл төлбөрийг төлөх зорилгоор нэр бүхий банкнуудад зээлийн хүсэлтийг холбогдох баримтуудын хамт хүргүүлэх үед Т.Баясгалан нь худалдан авагч талд мэдэгдэлгүйгээр худалдахаар тохиролцсон дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 2024 оны 03 дугаар сард иргэн н.Лхамсүрэн гэгчид бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байсан ба үүнээс үүдэн талуудын хооронд маргаан үүсэж, одоо уг маргаан нь Хан-Уул, Баянгол, Сонгино-Хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх болон Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст тус тус шалгагдаж, хянан шийдвэрлэгдэж байна.
3.2. Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам /17100/, 1228/2 хаяг дээр бүртгэл хийлгэх тухай хүсэлтийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд Нийслэлийн боловсролын газарт хүргүүлж байсан боловч хаягийн бүртгэл хийхэд шаардлагатай зарим нэг баримт дутуу үндэслэлээр бүртгэх боломжгүй гэсэн хариуг өгсөн бөгөөд тухайн дутуу гэх баримтуудыг барилгын өмчлөгч Т.Баясгалан гаргаж өгөхгүй, барилгыг өөр этгээдэд давхар худалдсан зэрэг асуудлаас болж талуудын хооронд маргаан үүсэж цагдаа, шүүхийн байгууллагад хянагдаж байгаа болно.
3.3. Энэ хугацаанд Нийслэлийн боловсролын газрын хяналтын улсын байцаагч Б.Болороос 2024 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 03-13-00-023/105 дугаартай албан шаардлага ирүүлснийг бид 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад холбогдох тайлбар, хариуг зохих журмын дагуу хүргүүлж, албан бичигт дурдсан шаардлагыг биелүүлж, шаардлага ирүүлснээс хойш нэг ч хүүхэд нэмж элсүүлээгүй, харин “сургалт эрхлэх зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын өөрчлөлтийн бичилтийг шинэчилж, мөрдөж ажиллах" гэснийг биелүүлж ажиллах нь зөвхөн манай сургуулиас шалтгаалахгүй болохыг хариу бичигтээ тодорхой дурдаж, үүссэн нөхцөл байдал, шалтгааны талаар холбогдох тайлбарыг дэлгэрэнгүй байдлаар хүргүүлж байсан.
3.4.Тодруулбал, манай Смарт сургуулийн хувьд сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн шаардлага нөхцөлийг бүрэн хангаж ирсэн боловч биднээс шалтгаалахгүй үүссэн нэг нөхцөл байдал болох хаягийн шилжилт хөдөлгөөнийг зохих ёсоор бүртгүүлж чадахгүй байгаа нь иргэн Т.Баясгалан гэгчийн хууль бус үйлдэл, үйл ажиллагаатай шууд холбоотой бөгөөд талуудын хооронд үүссэн байрны асуудалтай холбоотой эрх зүйн маргааныг хэрхэн шийдвэрлэхээс хаягийн бүртгэлийг хийлгэх асуудал хамаарах болоод байгаа талаар Нийслэлийн боловсролын газарт удаа дараа мэдэгдэж, холбогдох баримтуудыг хүргүүлж байсан.
Бодит нөхцөл байдлыг тайлбарлаж, холбогдох баримтуудыг хүргүүлж байсны эцэст Нийслэлийн боловсролын газраас 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 6/1556 дугаартай албан бичгээр “... төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дүнг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаагаар хэлэлцэгдэж буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам /17100/, 1228/2 тоот хаягт байршилтай объектод холбогдох хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх хүртэл сургуулийн орчинд суралцагчид ээлтэй, аюулгүй, тайван орчныг бүрдүүлэн, суралцагчдын эрх ашгийг хохироохгүйгээр хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахыг үүрэг болгож байна" гэсэн үүрэг чиглэлийг өгч байсан.
3.5. Улмаар "тусгай зөвшөөрөлд заасан хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй" гэх үндэслэлээр "тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх", "зөрчлийн хэрэг нээж шалгуулах" болсон тухай удаа дараа мэдэгдэж ирсэн ба хамгийн сүүлд тус газраас Нийслэлийн Засаг даргад түдгэлзүүлэх тухай санал хүргүүлснээр Нийслэлийн Засаг даргаас 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/432 дугаар захирамжаар сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 3 сарын сарын хугацаатай түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан.
3.6. Нэхэмжлэгчээс дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/432 дугаартай Ерөнхий боловсролын Смарт сургуулийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай захирамжийн эрх зүйн үйлчлэл 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3- т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/432 дугаартай Ерөнхий боловсролын Смарт сургуулийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.
3.7. Тус захирамжид “Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны А/81 дүгээр тушаалаар байгуулагдсан Боловсролын сургалтын байгууллагын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад өөрчлөлт оруулах эсэх талаар магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн" гэх боловч бидний хувьд энэхүү ажлын хэсгийн дүгнэлт гэх ямар ч баримттай танилцаж байгаагүй, Нийслэлийн боловсролын газраас танилцуулж байгаагүй, мөн сонсох ажиллагаанд оролцоогүй болно.
3.8. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга, түүний тамгын газраас Нийслэлийн боловсролын газраас хүргүүлсэн ажлын хэсгийн дүгнэлт болон тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг авч хэлэлцэн шийдвэр гаргахдаа эрх ашиг нь шууд хөндөгдөж буй манай сургууль болон суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нараас холбогдох тайлбар, баримтыг гаргуулан аваагүй, сонсох ажиллагаа зохион байгуулаагүй, оролцуулалгүй дан ганц Нийслэлийн боловсролын газраас ирүүлсэн дүгнэлт гэх баримтын хүрээнд Смарт сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн хэрэг болсон.
3.9. Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1.1 дэх хэсэгт "зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон" бол түдгэлзүүлж болохоор заасан байдаг. Гэвч эрх бүхий ямар байгууллагын хэзээ гаргасан шийдвэрээр Нийслэлийн ерөнхий боловсролын Смартын сургуулийг "сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон" гэдгийг тогтоосон болохыг бид мэдэхгүй байна. Энэ талаарх ямар нэг шийдвэрийг олж үзээгүй, танилцаагүй, бидэнд танилцуулаагүй болно. Нийслэлийн боловсролын газраас хүргүүлсэн "Боловсролын сургалтын байгууллагын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад өөрчлөлт оруулах эсэх талаар магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт" гэх баримт бичиг нь манай сургуулийн тухайд сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон гэдгийг шууд тогтоож буй шийдвэр биш юм. Энэ асуудлаар бид дээд шатны байгууллага болох Монгол Улсын Ерөнхий Сайдын дэргэдэх Зөвшөөрлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий орон тооны бус Зөвлөлд хандсан боловч, манай гаргасан гомдлыг Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн байсан. Улмаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 3/3814 дугаартай албан бичгээр "албан бичгийн хүрээнд Нийслэлийн Боловсролын газраас холбогдох тайлбар, мэдээллийг гаргуулан хавсралтаар хүргүүлж байна" гэсэн хариуг 46 хуудас баримтын хамт ирүүлсэн.
3.10. Иймд дээр дурдсан нөхцөл байдал болоод холбогдох баримтыг судлан үзэж хууль зөрчих байдлаар манай сургуулийн болон суралцагч, тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарын эрх ашгийг хохироосон Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/432 дугаартай Ерөнхий боловсролын Смарт сургуулийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү.” гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон түүний үндэслэлдээ: “Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1134 дүгээр захирамжаар нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургуулийг "Ахлах" сургуулийн бүтэцтэйгээр, 2022 оны "Сургуулийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай” А/1396 дугаар захирамжаар нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургуулийн бүтцийг "Бага, дунд, ахлах"-аар бүтцэд өөрчлөлт оруулж, Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, 3 дугаар хэсэг ХААИС 3/3 тоот Чандмань төвийн 1, 2-р давхар хаяг байршилд 0004036 дугаартай сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон.
4.1. Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль нь 2023 оны 6 дугаар сард Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам /17100/, 1228 тоот хаягт байрлах сургуулийн барилгад нүүж очсон. Энэ барилгад 2 дахь хичээлийн жилдээ оршин байгаа газрын хаягийн өөрчлөлт хийлгэлгүйгээр сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа.
4.2. Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль нь 2023 оны 06 дугаар сард хаягт өөрчлөлт хийлгэх хүсэлтээ албан тоотоор Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн гэх боловч ирсэн бичиг нь албан бичгийн шаардлага хангахгүй буюу огноо, албан бичгийн дугаар байхгүй, сургалтын үйл ажиллагаа явуулах барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар байхгүй, уг барилгыг ямар хэлбэрээр эзэмших буюу түрээсийн болон худалдах, худалдан авах гэрээ байхгүй, барилгыг улсын комисс хүлээн авсан акт байхгүй зэрэг бичиг баримтын бүрдлүүд дутуу, шаардлага хангахгүй баримт өгсөн учир хүлээж аваагүй байна.
4.3. Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын Смарт сургуулийг сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд хаяг, хүчин чадлын өөрчлөлт хийлгэх шаардлагатай талаар захирал С.Уянгад 2024 оны 04 дүгээр сард амаар, 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн "Тайлбар ирүүлэх тухай" 2/925 дугаар албан бичгээр, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2/1260 дугаар албан бичгээр дахин хугацаатай мэдэгдэл хүргүүлж байсан.
4.4. Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/240 дүгээр "Хүсэлт илгээх нь" албан бичгээр "...сургуулийн хаягт өөрчлөлт хийх хүсэлтийг холбогдох материал болох Т.Баясгалангийн нэртэй сургуулийн барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулаагүй/, 2023 оны 08 дугаар сарын 10-нд иргэн Т.Баясгалантай хийсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах ХХАГ 23/08-01 дугаар гэрээ /улсын бүртгэлд бүртгүүлээгүй/-ний хуулбарын хамт ирүүлсэн. Энэ хүсэлт бүхий албан бичгийн хариу болгож Смарт сургуулийн үйл ажиллагаа хариуцсан Ш.Хэрлэнтунгалагт “сургуулийн барилгын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өмчлөгч өөрчлөгдсөн, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй, нотариатаар баталгаажаагүй зэрэг бичиг баримтын бүрдэл шаардлага хангахгүй" байгаа талаар мэдэгдсэн.
4.5. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.дэх заалт буюу "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэх заалтын дагуу дүгнэлт гаргахаасаа өмнө тус сургуульд 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 2/1986 дугаар албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад заасан хэлбэрээр буюу саналыг бичгээр хүлээн авахаар дурьдаж хүргүүлсэн.
Дээрх албан бичигт Смарт сургуулиас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/223 дугаар албан бичгээр 2024 оны 11 дүгээр сарын 18-нд хариу ирүүлсэн.
4.6. Нийслэлийн Боловсролын газраас 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/8 тоот албан бичгээр "... улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 03-13-00- 023/105 дугаар албан шаардлагыг биелүүлээгүй учраас Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын дагуу сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар эрх бүхий этгээдийн захиргааны шийдвэр гаргах тул суралцагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад заасны дагуу санал хүсэлт тайлбар авах" зорилгоор эцэг эхчүүдийн мэдээлэл ирүүлэх тухай хүргүүлсэн.
4.7. Дээрх албан бичигт хариу ирүүлээгүй учраас 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2/143 дугаар албан бичгээр "...сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргахтай холбогдуулан эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй тул нөхцөл байдлыг танилцуулах ажиллагааг дотооддоо зохион байгуулж, тайлбар, санал ирүүлэх"-ээр хүргүүлсэн. Үүнд 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн "Хариу тайлбар хүргүүлэх тухай" А/009 дугаартай албан бичиг"-ээр хариуг 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр ирүүлсэн.
4.8. Түүнчлэн Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль 2023-2024 оны хичээлийн жилд тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд заасан хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй, зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлээгүй учраас нийслэлийн Боловсролын газрын Салбарын хяналтын хэлтсийн Боловсролын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн "Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай" 03-13-00 023/105 дугаар албан шаардлага хүргүүлсэн байна.
4.9. Нийслэлийн Засаг даргын 2023 оны "Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" А/360 захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан "Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох талаар магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ажиллах журам"-ын 1.3 дахь хэсэгт заасны дагуу нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны А/81 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 12, 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд хуралдаж 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдөр дүгнэлтээ гаргасан.
4.10. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/432 дугаар захирамжийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгчээс тус шүүхэд анх Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/432 дугаартай Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургуулийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/432 дугаартай Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургуулийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилсөн.
2. Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч Т.Баясгалан болон Пийс империал скүүл ХХК нараас гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг тус тус гаргасныг шүүх хянан хэлэлцээд Гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзаж шийдвэрлэсэн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2025/7061 дугаар, 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2025/8693 дугаар захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 221/ШТ2025/1757 дугаар, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 221/ШТ2026/0134 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ “…эрх бүхий байгууллагын хэзээ гаргасан шийдвэрээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон гэдгийг тогтоосон болохыг бид мэдэхгүй байна. Энэ талаарх ямар нэгэн шийдвэрийг олж үзээгүй, танилцаагүй, бидэнд танилцуулаагүй болно. Нийслэлийн Боловсролын газраас хүргүүлсэн Боловсролын сургалтын байгууллагын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад өөрчлөлт оруулах эсэх талаар магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт гэх баримт бичиг нь манай сургуулийн тухайд сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон гэдгийг шууд тогтоож буй шийдвэр биш юм” гэж,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа … Нийслэлийн Засаг даргын 2023 оны Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай А/360 захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох талаар магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ажиллах журам-ын 1.3 дахь хэсэгт заасны дагуу нийслэлийн Боловсролын газрын даргын А/81 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 12, 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд хуралдаж гаргасан дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/432 дугаар захирамжийг гаргасан гэж дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:
Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль ХХК нь анх Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай А/1134 дугаар захирамж[1]-аар ахлах сургуулийн бүтэцтэйгээр, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/1396 дугаар Сургуулийн бүтцэд өөрчлөлт оруулах А/1396 дугаартай захирамж[2]-аар Бага, дунд, ахлах-аар бүтцэд өөрчлөлт оруулж, Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, 3 дугаар хэсэг, ХААИС 3/3 тоот Чандмань төвийн 1, 2-р давхар хаяг байршилд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 0004036 дугаар бүхий Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл-ийн гэрчилгээ[3]-г 2027 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатайгаар авсан үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.
4.1. Нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль ХХК-нд Нийслэлийн Боловсролын газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2/925 дугаар Тайлбар ирүүлэх[4] албан бичгээр ... сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд заасан хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй, зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлээгүй байдал, одоо үйл ажиллагаа явуулж буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам /17100/, 1228 хаягт бүртгэлтэй барилгад хичээл, сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх, хаягийн өөрчлөлт хийх тохиолдолд сургуулийн багш, ажилчид, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдын эрх ашгийг хэрхэн хангаж, хамгаалах тухай хариу тайлбар, мэдэгдлийг нотлох баримтын хамт 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг, мөн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2/1260 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг[5]-ээр ... 2024-2025 оны хичээлийн жилд дурдсан хаяг байршилд сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах тохиолдолд хүсэлт бүхий баримт бичгийн бүрдлийг хангуулан тус газарт 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор ирүүлэх, хаягийн өөрчлөлт хийлгэх хүсэлт болон баримт бичгийг заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд хуульд заасны дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах талаар мэдэгдлийг тус тус хүргүүлж байжээ.
4.2. Уг мэдэгдлийн хариуд Нийслэлийн ерөнхий Смарт дунд сургууль ХХК-аас 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/209 дугаар албан бичиг[6]-ээр сургуулийн хаягийн өөрчлөлт хийлгэхээр холбогдох баримтын хамт хүргүүлэхэд Нийслэлийн Боловсролын газар нь сургуулийн барилгын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өмчлөгч өөрчлөгдсөн, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй, гэрээг нотариатаар батлуулаагүй зэрэг бичиг баримтын бүрдэл хангаагүй үндэслэлээр хаягийн өөрчлөлтийн бүртгэлийг хийгээгүй байна.
4.3. Нийслэлийн Боловсролын газрын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 13-00/63 дугаар Хяналт шалгалтын удирдамж[7]-ийн дагуу тус газрын Боловсрол, шинжлэх ухааны хяналтын улсын байцаагч Б.Болор, Авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн П.Болорцэцэг нар нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургуульд Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хийж, 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 03-13-00-023/105 дугаар Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай Улсын байцаагчийн албан шаардлага[8]-ыг тус сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ш.Хэрлэнтунгалаг-д хүргүүлжээ.
4.4. Дээрх Улсын байцаагчийн албан шаардлага-ын ШААРДАХ нь: 1. Сургуулийг үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал нь албан тушаалынхаа бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомж, сургалт эрхлэх зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын /сургалт эрхлэх нутаг дэвсгэрийн хаягийн өөрчлөлт, хичээлийн байрны хүчин чадал, анги бүлгийн тоо, багшлах боловсон хүчний тоо/ өөрчлөлтүүдийн бичилтийг шинэчилж, мөрдөж ажиллах; 2. Эрх зүйн маргаантай Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам /17100/, 1228/2 тоот хаягт байршилтай объектод сургалтын үйл ажиллагаа эрхлэхээр элсэлт авч эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд хохирохоос урьдчилан сэргийлж, 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн элсэлтийг тодорхой хугацаанд авахгүй байх; Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан үүргийнхээ дагуу энэхүү шаардлагын гүйцэтгэлийг заалт тус бүрээр гаргаж, хариуг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дотор тус газрын Салбарын хяналтын хэлтэст албан бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн байна.
4.5. Нийслэлийн Боловсролын газраас 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 6/1556 дугаар Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг[9]-ээр ... тус газрын Салбарын хяналтын хэлтсийн даргын баталсан 2024 оны 13-00/63 дугаартай удирдамжаар хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дүнг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаагаар хэлэлцэгдэж буй “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам /17100/, 1228/2 тоот хаягт байршилтай объект-д холбогдох эрх зүйн маргаантай асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх хүртэл сургуулийн орчинд суралцагчид ээлтэй, аюулгүй, тайван орчныг бүрдүүлэн, суралцагчдын эрх ашгийг хохироохгүйгээр хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахыг үүрэг болгож, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2/1986 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг[10]-ээр нэхэмжлэгчийн сургалтын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх болсон тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь хэсэгт заасан бичгээр санал ирүүлэхийг мэдэгдсэний хариуд тус сургуулиас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/223 дугаар хариу албан бичиг[11]-ийг ирүүлжээ.
5. Улмаар Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/81 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаал[12]-аар Боловсролын сургалтын байгууллагын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, байгууллагын хүчин чадалд өөрчлөлт оруулахтай холбоотой магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг хавсралтаар байгуулж, ажлын хэсгийн үйл ажиллагааг холбогдох хууль, журмын хүрээнд удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хэрэгжилтийг тайлагнаж ажиллахыг Ажлын хэсэгт үүрэг болгожээ.
6. Тус ажлын хэсгийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай дүгнэлт[13]-д ...Илэрсэн зөрчил, дутагдал, Үүнд:
6.1. Улсын байцаагчийн тавьсан албан шаардлага буюу сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хичээлийн байрны хүчин чадал, анги бүлгийн тоо, багшлах боловсон хүчний тоо, өөрчлөлтийг /хаяг өөрчлөлт/ шинэчлээгүй. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1396 дугаар захирамжаар олгосон сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ дээрх хаяг буюу Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, 3 дугаар хэсэг ХААИС 3/3 тоот Чандмань төвийн 1, 2-р давхарт үйл ажиллагаа явуулаагүй, одоо үйл ажиллагаа явуулж байгаа хаяг байршил дахь барилга байгууламжийн хаяг, хүчин чадлын мэдээллийг сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд өөрчлөлт хийлгээгүй.
6.2. Улсын байцаагчийн тавьсан албан шаардлага буюу 2024-2025 оны хичээлийн жилд эрх зүйн маргаантай байгаа объектод сургалтын үйл ажиллагаа эрхлэхээр эцэг, эх, хүүхэд хохирохоос урьдчилан сэргийлж шинэ элсэлтийг тодорхой хугацаанд авахгүй байх гэж заасан байхад 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар esis системээс нийт сурагчдын мэдээллийг татахад 1 дүгээр ангид шинээр 39 суралцагч, 2-11 дүгээр ангид 70 сурагч, нийт 109 суралцагчийг шинэ суралцагчаар бүртгэж элсэлт авсан.
6.3. Смарт сургуулиас 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн мэдэгдлийн хариу тайлбарт тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхгүй байх үндэслэл тайлбар огт байхгүй, хариу тайлбартаа тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болох хаяг, хүчин чадлын өөрчлөлт хийх талаар авах арга хэмжээ хийгдээгүй байна гэж үзлээ.
6.4. Дүгнэлт: Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль нь улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 03-13-00-023/105 дугаар албан шаардлагыг биелүүлээгүй, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй байх тул Боловсролын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгийг үндэслэн Смарт сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд иргэн С.Уянгын үүсгэн байгуулсан нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх нь зүйтэй гэж дүгнэжээ.
7. Энэ талаар ажлын хэсгийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №01 Хурлын тэмдэглэл[14]-ийн ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: хэсэгт Нийслэлийн Ерөнхий боловсролын Смарт сургуульд сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг ажлын хэсгийн хурлаар хэлэлцэх болсон тухай мэдэгдлийг албан бичгээр хүргүүлж, мэдэгдэл хүлээн авсан он, сар, өдрийг тэмдэглэн, ажлын 10 өдрийн дотор тайлбар авахаар ажлын хэсгийн гишүүд 100%-ийн саналаар шийдвэрлэлээ гэж, 2024 оны 11 дүгээр сарын 25-ы өдрийн №2 дугаар тэмдэглэл[15]-ийн ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: хэсэгт О.Бадамсэрээжид: Гишүүдээс түдгэлзүүлэх талаар санал хураая. Бүх гишүүд буюу 100%-ийн саналаар Смарт сургуулийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх саналтай байна. Ц.Уянга: Засаг даргын захирамж гарахаас өмнө эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдэд сонсох ажиллагааг яаж хийх вэ?, О.Бадамсэрээжид: Энэ албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлээрээ сонсох ажиллагааг хийсэн гэж үзэж байгаа. Энэ хурлаас гарсан шийдвэр дүгнэлтээ бас Смарт сургуульд хүргүүлье гэж тус тус дурдсан байна.
8. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан Нийслэлийн Боловсролын газраас 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/2179 дугаар[16], 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2/217 дугаар Захирамжийн төсөл хүргүүлэх тухай албан бичиг[17]-ээр Нийслэлийн Засаг даргад хандан Боловсролын сургалтын байгууллагын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, байгууллагын хүчин чадалд өөрчлөлт оруулахтай холбоотой магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцэн түдгэлзүүлэх дүгнэлт гарсан талаар дурдаж Нийслэлийн Ерөнхий боловсролын Смарт сургууль ХХК-нд сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх захирамжийн төслийг хүргүүлсэн зэрэг үйл баримтууд тогтоогдов.
9. Нийслэлийн Боловсролын газраас Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургуульд 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/8 тоот албан бичиг[18]-ээр ... сурагчдын эцэг, эхийн мэдээлэл, тайлбар ирүүлэхийг дурдаж, мөн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2/143 дугаар албан бичиг[19]-ээр ... сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргахтай холбогдуулан эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй тул нөхцөл байдлыг танилцуулах ажиллагааг дотооддоо зохион байгуулж, тайлбар санал ирүүлэхийг тус тус мэдэгдсэний дагуу тус сургуулиас 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/009, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/011 дугаар Хариу тайлбар хүргүүлэх тухай[20], 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/805 дугаар Хамтран ажиллах тухай албан бичгийг тус тус хүргүүлсэн байх боловч Нийслэлийн Боловсролын газраас шаардсан холбогдох баримт бичиг болох сургалтын үйл ажиллагаа явуулах барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, уг барилгыг ямар хэлбэрээр эзэмших буюу түрээсийн болон худалдах, худалдан авах гэрээ, барилгыг улсын комисс хүлээн авсан акт зэргийг шаардлага хангасан байдлаар хавсаргаж ирүүлээгүй байна.
10. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/432 дугаар бүхий Ерөнхий боловсролын Смарт сургуулийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай захирамж[21]-д Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6.1.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйл болон дээрх Ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэн нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн гурван сарын хугацаатай түдгэлзүүлж, Боловсролын сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь түдгэлзсэн хуулийн этгээдийн талаар олон нийтэд болон холбогдох татварын албанд ажлын 2 өдрийн дотор мэдэгдэхийг Нийслэлийн Боловсролын газарт даалгаж, Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчид үүрэг болгожээ.
11. Боловсролын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт Зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээд нь Зөвшөөрлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөвшөөрлийг түдгэлзүүлж, хүчингүй болгоно, мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий этгээд дараах тохиолдолд зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ, 1.1 дэх хэсэгт зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон, 6.1 дүгээр зүйлийн 2-т Эрх бүхий этгээд энэ зүйлийн 1-д заасан үндэслэл байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн он, сар, өдрийг тэмдэглэлд тусгана, 3-т Энэ зүйлийн 2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл эзэмшигч ажлын 10 өдрийн дотор зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбар, холбогдох баримт бичгийг эрх бүхий этгээдэд ирүүлээгүй бол зөвшөөрлийг түдгэлзүүлнэ гэж тус тус заасан.
12. Дээрхээс үзвэл, Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1.1 дэх хэсэгт зааснаар боловсролын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргах зохицуулалттай байна.
13. Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч нь Нийслэлийн Боловсролын газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2/143 дугаар албан бичгээр мэдэгдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл эзэмшигч буюу нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/011 дугаар Хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичгээр тайлбар хүргүүлсэн боловч холбогдох баримт бичиг болох сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад хамаарах тус сургуулийн хаягийн өөрчлөлт хийлгэх үндэслэл болсон сургуулийн байрыг эзэмших, ашиглах эрхтэй холбоотой гэрээ, хэлцэл, тухайн байрны Эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ, Улсын комисс хүлээн авсан акт зэрэг баримтуудыг шаардлага хангасан байдлаар эрх бүхий этгээдэд ирүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байх тул Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/81 дугаар тушаалаар байгуулагдсан Боловсролын сургалтын байгууллагын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, байгууллагын хүчин чадалд өөрчлөлт оруулахтай холбоотой магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн хариуцагч Нийслэлийн Засаг даргын захирамжийг хууль бус байсан гэж үзэх үндэслэлгүй.
14. Дээрх агуулгаар хариуцагч Нийслэлийн Засаг даргыг Боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан Зөвшөөрлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөвшөөрлийг түдгэлзүүлж, хүчингүй болгох чиг үүргээ хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.
15. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль ХХК нь Бага, дунд, ахлах бүтэцтэйгээр сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд маргаан бүхий захирамж гарах үед тус сургуулийн байрны асуудал эд хөрөнгийн эрхийн маргаантай байсан, тухайн сургуулийн байранд шинээр тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг бусад этгээдийн зүгээс Нийслэлийн Боловсролын газарт гаргаж зэрэг байсан нөхцөл, байдал нь тухайн сургуульд суралцаж байгаа болон элсэн суралцах сурагчдын сурч боловсрох эрхэд сөргөөр нөлөөлж болзошгүй байсныг харгалзан хариуцагчаас Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан хаягийн өөрчлөлтийг хийлгэх холбогдох баримтыг бүрдүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
16. Нэхэмжлэгчээс тухайн захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулсан эсэх талаар маргаж байх ба Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж, 26.2 дахь хэсэгт Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж тус тус заасан.
17. Хэрэгт цугларсан нотлох баримт болох Нийслэлийн Боловсролын газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2/1436 дугаар албан бичгээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргах талаар мэдэгдсэн, мөн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 02/416 дугаар албан бичгээр ...тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн захирамжийг багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт танилцуулж мэдээлэл өгөх, захирамжид заасан хугацаанд БСМС /esis.edu.mn/-д суралцагчдын 2024-2025 оны хичээлийн жилийн дэвшилт, төгсөлтийг зохион байгуулж, хичээлийн жилийг дуусгахыг мэдэгдэж, маргаан бүхий захирамжийг хавсралтаар хүргүүлсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон тул хариуцагч нь мэдэгдэх сонсгох ажиллагаа-г хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэхээр байна.
18. Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/432 дугаартай Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургуулийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон тогтоох нь:
1. Боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1, 6.2, 6.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/432 дугаартай Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургуулийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР
[1] Хх2-192 тал
[2] Хх2-194 тал
[3] Хх1-6 тал
[4] Хх2-181 тал
[5] Хх2-182 тал
[6] Хх2-139 тал
[7] Хх1-247 тал
[8] Хх1-163 тал
[9] Хх1-16 тал
[10] Хх1-201 тал
[11] Хх1-198 тал
[12] Хх1-170 тал
[13] Хх1-172 тал
[14] Хх2-116 тал
[15] Хх2-117 тал
[16] Хх1-194 тал
[17] Хх1-203 тал
[18] Хх1-176 тал
[19] Хх1-180 тал
[20] Хх1-177 тал
[21] Хх1-12 тал