Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 339

 

Д.Л-ийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн НДХ-ийн УБ

нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                                      Б.Мөнхтуяа,

                                                      Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:    Ч.Уранбилэг,

Нэхэмжлэлийн шаардлага: Өндөр насны тэтгэврийг анх тогтоосноор олгогдохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, сард олгох тэтгэврийг 1348456 төгрөгөөр олгохыг даалгах, учирсан хохирол 1702954 төгрөгийг гаргуулах,

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0414 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Т нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 28 дугаар зүйлийн 1.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, өндөр насны тэтгэврийг анх тогтоосноор олгогдохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сард олгох тэтгэврийг анх 1348456 төгрөгөөр тогтоосноор олгохыг Хөвсгөл аймгийн НДХ-т даалгаж, ийнхүү шийдвэрээ хэрэгжүүлэхгүй байгаа хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол 2019 оны эхний 4 сарын байдлаар 1702954 төгрөгийг Хөвсгөл аймгийн НДХ-ээс гаргуулж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0414 дүгээр магадлалаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Л-ийн Хөвсгөл аймгийн НДХ-ийн Хяналт, шалгалт дотоод аудитын тасгийн хяналтын байцаагч Б.М, тэтгэврийн байцаагч Н.Х нарт холбогдуулан гаргасан “Өндөр насны тэтгэвэр анх тогтоосноор олгогдохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, сард олгох тэтгэврийг 1348456 төгрөгөөр тогтоосноор олгохыг хариуцагчид даалгах, ийнхүү шийдвэрээ хэрэгжүүлэхгүй байгаа хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол 2019 оны эхний 4 сарын байдлаар 1702954 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

            Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч Д.Л хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасныг буруу тайлбарлаж хуульд нийцээгүй аргаар нэмэгдүүлж түүнээсээ шимтгэл төлөх аргаар тэтгэврийн хэмжээг өндөр тогтоолгоход хэрэглэгдэнэ гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь хуулийг үгийн шууд утгаар ойлгохоор заасныг зөрчсөн, нэхэмжлэгчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр урьдчилж төлсөн, дээрх хуулийн шаардлагыг хангаж шимтгэл төлж байсан нь нийгмийн даатгалын сангаас харагдаж байна.

4. Маргаан бүхий хугацааны туршид “Х Э” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний дагуу сургалтын асуудал хариуцсан сургагч багшаар ажиллаж байсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д “байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг” хэлэхээр заасан ба багшийн хувьд ажил олгогчийн баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авах бус хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хичээлийг өөрийн зохиосон сургалтын хөтөлбөрийн дагуу зааж ажил гүйцэтгэх гэрээний дагуу цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг авч, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн атал байнгын ажлын байр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

5. Хэрэв ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг нууж хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хууль зөрчсөн үйлдэл болох байсан.

6. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа, хөлсний талаарх ойлголтыг Иргэний хуулийн 348 дугаар зүйлд тодорхойлохдоо “хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно”, 346 дугаар зүйлийн 346.2-т “Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө” гэж зааснаар мөн л харилцан тохиролцож болохоор заасан атал байнгын ажлын байранд ажиллаж байсан гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд буруу дүгнэлт юм.

7. Магадлалын үндэслэл болсон Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 8-д“тэтгэвэр гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг” хэлэхээр заасныг баримтлан хөрөнгө гэж үзэж шударга бусаар олж авсан гэсэн дүгнэлт нь буруу бөгөөд тухайн хөрөнгийг шударга хөдөлмөрийн үр дүнд олж авч нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу төлж, олж байсан орлогоо шударгаар тайлагнасан атал шударга бусаар олж авсан хөрөнгө гэж намайг гэм буруутай мэтээр дүгнэсэн нь эргэлзээтэй болсон.

8. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д “Татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аялал, сургалтын бусад үйл ажиллагаанаас орлого олдог бол албан туишалптн үүнийгээ давхар эрхэлж болно” гэж заасныг зөрчсөн тохиолдолд тогтоох субъект нь өөр байгууллага бөгөөд Авилгатай тэмцэх газраас давхар ажил хийсэн талаар бус хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гадуур олсон орлогоо мартаж орхигдуулсан байсныг буруутган арга хэмжээ тооцуулж байсан юм.

9. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10.  Анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангасан байх тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

11.  Нэхэмжлэгч Д.Л-ээс аймгийн НДХ-т холбогдуулан өндөр насны тэтгэврийг анх тогтоосноор олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, сард олгох тэтгэврийг 1348456 төгрөгөөр тогтоосноор олгохыг даалгах, хохирол 1702954 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчаас “төрийн жинхэнэ албан хаагч атлаа хувийн компанид үндсэн ажилтнаар давхар ажиллаж хууль зөрчсөн тул компанид ажиллаж байсан цалингийн бүрэлдэхүүнийг тэтгэвэр тогтоох цалингийн бүрэлдэхүүнд оруулан тооцохгүй” гэж, нэхэмжлэгчээс “төрийн байгууллагад ажиллаж байхдаа хуулиар зөвшөөрсөн ажил эрхэлж, уг орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тул тэтгэвэртээ нэмж тооцуулах эрхтэй” гэж тус тус маргажээ.

12.  Д.Л аймгийн МХГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд үүний зэрэгцээ “Х э” ХХК-тай “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж, сургагч багшаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон байна. Нэхэмжлэгчийн тухайд ийнхүү давхар ажил эрхэлж, эдгээр цалин хөлснөөс аль алинд нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, “Х э” ХХК-ийн нийгмийн даатгалын тайлан зэрэг баримтаар тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, хууль хэрэглээний маргаантай буюу шүүхээс хувийн хэвшилд ажиллаж байсан хугацааны цалин хөлсийг тэтгэвэр тооцох цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулах эсэхэд эрх зүйн дүгнэлт хийхээр байна. 

13.  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-т “Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид “хөдөлмөрийн хөлс” гэх/-ын 45 хувиар тогтооно” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тооцуулан авах эрхтэй буюу төрийн байгууллагад болон “Х э” ХХК-д ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн орлогын аль алинаас тэтгэвэр тооцуулах бүрэн эрхтэй байна.

14.  Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас “Х э” ХХК-д ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл тооцон авч байсан, тухайн үед хууль зөрчигдөх талаар, энэ орлогыг тэтгэврийн бүрэлдэхүүнд оруулахгүй талаар шийдвэр гаргаж байгаагүй атлаа тэтгэвэр тогтоолгох үед татгалзаж байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй.

15.  Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх”-ийг төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон боловч сүүлд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар сургалтын үйл ажиллагааг буюу хуульд заасан орлогын хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр давхар сургалтын ажил эрхэлж болохоор тусгайлан зохицуулсан тул нэхэмжлэгчийг “хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн” гэж үзэхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

16.  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д “Татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аялал, сургалтын бусад үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно” гэж заасан, энэ эрхийн хүрээнд нэхэмжлэгч нь хувийн хэвшилд сургалтын ажил эрхэлсэн, уг орлого нь хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй байна.

17.  Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн б/181 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Д.Л-д “өөрийн үндсэн ажлаас гадуур олсон үйл ажиллагааны орлогоо мэдүүлээгүй” гэх үндэслэлээр цалин бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэж байсан тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 18 дугаар зүйлийн 18.5.3 дахь хэсэгт заасан “өөрийн удирдах албан тушаалтны бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр гэрээний ажил, үүрэг гүйцэтгэх” шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, эрх бүхий албан тушаалтнаас гэрээний ажил давхар гүйцэтгэхийг хориглосон шийдвэр гаргаагүй байх тул хариуцагчийн “хууль зөрчсөн” тухай тайлбар үндэслэлгүй.

18.  Иймээс магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0414 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                               П.СОЁЛ-ЭРДЭНЭ