Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/1023

 

 

С.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Төмөртулга,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/832 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б давж заалдах гомдол гаргасныг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2408015500801 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Х овгийн С-ийн Б ........ тоотод оршин суух,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/502 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/420 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Жавхлант төвийн Лорд бааранд иргэн Н.У-тай үл ялих зүйлээр шалтгаалан маргаж, баруун нүд рүү нь нэг удаа цохиж, шатны уруу түлхсэний улмаас эрүүл мэндэд нь “баруун хөмсөг шарх, баруун зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун ташаа, баруун бугуйд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овгийн С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргээс Хан-Уул дүүргийн хооронд чиглэлтэй зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.У нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдолдоо: “...2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө найзыгаа авахаар Лорд бааранд ороход иргэн У, найз Б нартай баарны үүдэнд таарсан. Иргэн У нь намайг шууд цохисон, дараа нь хоёул надруу дайрч, хэл амаар доромжилж байсан. Биеэ хамгаалах аргагүй нөхцөл байдалд орж иргэн У-г нүүрэн тус газар нь гараараа нэг удаа түлхэхэд шатны уруу унан хөмсөг нь сэтэрсэн. Өөрөөр миний зүгээс гар хүрч, зодсон зүйл байхгүй. Надтай үүдэнд таарахаас өмнө бааранд зодоон хийж хөөгдөөд гарч ирсэн байсан. Миний бие тухайн үед согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед миний өгсөн мэдүүлэг шүүх хуралдааны үед зөрүүтэй байсан. Үүнээс үүдэлтэйгээр шүүхээс надад өгсөн ялын хэмжээнд гомдолтой байгаа тул дахин хянаж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Т.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хувийн байдал, үйлдсэн хэргийн шинжид тохирсон ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.   

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Шүүгдэгч С.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

Шүүгдэгч С.Б нь согтуугаар 2024 оны 4 дүгаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Жавхлант төвийн Лорд бааранд иргэн Н.У-тай маргалдаж, улмаар түүний баруун нүд рүү нь нэг удаа цохиж, шатны уруу түлхсэний улмаас Н.У-ын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь:

СХДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасагт ирсэн дуудлагын хуудас: “намайг зодоод хамар хугалчихлаа” /хх-ийн 4/,

хохирогч Н.У-ын: “...Баарны 2 давхраас бууж байхад шатан дээр үл таних нэг эрэгтэй хүнтэй муудалцсан. Юунаас болж муудалцсан болохыг санахгүй байна. Жавхлант төвийн Лорд баарны шатан дээр үл таних эрэгтэй миний баруун нүд рүү нэг удаа хүчтэй цохисны улмаас миний баруун нүдний хөмсөг язарч, хавдсан. Харин бусад гэмтлийг шатны уруу унахдаа авсан байх...” /хх-ийн 8, 10/,

гэрч А.Б-ын: “...Би найз Н.У-ын хамт 2024 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жавхлант төв дотор байрлах Лорд бааранд үйлчлүүлж байгаад баар хаах үед гарахдаа баарны шатан дээр үл таних нэг залуутай маргалдсан. Тухайн үед нилээн согтсон байсан болохоор яг юунаас маргаан эхэлснийг сайн санахгүй байна. Манай найз Н.У-ыг тухайн үл таних эрэгтэй нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж, манай найз шатны уруу унасан. Тэгээд манай найз Н.У-ын баруун нүдний хөмсөг нь сэтэрсэн, цус гарсан байдалтай байсан. ...” /хх-ийн 15-16/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 5030 дугаар шинжээчийн дүгнэлт: “...1. Н.У-ын биед баруун хөмсөг шарх, баруун зовхи хамрын нуруунд чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбээнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх-ийн 16-17/,

С.Б-ий яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “... Би хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 94/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч С.Б нь хохирогч Н.У-ыг баруун нүд рүү нь нэг удаа цохиж, шатны уруу түлхсэний улмаас эрүүл мэндэд нь “баруун хөмсөг шарх, баруун зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун ташаа, баруун бугуйд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.  

Анхан шатны шүүхийн С.Б-ий үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангаж байх ёстой.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялуудаас зорчих эрхийг хязгаарлах ялыг С.Б-д сонгон оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт урьд 2 удаа ял шийтгүүлсэн хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгч С.Б-ий гаргасан ял хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

Харин анхан шатны шүүх уг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх бүсчлэлийг  “...Сонгинохайрхан дүүргээс Хан-Уул дүүргийн хооронд чиглэлтэй зорчих, ...” гэж ойлгомжгүй, хэт ерөнхийлөн зорчих эрх хязгаарлах ялын хүрээг тогтоосон байх тул шүүгдэгч С.Б-ий бүртгэлтэй, албан ёсны хаяг болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж үзэв.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж оршин суух газраас явахыг хориглохоор заасан.

Хэрэв С.Б-ий зорчих чиглэлийг зааж байгаа бол тодорхой чиглэлээр заалгүйгээр Хан-Уул, Сонгиохайрхан дүүргийн хэмжээгээр зорчих эрхтэй байдлаар заасан нь үндэслэлгүй. Түүнчлэн, С.Б нь Хан-Уул дүүргийн аль хороо, хэсэгт орших ямар газар ажилладаг талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна.

 Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/832 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргээс Хан-Уул дүүргийн хооронд чиглэлтэй зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарласугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-ийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-ий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

                                   ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ