| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2023/01461/И |
| Дугаар | 184/ШШ2023/01975 |
| Огноо | 2023-05-16 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2023/01975
| 2023 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 184/ШШ2023/01975 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, * дүгээр хороо, толгойт * дүгээр гудамж * тоотод байрлах, * трейд ХХК /*/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, *т холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, гэрч Н*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * трейд ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн * дүгээр шийдвэрээр * трейд ХХК-иас 137,863,282 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийн газарт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгө болох иргэн *ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хоро, толгойт * тоот үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа явуулж үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр * ХХК-иар үнэлгээ хийлгүүлэхэд 138,443,500 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас бага үндэслэлгүй дүгнэлт гаргасан байх тул дээрх үл хөдлөх хөрөнгө үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор шүүхэд хандаж байна.
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 1 тоот хаягт байрлах миний өөрийн эзэмшлийн найман нэрийн хүнсний дэлгүүрийг албадан дуудлага худалдаагаар оруулахаар * үнэлгээ хийлгүүлсэн байсан. Уг үнэлгээгээр миний эзэмшлийн намайг нэрийн хүнсний дэлгүүрийг 138,000,000 төгрөгөөр үнэлүүлсэн байдаг. Миний хувьд өөрийн эзэмшлийн найман нэрийн дэлгүүр газраа 500,000,000-600,000,000 төгрөгөөр үнэлнэ гэж бодож байгаа. Уг нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй учир тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Үнэлгээч 100,000,000-130,0000,000 төгрөгийн хооронд 3 объектыг сонгож харьцуулж үнэлгээ гаргасан байсан. Миний эзэмшлийн найман нэрийн дэлгүүр нь баруун талдаа цайны газартай зүүн талдаа үсчин ажиллуулдаг том объект. Найман нэрийн дэлгүүрийг манай дүү ажиллуулж байгаад дүү маань авто ослоор нас барсан. Тэгээд тус үсчний газар болон цайны газраа хүнд түрээслүүлж, намайн нэрийн дэлгүүрийг манай аав, ээж ажиллуулж байгаад нас өндөр болсон тул хүмүүс түрээслүүлж байгаа. Үнэлгээг гаргахдаа харьцуулсан объектыг би өөрөө биечлэн хаягаар нь хайж очиж үзэхэд өвлийн байшин үйлчилгээний зориулалтаар ашиглаж болох 430мкв байсан. Уг объект манай объектоос бага хэмжээтэй байсан. Би 2003 онд хашаагаа худалдаж авч өөрийн эзэмшлийн объектоо барьж найман нэрийн дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрлөө авч өнөөдрийг хүртэл 20 жил үйл ажиллагаа явуулж байна. Найман нэрийн дэлгүүрийн тусгай зөвшөөрөл авахын тулд тусгай шаардлагуудыг хангаж авдаг. Тус объектыг тохижуулахын тулд асар их хөдөлмөр хөрөнгө зарцуулагдсан байтал эдгээр нөхцөл байдлуудыг тооцохгүйгээр үнэлгээг гаргасан байна. Анх намайг уг хашааг авахад засмал зам тавигдаагүй байсан. Сүүлд зүүн талд засмал зам тавигдаж, цэвэр усны шугам холбогдсон байсан. Манай газар хуучнаар цэнхэр дэлгүүрийн эцсийн буудалд байрладаг. Манайх хашаагаа хойш нь 5 метр сунгасан байгаа. Надад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай объектод үнэлгээ хийх ажиллагаа явуулах талаар утсаар ярьсан. Гэхдээ би хөдөө орон нутагт ажилтай байсан учир ажиллагаанд оролцож чадаагүй. Манай объект нь 3 айлын газрыг нийлүүлсэн газар хашаа дотроо модтой, худагтай. Хуульд зааснаар уг үнэлгээний талаар талуудад мэдэгдэж энэ талаар тайлбар авах эрхтэй гэж хуульчилсан байдаг. Гэтэл * дээр би өөрийн биеэр очиж асууж лавлаж байж танилцсан. Үнэлгээг гаргахдаа ирээдүйд үнэлэгдэх үнэ цэнийг тусгаагүй үнэлгээ гаргасан. Манайх жижиг дунд үйлдвэрийн санд өрийн үнэд тулгаж үнэлгээг гаргуулсан байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн * дүгээр шийдвэрээр * трейд ХХК-иас 137,863,282 төгрөгийг гаргуулж, Жижиг дунд үйлдвэрийн газарт олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд *ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *дугаартай, *тоот хаягт байрлах 126 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэлтэй, 620 м.кв талбайтай өмчлөлийн газрыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрт холбогдох гүйцэтгэх баримт бичигт 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн * дугаар тогтоолгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч * трейд ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч * трейд ХХК-ийн барьцааны хөрөнгө болох *ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 1* тоот хаягт байрлах 126 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 620 м.кв талбайтай өмчлөлийн газрыг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр * дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23390094/07 дугаар тогтоолоор хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудад үнийн санал авахад харилцан тохиролцоогүй төлбөр авагч Жижиг дунд үйлдвэрийн газраас хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн * дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход * ХХК нь хураагдсан хөрөнгийг 138,443,500 төгрөгөөр үнэлсэн болохыг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн * дугаар албан бичгээр төлбөр төлөгч * трейд ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэж, үнэлгээний тайланг танилцуулсан. Хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан.
Нэхэмжлэгч нь үйлчилгээний зориулалттай гэдгээ нэхэмжлэлдээ дурдаагүй. Тухайн хөрөнгийг битүүмжлэх хураах, үнэлгээ танилцуулахад нэхэмжлэгч тал үүнд санал өгөөгүй. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үл хөдлөх хөрөнгө ямар зориулалттай, хэдэн төгрөгийн үнэтэй гэдгээ талаараа нотлох баримтаа хавсаргаагүй. Худаг болон мод нь урьд хэсэгт нь байгаагүй. Хойд хэсэг буюу нэхэмжлэгчийн хамаарал бүхий хүний газарт байсан. Тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс * трейд ХХК-ийн * дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4*дугаар * трейд ХХК-ийн захирал *танаа Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг, * ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Монгол улсын иргэн *ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлох үнэлгээний тайлан, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн * дугаартай шийдвэр зэрэг баримтуудыг нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн.
Хариуцагчаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн * дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн * дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн *дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн* дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн * дугаартай тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай *дугаартай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх үүрэг хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн * дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн * дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн *дугаартай мэдэгдэл, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2*дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн *дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөрийн *аас *т үнийн санал гаргах тухай өргөдөл, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн * дугаартай Жижиг дунд үйлдвэрийн газрын *т хүргүүлсэн хүсэлт, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Б.Батмөнхийн 2/48 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, * ХХК-ийн дүгнэлт, * трейд ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын *т хүргүүлсэн хүсэлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн * дугаартай * трейд ХХК-ийн захирал *танаа төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * трейд ХХК нь хариуцагч *т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээч үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж тайлбарладаг бол хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн * дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч * трейд ХХК-иас 137,863,282 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГ олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1217 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/01129 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэснийг
Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн* дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1217 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн *дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй боловч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэх тухай төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн олгосон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн * дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн *дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн * дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган эхлүүлсэн байна.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөх талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид мэдэгдэж байсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдлээр тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүйн улмаас барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойтын 84-01 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн* дугаартай 620 м.кв талбайтай, өмчлөлийн газар, тус хаягт байрлах *бүртгэлийн дугаартай 126 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн *дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн *дугаартай тогтоолоор хураан авч, холбогдох мэдэгдлүүдийг өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Зохигч талууд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд зааснаар явуулсан дээрх ажиллагааны талаар маргаагүй байна.
Харин нэхэмжлэгч * трейд ХХК нь хариуцагч байгууллагын дээрх ажиллагаанаас эд хөрөнгийн үнэлгээ гаргуулсан ажиллагааг эс зөвшөөрсөн гомдлыг гаргажээ.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан байна.
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлбөрт хураагдан битүүмжлэгдсэн хөрөнгийн үнийн талаарх саналаа өгөх тухай мэдэгдсэний дагуу төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * уг хөрөнгийг 680,000,000 төгрөгөөр зах зээлийн үнийн тодорхойлон үнийн саналаа ирүүлснийг төлбөр авагч Жижиг, дунд үйлдвэрийн газар зөвшөөрөөгүй, улмаар шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр *т гаргасан байх тул төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талуудыг үнийн саналаа тохиролцоогүй гэж үзнэ.
Ийнхүү төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2/48 тоот тогтоолоор Файн Эйстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Шинжээчээр томилогдсон Файн Эйстимэйт ХХК-ийн үнэлгээгээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойтын 84-01 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн * дугаартай 620 м.кв талбайтай, өмчлөлийн газар, тус хаягт байрлах*0 бүртгэлийн дугаартай 126 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үнэлж нийт үнэлгээг 138,443,500 төгрөг болохыг тодорхойлсон байна.
Хариуцагч * нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *од 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн * дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулахаар шинжээчийн томилон оролцуулж болно. Гагцхүү шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлана. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэсэн хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна.
Харин үнэлгээчин үнэлгээг гаргахдаа тухайн хөрөнгийн зах зээлийн одоогийн үнэлгээ болон ирээдүйд үйл ажиллагаа явуулж олох орлого, байршил, тохижилт, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа зэргийг харгалзаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн тухай байршлын итгэлцүүр үнийг буруу тооцсон гэж нэхэмжлэгч гомдол гаргаж байгаа боловч үнэлгээг гаргахдаа шинжээч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, бусад ямар хууль журмыг зөрчсөн талаарх үндэслэл бүхий тайлбарыг гаргаж, нэхэмжлэлийг шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй байна.
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн *тоот тогтоолоор шинжээчээр томилогдсон Файн * ХХК-ийн үнэлгээчин * нь Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба Хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлгээг гаргахдаа баримталсан хууль, стандартыг дурдаж, үнэлж буй хөрөнгийн талаарх мэдээллийг тусган, арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр оролцсон шинжээч шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэгтээ ... 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн * тоот тогтоолоор шинжээчээр томилогдсон. Уг тогтоол дээр *ын өмчлөлтэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт *оот хаягт байрлах 621 мкв мөн тус хаягт байрлах 126 мкв үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргасан. Уг газрын гэрчилгээнд тухайн объектыг хувийн сууцын зориулалттай гэж бүртгэсэн байсан. Нэхэмжлэгч нь хувийн сууцын газартаа найман нэрийн дэлгүүр барьж үйл ажиллагаа явуулж байгаа. Харин манай компанийн үнэлгээг гаргахдаа үйл ажиллагааг явуулж байгаа объектын орлогыг үндэслэж үнэлгээг гаргаагүй. Зөвхөн тухайн хаягт байгаа хувийн сууцны зориулалттай байшингийн үнэлгээг гаргасан. Тухайн газрын үнэлгээг гаргахдаа ойролцоо байгаа 3 жишиг объектыг сонгож авсан. Тухайн байршилд Толгойт дэд төсөл явагдаж 1000 айлын газар чөлөөлөх ажиллагаа явагдаж байгаа. Уг ажиллагааг манай компанийн оролцож би өөрөө оролцож байгаа. Зам дагуу байгаа газрын метр квадратыг 100,000 төгрөгөөр, замаас зайдуу газрыг 80,000 төгрөгөөр нөхөн олговрыг олгож газрыг чөлөөлүүлж байгаа. Уг жишиг үнийг Нийслэлээс баталсан. Нэхэмжлэгчийн газрын нэгж квадратыг 123,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Тиймээс *ын өмчлөлийн газартай харьцуулсан объектуудыг ойролцоо үнэлгээ гаргахад тохирч байгаа. Үл хөдлөх хөрөнгө байшингийн хувьд үнэлгээ гаргахдаа 2 аргыг хэрэглэсэн. Үүнд нэгж хүчин чадал болон Тухайн хийцтэй ижил нөхцөлөөр баригдсан зах зээлийн ханшаар гаргасан. Барилга хот байгуулалтын яамнаас гаргасан нэгж хүчин чадлын үнэлгээгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн 126мкв 49,700 төгрөгөөр, зах зээлийн аргаар 73,000,000 төгрөгөөр үнэлж уг үнэлгээнд ижил ач холбогдол өгч нийт 61,000,000 төгрөгөөр газар болон барилгын үнэ цэнийг тогтоосон. Бусад төрлийн үйлчилгээ ашиг орлого, үнэ цэнийг үнэлгээнд тусгаагүй... гэжээ.
Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, түүний тайлбар мэдүүлгээс үзвэл шинжээч дүгнэлт гаргахдаа үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгийн байршил, зориулалт зэргийг харгалзан зах зээлд худалдан борлогдож байгаа үнэ болон жишиг үнэ, бусад ижил төсөөтэй хөрөнгүүдтэй харьцуулах байдлаар хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлж, холбогдох сайтуудын зурагуудыг тайландаа хавсаргасан байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр төлбөрт хураагдан битүүмжлэгдсэн барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлд заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлт үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн, хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар * трейд ХХК-ийн хариуцагч *т холбогдуулан гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН