Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/1025

 

 

 

Б.Т, О.А, О.О,

Ж.А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

өсвөр насны шүүгдэгч Б.Т-ын хууль ёсны төлөөлөгч А.Т, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/771 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Б.Т, О.А, О.О, Ж.А нарт холбогдох эрүүгийн 2308020801455 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Ш овгийн Б.Т .........   тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/900 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан,

2. Ч овгийн О.О .......  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

3. А овгийн Ж.А  ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

4. Б овгийн О.А ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

1. Шүүгдэгч Б.Т нь:

- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2023 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цамбагаравын автобусны буудлын хойд талд “...тухайн үеийн маргаан, араас хөөлөө...” гэх шалтгаанаар дээрэмдэх санаа зорилгогүйгээр зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж, хохирогч Г.Б-ийн цээжин тус газар хутгаар нэг удаа дүрж эрүүл мэндэд нь цээжний баруун хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан, хүнд хохирол санаатай учруулсаны дараагаар хохирогч Г.Б-ийн эзэмшлийн “Iphone-7” загварын гар утсыг тухайн үед үүссэн шунахайн сэдэлтээр буюу хүч хэрэглэсний дараагаар бусдын эд зүйлийг илээр, ашиг олох зорилгоор авч бусдад 250,000 төгрөгийн хохирол учруулсан,

- гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, насанд хүрээгүй буюу 13 нас 9 сар 10 хоногтой О.М-тэй бүлэглэн

2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын сагсан бөмбөгийн талбайд тоглож байсан хохирогч Г.Ө-ын цүнх болон цүнхэнд дотор байсан Г.Ө-ын “Iphone X” загварын гар утас, “Noah” загварын машины түлхүүр зэргийг авч Г.Ө-т 775,000 төгрөгийн хохирол учруулсан, Х.М-ийн “Самсунг А-32” загварын гар утсыг авч насанд хүрээгүй хохирогч Х.М-д 450,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн өглөөний 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын сагсан бөмбөгийн талбай дээрээс Г.Ө-ы эзэмшлийн хар өнгийн цүнх, “Iphone ХR” загварын гар утсыг авч 650,000 төгрөгийн хохирол учруулсан,

- ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны сагсан бөмбөгийн талбайн сандал дээр байсан насанд хүрээгүй хохирогч Г.С-ийн эзэмшлийн “Samsung S10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 460,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Инно” нэртэй цахим тоглоомын газарт тоглож байсан Б.С-ын  цүнхнээс түүний “Iphone ХS Мах” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. өсвөр насны шүүгдэгч Б.Т, О.О, Ж.А, өсвөр насны шүүгдэгч О.А нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цамбагаравын автобусны буудлын хойд талд  “тухайн үеийн маргаан болон араас хөөлөө” гэх шалтгаанаар хохирогч Б.А-ийг цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун тохой, өвдөг, зүүн бугалга, өвөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,            О.О, О.А, Ж.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

прокуророос өсвөр насны шүүгдэгч Б.Т, О.А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

өсвөр насны шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил хорих, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн хорих ялын хугацааг 8 жилээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан 8 жил хорих ялыг хоёр дахин багасгаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Т нараас 459,875 төгрөгийг  гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хохирогч Г.С-д 460,000 төгрөг, хохирогч Б.А-д төгрөг, хохирогч Г.Ө-т 175,000 төгрөг, хохирогч Х.М-д 450,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Б-д 65,000 төгрөг, Б.Б-т 50,000 төгрөг тус тус олгож,

О.О, Ж.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ж.А, О.О, өсвөр насны шүүгдэгч О.А, түүний хууль ёсны төлөөлөгч А.О нараас тус бүр 64,475 (жаран дөрвөн мянга дөрвөн зуун далан тав) төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож,

хохирогч Г.Б, Б.А нар нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэмшиж байгаа болно. Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирол, хор уршгийг арилгах, иргэний нэхэмжлэлийг хангах талаар арга хэмжээ авч байгаа. Өсвөр насны шүүгдэгчийн эрх зүйн байдал болон эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгыг хангах үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, эдлэх ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Т-ын хууль ёсны төлөөлөгч А.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хүү хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Хэрэгт холбогдох үед нь би бага насны хүүхэдтэй, өвчтэй байсан тул байнга эмнэлгээр яваад анхаарал хандуулж чадаагүй. Одоо хүү маань бүх буруугаа ойлгож ухаарч байгаа тул хүүд маань нэг удаа боломж олгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь хохирол нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх байдаг бөгөөд энэ зүйл хангагдсан талаар өмгөөлөгч ярьж байна. Иргэний нэхэмжлэгч Б нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тайлбар бичиж гарын үсгээ зурсан байх ба үүнийг нотариатаар батлуулах боломжгүй байсан гэж байна. Шийтгэх тогтоолын 10 дахь заалтад хууль ёсны төлөөлөгч А.Т-т давхар үүрэг болгосон учраас А.Т нотариатаар батлуулах боломжтой байсан гэж үзэж байна. М-ийн хохирол 450,000 төгрөгийг Х гэх хүнд, Ө гэх хохирогчийн 175,000 төгрөгийг Г гэх хүнд шилжүүлснийг тодруулах шаардлагатай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 5-12 жилийн хорих ялын санкцитай. Үүнээс шүүх шүүгдэгчийн хувийн байдал, 16 настай, өсвөр насны хүүхэд зэргийг харгалзан үзэж хамгийн доод буюу 5 жилийн хорих, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан 2-8 жилийн хорих ялтай гэмт хэрэгт хамгийн доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 хохирогчийн асуудал яригддаг ба шүүх үүнд нь 1 жилийн хорих ял оногдуулсныг үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирлооо төлсөн санаачилга нь зөв. Прокурорын зүгээс анхан шатны шүүх нэлээд харж үзэж ял оногдуулсан гэдгийг хэлмээр байна. Ял шийтгэлийн талаар тухайлан хэлэх санал байхгүй. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүгдэгч Б.Т, О.А, О.О, Ж.А нарт холбогдох 2308020801455 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;

1. Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2023 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цамбагаравын автобусны буудлын хойд талд “...тухайн үеийн маргаан, араас хөөлөө...” гэх шалтгаанаар дээрэмдэх санаа зорилгогүйгээр зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж, хохирогч Г.Б-ийн цээжин тус газар хутгаар нэг удаа дүрж эрүүл мэндэд нь цээжний баруун хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан, хүнд хохирол санаатай учруулсаны дараагаар хохирогч Г.Б-ийн эзэмшлийн “Iphone-7” загварын гар утсыг тухайн үед үүссэн шунахайн сэдэлтээр буюу хүч хэрэглэсний дараагаар бусдын эд зүйлийг илээр, ашиг олох зорилгоор авч бусдад 250,000 төгрөгийн хохирол учруулсан буюу хутга хэрэглэж “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 7/,

хохирогч Г.Б-ийн: “...“Веst бааранд орж согтууруулах ундааны зүйл хэрэглээд бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байгаад тухайн баарнаас 2 цагийн үед түрүүлээд ганцаараа гараад байж байсан чинь ардаас А гарч ирээд бид хоёр хоорондоо юм ярьж зогсож байгаад хажуугаар гарч байсан 14-өөс 17 насны гурван хүүхэдтэй манай найз А хэрүүл маргаан хийгээд байхаар нь би очоод салгаад тухайн гурван хүүхдийг яв гэж хэлээд зогсож байсан чинь тухайн гурван хүүхэд бид хоёртой хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд нэг залуу цохичихоод зугтаахаар нь бид хоёр ардаас нь хөөгөөд зам гараад 19 дүгээр байрны аркан дээр ирсэн чинь урд талаас нэг хүүхэд нь гарч ирээд миний баруун цээжинд нэг удаа хутгалсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7958 дугаар “...Г.Б-ийн биед цээжний баруун хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт гэмтэл байна. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 81-82/,

хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Ц-693 дугаар “...хохирогч Г.Б-ийн дээрэмдүүлсэн гэх iРhоne 7 загварын гар утсыг 250.000 төгрөгөөр үнэлсэн...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 178-180/,

хохирогч Г.Б нь Эрүүл мэндийн даатгалын сангаас “...нийт 395,400 төгрөгийн...” тусламж үйлчилгээ авсан талаарх баримт /1-р хх-ийн 90-91/,

хохирогч Б.А-ийн: “...Б-ийн хамт гараад явж байсан чинь баарны үүдэнд үл таних 2 залуугийн ханцуйн цагаан, хар өнгийн цамцтай залуу ирээд намайг мөрлөхөөр нь би уучлаарай ахын дүү гэж хэлээд цаашаагаа алхаад явж байтал тухайн 2 залуу ардаас гүйж ирээд тухайн хар цамцтай залуу шууд зүүн гараараа миний нүүрэн тус газар 1 удаа цохиод цаашаагаа хоёул зам гараад зугтахаар нь би болон манай найз Б бид 2 ардаас нь хөөсөн 19 дүгээр байрны аркийн тэр хавьд явж байсан ардаас олон залуус гүйж ирээд ардаас цохиод авсан. Тэгээд намайг доошоо тонгойх үед бөөнөөрөө намайг хэдэн талаас зодож цохисон. Тэгээд намайг зодож цохиж байснаа 19 дүгээр байрны аркаар ороод зугтаагаад яваад өгсөн. Тэгээд би найзыгаа хайгаад Хархорины автобусны буудал дээр сууж байгаад автобусны буудлын ар талын шатан дээр Б сууж байхаар нь би очоод юу болсон талаар асуухад чамайг цохиод зугтсан 2 залуугийн араас хөөж байсан чинь намайг хутгалчихлаа гэж хэлсэн. ...” 1-р хх-ийн 25/,

насанд хүрээгүй гэрч М.Т-ийн: “...Т бид хэдэд хандан би сая хүн хутгалчихлаа гэж хэлсэн, бид хэд мэдэхгүй гэж хэлээд гүйж байгаад Цамба ороод буцаад 19 дүгээр байр орох гээд явж байхад цагдаа нар гарч ирээд бид хэдийг бариад авсан...” гэх мэдүүлг /1-р хх-ийн 36-37, 66/,

насанд хүрээгүй гэрч С.Ү-ийн: “...Төгсөө би сая нэгийг хутгалчихсан юм шиг байна гэж хэлээд өмдний баруун талын халааснаасаа хар саарал өнгийн эвхэгддэг хутга гаргаж ирээд цусыг нь цагаан өнгийн зүйлээр арчиж байгаад буцаагаад баруун талын халаасандаа хийсэн.” /1-р хх-ийн 44-45, 73/ гэх мэдүүлгүүдээр,

2. Шүүгдэгч Б.Т, О.О, Ж.А, өсвөр насны шүүгдэгч О.А нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цамбагаравын автобусны буудлын хойд талд  “тухайн үеийн маргаан болон араас хөөлөө” гэх шалтгаанаар хохирогч Б.А-ийг цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун тохой, өвдөг, зүүн бугалга, өвөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохрол учруулах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, улмаар Б.Т нь хохирогч Б.А-ийн газар унасан байсан гар утсыг авч зугтаан хүч хэрэглэлгүйгээр, илээр гар утсыг нь авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.А-ийн: “...баарнаас өөрийн найз Б-ийн хамт гараад явж байсан чинь баарны үүдэнд үл таних 2 залуугийн 2 ханцуйн цагаан, хар өнгийн цамцтай залуу ирээд намайг мөрлөхөөр нь би уучлаарай ахын дүү гэж хэлээд цаашаагаа алхаад явж байтал тухайн 2 залуу ардаас гүйж ирээд тухайн хар цамцтай залуу шууд зүүн гараараа миний нүүрэн тус газар 1 удаа цохиод цаашаагаа хоёул зам гараад зугтахаар нь би болон манай найз Б бид 2 ардаас нь хөөсөн 19 дүгээр байрны аркийн тэр хавьд явж байсан ардаас олон залуус гүйж ирээд ардаас цохиод авсан. Тэгээд намайг доошоо тонгойх үед бөөнөөрөө намайг хэдэн талаас зодож цохисон. ...тухайн үед гар утас өмдний баруун талын халаасанд байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25/,

эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 10-11/,

гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 12/, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-17/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 7963 дугаар “...Б.А-ийн биед хоёр хөмсөгт шарх, баруун зовхинд цус хуралт, зүүн хацрын төвгөрт зулгаралт, зүүн далны доод хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түс хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаао гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх шарх гэмтлүүд нь дан, дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 77-78/,

хохирогч Б.А нь Эрүүл мэндийн даатгалын сангаас “нийт 257,900 төгрөгийн...” тусламж үйлчилгээ авсан талаарх баримт /1-р хх-ийн 92-93/,

иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн: “...Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн миний бие Эрүүл мэндийн даатгалын хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндэд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу төрийг төлөөлөн оролцож байна...” /1-р хх-ийн 154-158/,

гэрч Д.Д-ийн: “...2023 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө гэртээ амарч байсан шөнийн 03 цаг 14 минутад манай нөхөр над руу залгаад хүнд хутгалуулаад эмнэлэг дээр ирсэн байна гэж хэлэхээр нь явж очоод юу болсон талаар асуухад Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7-оос 8 хүн гарч ирээд манай найз А бид хоёрыг зодож байснаа тухайн залуучуудын 1 нь манай нөхрийн баруун талын хавирганд 1 удаа хутгалчихсан байсан гэсэн.  ...” /1-р хх-ийн 27-29/,

насанд хүрээгүй гэрч С.Ү-ийн: “...бид хэдийн ард явсан А, Х, Д, О нар ирээд тухайн үл таних 2 ахтай зодоон цохион хийсэн.  ...” /1-р хх-ийн 44-45, 73/ гэх мэдүүлгүүд,

            Б.Т-аас гарган өгсөн “Iphone” загварын нүүр нь хагархай гар утсыг хохирогч Б.А-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 11 тал/ зэргээр,

3. Шүүгдэгч Б.Т нь насанд хүрээгүй буюу 13 нас 9 сар 10 хоногтой О.М-тэй бүлэглэн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын сагсан бөмбөгийн талбайд тоглож байсан хохирогч Г.Ө-ын цүнх болон цүнхэнд дотор байсан Г.Ө-ын “Iphone X” загварын гар утас, “Noah” загварын машины түлхүүр зэргийг авч Г.Ө-т 775,000 төгрөгийн хохирол учруулсан, Х.М-ийн “Самсунг А-32” загварын гар утсыг авч насанд хүрээгүй хохирогч Х.М-д 450,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн өглөөний 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын сагсан бөмбөгийн талбай дээрээс Г.Ө-ы эзэмшлийн хар өнгийн цүнх, “Iphone ХR” загварын гар утсыг авч 650,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Ө-ын: “...сагсны талбай орж төрсөн дүү Г.Ө, З гэх охины хамт тоглосон. Бид 3 тоглоход саад болно гэж бодоод гар утаснууд болон машины түлхүүрээ хар өнгийн цүнхэнд хийгээд сагсны талбайн хажууд байсан шон дээр өлгөсөн юм. Тоглож дуусаад гэртээ орох гэтэл шон дээр өлгөөтэй байсан цүнх байхгүй байсан. ...” /1-р хх-ийн 191/,

хохирогч Х.М-ийн: “...сагсны талбай дээр тоглож байсан хүүхдүүд гэртээ орох гээд гар утсаа хийсэн хар цүнхний эзэн болох хүүхэд дээр очтол миний цүнх байхгүй байна гэсэн. ...” /1-р хх-ийн 247/,

хохирогч Г.Ө-ы: “...тоглож байгаад гар цүнхээ хартал миний гар цүнх алга болчихсон байхаар нь гар цүнхээ тэр хавиар хайж үзтэл миний гар цүнх байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм...” /2-р хх-ийн 119/,

гэрч С.Ү-н: “...хулгайн гар утас гэдгийг нь мэдээгүй сүүлд гэрт нь цагдаа нар ирээд М-ийг аваад явахад нь хулгайн гар утас Т, М хоёр надад зарсан юм байна гэж мэдсэн... /2-р хх-ийн 12/,

гэрч Ү.Л-ийн: “...хоёр хүүхэд Самсунг А32 загварын утас зарах гэж ирсэн тухайн гар утас нь кодгүй байсан ба тэр хоёр мөнгөний хэрэг гараад гар утсаа зарах гэсэн юм гэж хэлсэн. Хулгайн гар утас гэдгийг мэдээгүй тэр хоёр хүүхэд өөрсдийнх нь гар утас гэж хэлсэн ба мөнгөний хэрэг гараад зарах гэсэн юм гэж хэлсэн...” /2-р хх-ийн 14/,

гэрч Б.Г-ын: “...Ө-ын дүүгийнх нь хар өнгийн цүнхэнд гар утас болон түлхүүрээ хийж байсныг би харсан юм. Үүний дараа гар бөмбөг тоглож байгаад цаг хэд болж байсан талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан тоглож дуусаад гэртээ орох гэтэл 2 хар өнгийн жижигхэн цүнх байсан. ... бид нартай тоглож байсан нэг охин бас гар утсаа хийж байхыг нь харсан юм. Тэгээд яасан юм бол гээд бид нар цүнхийг хайсан чинь нэг хар цүнх буюу гар утаснууд болон машины түлхүүртэй цүнх нь байхгүй байсан.  ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 125-127/,

Б.Т-ын яллагдагчаар мэдүүлсэн: “...би М-ийг урдаа гаргаж зогсоож байгаад авчихсан бөгөөд М намайг авч байгааг анзаараагүй. Тэгээд М-т хандаж “Андаа гүйгээрэй” гэж хэлээд бид 2 гүйгээд явсан.  ...” /1-р хх-ийн 232-233/,

О.Мйн яллагдагчаар мэдүүлсэн: “...Т надад хандаж “Чи нэг алхаад миний урдуур орж бай” гэж хэлээд би Т-г халхалж нэг алхсан. Тэгээд би тоглоомын талбай дээр воллейбол тоглож байсан хүүхдүүдийг хараад зогсож байсан чинь Төгсөө “андаа хурдан явъя, гүйгээрэй” гэж надад хэлсэн.  ...” /1-р хх-ийн 233-235/ гэх мэдүүлгүүд,

хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үнэлгээ: хохирогч Г.Ө-ын алдсан гэх Iphone X загварын гар утсыг 600.000 төгрөг /1-р хх-ийн 192-193/, Noah загварын автомашины түлхүүр, хар өнгийн эрэгтэй цүнх зэргийг нийт 175.000 төгрөг /1-р хх-ийн 195-197/, хохирогч Х.М-ийн алдсан “Самсунг А-32 загварын гар утсыг 450.000 төгрөгөөр /2-р хх-ийн 16-18/, хохирогч Г.Ө-ы алдсан гэх “Iphone ХR загварын гар утсыг 650.000 төгрөгөөр тус тус үнэлсэн дүгнэлт /2-р хх-ийн 145-146/,

иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн: “...дахин гуйгаад байхаар нь 50.000 төгрөгөөр худалдан авсан юм. Худалдан авсан 50.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 124/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “Хохирогч Г.Ө-ы алдсан гэх Iphone ХR загварын гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн” /2-р хх-ийн 154/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 19-26/ зэргээр,

4. Шүүгдэгч Б.Т нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны сагсан бөмбөгийн талбайн сандал дээр байсан насанд хүрээгүй хохирогч Г.С-ийн эзэмшлийн “Samsung S10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 460,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Инно” нэртэй цахим тоглоомын газарт тоглож байсан Б.С-ын  цүнхнээс түүний “Iphone ХS Мах” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 690.000 төгрөгийн хохирол учруулсан буюу “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Б.Т-ын хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нотолж буй камерын бичлэг /2-р хх-ийн 79-83/,

насанд хүрээгүй хохирогч Г.С-ийн: “...сагсан бөмбөгийн талбайд тоглож байгаад гар утас унах гээд байхаар нь хажуу талд байрласан санал дээр гар утсаа тавиад дээр нь цүнхээ болон хамт тоглож байсан хүүхдийн гадуур хувцсыг гар утсан дээрээ тавиад тоглож байгаад 20 цагийн үед гар утсаа олж авах гэтэл миний гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 87/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 97-101/,

хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн Ц-960 дугаар “Samsung S10 маркийн гар утсыг 460.000 төгрөгөөр үнэлсэн” гэх дүгнэлт /2-р хх-ийн 101-104/,

насанд хүрээгүй хохирогч Б.С-ын: “...цахим тоглоомын газраас гарахдаа үүрээд явж байсан хар өнгийн цүнхээ шалгаад үзтэл миний цүнхний хамгийн урд талын жижиг тасалгаанд байсан хар кейстэй, хар өнгийн Iphone ХS Мах загварын гар утас маань байгаагүй. ...Миний эргэн тойронд саарал өнгийн ноосон малгайтай, цагаан алаг эгээн өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, хар өнгийн пүүзэн гуталтай, нуруундаа цайвардуу өнгийн цүнх үүрсэн, 15-18 орчим насны, 160-175 орчим сантиметр өндөртэй, нэлээн ургасан хар өнгийн үстэй, том нүдтэй, бор цайвар өнгийн арьстай, эрэгтэй хүүхэд миний хойгуур зогсоод байсан бөгөөд тэр хүүхдээс өөр хүн миний урдуур хойгуур явсан зүйл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 50-51/,

иргэний нэхэмжлэгч Г.Б-ийн: “...ахаа та 65.000 төгрөгөөр авчихаа ч дээ, тэгэх үү гуйж байна, надад мөнгө маш их хэрэгтэй байгаа юм аа” гээд гуйгаад байхаар нь би тэр хүүхдэд бэлнээр 65.000 төгрөг өгөөд хар өнгийн “Iphone ХS Мах загварын кодтой гар утсыг худалдаж авсан юм. ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 55-56/,

“Инно” цахим тоглоомын газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 71-73/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн Ц-32 дугаар “нийт хохирлын дүн 690.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 58-60/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлтүүд хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлтээ хийжээ.

Шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Т, О.А нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

өсвөр насны шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

О.О, Ж.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй.

 Өсвөр насны шүүгдэгч Б.Т, шүүгдэгч Ж.А, О.О нарт оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан тэдний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, шинж чанарт тохирчээ.

Б.Т 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн буюу өсвөр настай байхдаа тус гэмт хэргүүдийг үйлдсэн өсвөр насны шүүгдэгч болох нь иргэний улсын бүртгэлийн лавлагаа /3-р хх-ийн 77/, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /3-р хх-ийн 90/ зэргээр нотлогдож байна.

Шүүх, өсвөр насны хүнд хэрэглэдэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эдлэх хорих ялыг хоёр дахин багасгадаг тусгай журмыг өсвөр насны шүүгдэгч Б.Т-т хэрэглэж түүний эдлэх 8 жил хорих ялыг хоёр дахин багасгаж, 4 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүгдэгч нарын гэмт үйлдлийн улмаас учирсан хохирол төлбөрийн тооцоог анхан шатны шүүх үндэслэл бүхий хийж шийдвэрлэсэн байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Т-ын хууль ёсны төлөөлөгч А.Т нь шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан хохирлыг буюу хохирогч Г.С-д 460,000 төгрөг, хохирогч Б.А-д 250,000 төгрөг, хохирогч Г.Ө-т 175,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Х.М-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Х-т 450,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б-т 50,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 459,875 төгрөг тус тус төлсөн, иргэний нэхэмжлэгч Г.Б нь “гомдол, саналгүй” гэсэн баримтуудыг давж заалдах шатны шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн тул өсвөр насны шүүгдэгч Б.Т-ыг бусдад төлөх хохирлоо барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Гэсэн хэдий ч шүүхээс шүүгдэгч Б.Т-т “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэнд нь оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял нь түүний “Хулгайлах” гэмт хэргийг 4 удаагийн үйлдлээр үйлдсэн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанарт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд түүний өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан: “...Хулгайлах гэмт хэрэгт нь өөр төрлийн ял оногдуулж, тусад нь нь эдлүүлэхээр шийдвэрлэнэ үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Т-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 70 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/771 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т-ын шийтгэх тогтоолоос хойш цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            3. Өсвөр насны шүүгдэгч Б.Т, түүний хууль ёсны төлөөлөгч А.Т нараас шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн хохирлуудыг хохирогч Г.С, хохирогч Б.А, хохирогч Г.Ө, насанд хүрээгүй хохирогч Х.М, иргэний нэхэмжлэгч Б.Б, иргэний нэхэмжлэгч Г.Б, Эрүүл мэндийн даатгалын санд тус тус төлж, шүүгдэгч Б.Т бусдад төлөх төлбөргүй болсон болохыг дурьдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

                                   ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ