| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00067/И |
| Дугаар | 302/ШШ2025/00329 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 302/ШШ2025/00329
| 20250421 | 302/ШШ2025/00329 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Б аймгийн У сумын 2 дугаар багт оршин суух, И овогт Х.Г
Хариуцагч: Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургууль /захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.А /
Хамтран хариуцагч: Б аймгийн Боловсролын газар /даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А /
Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албаны тухай хуулийн дагуу олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөний үлдэгдэл 10,411,123 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний үлдэгдэл 2,250,000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан Хөдөлмөрлөх эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,132,000 төгрөг, нийт 17,793,123 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,
Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С ,
Хамтран хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургууль /захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.А /, хамтран хариуцагч Б аймгийн Боловсролын газар /даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А /-т тус тус холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн дагуу олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөний үлдэгдэл 10,411,123 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний үлдэгдэл 2,250,000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан Хөдөлмөрлөх эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,132,000 төгрөг, нийт 17,793,123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Х.Г миний бие 1991 оноос эхлэн нийгмийн даатгал төлж ажиллаж эхэлсэн. Анх оноос 1991 оноос эхлэн У суманд тогоочоор ажиллаж эхэлсэн ба 1994 он хүртэл ажилласан. 1995 оноос эхлэн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуульд 1996 он хүртэл бага ангийн багшаар ажилласан. 1997-1999 он хүртэл Хөх хөтөлийн эмнэлэгт асрагчаар, 2000 оноос 2003 он хүртэл С -д, 2003-2006 он хүртэл Хадгаламжийн банканд ажилласан. 2013 оноос эхлэн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаад 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.
1.2. У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/03 дугаартай "Ажлаас чөлөөлөх тухай" тушаалаар намайг ажлаас халсан. Х.Г би шүүхэд нэхэмжлэл гаргаж Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 3,226,410 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагчаас шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлж, намайг 1 сар хүрэхгүй хугацаагаар ажиллуулаад 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дахин ажлаас хаасан. Тодруулбал 2024 оны 05 дугаар сард ажилд томилсон шийдвэр гаргасан ба хичээл тарах хүртэл буюу 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллуулсан. Үүний дараа 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр амралтаас буцаан орох үед дахин намайг ажлаас халсан шийдвэр өгсөн. Би дахиж шүүхэд нэхэмжлэл гаргахад сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.С ээс намайг хууль бусаар ажлаас халсан гэдгээ хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар хүргүүлсний дараа Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 00995 дугаартай захирамж гарч намайг ажилд эгүүлэн томилохоор болсон. Би ажилдаа эгүүлэн тогтоогдож ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө тооцуулж авсан боловч миний цалин хөлс ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгөөгүй байсан. Би энэхүү асуудлаар Нийгмийн даатгалын хэлтэст гомдлоо гаргасан ба нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэхээр болсон.
1.3. Би өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гаргах болсон ба Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно” гэсний дагуу надад Төрийн байгууллагад ажилласан 18 жилийн хугацаанд нийтдээ 21,780,000 төгрөгийн тэтгэмж олгогдох байсан юм. Би ТҮ-1 -ээр цалинждаг бөгөөд үндсэн цалин хөлс 1,210,000 төгрөг байсан бөгөөд үүнийг 18 сараар үржүүлэхэд 21,780,000 төгрөгийн тэтгэмж авах байсан. Гэтэл надад 11,368,877 төгрөгийн тэтгэмж олгосон. Би Төрийн албаны тухай хуулийн дагуу олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөний үлдэгдэл 10,411,123 төгрөгийг нэхэмжилж байна.
1.4. Би Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 00995 дугаартай захирамжаар ажилд эгүүлэн тогтоогдсоны дараа миний цалин хөлсийг төлж барагдуулахдаа 2,250,000 төгрөгийг хасаж тооцсон. Үүний шалтгааныг Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу сургуульд буцаан төлөх 2,250,000 төгрөгийг суутгасан гэж хэлсэн. Би уг шүүхийн шийдвэрийг давж заалдаж байгаа бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийн дагуу суутгал хийх эрхгүй юм. Би ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүү 2,250,000 төгрөгийг мөн гаргуулахыг хүсэж байна.
1.5. Х.Г нь 1995 оноос эхлэн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуульд 1996 он хүртэл бага ангийн багшаар, 2013 оноос эхлэн 2024 оны 12 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Х.Г д ажиллаж байгаа байгууллагаас нь буюу У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулиас Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг олгох ёстой байсан боловч уг тэтгэмжийг өнөөдрийг хүртэл олгохгүйгээр түүнийг хохироосон байна. Тэтгэмжийн мөнгийг тооцохдоо Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоолын “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээ”-г ТҮБД-1-ийн цалингийн доод хэмжээг 1,283,000 төгрөг болгосон тул тухайн хэмжээгээр тооцсон болно.
1.6. Иймд Төрийн албаны тухай хуулийн дагуу олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөний үлдэгдэл 10,411,123 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний үлдэгдэл 2,250,000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан Хөдөлмөрлөх эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,132,000 төгрөг, нийт 17,793,123 төгрөг гаргуулж өгнө үүгэжээ.
2.Хариуцагч Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургууль хариу тайлбартаа:Нэхэмжлэгч Х.Г гийн нэхэмжлэл шаардлагыг судалж үзэхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлсний үлдэгдэл 2,250,000 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Х.Гүнсауллегээс тэтгэмжийн мөнгө болох 2,250,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн У сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд олгож шүүхээс шийдвэрлэсэн тул нөхөн төлөх боломжгүй. 2023 оны 06 дугаар сард тусгагдсан төсвийн төсөлд 2024 онд 11,700,000 төгрөг төсөвлөгдөж нэхэмжлэгч Х.Г д хууль тогтоомжийн дагуу олгогдсон байна. Нэхэмжлэгч Х.Г гээс хариуцагчаар Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийг тодорхойлж, Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/16 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож. Х.Г г урьд эрхэлж байсан үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай” нэхэмжлэл гаргасан билээ.Х.Г гийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130\Ш32024\00995 дугаартай “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарснаар уг маргаан иргэний шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн болно.Иймд нэхэмжлэгч Х.Г д Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж болох 5,132,000 төгрөг олгох хууль зүйн үндэслэлгүй тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хамтран хариуцагч Б аймгийн Боловсролын газар /даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А / хариу тайлбартаа: Иргэн Х.Г гийн манайд хүргүүлсэн материалыг нь хянаж үзэхэд 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл У сумын Хөх хөтөл багийн дунд сургуульд тогоочоор 3 жил 7 сар, 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бага ангийн багшаар 3 жил 10 сар, 2002 оны 01 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сар хүртэл С ХХК-д 11 сар, 2003-2006 он хүртэл Х-д 3 жил 10 сар, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл У сумын Хөх хөтөл багийн сургууль болон хүүхдийн цэцэрлэгт 10 жил 2 сар тус тус ажилласан байна.Үүнээс төрийн албанд нийт 17 жил 7 сар ажилласан байна Засгийн газрын 2019 оны 7 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3.1.2 болон 3.1.4 дэх заалт мөн заалтын тайлбар болох Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас манайд хүргүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №6/2848 дугаар албан бичигт 1990 оноос өмнө болон хойших хугацаанд үйлдвэр, аж ахуйн газруудад ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулахгүй гэсэн байна.Х.Г гийн 2002 оны 01 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сар хүртэл С -д 11 сар, 2003-2006 он хүртэл Х-д 3 жил 10 сар болох нийт 4 жил 10 сарыг нь төрийн алба хаасан хугацаанд оруулах боломжгүй гэж үзсэн байгаа.Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар “Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 238 дугаар тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба иргэн Х.Г нь 2024 онд өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж авсан учир 2024 оны 238 дугаар тогтоол буюу цалингийн доод хэмжээг 1,283,000 төгрөгөөр тооцох боломжгүй болно. Засгийн газрын 2019 оны 7 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох” журмын 2.1 дэх хэсгийн дагуу үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджийг нь тооцоход 668,757 төгрөг гарсан. Мөн дээрх журмын 3.2 дахь хэсэгт төрийн албанд ажилласан хугацааг хуанлийн бүтэн жилээр тооцно гэж заасны дагуу У сумын Хөх хөтөл багын хүүхдийн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд ажилласан 17 жилээр төрийн алба хаасан хугацааг нь тооцож нийт 11,368,877 төгрөгийн тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж шилжүүлсэн болно гэжээ.
4. Нэхэмжлэгчээс С.Н-т олгосон итгэмжлэл, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00995 дугаартай захирамж, Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай шийдвэр, Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 59 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ024/00445 дугаартай шийдвэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
5. Хариуцагч Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулиас тус сургуулийн захирлын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/10 дугаартай тушаал, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 59 дугаартай тушаал, Х.Г гийн гаргаж байсан өргөдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Г гийн гарын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төсвийн төсөөлөл, тэтгэвэрт гарах албан хаагчийн төрд ажилласан байдлын тухай мэдээлэл, тэтгэвэрт гарах албан хаагчийн үндсэн цалингийн тооцоолол, 2024 онд тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж, хөдөө орон нутгийн тэтгэмжийн нэгтгэл судалгаа, Х.Г-н цалин хөлсний баримт, тэтгэвэрт гарах албан хаагчийн мэдээлэл, Я.С эд олгосон итгэмжлэл, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШШ2024/01006 дугаартай шийдвэр, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00905 дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
6. Хамтран хариуцагч Б аймгийн Боловсролын газраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 6/2848 дугаартай албан бичиг, Н.М т олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
7. Хариуцагч талын хүсэлтээр шүүх Б аймгийн боловсролын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/111 дугаартай тушаалыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
8.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
9.Нэхэмжлэгч Х.Г гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:Төрийн албаны тухай хуулийн дагуу олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөний үлдэгдэл 10,411,123 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний үлдэгдэл 2,250,000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан Хөдөлмөрлөх эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,132,000 төгрөг, нийт 17,793,123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба бидний зүгээс Б аймгийн У сумын Хөх Хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн тэтгэмжийг дутуу бодож, дутуу тооцоолж олгосондоо холбогдох асуудлыг төрийн захиргааны албан хаагчийн шийдвэр учраас тухайн хэсэгтээ холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь түүнийг дээд шатны байгууллагад хандаад улмаар Захиргааны хэргийн шүүхэд хандъя. Тэр талаар жич нэхэмжлэл гаргах болно. Тэр харьяал зөрчигдөж буруу шүүхэд хандсан байна. Нэхэмжлэгч энэ хэсэгтээ буруу нэхэмжлэл гаргасан байна гэж тайлбарлажээ.
10.Хариуцагч Б аймгийн У сумын Хөх Хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Төрийн албаны тухай хуульд зааснаар Боловсролын газраас нэг удаагийн буцалтгүй тусламж хэмээн 10,411,123 төгрөг нэхэмжилж байна. Боловсролын газрын дарга нь өөрөө ТЗ-р цалинждаг байгаа. Энэхүү асуудлыг тушаал гарган шийдвэрлэсэн. Одоогийн шүүхийн практикт энэхүү маргааныг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж байна. Тийм учраас энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Нэхэмжлэгч орон тооны цомтголоор 2024 оны 01 дүгээр сарын сүүлээр ажлаас халагдсан байсан. Тэгэхээр тухайн үед байгууллагаас Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу 2,250,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгосон байсан. Гэтэл 2024 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоогдсон. Тухайн үед ажилгүй байсан хугацааны хөдөлмөрийн хөлсийг авсан. Тийм учраас өмнө өгсөн 2,250,000 төгрөгийг буцаад нэхэмжлэх шаардлага гарсан байдаг. Тэгэхээр Б аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2,2500,000 төгрөгийг хариуцагч Х.Г гээс гаргуулж, нэхэмжлэгч Хөх хөдөл сургуульд буцаан олгох шийдвэр гарсан. Улмаар оны сүүлээр нэхэмжлэгч тэтгэмжээ аваад өндөр насны тэтгэвэрт гаръя хэмээн хүсэлт гаргасан. Бодит байдалд 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажилгүй байсан. Энэ хугацааны цалин хөлсийг харахад Хөх хөдөл сургууль өмнө өгсөн 2,250,000 төгрөгийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу буцаагаад суутгаж авсан байдаг. Түүнээс биш аймгийн Боловсролын газраас олгосон тэтгэмжид ямар ч хамааралгүй. 5,132,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг бид нарын зүгээс 2024 оны 12 дугаар сарын 13-ний өдөр хүлээн зөвшөөрч үүнтэй холбогдуулан шүүгчийн захирамж гарсан. Нэгэнт ажлаас чөлөөлсөн тушаал нь өөрөө хүчингүй болсон тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын мөнгийг авсан учраас дахин Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд зааснаар 5,132,000 төгрөг олгох хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн хувьд дахин ажилдаа эгүүлэн ороод ажилласан. Тийм учраас нэхэмжлэгчийн манай байгууллагатай холбоотой нэхэмжлэлийн шаардлага болох 7,382,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.
11. Хамтран хариуцагч Б аймгийн Боловсролын газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд, нэхэмжлэгч Х.Г гийн манай байгууллагад өндөр насны тэтгэвэрт гарахаар бүрдүүлж өгсөн материалуудыг хянаж үзэхэд 17 жил 7 сар ажилласан болох нь харагдсан. 2019 онд гарсан өндөр насны тэтгэвэрт гарах хүмүүст олгох тэтгэмжийг тооцоолох журамд хуанлийн бүтэн жилээр тооцно гэж заасан байдаг. Тийм учраас үүнийг үндэслэн нэхэмжлэгчийн ажилласан жилийг 17 жилээр тооцож бодсон байгаа. Нэхэмжлэгч 2024 оны 238 дугаартай тогтоолоор дундаж цалин 1,283,000 төгрөгөөр хэмээн тооцоолж нэхэмжлэл гаргасан байна. Уг тогтоол нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн учраас үүнийг хэрэглэх боломжгүй байсан. Нэхэмжлэгч 2024 онд өндөр насны тэтгэвэрт гарсан тул уг дунджаар тооцох боломжгүй. Сүүлийн гурван жилийн дунджийг манай байгууллагаас 668,757 төгрөг хэмээн тооцоолж 17 жилээр бодоход, 11,368,877 төгрөг хэмээн тооцоолж уг мөнгийг нэхэмжлэгчийн өөрийн нэрийн дансанд шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
12.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:
12. Ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс суутгасан 2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
12.1. Нэхэмжлэгч Х.Г нь тус шүүхэд тус аймгийн У сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захиралд холбогдуулан тус сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/32 дугаартай тушаал болон 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/03 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, тус сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ2024/00445 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, дээрх тушаалуудыг хүчингүй болгож,түүнийг У сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн үйлчлэгчийн ажил эгүүлэн тогтоож, тус сургуулиас нэхэмжлэгчийн 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 3,226,410 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Г д олгож, тухайн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих журмын дагуу нөхөн бичилт хийхийг хариуцагч даалгаж шийдвэрлэсэн энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
12.2. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар ажил олгогч буюу нэхэмжлэгч тус аймгийн У сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал нь хариуцагч Х.Г г 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсний дараа мөн захирлын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/10 дугаартай тушаалын 1 дэх заалтаар Х.Г д 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн байна.
12.3. Нэхэмжлэгч Х.Г нь Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/16 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох, Х.Г г урьд эрхэлж байсан үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүлэн мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар шүүх 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад, хариуцагч Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 00995 дугаартай захирамж гарсан байх ба энэхүү захирамж нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
12.4. Мөн нэхэмжлэгч У сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлаас хариуцагч Х.Г гээс тэтгэмжийн мөнгө 2,250,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШШ2024/01006 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж, хариуцагч Х.Г гээс тэтгэмжийн мөнгө болох 2,250,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч У сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гаргасан байх ба энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
12.5. Нэхэмжлэгч Х.Г нь Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 00995 дугаартай захирамжаар ажилд эгүүлэн тогтоосны дараа миний цалин хөлсийг төлж барагдуулахдаа 2,250,000 төгрөгийг хасаж тооцож, сургуульд буцаан төлөх 2,250,000 төгрөгийг цалин хөлснөөс суутгасанд гомдолтой гэж маргасан.
12.6. Гэтэл ажил олгогч дээрх Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШШ2024/01006 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Х.Г гийн ажилгүй байсан хугацааны цалин 3,226,410 төгрөг гаргуулсан шийдвэрээр хариуцагч буюу ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс Х.Г д олгосон тэтгэмжийн мөнгө 2,250,000 төгрөгийг суутгасныг буруутгах боломжгүй байна.
12.7. Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлд цалин хөлснөөс хийх суутгал, түүний хэмжээг хязгаарлах тухай зохицуулсан ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т Ажил олгогч ажилтны цалин хөлсийг бүрэн хэмжээгээр нь олгох бөгөөд дараах тохиолдолд суутгал хийж болно гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.2-т шүүхийн, эсхүл хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагын шийдвэр хүчин төгөлдөр болсон гэжээ.
12.8. Нэхэмжлэгч буюу ажил олгогч Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын сургууль нь дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.2-т заасан үндэслэлээр ажилтан Х.Г гийн цалин хөлснөөс дээрх суутгал буюу тэтгэмжийн мөнгө болох 2,250,000 төгрөгийг ажил олгогч У сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын сургууль суутгаж авсан үндэслэлтэй байна.
13. Нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,132,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
13.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч даарах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэжээ.
13.2. Хариуцагч талын хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Тэтгэвэрт гарах албан хаагчийн төрд ажилласан байдлын мэдээлэлд /Маягт НМ-07в/ нэхэмжлэгч Х.Г гийн төрийн албанд ажилласан жил буюу Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын сургуульд 9 жил ажилласан гэсэн байна.
13.3. Нэхэмжлэгч Х.Г нь Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын сургуульд 9 жил үйлчлэгчээр ажиллаж хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдаж дуусгавар болсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэснээр нэхэмжлэгч Х.Г гийн ажиллаж байсан байгууллага буюу хариуцагчаас түүний сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.
13.4. Нэхэмжлэгч Х.Г нь У сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд үйлчлэгчээр ажиллаж байхад түүний үндсэн цалин нь 750,000 төгрөг байсан нь тэтгэвэрт гарах албан хаагчийн үндсэн цалингийн тооцооллоор нотлогдож байна.
13.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.3-т зааснаар хариуцагч Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын сургууль буюу ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 2,250,000 /3х750,000/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Г д олгож, түүний илүү нэхэмжилсэн 2,882,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
14. Төрийн албаны тухай хуулийн дагуу олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөний үлдэгдэл 10,411,123 төгрөгийг хариуцагч У сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын сургууль, хамтран хариуцагч Б аймгийн Боловсролын газраас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухай:
14.1. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нь Б аймгийн У сумын Хөх Хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн тэтгэмжийг дутуу бодож, дутуу тооцоолж олгосондоо холбогдох асуудлыг төрийн захиргааны албан хаагчийн шийдвэр учраас тухайн хэсэгтээ холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь түүнийг дээд шатны байгууллагад хандаад улмаар Захиргааны хэргийн шүүхэд хандъя гэж тайлбарласан.
14.2. Хариуцагч Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нь шүүх хуралдааны шатанд Төрийн албаны тухай хуульд зааснаар Боловсролын газраас нэг удаагийн буцалтгүй тусламж хэмээн 10,411,123 төгрөг нэхэмжилж байна. Боловсролын газрын дарга нь өөрөө ТЗ-р цалинждаг байгаа. Энэхүү асуудлыг тушаал гарган шийдвэрлэсэн. Одоогийн шүүхийн практикт энэхүү маргааныг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж байна. Тийм учраас энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зүгээс Б аймгийн У сумын Хөх Хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн тэтгэмжийг дутуу бодож, дутуу тооцоолж олгосондоо холбогдох асуудлыг төрийн захиргааны албан хаагчийн шийдвэр учраас тухайн хэсэгтээ холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь түүнийг дээд шатны байгууллагад хандаад улмаар Захиргааны хэргийн шүүхэд хандъя. Тэр талаар жич нэхэмжлэл гаргах болно. Тэр харьяал зөрчигдөж буруу шүүхэд хандсан байна гэж тус тус тайлбарласан байна.
14.3. Нэхэмжлэгч Х.Г гийн хариуцагч Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын сургууль, хамтран хариуцагч Б аймгийн Боловсролын газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлээс үзвэл тэрээр захиргааны байгууллага, түүний албан тушаалтан буюу аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, түүний даргын гаргасан 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Тэтгэмж олгох тухай Б/111 дугаар тушаалтай холбогдуулж нийтийн эрх зүйн хэм хэмжээ болох Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2.2-т ...төрийн албанд ажилласан нийт жилийн тоо... гэж заасныг үндэслэн маргасан байх ба талуудын хооронд эд хөрөнгийн шинжтэй буюу эдийн ба эдийн бус баялагтай холбоотой хувийн эрх зүйн маргаан үүсээгүй байна.
14.4. Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч Б аймгийн Боловсролын газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөөгүй, өөр байгууллагад ажиллаж байсан тул түүний энэ маргааныг хөдөлмөрлөхтэй холбоотой ердийн харьяаллын шүүхээр шийдвэрлүүлэх хөдөлмөрийн эрхийн маргаан гэж үзэхгүй, тэрээр Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан боловч түүнд олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажиллаж байсан байгууллага нь бус Б аймгийн Боловсролын газар даргын тушаалаар дутуу олгосон гэх, дээр дурдсан нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр олгосон субьектив эрх нь зөрчигдсөн гэж үзсэн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Энэхүү иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 зүйлийн 117.1-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.
14.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон тул нэхэмжлэгч Х.Г гийн Төрийн албаны тухай хуулийн дагуу олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөний үлдэгдэл 10,411,123 төгрөгийг хамтран хариуцагч Б аймгийн Боловсролын газраас гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
15. Нэхэмжлэгч Х.Г гийн гаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймаг У сумын Хөх Хөтөл багийн ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 117, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.3, 119 дүгээр зүйлийн 119.1.2-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б аймаг У сумын Хөх Хөтөл багийн ерөнхий боловсролын сургуулиас хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 2,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Г д олгож, илүү нэхэмжилсэн 2,882,000 төгрөг, цалин хөлснөөс суутгасан гэх 2,250,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Г гийн нэхэмжлэлтэй хамтран хариуцагч Б аймгийн Боловсролын газарт холбогдох Төрийн албаны тухай хуулийн олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөний үлдэгдэл 10,411,123 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б аймаг У сумын Хөх Хөтөл багийн ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б