Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00212

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00212

 

 

 

Б.Т нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2021/03225 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Т нэхэмжлэлтэй

ХариуцагчС.Б-дхолбогдох

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, С.Батсуурь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх, нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Та нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б.Та нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 21 хороолол, Хүнсчдийн гудамж 72 байр 3 тоот, 68 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Гэтэл тухайн байранд иргэн Х.Г, С.Ба нар өмчлөгчийн зөвшөөрөлгүй түүнтэй гэрээ, хэлцэл байгуулалгүй хууль бусаар тус орон сууцанд амьдарч байна.

ДЧ ХХК болон ЭКХХК нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцыг шилжүүлээгүй. Харин ЭКХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрийг бэлэн мөнгөөр бүрэн төлсөн шилжүүлгийн баримтыг хэрэгт өгсөн, тухайн гэрээтэй холбоотой асуудал энэ хэрэгт хамааралгүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Байгальмаагийн хууль бус эзэмшлээс Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 72 дугаар байрны 3 тоот 3 өрөө 68 м.кв орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү. Хариуцагч нар нь гэр бүлийн хүмүүс учир хариуцагч Х.Гантөмөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэжээ.

 

2.Хариуцагч С.Г-н тайлбарын агуулга:  Би 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн ДЧ ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байна. Байгууллагаас миний ажлын нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, байгууллагад бартераар ирсэн гэх Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо бүхий орон сууцанд амьдрах зөвшөөрөл өгч, гэр бүлийн хамт нүүж орсон. Нэхэмжлэгч Б.Та буюу түүний эцэг ЭКХХК-ийн захирал С.Батсуурь нь ДЧ ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 460,000,000 төгрөгийн үнэ бүхий арматур, катанги худалдаж авахаар харилцан тохиролцож, худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.

Тус гэрээний 3.3-т гэрээгээр худалдах барааны нийт үнэ 460,000,000 төгрөгөөс 80 хувийг бэлэн мөнгөөр төлж хийж, үлдэх 20 хувийг бартераар төлөх буюу 92,000,000 төгрөг бүхий үнэ бүхий Сонгинохайрхан дүүрэг,18 дугаар хороо  орон сууц оролцуулан тооцно гэсний дагуу уг байр нь ДЧ ХХК-ийн эзэмшилд шилжсэн.

Нэхэмжлэгч Б.Та нь байрыг ДЧ ХХК-д бартераар шилжүүлсэн болохыг мэдэж байсан бөгөөд өөрөө зөвшөөрч бараа материал худалдан авах гэрээ байгуулсан. Түүнчлэн худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг ЭХК нь ДЧ ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь бусдын /банкны/ барьцаанд байсан байраа бартерт өгч, шүүхэд орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь бусдыг залилан мэхлэх шинжтэй үйлдэл гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч С.Б шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  орон сууцыг хариуцагч С.Б хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Х.Гт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Б.Та татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Б улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Т олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч С.Б  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдээгүй. Шүүх хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр болсон бөгөөд тус өдөр миний төрсөн ах  бүтэн өнчин хүү болох Б.Абусдад хорлогдож нас барсан. Тус өдөр би оршуулгын ажилд оролцож байсан болох нь нас барсны гэрчилгээ, садан төрлийн лавлагаа, мөрдөгчийн тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын тодорхойлолт зэргээр нотлогдоно. Анхан шатны шүүх хүндэтгэх үзэх шалтгаантай байхад хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхээс хуралдааны товыг мэдэгдээгүй гэж гомдолд тусгасан нь үндэслэлгүй байна. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр товлосон. Хэрэв хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн оролцогчийн хувиар хурлын товыг шүүхээс лавлах бүрэн боломжтой байсан. Гомдолд хариуцагчийн төлөөлөгч ажил явдалтай байсан тул оролцож чадаагүй гэж тайлбарлажээ. Гэтэл хэрэгт түүнийг ажил явдалтай байсан гэх баримт огт байхгүй, шүүх хуралд оролцох боломжгүй болсон талаараа шүүгчийн туслахад мэдэгдсэн зүйл байхгүй, цахим шуудан ашиглаж хүсэлт гаргасан зүйл мөн байхгүй.

Уг хэрэгт 2021 оны 06 дугаар сард иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хариуцагч С.Бйн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар гаргаагүй. Хариуцагч нь ямар байр суурьтай оролцох нь тодорхойгүй байдаг. Мөн шүүхээс хариуцагчийг хуульд заасан эрхээр хангаж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, хугацаа олгож байсан. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил гаргасан мэтээр гомдол гаргаж байгаа нь илт үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч Х.Г, С.Б нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... тухайн байранд Х.Гантөмөр, С.Байгалмаа нар хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүй, тодорхой эрх зүйн харилцаагүй байхад хууль бусаар оршин сууж байна гэж тайлбарласан байна.

3.Хариуцагч Х.Г ... ДЧ компаниас ажлын нөхцөл байдлыг харгалзан байгууллагад бартераар ирсэн орон сууцанд амьдрах зөвшөөрөл өгсөн, гэр бүлийн хамт нүүж орсон ..., ... Х.Ттус орон сууцыг ДЧ ХХК-д бартераар шилжүүлсэн болохыг мэдэж байсан, өөрөө зөвшөөрч бараа материал худалдан авах гэрээ байгуулсан гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ. Хариуцагч С.Бувьд нэхэмжлэлийг гардан аваад шүүхээс тогтоосон хугацаанд тайлбар ирүүлээгүй.

4.Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Хариуцагч орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа эсэх нь зохигчдын маргааны зүйл болжээ.

Дээрх маргаантай холбогдуулан ДЧ ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хариуцагчийн хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Талуудын маргааны зүйл болох орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа эсэх үйл баримтыг тогтоож, маргааныг шийдвэрлэхэд хариуцагч талын дээрх хүсэлт ач холбогдолтой байх магадлалтай байна.

5.Х.Г, С.Ба нар эхнэр нөхөр, маргаан бүхий орон сууцанд хамт амьдарч байгаа гэх агуулга бүхий тайлбарыг хариуцагч Х.Г гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хариуцагч Х.Г холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь түүний хуулиар олгогдсон эрх хэдий ч шүүх энэ талаар тодруулаагүй нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч Х.Гантөмөрт холбогдох шаардлагаас татгалзснаар орон сууцны эзэмшил түүнд үлдэх эсэх, хариуцагч буюу эхнэр С.Бэзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх хүсэлтэй байгаа эсэх нөхцөлийг тодруулснаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломж бүрдэх юм.

6.Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэн, маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, шүүх хуралд оролцох эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч талын хүсэлтийг үндэслэн шүүх хуралдаан 4 удаа хойшлуулсан байна. Мөн шүүх 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б оршин суугаа газрын хаягаар шуудангаар хүргүүлсэн, эгч Нансалмаа гэх этгээд хүлээн авсан болох нь хэргийн 98 дах талд авагдсан Монгол шуудан ХК-ийн мэдэгдэх хуудсаар нотлогдож байна. Уг ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дах хэсгийн заасантай нийцжээ. Түүнчлэн хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй болсон нөхцлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2021/03225 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Ч.ЦЭНД