2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/04427

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 19 191/ШШ2025/04427

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******, 15 тоот хаягт оршин суух, Б******* Ү*******гийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ү*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ү******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Ү******* миний бие Улаанбаатар хотын Сүүний үйлдвэрийн Авто баазад 1985 оны 01 сарын 17-ны өдөр жолоочоор ажилд орж 1992 оныг дуустал ажилласан. Анх 66-35 УБ гэсэн дугаартай сүүний тэрэг барьж байсан ба 1987, 1988 оны орчим 13-73 УБЯ гэсэн дугаартай шинэ тэрэг өгсөн.

Би 1982 оны 06 сараас 1984 оны 08 сар хүртэл Хилийн цэргийн 034 дүгээр ангид цэргийн алба хаасан ба ар гэрийн гачигдлаар чөлөөлөгдсөн.

Сүүний үйлдвэрийн авто баазад жолоочоор ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлсөн тушаал байхгүйгээс уг үйлдвэрт ажилласан хугацаа улсад ажилласан хугацаанд тооцогдохгүй байна.

Иймд намайг 1985 оны 01 сарын 17-ны өдрөөс 1992 оныг дуустал хугацаанд Сүүний үйлдвэрийн авто баазад жолоочоор ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Б.Ү******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Ү*******гийн иргэний үнэмлэхний хуулбар болон оршин суугаа хаягийн лавлагаа,

Ажиллаж байх үедээ авч байсан цалингийн тооцооны хүснэгт, цалин тавьж олгох хүснэгт,

Х Эрдэнэчимэг, Л Ганбаатар нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Л Г хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

Улаанбаатар хотын Сүүний үйлдвэрийн харьяа Авто тээврийн баазын даргын 1985 оны 02 сарын 06-ны өдрийн 7 тоот ажилд авах, томилох, өөрчлөх тухай тушаалын хуулбар зэргийг ирүүлжээ.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2025 оны 05 сарын 06-ны өдрийн 20021 дугаартай шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Б.Ү*******гийн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 маягт, Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 баримт,

Үндэсний төв архивын газар, Нийслэлийн архивын газраас Б.Ү*******гийн 1985 оны 01 сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хот дахь Сүүний үйлдвэрийн авто баазад жолоочоор ажилллаж байсантай холбоотой баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Дээр дурдсан байгууллагууд холбогдох баримтуудыг ирүүлсэнээс гадна ирүүлэх боломжгүй талаараа шүүхэд мэдэгдсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б******* Ү******* нь 1985 оны 01 сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Улаанбаатар хотын Сүүний үйлдвэрийн авто баазад жолоочоор ажиллаж байсан болохыг сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б******* Ү******* нь 1985 оны 01 сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Улаанбаатар хотын Сүүний үйлдвэрийн авто баазад жолоочоор ажиллаж байсан нь дараахь баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Б.Ү*******гийн шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

-Улаанбаатар хотын Сүүний үйлдвэрийн харьяа Авто тээврийн баазын даргын 1985 оны 02 сарын 06-ны өдрийн 7 тоот Ажилд авах, томилох, өөрчлөх тухай тушаалын хуулбар, тушаалд Б.Ү*******г 1985 оны 01 сарын 17-ны өдрөөс эхлэн ГАЗ-53 маркийн УБ 66-35 номерийн машины жолоочоор томилсон тухай,

-Мөн баазын даргын 1986 оны 01 сарын 08-ны өдрийн 02 тоот Ээлжийн амралтын хувиар батлах ба ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, тушаалын хавсралтын 184-т Б.Ү*******,

-1987 оны 01 сарын 05-ны өдрийн 01 тоот Хуваарь батлах тухай тушаалын хуулбар, тушаалын хавсралтын 199-д Б.Ү*******,

-1988 оны 08 сарын 08-ны өдрийн 147 тоот Сайшаан шагнах тухай тушаалын хуулбар, Б.Ү******* баярын бичиг, 75 төгрөгөөр шагнуулсан тухай,

-1989 оны 08 сарын 01-ний өдрийн 183 тоот Сайшаан шагнах тухай тушаалын хуулбар, Б.Ү******* талархлын хуудас, 50 төгрөгөөр шагнуулсан тухай,

-1990 оны 02 сарын 17-ны өдрийн 27 тоот Үр дүнгийн шагнал олгох тухай тушаалын хуулбар, Б.Ү******* 220,68 төгрөгөөр шагнуулсан,

-1991 оны 02 сарын 21-ний өдрийн 15 тоот Үр дүнгийн шагнал олгох тухай тушаалын хуулбар, тушаалын 66-д Б.Ү*******,

-Б.Ү*******гийн ажиллаж байх үедээ авч байсан цалингийн тооцооны хүснэгт, цалин авч байсан баримтууд,

-Гэрч Л Г 2025 оны 05 сарын 08-ны өдөр шүүхэд өгсөн Би 1984 оноос Улаанбаатар хотын Сүүний үйлдвэрийн баазад жолоочоор ажилласан. Б.Ү******* 1985 оны үед уг Сүүний үйлдвэрт жолоочоор ажилласан ба 66-35, 13-73 гэсэн дугаартай 2 сүүний машин барьж байсан. ... гэх мэдүүлэг,

-Гэрч Х Э 2025 оны 05 сарын 08-ны өдөр шүүхэд өгсөн Би 1976 онд Сүүний үйлдвэрт жолоочоор ажилд орсон. Б.Ү******* 13-73 дугаартай авто машин барьдаг байсан. Сүүний үйлдвэрийн авто бааз 1999 оны үеэр тарсан. Би үйлдвэртээ 2000 он хүртэл ажилласан. ... гэх мэдүүлэг,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 сарын 13-ны өдрийн 9/6615 тоот Буянтогтох Ү*******, ажилладаг Сүүний үйлдвэр, эрхэлдэг ажил жолооч, эрхэлж эхэлсэн 1985 он... гэх лавлагаа болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 5-20, 24-58 дугаар тал/

 

Үндэсний төв архивын 2025 оны 05 сарын 12-ны өдрийн 02/510 тоот лавлагаанд Манай архивын сан хөмрөгт Улаанбаатар хот дахь Сүүний үйлдвэрийн баримт шилжиж ирээгүй тул Б.Ү*******д холбогдох лавлагаа гаргах боломжгүй гэжээ.

Дээр дурдсан байдлаас дүгнэхэд Б.Ү*******гийн ажиллаж байсан болохыг шүүхийн бус журмаар сэргээх боломжгүй болсон байна.

/ХХ-ийн 59-61 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б******* Ү******* нь 1985 оны 01 сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Улаанбаатар хотын Сүүний үйлдвэрийн харьяа Авто тээврийн баазад жолоочоор ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ү*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН