Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00213

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00213

 

 

 

Д.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2021/03742 дугаартай шийдвэртэй

НэхэмжлэгчД.Б-ыннэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Ц-тхолбогдох

 

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн аман хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 521,381,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Бтүүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, хариуцагч Б.Ц түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн, нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.НэхэмжлэгчД.Б-ын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие Б.Ц 2012 оноос 2020 он хүртэл хамтран амьдарч, хоёр охинтой болсон. Бид хамтын амьдралтай байх хугацаандаа гэрлэлтээ бүртгүүлээгүй. Би хөөсөнцөр сэндвичний үйлдвэр ажиллуулан, гэр бүлээ тэжээн тэтгэж ирсэн. Олсон орлогоо хадгалахаар Төрийн банк ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Тусгай нөхцөлт хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж ***** дугаар хадгаламжийн данс нээлгэн дансандаа 536,381,959 төгрөг хадгалсан. Дээрх мөнгийг өөрийн орлогоор бүрдүүлсэн болох нь дансны гүйлгээ болон бусад баримтаар нотлогдох тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар би **** дансны хууль ёсны эзэмшигч гэж үзэж байна.

Хариуцагч Б.Цнь би хүүхдүүдийн чинь эх учраас данс дахь мөнгийг хянаж байя гэсэн тул 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн банк ХХК-д ***** дугаар дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлт гаргаж, түүнийг хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн. Харин би түүнд захиран зарцуулах эрхийг шилжүүлээгүй болно.

2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хадгаламжийн хугацаа дууссан тул би хугацаа сунгахаар хүсэлт гаргахад мөн оны 07 дугаар сарын 24-ний өдөр миний зөвшөөрөлгүй хугацаатай хадгаламжийн гэрээг цуцалж, дансан дахь бүх мөнгийг Б.Цнь мөн сарын 21-ний өдөр өөрийн ***** дугаар данс руу шилжүүлж авсан байсан. Хариуцагчийн дээрх үйлдэл нь урьдаас төлөвлөсөн гэж үзэж байна.

Тодруулбал, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр намайг гэртээ орж ирэхэд Б.Цнь худлаа уйлж, хашгирч цагдаа дуудаж баривчлуулсан. Цагдаагийн албан хаагчид бодит байдлыг тайлбарлан хэлсээр байхад намайг 300,000 төгрөгөөр торгож, төлбөрийг Б.Ц төлсөн байдаг. Түүнчлэн хариуцагч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн мөн оны 08 дугаар сарын 27-ны өдөр надтай хамтын амьдралтай болохыг тогтоолгосон шийдвэр гаргуулсан байсан байдаг.

Иймд хариуцагч хууран мэхэлж миний эзэмшлийн****  дугаар дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлэхээр тохирсон талуудын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн аман хэлцлийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулж, хариуцагч Б.Цэен-Ойдовоос үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 521,381,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б.Ц тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Би Д.Б 2008 оноос хамтран амьдарч, бидний дундаас охин Б.М, Б.А нар төрсөн. Бид 12 жил хамтран амьдарсан бөгөөд энэ хугацаанд миний бие гэр бүлийн гишүүний эрх үүргээ биелүүлэн хоёр охиноо эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлж, Д.Б ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангасан. Иймд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх зүйлд зааснаар би гэр бүлийн гишүүний хувьд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж өмч хөрөнгөө өсгөн арвижуулахын тулд өөрийн хүч хөдөлмөр, сэтгэлээ зориулсан.

Нэхэмжлэгч Д.Бнь Төрийн банк ХХК-ийн ***** дугаар дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлтийг өөрөө гаргасан байдаг. Түүнээс надад хүнийг хууран мэхэлсэн зүйл байхгүй. Бид хамтын амьдралтай байх хугацаанд орон сууцгүй байсан тул хоёр хүүхдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор 521,381,000 төгрөгийг авч орон сууц худалдан авсан.

Мөн нэхэмжлэгчтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгоход тэрээр н.Болорцэцэг гэдэг хүнтэй гэрлэлтээ батлуулсан байсан. Энэ талаар Д.Б тодруулахад Бүгд Найрамдах Солонгос улсын визэд орох зорилгоор батлуулсан гэж тайлбарладаг. Өнгөрсөн хугацаанд ар гэрийн асуудлыг би ганцаараа хариуцаж, санхүүг Д.Баттулга хариуцаж байсан ч хангалттай байгаагүй. Бие сэтгэлийн хувьд цаг хугацаа их зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ц-т холбогдуулан гаргасан Төрийн банкны чулуун овоо салбар дахь өөрийн эзэмшлийн ***** тоот дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлэхээр тохирсон 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн аман хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийг ашиглан үндэслэлгүйгээр олж авсан 521,381,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчД.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,835,055 төгрөгийг улсын орлогод хэвээр шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Шүүх Б.Ц Д.Бхамтын амьдралтай байсныг тогтоосон шүүхийн шийдвэр болон Төрийн банк ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 20/101 дугаар албан бичгийг үндэслэн хамтран эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр орлого зарлагын гүйлгээ хийх эрхийг Б.Ц-толгосон нь Д.Баттулгыг хууран мэхэлсэн нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч нь хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлт гаргаагүй гэж тайлбарладаг боловч Төрийн банк ХХК-д 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ***** дугаар дансанд хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлтийн маягтад Б.Цнь давхар гарын үсэг зурсан байх тул түүний тайлбар няцаагдаж байна.

Хэргийн 11 дэх талд авагдсан дансанд хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлтийн маягтын 4 дэх заалтыг үндсэн данс эзэмшигч нь Д.Баттулга зөвшөөрсөн эсэх, гарын үсэг зурж баталгаажуулаагүй талаар дүгнэлт хийгээгүй. Шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг нотолж буй гол баримтад бус, мөнгө шилжүүлсэн үйл баримтын талаар дүгнэсэн нь дутагдалтай байна.

Мөн дансанд байгаа мөнгөн хөрөнгө хэний өмч болох, уг мөнгийг Д.Баттулга шаардах эрхтэй эсэх, Б.Цдээрх мөнгөний шударга эзэмшигч, өмчлөгч мөн эсэх түүнийг дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлснийг өмчлөгч гэж үзэх үндэслэлтэйгээс Д.Баттулга Иргэний хуулийн 96 дугаар зүйлд зааснаар эзэмшлээс татгалзсан эсэх, уг мөнгөн хөрөнгийг хэлцлээр хууль ёсоор хамтран өмчлөх эрх зүйн үндэслэл Б.Ц-түүссэн эсэх, Б.Цнь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж Д.Баттулгад хохирол учруулсан үндэслэл байгаа эсэх зэрэг нөхцөл байдлуудад дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гомдлыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хуурч мэхэлсэн гэх агуулгаар тайлбарладаг. Хууран мэхлэгдсэн хэлцэл гэж үзвэл худал зүйлийг бодитой үнэн мэтээр итгүүлсэн идэвхтэй үйлдэл хийсэн байхыг шаарддаг. Б.Ц Д.Б нар нь Төрийн банк ХХК-д хамтдаа хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн болохоос хууран мэхэлж хэлцэл хийгээгүй. Хэргийн баримтаар авсан мөнгөний захиран зарцуулалт нь тодорхой тогтоогддог. Б.Цөөртөө авсан зүйл байхгүй. Хүүхдүүдийн нэр дээр хадгаламж нээсэн. Мөн орон сууц худалдаж авсан. Шүүх хамтын амьдралтай байсныг тогтоосон. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн. Мөн нотлох баримт шаардлага хангаагүй гэж үндэслэлгүй бөгөөд шаардлага хангасан баримтыг шүүхэд гаргаж өгөх нь нэхэмжлэгч талын үүрэг юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэх нь буцаав.

1.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Ц-тхолбогдуулан гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн аман хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 521,381,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хадгаламжийн дансны гүйлгээг хянах зорилгоор хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлт гаргасны дагуу би банкинд хүсэлт гаргаж, хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн, ... орлого, зарлагын гүйлгээ хийх, гэрээ цуцлах, өөрчлөх, хадгаламжийн мөнгөн хөрөнгийг өөртөө шилжүүлж авах, захиран зарцуулах эрхийг олгоогүй байхад өмчлөгчийн зөвшөөрөлгүй хадгаламжийн гэрээг цуцалж, мөнгөн хөрөнгийг өөртөө шилжүүлж авсан байна гэж тайлбарлан Тусгай нөхцөлт хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ, Төрийн банк дах дансны хуулга, Дансанд хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлтийн маягт зэрэг бичгийн баримтуудыг нотлох баримтаар шүүхэд гарган өгсөн байна.

2.Хариуцагч тал бидний хүсэл зоригоор дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн, хамтран эзэмшигчийн хувьд надад эрх байсан учир мөнгийг шилжүүлэн авсан, хууран мэхэлсэн үйлдэл хийгээгүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

3.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Тодруулбал, 1 дэх хавтаст хэргийн 11 дэх талд авагдсан Дансанд хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлтийн маягт нэртэй бичгийн нотлох баримт нь 7 хэсэг бүхий бүрдүүлбэрт гарын үсэг зурж баталгаажуулахаар хэвлэгджээ. Маягтын 4.хамтран эзэмшигч бүртгэх зөвшөөрөл хэсэгт ... аль ч данс эзэмшигч нь нөгөө хамтран эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр орлого, зарлагын гүйлгээ хийх, банкны бүтээгдэхүүн үйлчилгаа авах, солих, ... гэрээ цуцлах, данс хаах зэргээр адил тэгш эрх эдлэхийг зөвшөөрч байна гэх агуулга бичигдсэн байх ба Хүлээн зөвшөөрсөн данс эзэмшигч гэсэн хэсэгт гарын үсэг зурагдаагүй байна. /1хх-11/

Мөн маягтын 5.Хамтран эзэмшигчийн мэдээлэл хэсэгт Б.Цэен-Ойдовын нэр, регистрын дугаар бичигдсэн, 6.Данс эзэмшигчийн баталгаа, 7.Хамтран эзэмшигчийн баталгаа хэсэгт ямар нэгэн тэмдэглэл хийгдээгүй, төгсгөлийн хэсэгт Хүсэлт гаргасан гэх хэсэгт нэхэмжлэгч, хариуцагч нар болон Төрийн банкийг төлөөлж банкны ажилтан тус тус гарын үсгээ зуржээ. /1хх-11/

Дээрх баримтаас үзвэл, маягтын хэсэг тус бүрт данс эзэмшигч гарын үсэг зурснаар зөвшөөрөл олгогдсон гэж үзэх эсэх нь тодорхой бус, энэ талаар анхан шатны шүүх талуудыг мэтгэлцүүлээгүй атлаа Төрийн банк ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 20/101 дугаартай албан бичгийг үнэлж, хариуцагч Д.Бнь хариуцагч Б.Ц-тэрх олгосон гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна.

4.Түүнчлэн тус хэргийг шийдвэрлэснээр Төрийн банк ХХК-ийн эрх ашиг хөндөгдөх эсэхийг тодруулж, холбогдох ажиллагаа явуулаагүй байна.

5.Мөн 1 дэх хавтаст хэргийн 226 дах талд авагдсан бичгийн нотлох баримт уншигдахгүй, гаргац муутай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

6.Нөгөөтэйгүүр, хариуцагч тал шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг хэрхэн байршуулсан нь маргааны зүйлд хамааралгүй байхад анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2021/03742 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,835,055 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД