| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/1145/З |
| Дугаар | 128/ШШ2026/0147 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2026/0147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хэсэгчлэн хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Т*******г ХХК,
Хариуцагч: Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Газрын тос, хийн улсын байцаагч Ц.Гт холбогдох эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудастай холбоотой маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ма, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Ц.Г /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1.Газрын тос, хийн улсын байцаагч Ч.Гийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудас нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Анх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн Боловсруулах үйлдвэрийн Техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцэх 2024 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн салбар хуралдааны гишүүдийн 100 хувийн саналаар[1] Т*******г ХХК-ийн захиалгаар А ХХК-ийн боловсруулсан Ашигласан тосноос дизелийн түлш болон дагалдах бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл-ийг засвартайгаар хүлээн авахаар шийдвэрлэжээ.
2.2. Улмаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр *******3 дугаартай "Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх түр зөвшөөрөл-ийг олгосноор Т*******г ХХК нь Улаанбаатар хот, Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах "На,арк ХК-тай холбогдох гэрээнүүдийг байгуулан паркийн газар дээр хаягдал моторын тос дахин боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр болсон.
2.3. Ингээд дээрх төсөл хэрэгжүүлэх явцад Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын улсын байцаагчийн баталсан 01/11 дугаартай[2] удирдамжийн хүрээнд аюултай хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхээр болоход үүнд гомдол гаргагч Т*******г ХХК хамрагджээ.
2.4.Тус хяналт шалгалтаар ...Т*******г ХХК нь түүхий эд болон ашигласан тос масло хадгалах сав, шугам хоолойг хөрс бохирдуулах нөхцөл бүрдүүлсэн ил задгай газар байршуулсан, үйлдвэрийн хаягдлыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөө үзүүлэхээргүй орчинд хадгалах, зайлуулах, устгах нөхцөлийг бүрдүүлээгүй нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг тус тус зөрчил байж болзошгүй гэж үзэн Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, Хяналт шалгалт хийх нийтлэг журмын 6.3.3 дахь хэсэгт заасны дагуу харьяаллын дагуу шалгуулахаар 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Харьяаллын дагуу гомдол, мэдээлэл шалгуулахаар хүргүүлэх тухай 11/4302 дугаартай албан бичгийг[3] Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хүргүүлжээ.
2.5. Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11/2477 дугаартай албан бичгээр[4] "Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хийсэн хяналт шалгалтаар ашигласан тос, масло дахин боловсруулж дизель түлш, мазут буюу газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль тогтоомжийг зөрчиж байгаа тул хяналт шалгалт хийлгэх тухай хүсэлт"-ийг Нийслэлийн Хяналт шалгалтын газарт хүргүүлсэн.
2.6. Харин Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11/2477 дугаартай албан хүсэлтийг ирүүлсний дагуу Нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Улсын ахлах байцаагч С.Э*******р-ын баталсан 2025 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 02-1******* дугаартай[5] удирдамжийн хүрээнд аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч Т*******г ХХК-ны ажилсан масло дахин боловсруулах үйл ажиллагаанд Нийслэлийн хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн Газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Ц.Г 2025 оны 09 сарын 12-ны өдөр хяналт шалгалт хийж, шалгалтын тэмдэглэл үйлдэн нэг хувийг шалгуулагч болох аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч Т*******г ХХК-нд гардуулан холбогдох ажиллагаа явуулж эхэлсэн.
2.7.Ингээд Нийслэлийн хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн Газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Ц.Г 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолыг Т*******г ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ад мэдэгдэхэд, гомдол гаргагчийн зүгээс дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч Нийслэлийн хяналт шалгалтын газар-т 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 25/100 дугаартай[6] Гомдол гаргах тухай, мөн Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар-т 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Гомдол гаргах тухай 25/101 дугаартай[7] гомдлыг тус тус гаргасан боловч хариу ирүүлээгүй байна.
2.8. Эрх бүхий албан тушаалтнаас 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Зөрчлийн хэрэг нээх тухай 2*******6 дугаартай тогтоолоор[8] зөрчлийн хэрэг үүсгэхэд Т*******г ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А дээрх зөрчлийн хэрэг үүсгэсэн тогтоолыг эс зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Прокурорын газар-т гомдол гаргахад Нийслэлийн Прокурорын газар-с 2025 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 1/3674 дугаартай[9] ...зөрчлийн хэрэг нээсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул таны гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв... гэх хариуг бичгээр өгчээ.
2.9.Улмаар Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн Газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Ц.Г зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу, прокурорын хяналтын дор хэрэгжүүлэх явцад эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд саад учруулсан хэмээн үзэж 2025 оны 12 сарын 09-ны өдөр Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 01 дугаартай[10] шийтгэлийн хуудсыг гомдол гаргагчид оногдуулсан.
2.10. Гомдол гаргагчийн зүгээс дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд гомдол гаргасныг тус шүүхийн шүүгч хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 128/ШЗ2025/8781 дугаар захирамжаар[11] захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэлдээ: ...Газрын тос, хийн улсын байцаагч Ч.Гийн 2025 оны 12 дугаар сарын 09- ний өдрийн 01 дугаартай "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" Шийтгэлийн хуудас нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус, үндэслэлгүй шийдвэр бөгөөд манай компани ногдуулсан шийтгэлд дурдсан Зөрчлийн тухай хуулийн 11.2 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д заасан зөрчлийг бид гаргаагүй байхад уг зөрчлийг гаргасан гэж 5 000 000 төгрөгөөр торгож байгаад гомдолтой байна. Учир нь манай компани улсын байцаагчийн шаардсанаар хяналт шалгалтыг хийлгэж, дуудсан цагт, шаардсан баримт бичгийг гарган өгч хамтран ажиллаад байхад хууль зүйн үндэслэлгүй шаардлага тавьж дахин хяналт шалгалт хийнэ гэж дарамталж эхэлсэн тул бид хуулийн дагуу гомдол гаргасан. Гэтэл биднийг улсын байцаагчийн шаардлага биелүүлээгүй, татгалзсан, зайлсхийсэн зөрчил гаргасан гэж торгуулийн арга хэмжээ авсан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.
Тодруулбал Манай компани Улаанбаатар хот, Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах "Наарк" ХК-тай холбогдох гэрээнүүдийг байгуулан паркийн газар дээр хаягдал моторын тос дахин боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр *******3 дугаартай "Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх түр зөвшөөрөл"-ийг авсан бөгөөд Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д зааснаар нэг жилийн хугацаатай түр зөвшөөрөл нь "...барилгын ажил эхэлснээс үйл ажиллагаа эхлүүлэх хүртэлх хугацааг хамраана." гэж заасан байх бөгөөд манай компани түр зөвшөөрөл авснаас хойш үйлдвэрлэлийн барилгын ажил, туршилтын үйл ажиллагаагаа явуулж байгаа ба үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаа албан ёсоор эхлээгүй байна.
Гэтэл 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Ч.Г нь Нийслэлийн хяналт шалгалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02-1******* дугаартай "Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай" хяналт шалгалтын удирдамжаар манай үйлдвэр дээр зөвхөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хүсэлтээр хяналт шалгалт хийж байгаа тухай хэлж 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хяналт шалгалтын тэмдэглэл үйлдэж, Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний хадгалалт, үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас бөглөж нэг хувийг бидэнд өгсөн бөгөөд шалгалтын тэмдэглэлдээ "... манай компанийг хог хаягдал дахин боловсруулах зөвшөөрөлтэй, дизель түлш үйлдвэрлэх зөвшөөрөлгүй, үйлдвэрийн талбайд зөвшөөрөгдөөгүй сав, тоног төхөөрөмж байрлуулсан гэж үзэж торгуулийн арга хэмжээ авна" гэсэн тул бид манай компанийг дизель үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй, зөвшөөрөлгүй сав, тоног төхөөрөмж байрлуулсан зөрчил гаргасан гэж үзсэнийг зөвшөөрөхгүй гэдгээ хэлээд үйлдвэр дээр байхгүй нэмэлт бичиг баримтыг нөхөж үзүүлнэ гээд хяналт шалгалт дууссан.
Хяналт шалгалт хийснээс хойш 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Ч.Г нь манай компанитай огт холбогдоогүй бөгөөд дутуу материалыг хэзээ, хэрхэн шалгах талаар бидэнд мэдэгдээгүй, хяналт шалгалт хийснээс хойш зөвхөн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр компанийн хуульч Б.Аын 8*******8 дугаарт залгаж "холбогдоно уу" гэсэн мессеж ирүүлсний дагуу холбогдоход "манай үйлдвэр дээр шалгалт хийсэнтэй холбоотой ямар, ямар баримт бичгийг хэзээ, хаана авч ирэхийг эргээд хэлнэ" гэж хэлээд салгасан боловч эргэж залгаж, мессеж бичээгүй тул 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б.А нь өөрийн холбогдсон 8*******8 дугаараас "Таныг хүлээж байгаа шүү" гэсэн утгатай мессеж илгээсний хариуд 9*******0 дугаараас "Маргааш Яармаг Хангарди Б блок 11 давхар 1107 тоотод Улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрчилгээ, галын дүгнэлт, итгэмжлэл, өөрийн баримт бичгийн хуулбар, өөр үйлдвэртэй холбоотой баримтууд"-ийг авч ир гэсэн мессеж ирүүлсэн бөгөөд тухайн өдөр компанийн хуульч Б.А нь хувийн шалтгаантай байсан тул шалтгаанаа хэлж уулзалтын цагийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өглөө 08-09 цагийн хооронд уулзахаар цаг товлосон бөгөөд тухайн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.А нь компаниас олгосон итгэмжлэлээр улсын байцаагч Ч.Гтай уулзаж байцаагчийн шаардсан компанийн холбогдох баримт бичгүүдийг өгсөн.
Дээрх баримтуудыг өгөхөд манай компаниас өөр баримт нэмж өгөх шаардлагатай эсэх талаар тодруулахад өөр баримт хэрэггүй гэж хэлсэн гэсэн бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 8 цагт дахин уулзахаар цаг товлож, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дахин уулзахад зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ хэлэхэд "...за тэгвэл шалгалтаар илэрсэн зөрчилд Зөрчлийн хэрэг нээж прокурорт танилцуулаад дахин холбогдоно одоо явж болно" гээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аыг явуулсан.
Улмаар Хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Г нь 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 09:32 цагт 9*******0 дугаараас компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аын 8*******8 дугаарт залгаж "Танай үйлдвэр дээр өнөөдөр очиж шалгалт хийнэ. Савны паспорт, үйлдвэрийн батлагдсан зургаа бэлэн байлаа." гэсэн бөгөөд гэнэт шалгалт хийхээр болсон талаар мэдэж "..манай үйлдвэр ажиллахгүй байгаа болохоор хүн байхгүй, таныг гэнэт хэлж байгаа болохоор өнөөдөр амжихгүй, үйлдвэр дээр очиж шалгуулах хүн байхгүй байна" гэж хэлсэн боловч "...яагаад намайг шалгалт хийнэ гэхээр амжихгүй гээд байдаг юм, Төрийн хяналт шалгалтыг хойш татаад байж болохгүй ир гэж хэл..." гээд уурлаж загнаж утсаа тасалсан бөгөөд миний бие учир байдлаа тайлбарлаж мессеж бичсэний хариуд "Маргааш ажлын байран дээрээ байлга, Зургийг талбай дээр үзэх ёстой" гэсэн мессеж ирүүлсэн.
Манай компани огт хяналт шалгалт хийлгэхгүй гэж байгаагүй, байцаагчийн шаардсан зүйлийг цаг тухай бүрд гарган өгч, үйлдвэр дээр шалгалтыг хийлгэсэн байхад цаг хугацааг нь хэтэрхий тулгасан шаардлага тавьж, албаар шаардлага биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэж, улмаар биднийг шаардлага биелүүлэхгүй байгаа мэт нөхцөл байдал үүсгэсэн.
Мөн дахин үйлдвэр дээр очиж шалгалт хийнэ гэсэн шаардлага нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсэг "Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй" гэснийг зөрчиж 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш 52 хоног өнгөрсөн байхад хууль бус шаардлага тавьж дахин хяналт шалгалт хийнэ гэж үндэслэлгүй шаардлага тавьсан тул бид Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.18-д "Улсын байцаагч хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахдаа хуульд заасан журам болон улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд шалгуулагч этгээд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй" гэж заасныг үндэслэн уг эрхээ эдэлж Нийслэлийн хяналт шалгалтын газар-т 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 25/100 дугаартай "Гомдол гаргах тухай", 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 25/101 дугаартай "Гомдол гаргах тухай" гомдлыг тус тус гаргасан бөгөөд өнөөдрийг байдлаар хариу ирүүлээгүй байна.
Дээрх болсон бодит нөхцөл байдлаас юу тодорхой байгаа гэхээр манай компанид зөрчлийн шийтгэл оногдуулсан үндэслэл буюу төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээ 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 08:00 цагт Яармаг дахь Нийслэлийн Хангарди цогцолбор Б блок 11 давхар Хяналт шалгалтын газрын 1107 тоотод хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн боловч ирээгүй, одоог хүртэл хяналт шалгалтад холбоотой баримт бичиг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан гэдэг нь баримтаар үгүйсгэж байгаа юм.
Улсын байцаагч манай компанид ямар ч мэдэгдэл хүргүүлж байгаагүй, хяналт шалгалт хийснээс хойш 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл манай компанитай болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, гүйцэтгэх захиралтай холбогдоогүй тухайн үед үйлдвэр дээр очиж хяналт шалгалт хийхдээ бидэнд мэдэгдэл ирүүлнэ, улмаар бид очиж уулзах ёстой гэж ойлгуулсан бөгөөд хаана, хэдэн цагт ир гэсэн зүйл хяналт шалгалтын тэмдэглэл дээр байхгүй байгаагаар нотлогдож байгаа билээ.
Мөн манай итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь Нийслэлийн прокурорын газарт 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Зөрчлийн хэрэг үүсгэсэн тогтоолд гомдол гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан болно.
Иймд хууль бусаар хяналт шалгалтыг дахин хийх шаардлага биелүүлээгүй, дуудсан цагт ирээгүй гэж үндэслэлгүйгээр Зөрчлийн тухай хуулийн хуулийн 11.2 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар зөрчлийн шийтгэл оногдуулсан Газрын тос, хийн улсын байцаагч Ч.Гийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" Шийтгэлийн хуудас нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2..Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ...Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Ч.Г миний бие 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Хяналт шалгалт хийлгэх тухай 11/2477 дугаартай албан хүсэлт ирүүлсний дагуу газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Ч.Г, Б.Алтанзул нар албан бичигт тухайлан нэр заасан 5 аж ахуйн нэгж байгууллагын холбогдох дугаар байршлын судалгааг гарган холбогдож, хяналт шалгалт хийх тухайгаа мэдэгдэн, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл Хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журмын хүрээнд шалгалтын үйл ажиллагааг явуулсан.
Хяналт шалгалтын газрын дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн улсын (ахлах) байцаагчид нь Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/654 дүгээр захирамжаар батлагдсан газрын дүрмийн 4.3.2-д. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн № 354 дугаартай шийдвэрээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж бусад акт, дүрэм, журам, норм, стандартуудын хэрэгжилтэд хяналт тавин ажилладаг. Иймд тухайн хяналт шалгалт нь дээд газраас ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуух хяналт шалгалт юм.
2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүрэг 3 хороо Барилгын материалын үйлдвэрийн паркт байрлах Т*******г ХХК-д тухайн компанийн гүйцэтгэх захирал Д.Э*******р, хуулийн зөвлөх Б.А, бичиг хэргийн ажилтан А.Ма нарыг байлцуулан батлагдсан удирдамжийн дагуу шалгалтын тэмдэглэл хөтөлж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны сайдын баталсан Газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас номер 6.9-аар хяналт шалгалт хийсэн. Шалгалт хийсний дараа манай газарт дахивар, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр нь дэд бүтцийн чиглэлд хамаарах эсэх талаарх мэдээлэл тайлбар авах тухай 25/95 дугаартай албан бичиг ирүүлсэн. Үүний хариуг 06/945 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газруудад хандаад байна. Шалгалтаар тус үйлдвэр нь Дизель түлш, АИ-92, хий боловсруулах ТЭЗҮ-тэй, ТЭЗҮ- ийн төслийн зөвлөх Б.Т*******р нь эцсийн бүтээгдэхүүн нь газрын тосны бүтээгдэхүүн юм.
Иймд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх болон технологийн байгууламж, техникийн ерөнхий шаардлага зэрэг хууль, дүрэм, журам, стандартуудыг ТЭЗҮ-д тусгаж өгсөн гэж дурдсан байдаг.
Үйлдвэрийг эрх бүхий байгууллагаар боловсруулж, улсын экспертизийн хяналт хийлгэсэн зураг төсөл, газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын савыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, паспортгүй, ажиллахгүй байгаа гэх боловч газрын тосны бүтээгдэхүүн болох мазут үйлдвэрлэсэн. Гарсан мазутаа зориулалтын бусаар хадгалсан. Үйлдвэрийн дотор хуучин хувцас, ор дэр гэх мэт эд хогшил хадгалсан, галын аюулгүй байдал хангаагүй, үйлдвэртэй холбоотой зураг, савны паспорт байгаа ажлын байранд аваачиж үзүүлнэ гэж шалгалтын тэмдэглэлийн шалгуулагч этгээдийн санал хүсэлтэд бичсэн боловч одоо хүртэл үзүүлж, шалгуулаагүй.
Улмаар илэрсэн зөрчилд арга хэмжээ авахаар дуудсан. Ингэхдээ холбогдох бичиг баримт шаардсан боловч нөхөж үзүүлэх бичиг баримтыг ирүүлээгүй. Мөн арга хэмжээ авахыг зөвшөөрөхгүй гэсэн. Үйлдвэрийн зургийг ажлын байранд авч ирэхийг шаардсан боловч үйлдвэр дээр хүн байхгүй, үзүүлэх боломжгүй, таны эсрэг гомдол гаргасан. Хариу иртэл зураг үзүүлэх боломжгүй гэсэн.
Иймд Төрийн хяналт шалгалтаас зайлсхийсэн, хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд төрийн хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйл Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчих заалтын дагуу 2*******6 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэн шийдвэрлэсэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв.Маргаан бүхий шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, гомдол гаргагчийн гомдлын шаардлага, түүний үндэслэл, түүнчлэн гомдол гаргагч, хариуцагчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж гомдол гаргагчаас хариуцагч улсын байцаагчид холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2.Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдлын шаардлагаа Газрын тос, хийн улсын байцаагч Ч.Гийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудас нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага гаргаж, гомдлын үндэслэлээ:
-улсын байцаагчийн шаардсанаар хяналт шалгалтыг хийлгэж, дуудсан цагт, шаардсан баримт бичгийг гаргаж өгч, хамтран ажилласан байхад... дахин хяналт шалгалт хийнэ гэж дарамталж... шаардлага биелүүлээгүй, татгалзсан, зайлсхийсэн зөрчил гаргасан гэж торгуулийн арга хэмжээ авсан,
-Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсэгт ... заасныг зөрчиж, 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш 52 хоног өнгөрсөн байхад хууль бус шаардлага тавьж дахин хяналт шалгалт хийнэ гэж үндэслэлгүй шаардлага тавьсан,
-Улсын байцаагч манай компанид ямар ч мэдэгдэл хүргүүлээгүй, хяналт шалгалт хийснээс хойш 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл манай компанитай болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, гүйцэтгэх захиралтай холбогдоогүй гэж тус тус тайлбарлан маргасан.
4.3.Маргааны үйл баримтаас үзэхэд хариуцагч улсын байцаагч нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 11/4302 тоот албан бичиг[12], Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11/2477 тоот албан бичгээр[13] тус тус ирүүлсэн гомдол, мэдээлэл, Нийслэлийн Хяналт шалгалтын газрын 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 02-1******* дугаар Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн[14] дагуу гомдол гаргагч Т*******г ХХК-ийн Улаанбаатар хот, Налайх дүүрэгт явуулж буй үйл ажиллагаа нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль тогтоомжийг зөрчсөн эсэх талаар хяналт шалгалтыг хийсэн.
4.4.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад хяналт шалгалтын арга, хэлбэр" гэж тухайн хяналт шалгалтад хамаарах баримт бичгийг хянан үзэх, шалгуулагч этгээдийн үйл ажиллагаагаа явуулдаг нутаг дэвсгэр, байр, барилга байгууламж, өрөө тасалгаа, тоног төхөөрөмж, бусад объект, тээврийн хэрэгсэл, ачаа бараанд үзлэг хийх, бүтээгдэхүүн болон тухайн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны орчноос дээж авч шинжлэх, турших, учирсан хор хохирол болон гаргасан зөрчлийн хоорондох уялдаа холбоог тогтоох зорилгоор шинжилгээ явуулах зэрэг хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагын албан тушаалтан, түүнчлэн хууль тогтоомжид заасан журмын дагуу хяналт шалгалтад татагдан оролцож байгаа шинжээч, шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг гэж,
Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дүгээр зүйлд Хяналт шалгалтыг салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ, 10.9 дүгээр зүйлд Улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 10.9.2 дахь заалтад хяналт шалгалт хийх объектод саадгүй нэвтрэн орох, 10.9.4 дэх заалтад хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах, 10.9.8 дахь заалтад хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэж тус тус заасан.
4.5.Хариуцагч улсын байцаагчийн зүгээс хуульд заасан дээрх нийтлэг эрхийн хүрээнд гомдол гаргагчаас Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 11.1 дэх хэсэгт Газрын тосны бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан зориулалтын агуулах, саванд хадгална, 11.2 дахь хэсэгт Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах агуулах эзэмшигч хуулийн этгээд дор дурдсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй, 11.2.3 дахь заалтад эрх бүхий мэргэжлийн байгууллагаар боловсруулж, улсын экспертизийн хяналт хийлгэсэн зураг, төслийн дагуу барьсан байх, газар эзэмших зөвшөөрөлтэй байх гэж тус тус заасан баримт бичгүүдийг Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрх, үүргийн хүрээнд шаардаж улмаар гомдол гаргагчийн үйл ажиллагааг явуулж буй объектод үзлэг хийхээр шийдвэрлэсэн байдаг.
4.6.Улмаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11/2477 тоот албан бичгээр ирүүлсэн зөрчлийн мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулж, 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 3-р хороо, Налайхын барилгын материал үйлдвэрлэл,арк-д байрлах Т*******г ХХК-д хяналт шалгалт явуулж, 0*******9 дугаар бүхий шалгалтын тэмдэглэлийг[15] үйлдсэн.
4.7.Тухайн тэмдэглэлд ...Галын аюулгүй байдлын норм стандарт хангаагүй... гэж тусгасан байх бөгөөд зөрчилд шалгагдагч этгээдийн зүгээс ...Үйлдвэрийн байранд байхгүй бичиг баримтуудыг ажлын байранд дахин шалгуулах болно. Юу шалгах гэж байсан нь тодорхойгүй байсан тул бэлтгэл хангаагүй байсан... гэх санал, тайлбарыг өгсөн нь хяналт шалгалтын тэмдэглэлд[16] тусгагджээ.
4.8. Түүнчлэн хариуцагч улсын байцаагчийн зүгээс дээрх тайлбарын дагуу 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Атай холбогдож, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргагчийг ямар баримтын хамт, хэдэн цагт, хаана ирэх талаар харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдэж, 2025 оны 11 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд гомдол гаргагчийн үйл ажиллагаа эрхэлж буй үйлдвэрт үзлэг хийх тухай тус тус мэдэгдэж байсан нь тус захиргааны хэргийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны явцад хийсэн үзлэгээр[17] тогтоогдсон бөгөөд энэ талаарх баримт хэрэгт хавсарган, бэхэжсэн, уг үйл баримтаар гомдол гаргагчийн ...ямар ч мэдэгдэл хүргүүлээгүй... итгэмжлэгдсэн төлөөлөгч, гүйцэтгэх захиралтай холбогдоогүй... гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
4.9.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт холбогдогч дараахь үүрэгтэй, 3.1 дэх заалтад эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх, 3.2 дахь заалтад эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх гэж тус тус заасан.
4.10.Өөрөөр хэлбэл зөрчилд холбогдогч буюу гомдол гаргагч холбогдох Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хариуцагч улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэх, шаардсан нотлох баримтыг тогтоосон хугацаанд гарган өгөх, эрх бүхий албан тушаалтын дуудсан цагт хүрэлцэн ирэх үргийг хүлээнэ.
4.11.Дээрхээс үзэхэд хариуцагч улсын байцаагчийн зүгээс хуулиар олгогдсон эрх бүхий албан тушаалтны эрхээ хэрэгжүүлэх, зөрчилд холбогдогчийн хуулиар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх үйл ажиллагааны явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэлийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үйлдэж, тэмдэглэлд[18] ...эрх бүхий байгууллагаар боловсруулж, улсын экспертизийн хяналт хийлгэсэн зураг,төсөл, газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын савыг улсын бүртгэлд бүртгүүлсэн паспорт зэрэг баримт бичгийг ажлын байранд байгаагүй, нөхөж үзүүлэхийг шаардсан ч үзүүлэхгүй байгаа... талаар тусгаж, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолоор 2*******6 дугаар бүхий зөрчлийн хэргийг гомдол гаргагч Т*******г ХХК-д холбогдуулан үүсгэсэн[19], улмаар 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд төрийн хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг, 2.1 дүгээр зүйл гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, 2.4 дүгээр зүйл зайлсхийсэн гэх үндэслэлээр 5,000,000 төгрөгийн торгууль оногдуулсан[20] нь зүйд нийцсэн байх ба маргаан бүхий шийтгэлийн хуудас нь үндэслэл бүхий болжээ.
4.12. Энэ нь эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагчийн төлөвлөгөөт бус хяналт шалгалттай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй, хуулиар олгосон эрх хэмжээгээ хэрэгжүүлэх үйлдэл буюу хяналт шалгалтын үзлэг хийх, нотлох баримт цуглуулах, шаардах үйл ажиллагаанд нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол гаргасан... үйлдвэрт хүн байхгүй гэх нэрийдлээр саад учруулсан, хяналт шалгалтад шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөөгүй, үзлэг хийх боломжоор хангаагүй, хариуцагч улсын байцаагчийн зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй гомдол гаргагчийн үйлдэл өөрөө холбогдох хууль болон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл тул түүнд шийтгэл оногдуулах замаар шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
4.13.Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагч Т*******г ХХК-иас хариуцагч Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Газрын тос, хийн улсын байцаагч Ч.Гт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг, 11.2.3 дахь заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон гомдол гаргагч Т*******г ХХК-иас Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Газрын тос, хийн улсын байцаагч Ц.Гт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 /тав/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР