| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2023/01334/И |
| Дугаар | 184/ШШ2023/04197 |
| Огноо | 2023-11-07 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2023/04197
| 2023 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 184/ШШ2023/04197 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Америкийн нэгдсэн улсын, * тоотод оршин суух, */-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, *т холбогдох
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *ийн төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1*4 дугаартай шүүгчийн захирамжаар * ХХК /РД:*/ болон * нараас 330,000,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 904,000 төгрөг тус тус гаргуулж * надад олгохоор шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх ажиллагаа явагдаж байсан юм. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч *133 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч* нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчиж 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр * дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хууль зүйн үндэслэлийн тухайд: 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан * дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйл Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх 27.1.3 шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасан бол түүнийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол гэх заалтыг үндэслэж гаргасан нь ойлгомжгүй хууль бус, үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл * дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглээгүй.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж байгаа болон дуусгавар болсон тухай төлбөр авагч * надад огт мэдэгдээгүй, итгэмжлэлгүй этгээдийг оролцуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон хууль зөрчсөн үйлдлийн тухайд:
Нэхэмжлэгч * би 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр *д шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч намайг төлөөлөх итгэмжлэлийг олгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т Итгэмжлэлд талууд эдлэх зарим эрхийг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно гэж заасны дагуу итгэмжлэлээрээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33,36,37 дугаар зүйлд заасан бүх эрхийг *д олгоогүй. Тодорхой төрлийн эрхийг нэрлэн зааж итгэмжлэлдээ тусгасан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн дуусгавар болсон нөхцөлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгах эрхийг олгосон. Энэ нь ч *д олгосон 0336 дугаартай итгэмжлэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33,36,37,38 дугаар зүйлийг бүхэлд нь дурдаагүй байгаагаас тодорхой харагдана. Гэтэл 226,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн дуусгавар болоогүй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас итгэмжлэгдсэн төлөөлөгч *гийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хууль бус байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа бол төлбөр төлөгч, төлбөр авагч гэсэн харилцааны дагуу явагддаг. Гэтэл төлбөр авагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрийн үнийн дүнг 50 хувиар багасгаж 50 хувиар багасан төлбөрөө аваагүй байхад нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь дуусгавар болж байгаа тухай төлбөр авагч надад мэдэгдээгүй. Энэ талаар төлбөр авагчаас тодруулсан тэмдэглэл, эрх үүрэг тайлбарласан баримт, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баталгаажуулсан хуудас байхгүй. Энэ ажиллагааг огт хийгээгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөрийн үлдэгдэл 226,000,000 төгрөг бодитоор төлөгдөөхгүй байхад төлбөр авагчид мэдэгдэлгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон хууль зөрчсөн үйлдлийн тухайд:
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс * ХХК болон * нараас 330,000,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 904,000 төгрөг тус тус гаргуулж * надад олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа * ХХК болон * нарт холбогдуулан явагдаж байсан. * миний итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр * дугаартай Харилцан тохиролцсон гэрээ-г зөвхөн нэг төлбөр төлөгч болох * ХХК-тай байгуулж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаалгажээ. Төлбөр төлөгч * нь * ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд өөртөө ногдох төлбөрийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж, зөвхөн компаниараа Харилцан тохиролцсон гэрээ гэх зүйлийг байгуулжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч *ын эд хөрөнгүүд битүүмжлэгдсэн байсан юм. Уг Харилцан тохиролцсон гэрээ-г байгуулах үед төлбөр авагчийн төлбөр төлөгч * ХХК болон * нараас авах нийт төлбөрийн үлдэгдэл 226,000,000 төгрөг байсан. Гэтэл Харилцан тохиролцсон гэрээ-ээр гэрээний 2.2-т төлбөрийн нийт үлдэгдэлийг нийт төлбөрийн 50 хувь буюу 113,000,000 төгрөгөөр тогтоон шийдвэр гүйцэтэх ажиллагааг дуусгавар болгох, гэрээний 2.2.1-т 113,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар төлбөр авагчид мэдэгдэлгүй тохиролцжээ. Энэхүү Харилцан тохиролцсон гэрээ хийгдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсноос хойш гэрээгээр тохиролцсон 113,000,000 төгрөгөөс нэг ч төгрөгийг төлбөр төлөгч нар төлөөгүй. Өөрөөр хэлбэл Харилцан тохиролцсон гэрээ нь бодитоор биелэгдэж төлбөр төлөгдөөгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч миний өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *д олгосон итгэмжлэлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн дуусгавар болсон нөхцөлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгах эрхийг олгосон. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч*, ахлах шийдвэр гүйцэтгэгч *нар нь 226,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэг ч төгрөг бодитоор төлөгдөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн дуусгавар болоогүй байхад *гийн хүсэлтийг үндэслэн дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн байна. Дээрх хууль зөрчсөн үйлдлийн талаарх гомдлоо *, Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.Оюунцэцэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга хурандаа О.Амарсанаа нарт гаргаж урьдчилан шийдвэрлүүлсэн. * болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03/2899 тоот, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *тоот, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *тоот, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03/157 тоот хариуг тус тус өгсөн. Иймд *т * ХХК болон * нараас * надад төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн * дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээхийг даалгаж өгнө үү.
*ийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн дуусгавар болгосон тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгах эрх олгосон. Төлбөр бүрэн төлснөөр дуусгавар болгох итгэмжлэл олгосон хэрвээ тийм байсан бол хаалгах гээд эрх өгөх байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, эрх олгосон бусад баримт бичгээр тодорхойлно гэж байгаа. Тодорхойлох албан тушаалтан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан байна. Итгэмжлэлээр төлөөлөгчийн бүрэн эрхийг тодорхойлохдоо *д олгосон итгэмжлэлийг албан тушаалтан хянаж үзээд энэ итгэмжлэлд 38.3-д заасан талуудын эдлэх зарим эрхийг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно гэдэг заалтыг албан тушаалтан хууль зүйн дүгнэлт хийх ёстой байсан. Манай үйлчлүүлэгчээс *д төлбөрийг төлбөрийн хэмжээнд багасгаж хэсэгчилж төлөхөөр бүрэн эрхийг олгоогүй, харин хугацаа, хөрөнгө дээр шилжүүлэх байдлаар л тохирсон. Төлбөрийг бүрэн төлөхөөс өмнө эвлэрэх итгэмжлэл олгоогүй байна. Мөн гэрээнд харилцан тохиолцсон гэх 60,000,000 төгрөг 53,000,000 төгрөгүүд *ийн дансанд аль нь ч ороогүй. Бид өмнөх анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчаас асууж байсан. Давж заалдах шатны шүүх болзол тавьж хийсэн хэлцэл байна. Энэ орсон уу ороогүй юу гэж асуудаг. Өнөөдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрхлэн явуулж байгаа хүмүүс өөрөө 60,000,000 төгрөг орсон үгүйг хянаж байх ёстой. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчээс энэ 60,000,000 төгрөг орсон уу гэж асуухад, мэдэхгүй, шийдвэр гүйцэтгэлийн материалд 60,0 сая болон 53,0 сая төгрөг төлсөн талаар баримт, материал байхгүй гэдэг. Гэрээ байгуулаад ирэхэд нь яаруу сандруу хэргийг түдгэлзүүлсэн байгаа юм. Бид мөн үүнийг тодруулж *гээс асуухад нэг ч төгрөг аваагүй гэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үеэр 60,000,000 төгрөгөө төллөө энийг хааж өгөөч гэж авч ирсэн зүйл байхгүй. Мөн хэргийн материалд ямар ч баримт байхгүй, хариуцагч хэрэв энэ талаар баримт байсан бол өнөөдөр хэргийн материалд гаргаад өгөх байсан. Гэтэл нэг ч баримт нэмж гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг 2023 оны 01 билүү 02 сард * төлөөлөгчөөрөө бус эгчээсээ сонссон. 2023 оны 02 сараас эхлэн шийдвэр гүйцэтгэх газарт энэ хэрэг хаагдсан талаар мэдээд удаа дараа хүсэлт гаргасан. Тэрнээс хойш *тэй холбогдох гэж удаа дараа холбогдсон. Шийдвэр гүйцэтгэх материалтай биднээс өмнө н.* гээд итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцсан байсан. Бидэнд авчирч өгсөн баримтад огт төлбөр төлөгдсөн баримт байгаагүй. Анхны шийдвэрээр төлөгдөх ёстой 330,000,000 төгрөгөөс 226,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. * үлдэгдэл 226,000,000 төгрөгөөс зөрүү төлбөрийг төлсөн төлөөгүй эсэх дээр аль аль тал маргахгүй байгаа учир баримтыг гаргаж өгөөгүй. Бид 226,000,000 төгрөгөө бүрэн авах сонирхолтой мөн эд хөрөнгөтэй этгээд н.*аас гаргуулах хүсэлтэй байсан. Гэтэл гол этгээдээс татгалзсан байсан. Талууд харилцан тохиролцсон байж болно. Гэхдээ хуульд заасан ажиллагаа хийж шүүхийн шийдвэр гүйцэтгэж байгаа хүмүүс хууль зөрчсөн бол түүнийг зөвтгөх ёстой гэж үзэж байгаа. Ямар нэгэн байдлаар Ламжав гэдэг хүнд давуу байдал олгочихоод байгаа нь шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар хориглосон. Хэрэв энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргээд н.* би *д төлбөрийг төлсөн гэх хариу өгвөл бид *гээс авах ийм нөхцөл байдалд хүрэх юм. Тэрнээс өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон нь хууль зөрчсөн асуудал яригдаж байгаа учир шүүхийн журмаар эрх ашгаа хамгаалуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1924 дугаар захирамжаар төлбөр төлөгч * ХХК болон * нараас 330,000,000 төгрөгийг гаргуулж *ид олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 19271661 дугаараар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *д олгосон эрхийн дагуу хүсэлт ирүүлснийг үндэслэн холбогдох Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасныг үндэслэн дуусгавар болгож байгааг талуудад танилцуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин гомдол санал гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгч тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолд 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалтыг үндэслэн дуусгавар болсон нь техникийн алдаа гаргасан боловч талууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т дууссан болохыг мэдэж байсан. Талуудын гаргасан 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн * дугаартай харилцан тохиролцсон гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Талуудын гаргасан гэрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд талуудын хүсэл сонирхолын дагуу гаргасан гэрээнд * оролцох шаардлагагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч *ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс *ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1*4 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн *дугаартай гүйцэтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн * дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай * дугаар тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай * дугаартай тогтоол, *оос *д олгосон итгэмжлэл, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн* дугаартай Харилцан тохиролцсон гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *дугаартай * хариу мэдэгдэх хуудас, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх албаны Иргэн П.*д гэх албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга хурандаа О.Амарсанаа гаргасан 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн *ийн итэмжлэгдсэн төлөөлөгч П.*гийн гаргасан гомдол, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн *оос П.*д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн.
Хариуцагчаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1*4 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн * дугаартай гүйцэтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн * дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай *дугаар тогтоол, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн *оос *д олгосон итгэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *гийн *т гаргасан хүсэлт, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 22-23 дугаартай Харилцан тохиролцсон гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн * дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуцагч *т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1*4 дугаартай шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 1.Нэхэмжлэгч *ийн нэхэмжлэлтэй, * ХХК, * нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 382,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч 52,000,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 330,000,000 төгрөгийг хариуцагч *, * ХХК нар нь 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй боловч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн *дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1173 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 19271661 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган эхлүүлсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч буюу нэхэмжлэгч *оос 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төлбөр авагчийг төлөөлөн оролцуулахаар *д 0336 дугаартай итгэмжлэлийг олгосон байна.
Уг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад буюу 2022 оны 08 сарын 24-ний өдөр Харилцан тохиролцсон гэрээ төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, төлбөр төлөгч * ХХК-ийг төлөөлж * нарын хооронд байгуулагдсан байна. Уг харилцан тохиролцсон гэрээгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлөгдөөгүй үлдсэн төлбөрийн үлдэгдэл 226,000,000 төгрөг, үүнээс төлбөрийн үлдэгдэлийн 50 хувь буюу 113,000,000 төгрөгөөр төлбөрийн үлдэгдлийг тооцохоор тогтоон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох, төлбөр төлөгч * ХХК, * нараас 113,000,000 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлэн өгөх нөхцөлтэйгээр байгуулсан байна. Мөн дээрх төлбөрийг төлөх хугацааг гэрээний 2.2.1-т 2022 оны 09 сарын 15-ны дотор 60,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд НШШГГ-т байгаа хэргийн материалыг хаах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, үлдэгдэл төлбөрийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны дотор 55,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэж тохиролцсон байна.
Дээрх * дугаартай, Харилцан тохиролцсон гэрээ-г үндэслэн төлбөр авагч *ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *т хандан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулсан тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож, гүйцэтгэх хуудас материалыг хааж өгнө үү гэх хүсэлтийг, мөн төлбөр төлөгч *аас адил агуулгатай хүсэлтийг бичгээр гаргасан байна. /хх-ийн 47/
Талуудын хүсэлтийг үндэслэн НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч* 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч нартай тус тус уулзалт хийж, талууд гэрээ байгуулж эвлэрч, харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр дуусгавар болгох хүсэлт гаргасныг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн дуусгавар болгож байгааг талуудад танилцуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин гомдол, санал гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгч тэмдэглэл үйлдэн баталгаажуулж, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр * дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гарсан байна. /хх-ийн 14, 48, 50/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.4 дэх хэсэгт төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаахаар зохицуулжээ.
Нэхэмжлэгч * *т холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн * дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг эс зөвшөөрч уг тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн дуусгавар болсон нөхцөлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгах эрх олгосон, харин эвлэрсэн үндэслэлээр дуусгавар болгох, эвлэрэх эрх олгоогүй, 330,000,000 төгрөг бүрэн төлөгдөөгүй, харилцан тохиролцсон гэрээгээр 50 хувь багасгасан гэх 113,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй байсан, мөн төлбөрт битүүмжлэгдсэн хөрөнгийн өмчлөгч иргэн * байсан, түүнийг төлбөр төлөгчөөс чөлөөлөөгүй, гэрээг зөвхөн 1 төлбөр төлөгч буюу * ХХК-тай байгуулж дуусгавар болгосон, төлбөрийн дүнг багасгаж байгааг төлбөр авагч *ид мэдэгдээгүй байхад дуусгавар болгосон нь шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэж тайлбарладаг.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...талууд харилцан тохиролцож гэрээ байгуулан, гэрээгээ нотариатаар гэрчлүүлэн ирүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтээ бичгээр гаргасныг үндэслэн дуусгавар болгосон..., ...ажиллагааг дуусгавар болгож байгааг талуудад танилцуулж, гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгч тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан... гэж тайлбарладаг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлдийн 29.1-д ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсхүл хэсэгчилэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаахаар заасан ба мөн зүйлийн 29.1.4-т төлбөр төлөгч, төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан бол ажиллагааг дуусгавар болгож хааж болохоор зохицуулжээ.
Уг хуулийн зохицуулалтаас үзвэл төлбөр төлөгч, төлбөр авагчтай эвлэрлийн гэрээ байгуулах замаар ажиллагааг дуусгавар болгох боломжтой боловч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан байх учиртай.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар төлбөр төлөгч гэдэг нь төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг хэлнэ.
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1*4 дугаартай шийдвэр, түүнийг үндэслэн бичигдсэн тус шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн *дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 1173 дугаар гүйцэтгэх хуудас буюу гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгчөөр * ХХК болон иргэн Т.* нар байна.
Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллгааны явцад 2022 оны 08 сарын 24-ний өдөр байгуулагдсан харилцан тохиролцсон гэрээ төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, төлбөр төлөгч * ХХК-ийг төлөөлж * нарын хооронд байгуулагдсан байна. Харилцан тохиролцсон гэрээний 2.2-т ...Төлбөр төлөгч * ХХК, *аас төлбөр авагч талд шилжүүлэх нийт төлбөр:113,000,000 гэж тохиролцсон байгаагаас үзэхэд төлбөр авагч нь төлбөр төлөгч иргэн *аас төлбөр гаргуулахаас татгалзаагүй гэж үзэхээр байна. Иймд дээрх гэрээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасан төлбөр төлөгч, төлбөр нар эвлэрсэн, гэрээ хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэх үндэслэлгүй болжээ.
Мөн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн * дугаартай, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ын үндэслэл болсон талуудын байгуулсан гэрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 60,000,000 төгрөг төлөгдсөн тохиолдолд дуусгавар болгохоор тохиролцсон байна. Төлбөр төлөгчөөс дээрх 60,000,000 төгрөгийн төлбөрийг төлбөр талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч буюу төлбөр авагчаас уг төлбөр төлөгдөөгүй гэх тайлбарыг гаргасныг хариуцагч үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Энэ нь шийдвэр гүйцэтгэгчийг дээрх талуудын 60,000,000 төгрөгийг төлөгдсөнөөс ажиллагааг дуусгавар болгох тухай тохиролцоо биелэгдсэн эсэхийг тодруулах, улсаар төлбөрийг төлүүлэх талаарх ажиллагааг хийгээгүй, мөн төлбөр төлөгч иргэн *ыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчийн хувьд эрх ашиг, сонирхол хөндөгдөх эсэхийг тодруулах, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, төлбөр төлөгч * ХХК-ийг төлөөлж * нарын хооронд байгуулагдсан харилцан тохиролцсон гэрээ-г үндэслэн ажиллагааг дуусгавар болгохдоо тэднээс төлбөр төлөгч иргэн *т холбогдох хэсгийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх тэдний хүсэл зоригийг тодруулах зэрэг хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэстэйгээс гадна хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байвал татгалзлаа нотолсон баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.
Шүүхээс талуудад нотлох баримт бүрдүүлж цуглуулах талаар бүхий л боломжит хугацааг олгосон бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул татгалзал нотлогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Төлбөр авагч * нь шүүхээс нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх алба, *т хандан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулах хүсэлт гаргасан, тус байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас ажиллагааг сэргээн явуулах боломжгүй талаар хариу мэдэгдэж байсан тухайд талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 18-21/
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр төлбөр төлөгч * ХХК, * нарт холбогдох 19271661 бүртгэлийн дугаартай, гүйцэтгэх баримт бичигт явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн * дугаартай, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг хариуцагч *т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.5 38.5.6, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн төлбөр төлөгч * ХХК, * нарт холбогдох * бүртгэлийн дугаартай, гүйцэтгэх баримт бичигт явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн * дугаартай, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг хариуцагч *т даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН