Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 107

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн Х.Ээд холбогдох 1830001360095 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, 1973 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х.Э 

 

Холбогдсон хэргийн талаар/Прокурорын яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Х.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Мын баруун хөлний гуянд хутгалж эрүүл мэндэд нь баруун хөлний дунд чөмөгний дотор доод 1/3 хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Х.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2018 оны 04 сарын 26-ны өдөр манай хамаатных байшингийн найр хийсэн. Миний халаасанд 2 шил архины мөнгө байсан. Би 2 хүүхдээ цэцэрлэгээс аваад айлд хүргэж өгчихөөд Хых руу очиход Э, Ш, Х нар архи уугаад сууж байсан. Гаднаас М орж ирсэн. Тэнд архиа ууж дуусчихаад манайх руу очиж нэг шил архи уусан. Архиа хагасыг нь уугаад би согтсон байна лээ. Би дүүгийнхээ авчирч өгсөн хутгыг Мад үзүүлж байсан. Тэгээд юу болсныг санахгүй байна. 

Найрнаас халамцуу гараад л архи уумаар санагдаад архи уусан. Эмчилгээний зардал 200.000 төгрөг өгсөн. Би уулзаж цустай өмдийг нь хаяад шинэ өмд авч өгсөн. Уучлалт гуйсан. Архи ууснаас болж хэрэгт холбогдлоо. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв. 

 

   - Х.Эийн яллагдагчаар өгсөн: “...Би тус өдрийн орой 20 цагийн орчим найз Хы гэр лүү очтол тэнд Э, Ш, Х гурав нэг шил архи задалчихсан ууж байсан. Тэрийг ууж дуусгаад би нэг шил архи гаргаж бүгдээрээ ууж байтал гаднаас Д.М нь бага зэрэг халамцуухан орж ирсэн. Д.Мыг орж ирэхэд задалсан архи бараг дуусч байсан болохоор би дахиж нэг шил архи авч задалсан. Тэрийгээ бүгдээрээ уучихаад Д.М бид хоёр манай гэр рүү явж манай гэрт байсан 500 грамм Ерөөл нэртэй архийг бид хоёр хувааж ууж байгаад дуусгаж чадаагүй тасарсан байсан. Тэгээд чухам юу болмон талаар санахгүй байна. Нэг мэдсэн шөнийн 04 цагийн орчим гэртээ ширээгээ дэрлээд унтаж байсан. Тэгээд би дүү Сгийн гэрт нь очоод унтаж байтал цагдаа нар ирж намайг авсан. Би Мыг хутгалсанаа сайн санахгүй байна. Манай дүү надад өмнөд Судан улсаас хутга авчирч өгч байсан юм. уг хутгийг манайх өдөр тутамдаа байнга хэрэглэдэг. Тэр өдөр би гэртээ мах идэж байгаад ширээн дээрээ үлдээчихсэн байсан юм. тэгээд уг хутгаа Д.Мад үзүүлж байсан. Бид хоёр хоорондоо маргалдаж муудсан зүйл байхгүй. Би Д.Мын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-17-18/, 

 

-  Хохирогч Д.Мын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Би тус өдрийн орой 21 цагийн орчим Х гэдэг найзынхаа гэр рүү нь ортол Х.Э, Э, Х 3 архи ууж байсан. Тэгээд ууж байсан архиа дуусгаад Х.Э бид хоёр хамт Эийн гэр рүү нь очиж гэрт нь байсан “ерөөл нэртэй” 500 граммын архийг хувааж уугаад юм яриад сууж байтал Х.Э надад хутга үзүүлээд байхаар нь чи наадахаа цааш нь байлга, хүн хатгачихваа гэтэл миний баруун хөлийн гуяны дотор талд хүрэх шиг болсон. Тэгээд хартал цус гарч байсан. Бид хоёр хоорондоо муудаж маргалдсан зүйл байхгүй. Бид хоёр хоорондоо муудаж, намайг хутгалаагүй болохоор би Х.Ээд гомдолгүй, Х.Э нь надад эмчилгээний эм тариа авч өгсөн болохоор нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг... гэх мэдүүлэг/хх-06/,

 

  - Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 235 дугаартай дүгнэлтэнд: Д.Мын биед баруун хөлний дунд чөмөгний дотор доод 1/3 хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэжээ /хх-10/, 

 

 - Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл.2018.04.16. /хх- 03-04/,

 

 - Х.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-20/,

 

 - Х.Эийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21/,

 

 - Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р багийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 8/104 дугаартай тодорхойлолт /хх-19/,

 

 - Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 53 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-28/ зэрэг болно. 

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно. 

 

 Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

 Шүүгдэгч Х.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Мын баруун хөлний гуянд хутгалж эрүүл мэндэд нь “ баруун хөлний дунд чөмөгний дотор доод 1/3 хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий “ хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Эийн үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Д.Мын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.04.16-ны өдрийн 235 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

 

 Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нарын архи ууж хэт согтуурсан байдал, харьцаанаас үүдэлтэй хийгээд Х.Э гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. 

 Тодруулбал, тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийг хутгалж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

         

 Шүүгдэгч Х.Эийн, хохирогч Д.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл үндэстэй, шүүгдэгч, түүний өмгөөлөгч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

 Иймд шүүгдэгч Х.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

 Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мад учирсан эмчилгээний зардлын 200.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн ба хохирогч хохиролтой холбоотой нэхэмжлэл, гомдол гаргаагүй болно. 

            

 Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж дүгнэв. 

 Тухайлбал, энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Х.Эийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Д.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэрэгт мэдүүлсэн ба шүүгдэгч түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон ялын талаар маргаагүй байна. 

        

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 Шүүхээс шүүгдэгч Х.Эийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 Х.Эийн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 Шүүгдэгч Х.Эийн үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн, прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар гаргасан “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай ” саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

  Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Миний үйлчлүүлэгч маань өөрийн гэсэн ажилгүй, орлогогүй, хүүхдийнхээ 20.000 төгрөгөөр амьдардаг. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зэргийг харгалзан торгох ялыг багасгах саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 5-6 сараар  хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү “ гэх санал, шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа, түүний хөрөнгийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан түүнд оногдуулах 500.000 төгрөгөөр торгох ялыг нэг сард 100.000 төгрөгөөр тооцож 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтооно.

                   

  Х.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.М гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдъя.

 

 

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Х.Ээд шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг нэг сард 100.000 төгрөгөөр тооцож 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Х.Ээд шүүхээс оногдуулсан дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Ялтан Х.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

6. Ялтан Х.Ээд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН