Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Ардчилсан намын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Ховд сумын Сонгуулийн хороонд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Ховд сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолын Б.К-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Х, хариуцагч Д.Ж, гуравдагч этгээд Б.К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Ховд сумын Ардчилсан намын дарга Х.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасны дагуу 2016 оны орон нутгийн сонгуульд Ховд аймгийн Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тойрог бүрт Ардчилсан намаас нэр дэвшигч 21 хүний материалыг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгуулийн хороонд хүргүүлж бүртгүүлсэн. Гэтэл Ховд сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Ардчилсан намаас нэр дэвшигч Б.К-г Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасныг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна. Нэр дэвшигч Б.К нь Улс төрийн намын тухай хуулийн дагуу тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.17.1, 4.23 дахь заалтуудыг үндэслэн Ардын намын гишүүнчлэлээс татгалзсан өргөдлөө 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр намын анхан шатны байгууллагад хүргүүлж, намын гишүүнээс татгалзсан.

2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ардчилсан намд гишүүнээр элсэж, намын батлах авсан. Б.К нь Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 16.9, Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасны дагуу сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй тул Ховд аймгийн Ховд сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолын Б.К-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, Ховд аймгийн Ховд сумын Сонгуулийн хорооны дарга Д.Ж шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Монгол ардын намын хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 03 тоот хүсэлтийг үндэслэн шалгаж үзэхэд тус сумын Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Б.К нь Ховд сумын Монгол ардын намын гишүүнээс гарах өргөдлөө 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өгсөн нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д заасан “Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж 5 хоногийн хугацаанд дуусгана” гэсэн заалтыг зөрчсөн. Хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дууссан.

Мөн нэр дэвшигч Б.К-ийн Ховд сумын Монгол ардын нам, Ардчилсан намуудад өгсөн өргөдлийн утга нь зөрүүтэй, Ардчилсан намаас шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурьдагдсан Улс төрийн намын тухай хуулийн 4.17.1, 4.23 дахь заалтууд нь уг хуулинд байхгүй байна.

Ховд сумын Сонгуулийн хороо нь хуулийн дагуу ажлаа хийсэн, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 157 дугаар зүйлийн 157.9 дэх заалтын дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн шийдвэр гаргасан болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Гуравдагч этгээд Б.К шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Ховд сумын ардын намын дарга Ш.Е-тэй уулзаж, Монгол ардын намын гишүүнчлэлээс гарч байгаа тухайгаа амаар хэлж, Монгол ардын намын гишүүний бат илэрхийлэхээ өгсөн. Тэрнээс хойш Монгол ардын намын дарга намайг тус намаас гарсан эсэх талаар мэдэгдээгүй тул би өөрийгөө Монгол ардын намын гишүүнээс гарсан гэж ойлгосон. Ингээд би Ардчилсан намаас Ховд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшсэн. Үндсэн хуульд заасан миний сонгуульд нэр дэвших эрхийг Монгол ардын намын дарга Ш.Е бүдүүлгээр зөрчиж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Ховд сумын Ардчилсан намын дарга Д.Х Ховд аймгийн Ховд сумын Сонгуулийн хороонд холбогдуулан Ховд аймгийн Ховд сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолын Б.К-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд хэргийн оролцогчдоос гаргасан тайлбар зэрэгт тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ховд аймгийн Ховд сумын Ардчилсан намын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ховд аймгийн Ховд сумын Ардчилсан намын зөвлөлийн хурлын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр “2016 оны орон нутгийн ээлжит сонгуульд нэр дэвшигчийг тодруулах тухай” тогтоолоор 3 дугаар тойрог буюу Ховд аймгийн  Ховд сумын Баруун салаа багт Ардчилсан намаас орон нутгийн сонгуульд Б.К-г нэр дэвшүүлэхээр тогтоол гаргаж, Ховд сумын Ардчилсан намын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр албан бичгээр Ховд сумын сонгуулийн хороонд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч Ховд аймгийн Ховд сумын Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар “Нэр дэвшүүлэхээс татгалзах тухай” тогтоолын 1 дэх заалтаар Ховд аймгийн Ховд сумын Ардчилсан намаас 3 дугаар тойрогт нэр дэвшигч Б.К-г Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Учир нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 “Нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно ” , Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д “Монгол улсын иргэн зөвхөн нэг намын харъяалалтай байна” гэсэн заалтыг  тус тус зөрчиж нэхэмжлэгч Ховд аймгийн Ховд сумын ардчилсан намаас орон нутгийн сонгуульд Б.К-г нэр дэвшүүлжээ.

Гуравдагч этгээд Б.К Монгол ардын намын гишүүнд 2011 онд элсэж Монгол ардын намын гишүүний 0138092 дугаар бат илэрхийлэл авсан, мөн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ардчилсан намын гишүүнээр элссэн болох нь Ардчилсан намын гишүүний 383 дугаар батлах, Ардчилсан намын гишүүний анкет зэрэг баримтуудаар хоёр намын гишүүнчлэлтэй гэж үзэхээр байна.   Монгол ардын намын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2-т “ Монгол ардын намын гишүүнээс гарч байгаа тухайгаа бичгээр илэрхийлж, харъяалагдах намын үүр, анхан шатны хороонд мэдэгдэж бүртгэлээс хасуулан, Монгол ардын намын гишүүний бат илэрхийлэхээ эргүүлэн өгнө...” гэж заасан байхад К нь 2016 оны 06 сарын 22-ны өдөр  Монгол ардын намын гишүүний бат илэрхийлэхээ Ховд сумын Монгол ардын намын дарга Ш.Е-д өгсөн ба тухайн үед Монгол ардын намаас гарсан тухайгаа бичгээр илэрхийлээгүй харъяалагдах намын үүр , анхан шатны хорооны бүртгэлээс хасуулаагүй нь буруу байна.

Гуравдагч этгээд Б.К нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж 5 хоногийн хугацаанд дуусгана” гэж заасан байхад нам эвслээс орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа дууссаны дараа буюу 2016 оны 08 сарын 30-ны өдөр Монгол ардын намын гишүүнээс гарах тухай өргөдлөө бичгээр илэрхийлсэн нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-д “Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” гэх заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Ховд сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн  03 дугаар тогтоолын Б.К-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ховд аймгийн Ховд сумын Ардчилсан намын дарга Х.Х-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                      Г.СОНИНБОЛОР