Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/1024

 

 

 

Х.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор С.Батгэрэл,

шүүгдэгч Х.А өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/876 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.А, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Х.А-д холбогдох эрүүгийн 2308027100921 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Б овгийн Х-ийн А ........ тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/962 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 2024/ШЦТ/412 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 12:00 цагийн үед Д дүүргийн ... дүгээр хороо, Толгойтын ..... дүгээр гудамжны ... тоотод байх өөрийн гэртээ хохирогч Г.М-ийн Редми нөүт 8 болон Айфоне 13 про макс загварын гар утаснуудыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, түүнчлэн “чи манайд бөөлжсөн” гэх шалтгаанаар зодож биед нь нуруунд шарх, нуруу, хүзүү, зүүн мөр, баруун, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугалга, хэвлийд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Х.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.     

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 412 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял буюу 66 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Х.А биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 5 сар 66 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагА-д эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Агаас 3,005,000 төгрөг гаргуулан хохирогч Г.М-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.А, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нар нь давж заалдах гомдолдоо: “...Х.А нь Г.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ маргаагүй. Харин Г.М-ийн эрхэд халдаж эд зүйлийг нь өөрийн эзэмшилд хүчээр аваагүй. Хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...би өвдөлтөөс айдаг, цохиж зодохоор нь эхлээд мөнгө өгье гэсэн, дараагаар нь гар утсаа орхиод явсан...” гэж мэдүүлдэг. Х.А-гийнд дарж унагах ширээ байхгүй, манайх ширээгүй гэдэг.

Тухайн хэрэг болох үед хамтран амьдрагч Т байсныг хохирогч Г.М нотолдог. Хэрэгт ач холбогдол, хамааралтай нотолбол зохих зүйлийг шалган тогтоогоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2, 14 дэх хэсэг, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтА-д заасныг тус тус зөрчсөн байх тул нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.  

Шүүгдэгч Х.А өмгөөлөгч Ч.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.А нь Г.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ маргаагүй. Харин Г.М-ийн эрхэд халдаж эд зүйлийг нь өөрийн эзэмшилд хүчээр аваагүй. Хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Би өвдөлтөөс айдаг, зохиж зодохоор нь эхлээд мөнгө өгье гэсэн, дараагаар нь гар утсаа орхиод явсан” гэж мэдүүлдэг. Х.А-гийнд дарж унагах ширээ байхгүй, манайх ширээгүй гэдэг. Тухайн хэрэг болох үед хамтран амьдрагч Т байсныг хохирогч Г.М нотолдог. Хэрэгт ач холбогдол, хамааралтай нотолбол зохих зүйлийг шалган тогтоогоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1,2, 14 дэх хэсэг, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтА-д заасныг тус тус зөрчсөн байх тул нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. Гэмт хэрэг гарах үед хамт байсан хамтран амьдрагчийнх нь хувийн байдлыг тогтоогоогүй. Хамтран амьдрагч Т гэгч нь архины хамааралтай, хА-дам эхийгээ зодсон хэргээр баривчилгаанд явж байсан. Миний үйлчлүүлэгчийн эх мэдүүлэхдээ “Манай хамгийн бага хүүхэд юм, удаа дараа гэмт хэрэгт холбогдсон, гэхдээ хулгай хийхгүй, тухайн эмэгтэй байнгын архины хамааралтай, би хүүгээ аваачиж манааны ажил хийлгээд цалин мөнгө авч байсан, торгох ялын үлдэгдлийг биелүүлэх гэтэл өвчин зовлон гараА-д биелүүлж чА-даагүй, гар утастай болгоод явуулахА-д утасгүй болоод ирдэг. Яасныг нь асуухаар нөгөө хүүхэн нь архинд тавьсан гэдэг. Энэ явдал удаа дараа болж байсан. ажилтай байхА-д нь дуудаА-д авч явдаг” гэх зэргээр ярьдаг. Хэрэг гарахА-д хамт байсан хүнээс байцаалт аваагүй, хэн болохыг нь тогтоогоогүй. Хэрэв хохирогч хоёр утастай байсан бол хаанаас, яаж авсан, гар утасны үнэлгээг үндэслэлгүйгээр хийсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Г.М “би тэр утсыг ажил хийж, ажлынхаа хөлсөнд авсан” гэж мэдүүлсэн байхА-д ямар ажил хийж, ямар хүнээс, ямар мөнгөний хэмжээнд авсныг нь шалгаагүй. Энэ талаар асууж тогтоосон бол гар утасны үнэлгээ зөв гарах байсан гэж үзэж байна. Өмнөх ялын хувьд, би анхан шатны шүүх хуралдаан зарлагдсаны дараа гэрээ байгуулж оролцсон учраас нотлох баримтуудыг нь бүрдүүлж чА-даагүй. Тухайн үед эцэг нь харваж, эх нь эмнэлэгт сахиж, торгууль тушаасан баримтаа олохгүй байгаа талаар манай үйлчлүүлэгчийн эгч хэлсэн. Торгох ялаас тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн. Нотлох баримт бүрэн хангагдаагүй, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хүнийг шалгаж тогтоогоогүй. Мөрдөгч шүүгдэгчийг 2-3 удаагийн ялтай учраас хийсэн байж таарна гэсэн хувийн сонирхлоор хандаж шүүхээр оруулсан. Иймд нотолбол зохих зүйлийг нотлон тогтоогоогүй учраас прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар маргадаггүй гэж байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирогчийн нуруунд үүссэн шарх гэмтлийг хохирогч нь хэзээ, яаж авсан талаар ярихгүй байна. Хохирогч, шүүгдэгч нар тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд хохирогч мэдүүлэхдээ “0,75 грамм “Тайга” нэртэй архи авч уусан. Дахин 0,75 граммын архи аваад ууж дуусаагүй байхдаа би тасраад унасан байсан. Нэг сэрсэн чинь ширээн дээр миний нуруугаар дараад гар утсаа гаргаад ир гээд цохиод байсан. Цохихыг нь болихтой зэрэгцээд би гарч гүйсэн. Тэгээд халаасандаа байсан гар утсаа өгсөн. Гэртээ очоод үзэхэд нуруунд хатгагдсан шарх байсан” гэдэг. Өмгөөлөгч гэрт нь ширээ байхгүй гэсэн зүйлийг ярьж байна. Шүүгдэгчийн мэдүүлэгт “Манай ширээний сөрдийсөн төмөрт нуруу нь хатгагдаж зүсэгдсэн байсан” хэмээн дурдагддаг. Дээрэмдэх гэмт хэргийг довтолгооноор үйлдсэн. Шүүгдэгч нь хохирогчийг гэрт бөөлжлөө гэх шалтгаанаар зодож цохисон гэдгээ хэлж нуруу руу нь 4-5 удаа цохисон байдаг. Шинжээч дүгнэлтээр олон тооны зулгаралт үүссэн, эдгээр зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, зөвхөн нуруунд үүссэн шарх нь хөнгөн зэрэгт хамаарна гэсэн. Гар утсыг мэргэжлийн шинжээч үнэлгээ гаргаж, танилцуулсан. Х.А мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн гар утсыг авсан, яаснаа санахгүй байна гэдгээ хэлж мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, шүүх хэргийн бодит байдалд нийцүүлж тогтоол гаргасан. Оногдуулсан ял шийтгэл үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Х.А нь согтуугаар 2023 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 12:00 цагийн үед Д дүүргийн ... дүгээр хороо, Толгойтын ..... дүгээр гудамжны ... тоотод байх өөрийн гэртээ “чи манайд бөөлжсөн” гэх шалтгаанаар Г.М-ийг зодож биед нь “...нуруунд шарх, нуруу, хүзүү, зүүн мөр, баруун, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугалга, хэвлийд зулгаралт бүхий гэмтэл...” үүсгэж зодсон, хүч хэрэглэн хохирогч Г.М-ийн Редми нөүт 8 болон Айфоне 13 про макс загварын гар утаснуудыг авсан болох нь:

цагдаагийн дуудлагын лавлагааны хуудас: “...Манай нөхөр зодуулаА-д, эд зүйлээ дээрэмдүүлээд ирсэн байна...” /хх-ийн 12/,

хохирогч Г.М-ийн: “...ууж дуусгаагүй байтал би тасарчихсан. Нэг сэрээд хартал А намайг ширээн дээр дарчихсан “утсаа өг” гээд байхаар нь би утсаа гаргаж өгсөн. А “чи манайд бөөлжсөн” гээд толгой болон нуруун тус газар руу цохиж өмсөж байгаа фодволкоор чинь бөөлжсийг чинь арчуулна гээд байхаар нь би цохихоо болихтой нь зэрэгцээд гэр рүүгээ зугтчихсан. А нь багын найз, сайн танина. А миний нуруун тус газар руу гараараа олон удаа цохисон. Хэдэн удаа цохисон гэдгийг санахгүй байна. Би Аг цохисон удаа байхгүй. Миний зүүн мөр хэсэгт хөндүүрлэн өвдөж байгаа. Харин зүүн далны хэсэгт үл мэдэгдэх зүйлээр хатгасан байсан. ...” /хх-ийн 17/,

гэрч П.П-ийн: “...гэртээ манай нөхөр болох Мөнх-Эрдэнэ архи уучихсан согтуу ирээд “би найз болох А-д зодуулаад, 2 гар утсаа дээрэмдүүлчихлээ” гэж хэлэхээр нь би нөхөртэйгөө ярилцаж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай нөхөр архи уучихсан согтуу байгаа ба зодуулсан байдалтай бие нь улайчихсан байгаа юм. А гэх залуутай ойр дотно найзлаад байдаггүй, гэхдээ 10 гаран жилийн өмнөөс л нэгнийгээ таньж мэддэг хааяа хамт архи уугаад байдаг. Манай нөхрийн Ай фоне 13, Рэдми ноте 8 маркийн 2 гар утас байхгүй байна...” /хх-ийн 19/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10469 дугаар шинжээчийн дүгнэлт: “...1. Г.М-ийн биед нуруунд шарх, нуруу, хүзүү, зүүн мөр, баруун, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугалга, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг дүрмийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. М-ийн биед учирсан нурууны шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин нуруу, хүзүү, зүүн мөр, баруун, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугалга, хэвлийд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх-ийн 22-23/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Ц-633 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Редми нөүт 8 маркийн гар утсыг 300,000 төгрөгөөр, Айфоне 13 про макс маркийн гар утсыг 2,700,000 төгрөгөөр, Мобиком сим картыг 5,000 төгрөг буюу нийт 3,005,000 төгрөгөөр...” /хх-ийн 27-28/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Х.А-гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 12:00 цагийн үед Д дүүргийн ... дүгээр хороо, Толгойтын ..... дүгээр гудамжны ... тоотод байх өөрийн гэртээ хохирогч Г.М-ийг хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь “нуруунд шарх, нуруу, хүзүү, зүүн мөр, баруун, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугалга, хэвлийд зулгаралт” бүхий гэмтэл учруулж, уг гэмтлийг шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан “хөнгөн” зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг,

улмаар хүч хэрэглэх явцдаа хохирогчийн эзэмшлийн Редми нөүт 8, Айфоне 13 про макс загварын гар утсуудыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан байна.

Шүүх Х.А-гийн хувийн байдал болон түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, шинж чанар, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, нөхцөл зэргийг нь харгалзан,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох”, “нийтэд тустай ажил хийлгэх”, “зорчих эрхийг хязгаарлах” зэрэг ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, гурван сарын хугацаагаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан санцкаас хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн Х.А-гийн биечлэн эдлэх ялыг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-д заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Иймд анхан шатны шүүхийн Х.А-гийн үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж хэргийг зүйлчилсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгч Х.А, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын хамтран гаргасан “...Х.А нь Г.М-ийн эрхэд халдаж эд зүйлийг нь өөрийн эзэмшилд хүчээр аваагүй, тухайн хэрэг гарах үед байсан гэрчийг асуугаагүй учир нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.     

Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал, давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гарган өгсөн торгох ялын тодорхой хэсгийг төлж барагдуулсан баримтуудыг харгалзан үзээд, шүүгдэгч Х.А-гийн урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 2024/ШЦТ/412 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлснийг Эрүүгийн хуулийн ерөннхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар энэ шийтгэх тогтоолоор шийтгэсэн 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж, энэ талаар өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Х.А шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 38 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/876 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 412 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял буюу 66 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Х.А биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 5 сар 66 хоногийн хугацаагаар тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.А-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 2024/ШЦТ/412 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгж тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялыг тус тус тусад нь эдлүүлсүгэй гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.А, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А шийтгэх тогтоолоос хойш цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магА-длалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

                                   ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ