Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 106

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн Т.Бид холбогдох 1830000000089 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн харьяат, 2000 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 2, эмээгийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т.Б / 

 

Холбогдсон хэргийн талаар/Прокурорын яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Т.Б нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Петровис ШТС-ын ойролцоо 2018 оны 04 дүгээр сарын 28-ны орой 21.00 цагийн орчимд иргэн Б.Хийг тамхи асууснаар өөдөөс хэгжүүрхлээ гэж зодож эрүүл мэндэд нь “дээд эрүүний үүдэн 1 шүдний булгаралт, буйлны цус хуралт, 1 шүдний сулралт, дээд уруулын дотор салстын шалбаралт, доод үүдэн 1 шүдний эмтрэлт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 04 сарын 28-ны өглөө сумаас аймагт ирсэн. Аймагт ирээд Агийнд байхад Б ирээд бид гурав гадуур гарахаар явсан. А Ч дэлгүүрийн хажууд суугаад үлдсэн. Б бид хоёр зам гарч байхад 2 хүүхэд зөрсөн. А тэр хоёр хүүхдээс тамхи асуучих гэсэн. Б эхэлж очоод тэр хоёр хүүхдээс тамхи асуухад том биетэй хүүхэд нь хэгжүүрхээд байсан. Жижиг биетэй хүүхэд нь Быг барьж байгаад том биетэй хүүхэд нь Быг цохих гэж байхаар нь би дундуур нь ороод том биетэй хүүхдийг нь цохисон. Цагдаа дуудна гээд намайг зуураад байхаар нь би цохисон. Хохирогчид эмчилгээний төлбөр гэж 3.500.000 төгрөг төлсөн. Би цэрэг татлагад орох гэж аймгийн төвд ирсэн байсан юм. Миний буруу... гэв. 

-  Т.Бийн яллагдагчаар өгсөн: А нь Д дэлгүүрээс гарч байгаа тэр хоёр хүүхдээс тамхи асуучих гэхээр нь Б бид хоёр тэр хоёр хүүхэд рүү очиж тамхи асуутал Х гэх тэр хүүхэд тамхи байхгүй гэж байсан. Х нь Бтай муудаж байтал Б нь Хийг нэг удаа цохих шиг болсон. Гэтэл хажууд нь байсан жижиг биетэй хүүхэд Быг хориод байтал Х нь Б руу дайраад байхаар нь би дундуур нь ороод Хийг нэг удаа уруул руу нь цохисон. Энэ үед Б зугтаад явчихсан. Харин би араас нь явах гэтэл намайг явуулахгүй зуураад байхаар нь тавиулчихаад зугтаасан. Гадаа харанхуй байсан болохоор сайн хараагүй ямар ч байсан уруулаас нь цус гарч над руу цус үсэрч байсан. Би Хийн уруул руу цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-23-24/, 

 

-  Хохирогч Б.Хийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн орчимд манай ээж намайг дулгүүр рүү ундаанд явуултал манай гэрийн ойролцоох дэлгүүр хаалттай байсан тул би Д дэлгүүр рүү явж ундаагаа авсан. Тэнд байрныхаа Мөнхтамир гэх хүүхэдтэй тааралдсан. Тэгээд бид хоёр дэлгүүрээс гараад Зүүнбүс худалдааны төвийн урд явган хүний замаар явж байтал замын нөгөө талаас 2 үл таних хүүхэд гарч ирсэн. Тамхи асуухаар нь би байхгүй гэтэл Б нь чи муухай хараад байгаа юм уу гэхээр нь би муухай хараагүй гэтэл Б нь найдах чинь ямар хэгжүүн бацаан бэ харанхуй газар руу дагуулаад ир гэхээр нь би яараад байна гэтэл Б нь миний зүүн шанаа руу цохих гэхээр нь бултсан юм. Гэтэл миний толгойны ар руу Б нь цохихоор нь эргээд хартал миний шүд рүү цохисон. Тэгээд тэр хоср хүүхэд зугтаагаад явчихсан. Б миний уруул руу цохиж миний үүдэн дээд 1 шүд унаж буйл орчимд цус хурж язарсан. Б миний хохирлыг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хохирлын мөнгө болох 3.500.000 төгрөгийг банкаар шилжүүлж барагдуулсан. Хохирлыг барагдуулсан болохоор одоо надад гомдол болон нэхэмжлэх зүйлгүй ... гэх мэдүүлэг/хх-08/,

 

-  Гэрч Г.Бын: Д дэлгүүрээс өндөр нам хоёр хүүхэд гараад иртэл А нь Б бил хоёрыг тэр хочр хүүхдээс тамхи асуучихаад ир гэхээр нь бид хоёр тэр хоёрыг амдаж очоод тамхи асуутал том биетэй хүүхэд нь байхгүй гэж байсан. Тэгээд би тэр том биетэй хүүхдийг нь чи хэгжүүрхээд байгаа юм уу гээд зүүн гараараа цохих гэтэл хажууд нь байсан жижиг биетэй хүүхэд ахаа болилдоо гээд намайг тэвэрхээр нь би солгой гараараа мөр эсхүл шанаа хэсэг рүү нь цохисон. Надад цохиулсан хүүхэд над руу дайраад гартаа барьж байсан юм аа жижиг биетэй хүүхдэд барьж байдаа гэж байтал Б хажуунаас нь жижиг биетэй хүүхдийн уруул руу нь цохиж байсан. Тэгээд би зах хөндлөн гараад гүйгээд явчихсан. Ард Б нөгөө хүүхэдтэй зууралдаад үлдсэн.Удалгүй араас А, Б нар ирсэн ... гэх мэдүүлэг /хх-11/,

 

-  Гэрч Б.Бын: 2018 оны 04 дүгээр сарын 28-ны орой манай хүү Х нь Д дэлгүүрээс гараад гэр рүүгээ явж байх замд нь зүүн бүс худалдааны төвийн Их-Урсгал зоогийн газрын үүдэнд үл таних хоёр хүн тамхи нэхээд зодоо үүдэн хоёр шүдийг нь унагаасан байна. Манай хүү зодсон гэх хоёр хүний царайг нь харвал таних байх. Одоогоор манай хүүгийн 2 шүд л унасан байна. Өөр шарх гэмтэл мэдэгдэхгүй байна ... гэх мэдүүлэг /хх-09/,

 

-  Гэрч Т.Агийн: Би ягаан 24-ийн орон сууцанд айлын хажуу өрөө түрээслэж амьдардаг юм. 2018 оны 04 дүгээр сарын 28-ны орой надтай нэг ангид сурч байсан Б нь цэрэгт явна гээд манай гэрт ирсэн. Харин орой 19 цагийн үед манай найз Б манайд хонохоор ирсэн. Тэгээд Б Б бид гурав гадуур хоол идэхээр гартал цайны газар хаалттай байхаар нь буцаад гэр рүүгээ явж байх замдаа Д дэлгүүрийн үүдээр өнгөртөл манай ангийн Мөнхтүвшингийн төрсөн дүү Мөнхтамир нь нэг танихгүй хүүхэдтэй цуг дотор нь харагдсан. Тэгээд би Ч дэлгүүрийн баруун талд үлдэж Б, Б хоёрыг дуудаж Даас гарч байгаа хоёр хүүхдээс тамхи асуучих. Би нэгийг нь таньдаг юм гэж хэлээд өөрөө цаашаа холдож явсан. Тэгээд Б нь буцаж гүйж ирээд зугтаарай гэхээр нь араас нь очсон. Харин Б нь 4-р бүрэн дунд сургуулийн баруун талаар гүйгээд явчихсан байсан. Би Б, Б хоёрыг тэр хоёр хүүхэдтэй маргалдаж зодолдсоныг огт хараагүй ... гэх мэдүүлэг /хх-13/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 241 дугаартай дүгнэлтэнд: 1. Б.Хийн биед дээд эрүүний үүдэн 1 шүд булгаралт, буйлны цус хуралт 1 шүдний суларалт, дээд уруулын доод салстын шалбаралт, доод эрүүний үүдэн 1 шүдний эмтрэл бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт 5 хувь тогтонги нөлөөлнө...гэжээ /хх-16/, 

 

- 2490 дугаартай Яаралтай тусламжийн хуудас /хх- 15/,

 

- Т.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-28/,

 

- Т.Бийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/,

 

- Хохирол нөхөн төлсөн тухай Хаан банкны орлогын мэдүүлэг 2018.05.08 /хх-04/,

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 54 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-38/ зэрэг болно. 

 

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно. 

 

  Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

  Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны орой 21.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Петровис ШТС-ын ойролцоо насанд хүрээгүй Б.Хийг “ тамхи асуухад өөдөөс хэгжүүрхлээ “ гэж зодож эрүүл мэндэд нь “дээд эрүүний үүдэн 1 шүдний булгаралт, буйлны цус хуралт, 1 шүдний сулралт, дээд уруулын дотор салстын шалбаралт, доод үүдэн 1 шүдний эмтрэлт бүхий ” хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бийн үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Х, гэрч Г.Б, Б.Б, Т.А нарын мэдүүлгүүд, 2018.04.28-ны өдрийн 2490 дугаартай Яаралтай тусламжийн хуудас, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.04.30-ны өдрийн 241 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь шүүгдэгч Т.Бийн,  хохирогч Б.Хийг “ тамхи асуухад хэгжүүрхлээ, найз Бтай зодолдлоо“ гэх ялимгүй зүйлээр шалтаглан зодсонтой холбоотой хийгээд Т.Б гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тодруулбал, тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийн нүүрэнд санаатай цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

         

Шүүгдэгч Т.Бийн, хохирогч Б.Хийн нүүрэнд цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл үндэстэй, шүүгдэгч, түүний өмгөөлөгч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Хд учирсан эмчилгээний зардалд 3.500.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн, хохирогч хохиролтой холбоотой нэхэмжлэл, гомдол гаргаагүй болно. 

            

 Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж дүгнэв. 

 Тухайлбал, энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Т.Бийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Б.Х гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэрэгт мэдүүлсэн ба шүүгдэгч түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон ялын талаар маргаагүй байна. 

        

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Т.Бийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Т.Бийн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Т.Бийн үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн, прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ. 

Т.Бийн эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа, түүний хөрөнгийн байдал, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулах 500.000 төгрөгөөр торгох ялыг нэг сард 100.000 төгрөгөөр тооцож 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтооно.

                   

Т.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдая.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан ялтан Т.Бид шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг нэг сард 100.000 төгрөгөөр тооцож 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Б шүүхээс оногдуулсан дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Ялтан Т.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

6. Ялтан Т.Бид шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН