| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0068/З |
| Дугаар | 128/ШШ2026/0208 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2026/0208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төрийн албаны зөвлөл,
Хариуцагч: И.Баатархүүд холбогдох хохирол барагдуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дамдинсүрэн /цахимаар/, хариуцагч И.Баатархүү /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага
1.1.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан И.Баатархүүгийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 30,801,791 төгрөгийг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгох.
Хоёр. Маргааны үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай Б/99 дугаар захирамжаар[1] И.Баатархүүг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
2.2.Хариуцагч И.Баатархүү нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Л.Болормааг ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай Б/345 дугаартай[2] тушаал гаргаж, иргэн Л.Болормааг Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас нь чөлөөлжээ.
2.3. Л.Болормаа нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргасны дагуу Төрийн албаны зөвлөл-ийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/915 дугаар[3] Хууль хэрэгжүүлэх тухай албан бичгийг хариуцагч И.Баатархүүд хүргүүлсний дагуу. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03/2643 дугаар албан бичгээр[4] Л.Болормааг ажилд эгүүлэн томилох боломжгүй гэх хариуг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байна.
2.4.Л.Болормаа нь дээрх хариуг эс зөвшөөрч тус нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн байна.
2.5.Дээрх маргаан хянан шийдвэрлэж байх хугацаанд хариуцагч И.Баатархүү нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн И.Баатархүүг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/96 дугаар захирамжаар[5] албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.
2.6.Улмаар шүүхээс Л.Болормаагаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0014 дүгээр шийдвэрээр[6] нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүүгийн 2022 оны Б/345 дугаар тушаалыг хүчингүй болгож, Л.Болормааг Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хуульд заасан журмын дагуу нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 221/2024/0256 дугаар магадлалаар[7] шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2024/0276 дугаар Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолоор[8] анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг.
2.7.Хуулийн дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийн дагуу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай А/322 дугаар тушаалыг[9] үндэслэн Л.Болормаад 26,238,578 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 4.563,231 төгрөгийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцож, нийт 30,801,791 төгрөгийг улсын төсвөөс нөхөн олгосон.
2.8.Ингээд Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 04/2002 дугаартай Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр[10] төрд учруулсан хохирол болох нийт 30,801,791 төгрөгийг нөхөн төлөх мэдэгдлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан И.Баатархүүд хүргүүлжээ.
2.9. Гэвч И.Баатархүү нь Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хугацаанд нөхөн төлөөгүй байна.
2.10. Улмаар Төрийн албаны зөвлөлөөс төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд гаргасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 128/ШЗ2026/0294 дугаар шүүгчийн захирамжаар[11] захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Төрийн албаны зөвлөлөөс И.Баатархүүд холбогдуулан төрд учруулсан хохирол 30,801,791 төгрөгийг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШЗ2025/8552 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон бөгөөд нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ тодруулж, бүрдүүлбэр хангаж, дахин гаргаж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан И.Баатархүү нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/345 дугаар тушаалаар тус газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Болормааг төрийн албанаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0014 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/MA2024/0256 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2024/0276 дугаар тогтоолоор дээрх тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Л.Болормааг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн тооцож олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн "Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай А/322 дугаар тушаалыг үндэслэн Л.Болормаад 26,238,578 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд, 4,563,231 төгрөгийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцож, нийт 30,801,791 төгрөгийг улсын төсвөөс нөхөн олгосон нь нотлох баримтаар тогтоогдсон.
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт "Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй", 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно", 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ гэж; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2 дахь хэсэгт "хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх" гэж; Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ", 50.2 дахь хэсэгт "Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан.
Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 04/2002 дугаар албан бичгээр төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай мэдэгдлийг И.Баатархүүд хүргүүлсэн боловч Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хугацаанд нөхөн төлөөгүй болно. Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас хууль бусаар чөлөөлснийг захиргааны хэргийн 3 шатны шүүх тогтоож, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Л.Болормаад ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгожээ.
Төрийн байгууллага улсын төсвөөс иргэнд учирсан хохирлыг төлснөөр төр хохирсон гэж үзнэ. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлд төрийг төлөөлж, шүүхэд нэхэмжлэл гаргах хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу Л.Болормаад ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг улсын төсвөөс олгосны улмаас төрд хохирол учирсныг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан болох И.Баатархүүгээр учирсан хохирлыг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгохоор байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт "Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ..." гэж заасны дагуу И.Баатархүүгийн гаргасан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 30,801,791 төгрөгийг төрийн сангийн MN540090100900021501 тоот дансанд нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.
3.2..Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ...Төрийн албаны зөвлөлөөс гаргасан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан И.Баатархүүгийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 30,801,791 төгрөгийг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаж, холбогдох баримт материалуудыг судлан дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэг. Үйл баримтын нөхцөл байдал
Миний бие И.Баатархүү нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/99 дугаартай захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/96 дугаартай захирамжаар уг албан үүргээс чөлөөлөгдсөн. Ажиллаж байх хугацаандаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцсэн шийдвэр, үйл ажиллагаа явуулахыг зорьж, хэрэгжүүлж байсан.
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр миний гаргасан Б/345 дугаартай "Л.Болормааг ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаалыг Л.Болормаа эс зөвшөөрч, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/915 дугаартай "Хууль хэрэгжүүлэх тухай албан бичгийг миний нэр дээр ирүүлж, Л.Болормааг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн шийдвэрийг дахин судалж үзэхийг хүссэн. Үүний хариуд миний бие 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03/2643 дугаартай албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд дахин томилох боломжгүй эрх зүйн хязгаарлалтын талаар тайлбар хүргүүлсэн.
Энэ үед Л.Болормаа нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гарган, өндөр насны тэтгэврээ тогтоолгож, нийгмийн даатгалын харилцаанд орсон байсан тул миний бие тухайн тушаалыг өөрийн санаачилгаар хүчингүй болгож, эгүүлэн томилох нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага"-ыг зөрчих нөхцөл үүсэхээр байсан.
Хоёр. Шүүхийн маргаан болон үр дагавар
Л.Болормаа нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0014 дугаартай шийдвэрээр хангаж, дээрх тушаалыг хүчингүй болгож, эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин, даатгалын шимтгэлийг олгохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгасан.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/MA2024/0245 дугаартай магадлалаар анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүх хяналтын журмаар гомдлыг хэлэлцэхээс татгалзсан. Улмаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/322 дугаартай тушаалаар Л.Болормаад нийт 30,801,791 төгрөгийг олгосон.
Гурав. Эрх зүйн үнэлгээ, хариуцлагын тухайд
Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт "...төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор гаргана". 43.2 дахь хэсэгт "Түр орлон гүйцэтгэгч нь тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлнэ" гэж зааснаар түр орлон гүйцэтгэгч нь тухайн албан тушаалын эрх хэмжээг томилогдсон хугацаандаа хэрэгжүүлнэ.
Миний Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх эрх, хэмжээ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд уг өдрөөс хойш явагдсан давж заалдах болон хяналтын шатны ажиллагаанд миний бие ямар нэгэн хэлбэрээр оролцоогүй, түүнчлэн шийдвэр гаргах, маргааны явцад нөлөөлөх нь хууль, эрх зүйн хувьд боломжгүй байсан.
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6/345 дугаартай "Л.Болормааг ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай" тушаалыг эс зөвшөөрч маргасан үйл явдал 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаас эхэлж 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын "Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай" А/322 дугаартай тушаал гарч Л.Болормаад хохирол болох 30,801,791 төгрөг нөхөн олгосноор дуусгавар болж нийт 23 сарын хугацаатай үргэлжилсэн байна.
Тухайн албан тушаалыг эрхэлж байхдаа гаргасан шийдвэрийг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш шүүхэд төлөөлөн хамгаалах, маргаанд оролцох эрх, бололцоогүй байсан төдийгүй, захиргааны эрх шилжих буюу залгамжлалын харилцааны дагуу уг асуудлыг дараагийн албан тушаалтан үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн нөхцөлд түүний гаргасан шийдвэр, үйл ажиллагааны улмаас үүссэн хохирлыг төлүүлэхээр Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх" захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Төрийн албаны зөвлөл нь 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/2799 дугаартай нэхэмжлэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй", мөн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасан "Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцаан төлүүлнэ", түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэсэн зохицуулалтуудыг үндэслэл болгон дурдсан байна.
Гэвч эдгээр хуулийн зохицуулалтаас үзэхэд төрд учирсан хохирлыг зөвхөн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бөгөөд гэм буруутай нь тогтоогдсон этгээдээр төлүүлэх эрх зүйн үндэслэл бүрдэх ёстой. Өөрөөр хэлбэл, хохирол учирсан байдал нь тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой байх шаардлагатай. Харин уг маргааны хүрээнд миний гэм буруутай байдал, шалтгаант холбоо бүхий үйлдэлд хамаарах хэсгийг тогтоогоогүй, мөн албан тушаалын эрх, хэмжээ дуусгавар болсноос хойш үргэлжилсэн шүүхийн шат дамжлага, захиргааны байгууллагын дараагийн шийдвэр, үйл ажиллагааны улмаас үүссэн хохирлыг бүхэлд нь надаар төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд дээрх хуулийн зохицуулалтуудаар хамгаалагдсан гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно", Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг" хэлнэ гэж заасан ба захиргааны эрх нь албан тушаал эрхэлж буй этгээдэд хамаарах бөгөөд албан тушаалаас чөлөөлөгдсөн этгээдэд тухайн эрх хадгалагдахгүй.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 дэх хэсэгт шуурхай, тасралтгүй байх, 4.2.8 дахь хэсэгт хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан зарчмуудын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч маргааныг үргэлжлүүлсэн нь тухайн үеийн захиргааны байгууллагын шийдвэр байсан бөгөөд миний бие үүнд оролцоогүй.
Иймд И.Баатархүү миний бие Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацааны буюу Л.Болормааг ажлаас чөлөөлж (2022.12.16), өөрийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн (2023.10.12) хугацаанд төрд учирсан хохирлыг хариуцах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 2 дахь хэсэгт заасан "шударга ёс-ны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Харин 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөх, эс зөвшөөрөх, давж заалдах гомдол гаргах асуудал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/MA2024/0256 дугаартай магадлалыг зөвшөөрөх, эс зөвшөөрөх, давж заалдах гомдол гаргах зэргээр удаан хугацаанд маргааныг үргэлжлүүлж төрд учрах хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн байх тул гэм бурууд хамаарах шалтгаант холбоо, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээг зөв тогтоох шаардлагатай гэж үзэж байна.
2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш үргэлжилсэн маргааны улмаас үүссэн хохирлыг миний үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй байна. Шалтгаант холбоо, гэм бурууг тодорхой тогтоохгүйгээр шүүхийн бүх шатны хяналтын хугацаанд үүссэн хохирлыг миний биеэр бүрэн хариуцуулах нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8 дахь хэсэгт заасан хууль ёсны итгэлийг хамгаалах тусгай зарчим болон бодит байдалтай нийцэхгүй байна.
Дөрөв. Л.Болормааг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн бодит үйлдэл болон төрд учруулсан хохирлын асуудлын талаар
Шүүхийн давж заалдах болон хяналтын шатны хуралд оролцох боломж нь ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш хуулиар хязгаарлагдсан байсан бөгөөд миний бие уг ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцоогүй, түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэр хэрхэн гарсан, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан эсэх, түүнийг хэн, ямар үндэслэлээр гаргасан талаарх мэдээлэлгүй явж ирсэн болно.
Харин Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр миний нэр дээр хаяглагдсан "Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай мэдэгдэл"-ийг хүлээн авснаар уг маргаан шүүхийн бүх шатанд хэрхэн явагдсан, холбогдох шийдвэрүүдийн талаар анх удаа бүрэн мэдээлэлтэй болсон. Иймд энэхүү тайлбарыг гаргаж байгаа нь төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаарх шүүхийн шийдвэрт үндэслэл болгон үнэлэгдэх учиртай гэж үзэж байна.
2023 оны 1 дүгээр сард хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар даатгуулагч нь төрийн байгууллагын санаачилгаар бус, өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгох эрхтэй байх эрх зүйн зохицуулалт үйлчилж байсан.
Тодруулбал, уг хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Тэтгэвэр тогтоолгох өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг дор дурдсан хугацаанд бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө" гэж, мөн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад "өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагч тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн хугацаандаа", харин уг зүйлийн 3 дахь хэсэгт "Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ", 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Тэтгэвэр тогтоолгоход дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ" гэж хуульчилжээ.
Эдгээр зохицуулалтаас үзэхэд Л.Болормаа нь хуульд олгогдсон эрхийнхээ хүрээнд өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж бүрэн нээлттэй байсан бөгөөд уг эрхээ эдэлж, Нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл, холбогдох баримтуудыг гаргаж өгсөн ухамсарт үйлдлийг хийснээр 2023 онд өндөр насны тэтгэврээ тогтоолгосон гэж дүгнэх хууль зүйн үндэслэл хангалттай байна.
Нөгөө талаар, хэрэв Л.Болормаа нь түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг анхнаасаа эс зөвшөөрч байсан бол 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/345 дугаартай тушаалаар олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж болох 15,926,112 төгрөгийн тэтгэмжийг хүлээн авахгүйгээр, хуульд заасан журмын дагуу Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах нь бодит байдалд нийцэх, логик дараалалтай үйлдэл байх байв. Гэтэл бодит байдал дээр Л.Болормаа нь уг тэтгэмжийг хүлээн авч, цаашлаад өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгосон нь түүнийг ажлаас чөлөөлсөн захиргааны актыг эсэргүүцээгүй, харин хүлээн зөвшөөрсөн бодит үйлдэл гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу Л.Болормаагийн тэтгэвэр тогтоолгосон хугацаа, Төрийн албаны зөвлөлд хандсан хугацааны хоорондын харьцаа, мөн өнөөг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллаагүй шалтгаан, түүнчлэн түүний шүүхийн шийдвэрийн дараа Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт гаргасан хүсэлт, нэг удаагийн буцалтгүй тусламж болох 15,926,112 төгрөгийн тэтгэмжийг хүлээн авсан баримт, илэрхийлсэн хүсэл зориг зэрэг нөхцөл байдлыг нотлох баримтаар харьцуулан дүгнэж, шүүхээс нарийвчлан шалган тогтоох нь хэрэг маргааны бодит байдлыг тогтоох үндсэн ач холбогдолтой гэж үзэж байна.
Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд Л.Болормаа нь анхнаасаа түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, хуульд заасан журмын дагуу сайн дураар тэтгэвэрт гарах хүсэлт гарган, улмаар тэтгэвэр тогтоолгосон нь түүний бодит үйлдлээр илэрхийлэгдсэн хүсэл зориг гэж үзэхээр байна. Түүнчлэн тэтгэвэр тогтоолгон авч эхэлсэн, Төрийн албаны зөвлөлд хандсан үйлдэл, илэрхийлсэн хүсэл зоригтой зөрчилдөж, ажлаас чөлөөлсөн шийдвэрийг өөрийн үйлдлээрээ зөвшөөрснийг нотолж байна.
Иймд миний бие Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа Л.Болормааг чөлөөлсөн захиргааны шийдвэр нь түүний тэтгэвэрт гарсан бодит үйлдэлтэй нийцэж байгаа бөгөөд улмаар дараа нь түүний илэрхийлсэн хүсэл зоригтой уг үйлдэл нь зөрчилдөж байна.
Тодруулбал, Л.Болормаа нь уг шийдвэрийн дараа нэг удаагийн буцалтгүй тусламжийг хүлээн авч, улмаар өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эсэргүүцээгүй, харин хүлээн зөвшөөрсөн бодит үйлдлээр илэрхийлэгдсэн хүсэл зориг гэж дүгнэх үндэслэлтэй байна. Ийм нөхцөлд Л.Болормааг чөлөөлсөн тухай захиргааны шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцсэн шийдвэр байсан гэж үзэх бүрэн боломжтой юм.
Нөгөө талаар, Л.Болормаад олгогдсон нэг удаагийн буцалтгүй тусламж болох 15,926,112 төгрөг, мөн тэтгэвэр тогтоолгосноор сар бүр авсан тэтгэврийн орлого нь тухайн нөхцөл байдлыг хэрхэн хууль зүйн хувьд үнэлэхээс хамааран бодит хохирлын хэмжээг тодорхойлоход зайлшгүй харгалзан үзэх ёстой нөхцөлд хамаарна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тогтоолгосон хугацаа нь Төрийн албаны зөвлөлд хандахаас өмнө байх тохиолдолд, мөн Л.Болормаа нь ажлаас чөлөөлөгдсөний дараа хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэг удаагийн тэтгэмж, улмаар өндөр насны тэтгэврийг тогтоолгон авсан бодит байдал нь төрд учирсан хохирлын хэмжээг бодитоор тогтоох, эргэж нягтлах шаардлагыг үүсгэж байна.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шийдвэрээр И.Баатархүүгийн хууль бус шийдвэрийн улмаас төрд 30,801,791 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн уг дүнг нөхөн төлүүлсэн атлаа дээр дурдсан тэтгэмж, тэтгэврийн олголт, миний 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөр ажлаас чөлөөлөгдсөн байсан зэргийг харгалзан үзэлгүйгээр уг хохирлыг бүхэлд нь надаар төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь төрд бодит байдалд хэдий хэмжээний хохирол учирсан эсэхийг дахин нягтлан тогтоох шаардлагатайг харуулж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дээрх нөхцөл байдлыг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг судлан үзэж нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгчийн зүгээс ...Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 04/2002 дугаар албан бичгээр төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай мэдэгдлийг И.Баатархүүд хүргүүлсэн боловч Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хугацаанд нөхөн төлөөгүй болно. Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас хууль бусаар чөлөөлснийг захиргааны хэргийн 3 шатны шүүх тогтоож, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Л.Болормаад ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгожээ Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу Л.Болормаад ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг улсын төсвөөс олгосны улмаас төрд хохирол учирсныг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан болох И.Баатархүүгээр учирсан хохирлыг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгохоор байна... гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж,
Хариуцагчийн зүгээс ... хохирол учирсан байдал нь тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой байх шаардлагатай. Харин уг маргааны хүрээнд миний гэм буруутай байдал, шалтгаант холбоо бүхий үйлдэлд хамаарах хэсгийг тогтоогоогүй, мөн албан тушаалын эрх, хэмжээ дуусгавар болсноос хойш үргэлжилсэн шүүхийн шат дамжлага, захиргааны байгууллагын дараагийн шийдвэр, үйл ажиллагааны улмаас үүссэн хохирлыг бүхэлд нь надаар төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй... Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч маргааныг үргэлжлүүлсэн нь тухайн үеийн захиргааны байгууллагын шийдвэр байсан бөгөөд миний бие үүнд оролцоогүй... гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлон маргасан.
3.Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна гэж,
-Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана, 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж,
-Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, 50.2 дахь хэсэгт Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан.
4.Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд захиргааны албан тушаалтны шийдвэр нь хууль бус бөгөөд түүний улмаас иргэнд хохирол учирсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд хохирлыг төр барагдуулж, дараа нь шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэх зарчимтай ба тухайн захиргааны албан тушаалтны шийдвэр хууль бус байгаад, түүнээс учирсан хохирлыг төрөөс барагдсан нь нэгэнт тогтоогдсон нөхцөлд Төрийн албаны зөвлөл буруутай этгээдээс учруулсан хохирлыг шаардаж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар тусгажээ.
5.Тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох нь хэсэгт дурдсанчлан хариуцагч И.Баатархүүгийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Л.Болормааг албан үүргээс нь чөлөөлсөн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/345 дугаар тушаалыг нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0014 дугаар шүүхийн шийдвэрээр[12] хүчингүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 221/2024/0256 дугаар магадлалаар[13], Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2024/0276 дугаар тогтоолоор[14] анхан шатны шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт байна.
6.Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай А/322 дугаар тушаалын дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс 26,238,578 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд Л.Болормаагийн Худалдаа хөгжлийн банк дахь 495032162 тоот дансанд 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гүйлгээгээр олгосон, мөн тус төсвөөс 4.563,231 төгрөгийг Л.Болормаагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцож, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн төвлөрсөн сан 100200790000 дансанд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гүйлгээгээр олгосон нь хэрэгт авагдсан №POR20241225104604V4K4EIG3WOQMK дугаартай төлбөрийн хүсэлт, №POR20241225104855N0ZLPHPQYTHOQ дугаартай төлбөрийн хүсэлт зэрэг баримтаар нотлогддог.
7.Энэ тохиолдолд хариуцагч И.Баатархүү нь хууль бус шийдвэрийг гаргаж, иргэн Л.Болормааг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Л.Болормааг албан үүргээс нь чөлөөлсөн, үүний улмаас ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн албан хаагчид ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг улсын төсвөөс олгосноор бодит хохирол учирсан, өөрөөр хэлбэл хариуцагчийн хууль бус үйлдэл болон хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.
8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч И.Баатархүү нь ...Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд оролцоогүй, ...дараа дараагийн Тамгын газрын дарга нар оролцсон..., Л.Болормаагийн хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх 3 сарын дараа үүссэн байсан тул энэ хугацааны төлбөрийг бие төлөх ёсгүй... гэх агуулгаар маргадаг.
9.Харин нотлох баримтаар авагдсан 128/2023/0499/З хэргийн дугаар бүхий захиргааны хэрэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга асан Л.Хосбаяраас Ц.Маргад-Эрдэнэд итгэмжлэл олгож[15], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0014 дугаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараагаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Хадбаатараас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай А/322 дугаар захирамжийг гаргасан үйл баримтуудаас үзэхэд энэ нэр бүхий хоёр албан тушаалтны хувьд хариуцагч И.Баатархүүгийн гаргасан тушаал, түүний хууль зүйн үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид хамгаалан маргасан.
10.Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4.2.Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.2 дахь заалтад шуурхай, тасралтгүй байх буюу төрийн албаны залгамж тасралтгүй байх зарчмыг хэрэгжүүлэн ажилласан байх тул тэдгээрийн үйл ажиллагааны улмаас төрд хохирол учирсан, уг учирсан хохирлыг хамтад хариуцуулах үндэслэл тогтоогдохгүй байна.
11.Иймээс хариуцагч болон нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга асан Л.Хосбаяр, дарга П.Хадбаатар нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
12.Түүнээс гадна хэргийн үйл баримтаас үзвэл Л.Болормаагийн өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн эсэхээс үл шалтгаалан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн түүнд 30,801,791 төгрөгийг олгосон тул энэхүү хохирлыг бүхэлд нь хууль бус тушаал гаргасан албан тушаалтан болох хариуцагчаар нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
13.Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд, иргэн Л.Болормааг Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргээс чөлөөлсөн хариуцагч И.Баатархүүгийн үйлдлийн улмаас төрд нийт 30,801,791 төгрөгийн хохирол учруулсан гэж шүүх дүгнэн, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасны дагуу төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтан болох хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Төрийн албаны зөвлөлөөс И.Баатархүүд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, төрд учирсан хохирол 30,801,791 төгрөгийг хариуцагч И.Баатархүүгээс гаргуулсугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР