Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2017/00072

 

“Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1124 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар магадлалтай,

           “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн нэхэмжлэлтэй,

           “Дулаан шарын гол” ТӨХК-д холбогдох         

       Цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 585.970.634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

          Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн төлөөлөгч Б.Энхцэцэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал, Г.Сувд-Эрдэнэ нарын гаргасан тайлбарт: “Дулаан шарын гол” ТӨХК нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ /БХ-50-1011/2014/-нд заасан үүргээ 2014 оноос биелүүлээгүй, цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөхгүй 2014 оны жилийн эцсийн үлдэгдлээр 500.516.108 төгрөгийн өртэй, 2015 оны эцсийн үлдэгдэл 545.699.714 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тус компанийн цахилгаан эрчим хангамжийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг удаа дараа хүргүүлж, цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөх шаардлага тавьж ажилласан боловч өр төлбөрөө барагдуулахгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр болох 545.699.714  төгрөг, алданги 40.270.920 төгрөг, нийт 585.970.634 төгрөгийг төлүүлж, хохирлыг барагдуулж өгнө үү.” гэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбаатарын гаргасан хариу тайлбарт: “Төрийн өмчийн хорооны 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 433 дугаар тогтоолоор “Дулаан шарын гол” ТӨХК-ийн 200.000.000 төгрөгийг суутган тооцох замаар хаалт хийхээр шийдвэрлэсэн тул үүнийг хасаж тооцуулах мөн “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Дулаан шарын гол” ТӨХК нарын хооронд байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 6.5-6.7 хүртэлх заалтыг хүчингүй болгосон тул алдангийг хасч тооцож өгнө үү.” гэжээ.

        Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1124 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар “Дулаан шарын гол” ТӨХК-иас 585.970.634 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.725.645 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дулаан шарын гол” ТӨХК-иас 8.725.645 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1124 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг, “Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан...” гэж , 2 дахь заалтын “...8.725.645 төгрөгийг...” гэснийг “...3.087.803 төгрөгийг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

     Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар магадлалыг эс зөвшөөрч доорх үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн нэхэмжлэлтэй “Дулаан шарын гол” ТӨХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага, гэрээний үүргийн хугацаа болон үнэ алданги тодорхойгүй байхад талууд 2005 оноос эхлэн гэрээ байгуулж байсан, төлбөрийн хуримтлал үүссэн гэсэн үндэслэл муутай дүгнэлт гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 545 699 714.00 төгрөгийн өр төлбөр дотор 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Төрийн өмчийн хорооны 433 тоот тогтоолын “г”-д талуудын хооронд үүссэн 200 000 000 төгрөгийн өр төлбөрийг хаах тухай тодорхой зааж зохицуулж өгсөн. Нэхэмжлэгч байгууллага энэ талаар татгалзах зүйлгүй гэдгээ удаа дараа албан тоотоор хариу ирүүлж байсан гэдгийг хариуцагч байгууллагын төлөөлөгч тайлбар гаргасаар байхад анхаарч үзээгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д зааснаар төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийн хэмжээнд урьдчилан шийдвэрлэсэн асуудлыг шүүхэд нотлох баримтууд ирүүлээгүй гэсэн үндэслэлээр төлбөрт оруулан тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Талууд Төрийн өмчийн хороонд энэ талаар хүсэлтээ дахин гаргаж эцэслэн шийдвэрлүүлэх боломжтой.” Түүнчлэн Иргэний хуулийн 75.2-д заасан “Гэрээний үүрэгтэй хөөн хэлэлцэх тусгай хугацаа 3 жил өнгөрсөн, нэхэмжлэгч байгууллага 6 жил 4 сарын дараа энэ мөнгийг нэхэмжилсэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар анхаарч үзсэнгүй. Нэхэмжлэгч байгууллага 40 270 920 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд хэдий хугацаанаас тооцож байгаа нь тодорхойгүй, талуудын хооронд байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 6.5-6.7 хүртэлх заалтууд хүчингүй болсон тул энэ хугацаанд алданги тооцогдохгүй тухай хариуцагчийн үндэслэлтэй тайлбарыг хүлээж аваагүй, алданги төлүүлэхээр үндэслэл муутай дүгнэлт гаргасан гэж үзэж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

           Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

           Нэхэмжлэгч “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК нь хариуцагч “Дулаан шарын гол” ХК-д холбогдуулан 2015 оны байдлаар цахилгааны төлбөрийн үлдэгдэл гэж 545.699.714 төгрөг, алданги 40.270.920 төгрөг нийт 585.970.634 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “Төрийн өмчийн хорооны 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 433 дугаар тогтоолоор “Дулаан шарын гол“ ТӨХК-ийн 200.000.000 төгрөгийг суутган тооцох замаар хаалт хийхээр шийдвэрлэснийг хасах, 2015 оны цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 6.5-6.7 хүртэл заалтыг хүчингүй болгосон тул алдангийг хасч тооцож өгнө үү” гэжээ.

         “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Дулаан шарын гол” ТӨХК-ийн хооронд  цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ жил бүр байгуулагддаг, нэхэмжлэгч нь хариуцагчийг эрчим хүчээр хангадаг бөгөөд 2009, 2011, 2012, 2013, 2015 оны гэрээнүүд, 2015 оны 07 сарын 31-ний байдлаар 509 283 186 төгрөгийн тооцооны үлдэгдлийн талаарх тооцоо нийлсэн баримт, цахилгаан зарцуулалтын тооцооны баримт, цахилгаан эрчим хүчний төлбөрийн тооцооны жагсаалт, Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 433 дугаар тогтоолын хуулбар хувь хэрэгт авагдсан байна. /xx-70-115, 50, 31-34, 35-49, 54/

    Хариуцагч нь 2005 оноос хойш цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийг төлж байсан ч төлбөрийн үлдэгдэл хуримтлагдсан талаар талууд тооцоо нийлсэн, хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар эрчим хүч ашигласны төлбөрт 545 699 714 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.  

         Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 433 дугаар тогтоол хэрэгт авагдсан ба тогтоолын 1-ийн “г”-д “Дулаан шарын гол” ТӨХК-иас “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д компанид төлөх 200.000.000 төгрөгийг “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ХК-д..., ...төлөх өрөнд суутган тооцох замаар хаах..., 2-т дээрх асуудлыг Эрчим хүчний компаниудын хувь нийлүүлэгчдийн хуралдаанд оруулж эцэслэн шийдвэрлэж дүнг 2010 оны нэгдүгээр улиралд багтаан, Төрийн өмчийн хороонд ирүүлэхийг даалган шийдвэрлэсэн байна.

          Дээрх тогтоолын дагуу өр төлбөрийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул “... нэхэмжлэлийн шаардлагаас 200.000.000 төгрөгийг суутган тооцох замаар хаалт хийхээр Төрийн өмчийн хорооноос шийдвэрлэснийг хасах” тухай хариуцагчийн тайлбарыг баримтаар нотлогдоогүй гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчөөгүй байх тул хариуцагчийн энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

          Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлээгүйгээс хариуцагчаас алданги гэж 40 270 920 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулаагүй байх тул алданги төлөх үндэслэлгүй гэсэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангана.

          Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д  “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж заасан ба үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг гэрээний талууд харилцан тохиролцож тогтоодог бөгөөд нэг талын саналыг нөгөө тал хүлээн авснаар гэрээний нөхцөл болж, гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд мөнгөн төлбөрийн хэлбэрээр хариуцлага болж хэрэгждэг учиртай.  

         Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагынхаа  үндэслэл болгож шүүхэд ирүүлсэн 2015 оны гэрээний эх хувь болон түүний хуулбар хувь хэрэгт авагдсанаас үзэхэд  гэрээний 6.5 дахь заалтад алдангийн заалт тусгагдсан ч энэ заалтыг балаар дарж, тамга, гарын үсэг зурагдсан байна./xx-7-10,108-115/ Гэрээний “алданги тогтоосон” энэ нөхцлийг хариуцагч байгууллага гэрээ байгуулах үед зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, тухайн заалтыг дарж, байгууллагын тамга дарж, гарын үсгээ зурсан, алданги тохиролцоогүй гэж хариуцагч тайлбар гаргажээ. Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алданги тохиролцсон гэж үзэхгүй, нэхэмжлэлийн шаардлагаас алданги гэж нэхэмжилсэн 40 270 920 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

         Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч Б.Энхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлын алдангид хамаарах хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1124 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2., 31 дүгээр зүйлийн 31.1.3., Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Дулаан шарын гол” ТӨХК-иас 545.699.714 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 40.270.920 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “...3.087.803 төгрөгийг...” гэснийг “...2.886.449 төгрөгийг...” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Дулаан шарын гол” ТӨХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.359.305 /нэг сая гурван зуун тавин есөн мянга гурван зуун тав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

                                             ШҮҮГЧ                                                      Д.ЦОЛМОН