| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2023/02263/И |
| Дугаар | 184/ШШ2023/02364 |
| Огноо | 2023-06-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2023/02364
| 2023 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 184/ШШ2023/02364 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, шүүгч Т.Батсүх, шүүгч Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, * дүгээр хороо, Мон лаа*оотод оршин суух, */-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, Наадамчдын гудамж * дугаар байр * тоотод оршин суух, */-т холбогдох
Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 8,057,047 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: * миний бие 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах Ханбогд хотхоны орчимд зам хөндлөн гарч явтал тоёота приус загварын * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан * нь ирж мөргөн миний бие хүнд гэмтэл учруулсан. Уг ослын улмаас гавлын дух яс, духны хөндийд урд хойд хана, суурь ясны 2 талын их бага далавч, 2 талын нүдний ухархайн бүх ханууд, хоншоор яс, хамар яс хамарсан нийлмэл бяцарсан хугарал, тархины эдийн няцрал, цус хуралт, хий хуралт үүссэн бөгөөд миний бие Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, *т 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд тус тус хэвтэн эмчлүүлсэн. Тархины хий хуралт бүрэн арилаагүй, гавлын ясны цууралт хугаралт бүрэн эдгэрээгүй тул 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд дахин хэвтэж эмчлүүлсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *0 дугаар тогтоолоор шүүгдэгч *ыг хүний биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, түүнээс хохиролд 1,932,901 төгрөгийг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрээр ...хохирогч нь цалин хөлс болон бусад зардалд, цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу эрүүгийн шүүх хуралдаанаас хойш эмчийн үзлэгт хамрагдаж, тархины зураг авхуулсан, эм тариа авсан эмчилгээний нийт зардалд 424,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.
Миний бие 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Таван толгой түлш ХХК-д Хууль эрх зүй, аудитын албаны Дотоод хяналт, шалгалтын мэргэжилтнээр ажиллаж байна. Миний сарын цалин 2022 онд 1,550,000 төгрөг байсан бөгөөд 2023 оны 1 дүгээр сараас 1,750,000 төгрөг болсон. Миний бие тархины гэмтлийн улмаас энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, эмнэлгээс гарсан ч гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм барих шаардлагатай гэсэн тул энэ ослын улмаас эрүүл мэндийн шалтгаанаар 2022 оны 09 дүгээр сарын 23-наас 30-ны өдөр хүртэлх хугацааны ажпын 6 хоног /өдрийн цалин 70,450 төгрөг/ болон 10, 12 дугаар cap, 2023 оны 1 дүгээр саруудад ажлаа хийгээгүй болно. Иймд өөрийн олох ёстой байсан орлого цалин хөлсөнд нийт 4,632,947 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Уг ослын улмаас учирсан сэтгэл санааны хохиролд 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд хариуцагч *аас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 8,057,047 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Миний бие цаашид хамрын ясны хугарал болон таславчийн муруйлт эмчлэх мэс засалд орох, нүүрний сорив арилгах эмчилгээ хийлгэх, давтан эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд эмчилгээ, мэс засал хийлгэхтэй холбогдон гарсан зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн дараа дахин нэхэмжлэх болно гэв.
Нэхэмжлэгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компаниас гаргаж өгсөн цалингийн тооцоолол 2022 оны 10 сар, 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сард олгох ёстой байсан цалингийн тооцоолол гаргаж өгсөн байгаа. 2022 оны 9 дүгээр сарын 23-наас хойших ажлын 6 хоногийн цалинг дундажаар тооцоод оруулсан 422,730 төгрөгөөс татгалзаж байна. Цалингийн асуудал зөвхөн тооцоололд тусгасан дүнгээрээ байгаа. Хариуцагч талаас хэргийн процесс ярьж байна. Шинжээчийн дүгнэлтээр их биш дунд хэмжээний согтолттой гэж гарсан. *ын жолоодож байсан машин баруун урд гэрлийн ойрын гэрэл ажиллахгүй байсан, үзэх орчин хязгаарлагдмал үед жолооч хурдаа тохируулж явна гэсэн заалтт зөрчсөн байдаг. 9 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш гэмтэлийн эмнэлэгт ухаангүй очсон, *т хэвтэж эмчлүүлсэн тухайн үеийн эмчилгээний зардалыг хариуцагч талаас гаргаж өгсөн, энэ асуудал дээр хариуцагч талаас намайг гэмтэлийн эмнэлэгээс гарсанаас хойш залгаж холбоо бариагүй, биеийн байдлыг асууж тодруураагүй. Тийм учир сэтгэл санааны хувьд гомдолтой байна. Баруун болон зүүн духны дэлбэнд уйланхай үүсэн. Тархинд даралт өгч унах татах эрсдэлтэй тогтмол мэргэжлийн эмчийн хяналтанд байх ёстой. Цалин болон олох ёстой орлого мөн нэмэмжилж байгаа. Хувь хүний хувьд сэтгэл санааны доторхой хэмжээний хохирол учирсан. Тийм учир сэтгэл санааны хохирол мөн нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд *гийн зүгээс *т холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 8,057,047 /найман сая, тавин долоон мянга, дөчин долоон төгрөг/ гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. * нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 05 цаг 30 минутын үед Хан-Уул дүүрэгт байрлах Ханбогд хотхоны орчимд зам хөндлөн гарч яваад *ын жолоодож явсан **улсын дугаартай тоёота приус загварын тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтэл авсан. Гэвч нэхэмжлэгч * нь тухайн үед их хэмжээний согтолттой байсан мөн гарцгүй газраар зам гарч явсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасныг зөрчсөн бөгөөд уг осол гарахад нөлөөлсөн талаар шүүхээс дүгнэсэн болно. Харин *ын хувьд суурин газарт явах тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлээгүй бөгөөд тохирох хэмжээний хурдтай замын хөдөлгөөнд оролцож байсан нь * нь ослын үед хохирогчид яаралтай тусламж үзүүлсэн байдаг. Мөн * нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид эм, эмчилгээний зардалд 1,834,000 төгрөг, шатахуун, хоол хүнсний болон бусад зардал зэрэгт 1,700,000 төгрөгийг * болон түүний эгч /Тунамал- Эрдэнэ/-ийн дансаар төлж барагдуулсан байдаг. Түүнчлэн хохирогчид шүүхийн шийдвэрт тусгагдсан 1,932,901 /нэг сая, есөн зуун гучин хоёр мянга, есөн зуун нэг/ төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж үйлчилгээний газарт гэмтлийн яаралтай тусламжаар 2,033,000 төгрөг, эмийн эмчилгээ 1,150,900 төгрөг, амбулторийн үзлэгт 45,000 төгрөг нийт 3,228,900 /гурван сая, хоёр зуун хорин найман мянга, есөн зуун төгрөг/ -ийгтөлсөн байдаг. *ын хувьд бага насны 2 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг бөгөөд ар гэрэз ганцаараа хөдөлмөр эрхэлж авч явдаг түүний цалингаас өөр орлого энэ айлд байхгүй. Дээрх нөхцөл байдалтай уялдуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцээгүй ч гагцхүү баримтаар гарцаагүй нотлогдсон зардлыг төлөхөд татгалзахгүй болно гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Осол гэмтэл гаргасан тал дээр нэхэмжлэгч хариуцагч нарын хоорондох шалтгаант холбоо нь хариуцагч хохирол учруулсан ч гэсэн нэхэмжлэгч нь хохирол учруулахаас болгоомжилж өөрийгөө хамгаалах боломжтой байсан. 2,3 промиль хэмжээний согтолттой байсан, тухайн үед жолооч хурд хэтрүүлээгүй үзэгдэх орчин хязгаарлагдаагүй нөхцөл байдал харагддаг. Нэхэмжлэгч урьдчилан сэргийлэх боломжтой байсан харагддаг. Нэхэмжэлийн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь ажил олгогчийн гаргасан цалингийн үндсэн цэс буюу тооцоо нь нийт 4,210,247 төгрөгийг гарт олгох гэж тооцоолол гаргаад нягтлан бодогч захирал нар нь гарын үсэг зурсан байдаг. Нийгмийн даатгалын лавлагаагаар 10 сар, 12 сарын 1,840,238 төгрөгийн цалин авсан харагдаж байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дансны хуулгыг харахад 2022 оны 12 сарын 28-ны өдөр 746,986 төгрөг, 12 сарын 15-ны өдөр 117,579, төгрөг, 2022оны 10 сарын 31-ний 633,618 төгрөг, 2022 оны 10 сард дахин 893,426 төгргөгийг цалинтай холбоотойгоор гүйлгээний утгаар шүүгээд гарч ирж байгаа юм. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Сэтгэл санааны хохиролыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн сүүлд гаргасан төлбөрийн баримтыг зөвшөөрөхгүй байна. Одоогоор хэвийн ажил хөдөлмөрөө эрхлэх боломжтой учир дахин ямар шинжилгээ хийлгэсэн тухай мэдэгдэхгүй байна. Эрүүгийн шүүхээр тогтоосон үнийн дүнг бол төлсөн байдаг гэв.
Нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, *гийн иргэний үнэмлэхний хуулбар, *гийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн *гийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Компьютерт томографийн шинжилгээний баримт,2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Компьютерт томографийн шинжилгээний баримт, *ийн *гийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Компьютерт томографийн оношлогооны баримт, Гранд мед эмнэлэгийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *гийн Тархины тодосгогс бодистой соронзон резонанст томографи дүрслэлийн шинжилгээний баримт,ЭМЖЖ эмйин сан, Альфа-Долгион мэдрэлийн хувийн эмнэлэг, Фрэндэшип наран, Гэмтэл согог судаллын үндэсний төв, *ийн төлбөрийн баримтууд, Таван толгой түлш ХХК-ийн Ж.* нь ажилладаг нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт, Таван толгой түлш ХХК-ийн *гийн цалингийн тооцоололын хүснэгт, Таван толгой түлш ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *дугаартай *г Ажилд жинхлэн томилох тухай тушаал, Таван толгой түлш ХХк-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн* дугаартай *д чөлөө олгох тухай тушаал, Хас банк ХХК дахь *гийн *дугаартай дансны хуулга, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2*дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн * дугаартай магадлал, Гранд мед эмнэлэгийн төлбөрийн баримт зэрэг бичгийн баримтыг ирүүлсэн байна.
Хариуцагчаас *ын оршин суугаа хаягийн тодорхойлолт, *ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, ХААН банк ХХК дахь *ын * дугаартай депокит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар Баянгол,Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас *т холбогдох эрүүгийн хэргийн материалаас 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Таван толгой түлш ХХК-иас Тээврийн цагдаагийн албанд гэх 2022 оны 10 дугаар сарын 08/1527 дугаартай тодорхойлолт, * ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б дугаартай *г Ажилд түр томилох тухай тушаал, Эмнэлзүйн нэгдсэн төв лаборатори Бона вита ХХК-ийн Тээврийн цагдаагийн албанд гаргасан тодорхойлолт, Гандантэгчилэн хийдийн төлбөрийн баримтууд, *ийн төлбөрийн баримтууд, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Батсуурийн түргэвчилсэн оношлуурын судалгааны баримт, Фармалогик эмийн сангийн төлбөрийн баримтууд, * ХХК-ийн зарлагын баримт, төлбөр төлсөн баримтууд, Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл,Иргэний нэхэмжлэгчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгааны баримт, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай Мөрдөгчийн тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн * дугаартай Цагдаагийн ерөнхий газрын тээврийн цагдаагийн албанд гаргасан итгэмжлэл, *ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, *ын байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын *ын жолоодох эрхийн лавлагаа, * эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуцагч *т холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 8,057,047 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлэлээ.
Хариуцагч * нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн, улмаар явган зорчигч *г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь зохигчдын тайлбар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байхаар зохицуулсан.
Нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлохдоо хариуцагчийн гэм буруутай үйлдлээс эрүүл мэндэд хохирол учирч эмчийн үзлэгт хамрагдаж, тархины зураг авхуулсан, эм тариа авсан эмчилгээний нийт зардалд 424,100 төгрөг, ослын улмаас эрүүл мэндийн шалтгаанаар 2022 оны 09 дүгээр сарын 23-наас 30-ны өдөр хүртэлх хугацааны ажпын 6 хоног /өдрийн цалин 70,450 төгрөг/ болон 10, 12 дугаар cap, 2023 оны 1 дүгээр саруудад ажлаа хийгээгүй хугацааны цалин хөлсөнд нийт 4,632,947 төгрөг, ослын улмаас учирсан сэтгэл санааны хохиролд 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж, хариуцагч гэм буруугийн тухайд маргахгүй, нэхэмжлэгчээс өөрөөс нь гарсан баримтаар нотлогдох зардлыг төлөхөөс татгалзахгүй гэж тайлбарлаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * нь нэхэмжлэгчид 1,932,901 төгрөгийг төлсөн бөгөөд энэхүү төлбөр нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй тухайд талууд маргаагүй.
Хэрэгт авагдсан Таван толгой түлш ХХК-ийн Ж.* нь ажилладаг нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт, Таван толгой түлш ХХК-ийн *гийн цалингийн тооцоололын хүснэгт, Таван толгой түлш ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн * дугаартай *г Ажилд жинхлэн томилох тухай тушаал, Таван толгой түлш ХХк-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн * дугаартай *д чөлөө олгох тухай тушаал зэрэг баримтаар, ослоос хойших тодорхой хугацаанд хохирогч нь цалин хөлс орлогогүй байсан нь тогтоогдож байна.
Эрүүл мэндэд учирсан гэм хорыг гэм буруутай этгээд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 228.4, 505 дугаар зүйлд зааснаар хохирогчийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсанаас олох байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй, бөгөөд нэхэмжлэгч С.*гийн хохирлоо тооцон нэхэмжилсэн, нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг үнэлэн учирсан хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс олох ёстой байсан цалин орлогод 4,632,947 төгрөг гаргуулах шаардлага гаргаснаас шүүх хуралдааны явцад 422,730 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна.
Иймд нэхэмжлэлээс эм, тариа авсан 424,100 төгрөг, олох ёстой байсан цалин орлогод 4,210,217 төгрөг гаргуулах шаардлага нь нэхэмжлэгч *гийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчаас 4,634,317 төгрөг гаргуулах үндэслэлтэй.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч дурдсан хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан болох нь *гийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн *гийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Компьютерт томографийн шинжилгээний баримт,2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Компьютерт томографийн шинжилгээний баримт, *ийн *гийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Компьютерт томографийн оношлогооны баримт, Гранд мед эмнэлэгийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *гийн Тархины тодосгогс бодистой соронзон резонанст томографи дүрслэлийн шинжилгээний баримтуудаар тогтоогдсон болно.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2 дахь хэсгүүдэд эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй байх, сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгахаар заажээ.
Харин нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд баримтаар тогтоогдоогүй буюу уг ослоос шалтгаалан нэхэмжлэгчийн сэтгэцэд нөлөөлсөн, гэм хор учирсан нь нотлогдохгүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.
Иймд хариуцагч *аас эмчилгээний зардалд 424,100 төгрөг, олох ёстой байсан орлого цалин хөлс 4,210,217 төгрөг нийт 4,634,317 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *д олгож, нэхэмжлэлээс сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *аас 4,634,317 /дөрвөн сая зургаан зуун гучин дөрвөн мянга гурван зуун арван долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *д олгож, нэхэмжлэлээс 3,000,000 /гурван сая/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 89,099 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Т.БАТСҮХ
Г.НЯМСҮРЭН