| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/0089/э |
| Дугаар | 104 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 104
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мад холбогдох эрүүгийн 1830000000081 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн харьяат, 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, уг ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 26 хоногийн хорих ялыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 24-Ө дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөж суллагдсан, Б.М.
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.М нь Б.Бын гэрт нэвтэрч “Ц” нэртэй мөнгөн гуутай зурмал бурхан нэг ширхэгийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Бд бурхныг нь буцааж өгсөн. Дулааны улиралд миний тархи толгой өвддөг. Би багаасаа унаж татдаг өвчтэй. Би мэдүүлэг өгөхгүй ... гэв.
- Яллагдагч Б.Мын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 6 цагийн үед Эрдэнэцагаан сумын 8-р багийн нутагт байх танил эгч Цгийнд хоночихоод гарсан юм. Тэгээд тэндээсээ шууд Б.Бын гэр рүү очиж гэрийнх нь бүслүүрээс түлхүүрийг нь гаргаж ирээд гэрийг онгойлгож ороод авдар дээрээс нь “Ц” нэртэй мөнгөн гуутай есөн тахилтай зурмал бурханыг нь авч халааслаад гэрээс нь гарахдаа буцааж гэрийг нь цоожлоод түлхүүрийг нь байсан газарт нь буцааж хийгээд гэртээ харьсан. Тэгээд 10 цагийн үед Улаанбаатар хот руу явахаар шуудангийн автобусанд сууж 11 цагт Эрдэнэцагаан сумаас Улаанбаатар руу хөдөлсөн. Харин тэр орой буюу 21 цагийн орчимд Багануур дүүрэг дээр явж байхад Ба цагдаа намайг саатуулж Сүхбаатар аймагт авчирсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-26-27/,
- Хохирогч Б.Бын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Эрдэнэцагаан сумын 6-р багийн нутаг Н гэх газарт байх гэртээ оччихоод маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагийн үед гэртээ ирээд гэрийнхээ ажил төрлөө хийж байгаад 15 цагийн орчимд авдрынхаа тоос шороог арчиж байгаад “Ц” нэртэй есөн дахилтай мөнгөн гуутай зурмал бурхан маань байхгүй байхаар нь гайхаад авдар савныхаа дээгүүр, доогуур хайгаад байхгүй байхаар нь би цагдаагийн байгууллагад 18 цагийн үед мэдэгдсэн. Тухайн өдөр манай сумаас Улаанбаатар хот руу шуудан явсан байсан болохоор ямар хүмүүс суусан талаарх мэдээллийг харахад манай нөхрийн хамаатан болох Мөнхбат явсан байсан. Мөнхбат нь манайхаар орж гардаг, түлхүүр хаана байгааг мэддэг болохоор тэрийг хулгайлсан байж магадгүй гэж цагдаад хэлэхэд тухайн өдөр явсан байсан шууданг Багануур дээр зогсоож шалгуулахад манай бурханыг Мөнхбат хулгайлсан байсан. Би бурханаа Эрдэнэцагаан сумын үнэлгээ буюу 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Уг үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Бурханаа бүрэн бүтэн хүлээж авсан тул надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй ... гэх мэдүүлэг,
- Гэрч Ө.Тийн шүүх хуралдаанд өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд намайг гэртээ байхад манай бэр Б.Б гэрээсээ утсаар залгаж би өчигдөр хөдөө яваад өнөөдөр гэртээ иртэл гэрт хулгай орж авдар дээр байдаг мөнгөн гуутай зурмал бурхан алга болсон байна гэж хэлсэн. Бын авдар дээр нь цагаан мөнгөөр хийсэн дотор нь зурсан бурханы хөрөг бүхий зүйл байдаг. Харин ямар уран дархан хийсэн, хэдий үеийн эд зүйл болохыг сайн мэдэхгүй. Хашаанд өөр хүн байгаагүй гэсэн. Манай бэ хөдөө явахдаа өөрөө гэрээ цоожлоод түлхүүрээ гэрийнхээ бүрээсний завсан хийгээд үлдээсэн гэж өөрөө ярьсан... гэх мэдүүлэг /хх-17-18/
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын эд зүйлийн үнэлгээ /хх-20/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх- 02-07/
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-08/
- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл.2018.04.23 /хх-09/
- Б.Мын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-29/
- Шүүгдэгч Б.Мын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-28/
- Б.Мын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/
- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 194 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар /хх-33- 38/
- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 24-Ө дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-39-40/
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн Алтан-Овоогийн 5-2 тоот дахь хохирогч Б.Бын амьдрах монгол гэрт нэвтэрч “Ц” нэртэй мөнгөн гуутай зурмал бурхан нэг ширхэгийг нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Мын мөрлөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Б, гэрч Ө.Түмэнцэцэг нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын эд зүйлийн үнэлгээ /хх-20/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх- 02-07/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-08/, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл.2018.04.23 /хх-09/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тодруулбал, шүүгдэгч Б.М нь зарж борлуулах, ашиг олох зорилгоор айлын гэрийг түлхүүрээр нь онгойлгон нэвтэрч эд зүйлийг хулгайлсан хийгээд улмаар хулгайлсан эд зүйлийг Улаанбаатар хот руу авч явах үедээ Багануур дүүргийн Замын цагдаагийн пост дээр саатуулагдсан нь хэрэгт авагдсан Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/2018.04.23/-ээр тогтоогдоно.
Б.М нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч авч болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа айлын гэрийг түлхүүрээр нь нээж нэвтрэн, “Ц” нэртэй мөнгөн гуутай зурмал бурхныг хулгайлан бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Б.Мын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийн шинжийг агуулах тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бд учирсан 1.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн буюу “Ц” нэртэй мөнгөн гуутай зурмал бурхан биетээр хохирогчид буцаан олгогдсон, хохирогч хохиролтой холбоотой нэхэмжлэл, гомдол гаргаагүйг дурдая.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Б.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Мын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн буюу буцаан олгогдсон зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Эрүүл мэндийн төвийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 47 тоот албан тоотоор түүний Эрүүл мэндийн байдлыг “ Бор овогтой Мөнхбат нь 27 настай, эрэгтэй. Өвчний учир эрүүл мэндийн төвийн их эмчийн хяналтанд байдаг нь үнэн” гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол буцаан олгогдсон, хохирогч Б.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Мыг хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Мыг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Мад оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Ялтан Б.Мад энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Ялтан Б.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 1.000.000 төгрөгийг үнэтэй “Ц” нэртэй мөнгөн гуутай зурмал бурханыг хохирогч Б.Бд буцаан олгогдсон, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН