Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/ма2022/00472

 

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00472

 

 

Л.А-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/00100 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.С-, Б.Э- нарт холбогдох компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од, хариуцагчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.С-тай 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сайхан-Оргил гоулд ХХК болон Чихэр трейд ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулаагүй, миний бие нотариат дээр очиж байгаагүй бөгөөд толгой компани болох Монгол газар ХХК-аас эдгээр гэрээг бүртгүүлсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийн дагуу шийдвэр гүйцэтгэгч М.Амгалантай очиж уулзахад намайг Сайхан-Оргил гоулд ХХК-ийн төлбөрийг төл гэсэн. Миний бие тус компаниудын хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн тухай Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2020 оны 09 дүгээр сарын 25, 30-ны өдрүүдэд авсан лавлагаа, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр авсан дэлгэрэнгүй лавлагаагаар мэдсэн. Би Монгол газар ХХК-ийн дэд захирлаар ажилладаг байсан ба Ц.Мянганбаяр захирлын хүргэн Сайхан-Оргил гоулд ХХК-ийн захирал Б.С- нь гадаадад түр хугацаагаар явах болсон гэсэн шалтгаанаар надад тус компанийн захирлыг үүргийг түр гүйцэтгэж бай гэсэн чиглэл өгч байсан ч гүйцэтгэх захирал хийж байгаагүй, надад тамга, тэмдэг, гэрчилгээ, бусад баримт бичиг байхгүй байсан. Хариуцагч Б.С-тай 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг хийгдээгүй, би эдгээр гэрээ, хэлцэлд гарын үсэг зураагүй, нотариатад очиж байгаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, энэ талаар мэдээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 58.1.8-д заасныг тус тус зөрчсөн байна. Иймд, Л.А-, Б.С- нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Сайхан-Оргил гоулд ХХК, Чихэр трейд ХХК нарын хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нотариатын хууль бусаар хийсэн үйлдлийг хүчингүй болгох болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.С-ын хариу тайлбар, татгалзлын агуулга: Би Монгол газар ХХК-д дэд захирлаар ажиллаж байгаад 2008 онд ажлаас халагдсан. Энэ үед миний нэр дээр Сайхан-Оргил гоулд ХХК, Чихэр трейд ХХК болон өөр таван компани бүртгэлтэй байсан. Ерөнхий захирал Ц.Мянганбаяр /хүргэн ах/, санхүү эрхэлсэн захирал Л.А- /Ц.Мянганбаяр ахтай баз хүргэн/ хоёр надтай уулзаад дээрх компаниудыг нэхэмжлэгч Л.А-д шилжүүлэхээр болсон. Ингээд бид 2008 оны 11 дүгээр сарын 20 өдөр Монгол газар ХХК-ийн байранд намайг очиход нэхэмжлэгч Л.А-, хуулийн зөвлөх н.Одгэрэл, дуудлагаар ирсэн нотариатч Б.Э- нар бүх бичиг баримтыг бэлдэж, гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч Л.А- нь Монгол газар ХХК-ийн санхүү хариуцсан дэд захирлаар ажиллаж байхдаа бүх компаниудын үйл ажиллагаанд оролцдог байсан. Эрх шилжүүлж авах гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээн дээр байгаа гарын үсэг, компаниудын дүрэм дээр зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгчийн гарын үсэг мөн. Үүнээс хойш нэхэмжлэгч нь Чихэртрейд ХХК-ийн хувьцааг н.Отгон-Очир гэж хүнд худалдсан байсан, тухайн гэрээг гэрчилсэн нотариатын дэвтэрт Л.А-гийн гарын үсэг зурагдсан байна. Тэгэхээр өөрөө мэдэхгүйгээр бусдаас компанийн хувьцааг шилжүүлэн авсан гэсэн тайлбар ор үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар бичгийн хэлбэртэй гэрээ хэлцэлд хүсэл зоригоо илэрхийлэгч гарын үсгээ зурснаар хүчин төгөлдөр болно гэж, мөн 42.4-т нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг нотариат гэрчилсэн бол хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан хэлцэлд талууд гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзсэн байдаг. Нэхэмжлэлд ямар хуулийг ноцтой зөрчсөн үйл баримт тогтоогдсон талаар дурдаагүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 56.1.3-т зааснаар ямар хэлцлийг халхавчлахаар байгуулсан гэдэг үндэслэл нь алга, энэ талаар тодорхой тайлбар өгөөгүй байна. Мөн хуулиар зөвшөөрсөн хэлбэрийг зөрчиж хийсэн буюу нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч чухам ямар үндэслэлээр нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах гэж байгаа вэ гэдэг талаар тайлбарлаагүй, тухайн үйл баримттай холбоотой нотлох баримт өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.Э-гийн хариу тайлбар, татгалзлын агуулга: 2008 оны 11 дүгээр сарын 21-ний Сайхан-Оргил гоулд ХХК, Чихэр трейд ХХК-иудын эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн. Миний хувьд Монгол газар ХХК-тай хийсэн нотариатын үйлчилгээ үзүүлэх тохиролцооны дагуу өөрийн ажлын байранд болон зарим тохиолдолд уг компанийн байранд дуудлагаар очиж нотариатын үйлчилгээ үзүүлдэг байсан. Тухайн үед Сайхан-Оргил гоулд ХХК болон Чихэр трейд ХХК нарын эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг компанийн зүгээс бэлдсэн байсан тул би Нотариатын хууль тогтоомжийн дагуу холбогдох талуудыг байлцуулж, бичиг баримтын бүрдлийг шалгаад гэрчилсэн. Нэхэмжлэгч Л.А-гийн хувьд дээрх компаниудын захирал байсан гэдэгтэйгээ маргадаггүй, 2008 оноос хойш захирал хийж байсан хүн тухайн компанийн хувьцаа эзэмшигч хэн гэдгийг мэдэлгүй 13 жил болсон гэхэд үнэмшилгүй байна. Намайг очих үед н.Мянганбаяр захирлын өрөөнд эдгээр хүмүүс цугларсан байсан ба холбогдох баримтыг бэлдсэн байсан учир миний бие гэрээ, хэлэлцээрийг бүртгэж, бүртгэлийн дэвтрийг дамжуулж өгөөд гарын үсэг зуруулсан. Үүнийг нэхэмжлэгч Л.А- нь өөрөө мэдэж байж өөрийгөө байхгүйд миний өмнөөс гэрээнд гарын үсэг зурсан гэсэн тайлбарыг өгч байгаа нь үндэслэлгүй, харин яагаад түүнийг бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зураагүйг мэдэхгүй байна. 13 жил өнгөрсөн байхад үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Л.А-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.С-, Б.Э- нарт холбогдох 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Сайхан-Оргил гоулд ХХК, Чихэр трейд ХХК нарын хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5а. ... Сайхан оргил гоулд ХХК-ийн хувьцааг Б.С-аас Л.А-д шилжүүлэх, Л.А-г Сайханргил гоулд ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх ажлыг Ц.Мянганбаяр, Б.С- нарын үүрэг даалгавраар тухайн үед Монгол газар ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Одгэрэл хийсэн талаараа шүүх хуралд гэрчээр оролцохдоо илэрхийлсэн. Иймд гэрээний нэг тал болох Л.А-гийн зөвшөөрлийг авалгүйгээр Б.С-, Л.А- нарын хооронд хийгдсэн гэх Сайхан-Оргил гоулд ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсгүүдэд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

5б. Гэрээ байгуулагдсан 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Л.А- нь тухайн гэрээнд өөрийн хүсэл зоригийг илэрхийлж өөрийн биер гарын үсэг зурсан эсэхийг мэдэхгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэгэнт гарын үсэг зурж бэлэн болсон гэрээг гэрчилж баталгаажуулсан болохоо Б.Э- шүүх хуралд илэрхийлсэн. Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу нотариатын бүртгэл хийж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээний оролцогчид нотариатаар гэрчлэх үйл явцад оролцсон болохыг тодорхойлж нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулах ёстой. Гэтэл нотариатын бүртгэлийн дэвтэрт нэхэмжлэгч Л.А-гийн гарын үсэг байхгүй байгаа нь нотариатаар батлуулахад оролцоогүйг нотолж байгаа юм. Нэгэнт Б.Э- гэрээнүүдэд Л.А- нь гарын үсэг зурж байхыг хараагүй, мэдээгүй тул 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тухайн гэрээнүүдийг гэрчлэн баталгаажуулахдаа гэрээний нэг тал болох Л.А-г байлцуулан үнэхээр өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурсан эсэхийг тогтоох ёстой байсан боловч түүнийг байхгүйд хүсэл зоригийн илэрхийллийг баталгаажуулан шалгаагүй нь хууль зөрчсөн үйлдэл юм.

5в. Нэхэмжлэгч Л.А- нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очихдоо өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр Сайханргил гоулд ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан талаар болон тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн талаар олж мэдсэн тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу Л.А- шаардах эрх нь эрх зөрчигдсөнийг мэдсэн үеэс буюу 2020 оны 08 сарын 17-ны өдрөөс эхлэн тоологдох ёстой.

. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь тухайн гэрээнүүдийг гэрчлэн баталгаажуулсан нотариатчийн баталгаажуулалтыг үндэслэн Сайхан оргил гоулд" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Л.А-г бүртгэсэн. Эдгээр гэрээ болон гэрээг баталгаажуулсан нотариатийн үйлдлийг хүчингүйд тооцуулах нь Л.А-г Сайханргил гоулд ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үр дагавар үүсгэх тул шүүгчийн хууль зүйн аливаа үр дагавар үүсгэхгүй гэх үндэслэл нь учир дутагдалтай байгаа юм. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч Б.С-ын өмгөөлөгчөөс давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Шинжээчийн дүгнэлтээр тухайн маргаан бүхий дөрвөн гэрээн дээр зурагдсан гарын үсэг Л.А-гийн өөрийнх нь гарын үсэг гэдэг нь тогтоогдсон. Сайхан-Оргил гоулд ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ тухайн компанийн дүрэм дээр зурагдсан гарын үсэг нь Л.А-гийн гарын үсэг болох тогтоогдсон. Компанийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх хэлцэл биш. Улсын бүртгэлийн мэдээлэл нь хүн бүрт нээлттэй бөгөөд Сайхан-Оргил гоулд ХХК болон Чихэр трейд ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь хэн болох нь тодорхой харагдаж байдаг. Гэтэл өөрийнхөө нэр дээр хуулийн этгээд байгаа гэдгийг 12 жилийн дараа мэдсэн гэж тайлбарласан нь илтэд үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ямар эрх ашиг нь Чихэр трейд ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой зөрчигдсөн болох нь тодорхойгүй байна гэж Чихэр трейд ХХК-тай холбоотойгоор хийсэн дүгнэлтийг Сайхан-Оргил гоулд ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой дүгнэлт хийсэн мэтээр тайлбарлаж гомдол гаргасан нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Б.Э- давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, тухайн маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Л.А- нь хариуцагч Б.С-, Б.Э- нарт холбогдуулан Сайхан-Оргил гоулд ХХК болон Чихэр трейд ХХК-иудын хувьцааг 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, уг гэрээнүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Л.А- нь 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Б.С-тай Сайхан-Оргил гоулд ХХК, Чихэр трейд ХХК-иудын хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Б.С- нь компани тус бүрийн 1,000 ширхэг хувьцааг худалдах, худалдан авагч Л.А- нь гэрээний төлбөрт тус бүр 1,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, улмаар гэрээний дагуу үнийг төлсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх 24, 29/

Мөн нэхэмжлэгч Л.А- нь хариуцагч Б.С-тай 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Сайхан-Оргил гоулд ХХК, Чихэр трейд ХХК-иудын эрх, үүргийг шилжүүлэхээр тохиролцжээ. /хх 19, 30/

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргийг харьцуулан дүгнэж, нэхэмжлэгч Л.А-, хариуцагч Б.С- нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцжээ.

4а. Нэхэмжлэгч Л.А- нь Сайхан-Оргил гоулд ХХК, Чихэр трейд ХХК-иудын хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8-д тус тус заасан агуулгаар тайлбарласан боловч эдгээр гэрээг хууль зөрчсөн, эсхүл өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх тайлбараа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

4б. Мөн нэхэмжлэгч Л.А- нь дээрх гэрээнүүдийг өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэж тайлбарлан маргаж байх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2959 тоот дүгнэлтээр маргаж буй хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх тухай гэрээ, түүнчлэн компанийн дүрэмд тэрээр тус тус гарын үсэг зурсан болохыг тогтоожээ. /хх192-196/

4в. Түүнчлэн, нэхэмжлэгч Л.А- нь 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чихэр трейд ХХК-ийн 1,000 ширхэг хувьцааг Б.Отгон-Очирт, Б.Отгон-Очир нь 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Б.С-ад тус тус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, улмаар хариуцагч Б.С- нь 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ц.Лхагвасүрэнд мөн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн /хх 71-73, 80/ байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хөндлөнгийн байр сууриар оролцсон шинжээчийн дээрх дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Л.А-гийн гаргасан хувьцаа худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй, хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн гэдгээ мэдээгүй гэх тайлбар, энэ талаар гаргасан нэхэмжлэл болон давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.А-гийн хариуцагч Б.Э-д холбогдуулан гаргасан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

5а. Хариуцагч буюу нотариатч Б.Э- нь 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Л.А-, хариуцагч Б.С- нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан Сайхан-Оргил гоулд ХХК, мөн Чихэр трейд ХХК-иудын хувьцааг худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх тухай гэрээг гэрчилжээ. /1хх 165-167/

5б. Анхан шатны шүүх компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлага байхгүй, нотариатч Б.Э- нь үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу эдгээр гэрээг гэрчилсэн үйл баримтыг зөв тодорхойлж, Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Л.А- нь компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан нь тогтоогдсон, эдгээр гэрээг нотариатаар гэрчлүүлэх хуульд заасан шаардлага байхгүй тул нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зураагүй нь гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан нөхцөл байдлыг үгүйсгэх, улмаар нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй. Түүнчлэн нотариатч үйлдэл хийхээс татгалзах ёстой байсан гэх Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Нэхэмжлэгч Л.А- нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан талаар 2020 оны 09 дүгээр сарын 25, 30-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус тус авсан лавлагаагаар мэдсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дууссан гэж үзсэн нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/00100 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                   Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЦОГТСАЙХАН