Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/1026

 

 

 

М.Ө-т  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Мөнхболд,

хохирогч Ц.П, түүний өмгөөлөгч Ш.Чанцал,

шүүгдэгч М.Ө, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/622 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.П-гийн өмгөөлөгч Ш.Чанцалын давж заалдах гомдол гаргасныг үндэслэн М.Ө-т  холбогдох эрүүгийн 2309033230416 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.   

М.Ө ................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч М.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лакс бааранд үйлчлүүлж байхдаа Ц.П-тэй маргалдаж, улмаар түүнийг үсдэж, хамар хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд нь хамрын зүүн талын хажуу хана зөрүүгүй хугарал, зүүн талд хамар, хацар хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Ө-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Ө-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дэх хэсэгт тус тус зааснаар 3,600,960 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.П-д олгож шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.П-гийн өмгөөлөгч Ш.Чанцал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлын баримтыг давхардсан болон нотлох баримтын шаардлага хангахааргүй баримт гэж үзэн хэлэлцэхгүй орхисон. Гэтэл хохирогч Ц.П-гээс 6,800,000 төгрөгийн хагалгаанд орсон баримтыг нотлох баритын шаардлага хангасан хэлбэрээр гарган өгч хавтаст хэрэгч бэхжүүлсэн. Мөн тухайн үед хагалгаа хийлгэсэн эмнэлгийн дансруу гүйлгээ хийсэн дансны хуулгийг гарган өгсөн. Хохирогчийн биед хамрын зүүн талын хажуу хана зөрүүтэй хугарсан гэмтэл учирсан талаар шинжээчийн дүгнэлт гарч хэрэгт авагдан, уг гэмтлийг засах хамрын хагалгаанд орсон гэх үйл баримт тогтоогдсон байтал эмчилгээний зардлыг хэлэлцэхгүй орхисонд гомдолтой байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардал төлбөрийг гэм буруутай этгээд болох М.Ө-ээс гаргуулж хохирогч Ц.П-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.     

Хохирогч Ц.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хагалгаанд орсон зардлыг тооцоогүйд маш их гайхаж байна. Би байнга шүүхийн байгууллага болон эмнэлгийн байгууллага руу явж байгаа зардлаа нэхэмжлээгүй. Би бодит зардлаа л нэхэмжилсэн. Тэгэхэд анхан шатны шүүх 6,800,000 төгрөгийг огт тооцоогүй. Шүүх хэргийг ингэж шийдвэрлэсэнээр хүн болгон гэмт хэрэг үйлдэх боломжтой харагдаж байна. Миний бодит хохирлыг барагдуулж өгнө үү. ... “ гэв.  

Шүүгдэгч М.Ө-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Эргэлзээтэй баримтууд байсан учраас анхан шатны шүүх 6,800,000 төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Учир нь, хохирлын баримт хэрэгт хангалттай авагдаагүй, Ебаримт дээр байгууллагын нэр тодорхойгүй, мөн давхардсан баримтууд их байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ... “ гэв.   

Шүүгдэгч М.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Торгуулийн ялыг төлж барагдуулна. ... “ гэв.  

Прокурор Э.Мөнхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хохирогчид эмчилгээний зардал 463,450 төгрөгийг, мөн сэтгэл санааны хохиролд 3,960,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирлын баримт эргэлзээтэй байгаа тохиолдолд баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр үндэслэлтэй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ... “ гэв.  

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Шүүгдэгч М.Ө-т  холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

Шүүгдэгч М.Ө нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лакс бааранд үйлчлүүлж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Ц.П-тэй маргалдаж, улмаар түүнийг үсдэж, хамар хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд нь “хамрын зүүн талын хажуу хана зөрүүгүй хугарал, зүүн талд хамар, хацар хэсэгт зөөлөн эдийн няцрал” гэсэн хөнгөн гэмтэл учруулсан болох нь:  

хохирогч Ц.П-гийн: “...сууж байсан ширээн дээрээ очиход махлаг 165-168 см орчим өндөртэй, урт хар үстэй эмэгтэй байхаар нь би очоод би энд өлгүүрийн дугаараа үлдээсэн юм шиг байна шалгачихаж болох уу гэхэд миний баруун гарын тохой хэсгээс үл таних шар тайрмал үстэй, бөөрөнхий өнгөгүй шилтэй, цээжин дээрээ шивээстэй эмэгтэй татахаар нь би гараа татаж аваад нөгөө махлаг эмэгтэйтэй яриагаа үргэлжлүүлэх гэтэл ард талаас миний үснээс зулгаасан. Тэгээд цаанаас нь 2-3 эмэгтэй нэмэгдэж ирээд намайг үсдэхээр нь хажууд байсан буйдан дээр суугаад дээшээ босох гэсэн чинь шар өнгийн тайрмал үстэй, өнгөгүй нүдний шилтэй, цээжин хэсэгтээ шивээстэй, хар өнгийн зузаан ултай, хагас түрүүтэй эмэгтэй миний хамар хэсэг рүү зүүн хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд миний хамраас цус гараад тогтохгүй байхад хүртэл үсдээд л байсан. ...” /хх-ийн 13/,

гэрч Л.Ц-ын: “...П эгч Э руу чатаар нөгөө жигүүрт хүрээд ир гэсэн байсан. Тэгээд очиход П эгчийг өндөр хар өнгийн хослолтой, хар өнгийн үстэй үл таних эмэгтэй П эгчийг үсдээд зогсож байхад манай найз Э очоод П эгчийг салгаад босож ирэхэд нүүр болон гар хэсэг нь цус болсон байсан. ...” /хх-ийн 17/,

гэрч Ж.Э-ын “...бүжиглээд дээшээ гарахад ширээн дээр үл таних 4-5 эмэгтэй, 4-5 эрэгтэй сууж байсан. Тэгээд бид нарын худалдаж авсан зүйлс байхгүй учир П худалдаж авсан зүйлсээ олоод ирье гэсэн. Тэгээд П эгч над руу чатаар нөгөө жигүүрт хүрээд ирээ гэсэн. Тэгээд очиход П эгчийг өндөртэй хар өнгийн хослолтой, хар өнгийн үстэй үл таних эмэгтэй үсдээд зогсож байхад богино шар үстэй эмэгтэй хамар хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд би очоод П эгчийг салгаад босож ирэхэд нүүр нь хувцас, гар утас нь цус болсон хар өнгийн цамцан дээр нь үснүүд нь унасан босож ирсэн. ...” /хх-ийн 19/,

гэрч Б.С-ын“...Ө-ийн дагуулж ирсэн 1 дүүтэй үл таних эмэгтэй юм ярьж байх үед нь Ө очоод бас юм ярьж байгаад муудалцаад үл таних эмэгтэйтэй Ө үсдэлцээд тэгээд би очоод салгах гэхэд намайг хамт явж байсан 4-5 эмэгтэй ирээд үсдээд, чирээд хүмүүс салгахад нь за явъя гээд гадуур хувцсаа аваад гарах үед үл таних эмэгтэйчүүд араас ирээд дахиад үсдээд чирсэн.  ...” /хх-ийн 50/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14236 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Ц.П-гийн биед хамрын зүүн талын хажуу хана зөрүүгүй хугарал, зүүн талд хамар, хацар хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  Дээрх хамрын зүүн талын хажуу хана зөрүүгүй хугарал, зүүн талд хамар, хацар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун сарвуунд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх-ийн 29-30/,

хохирогч Ц.П-гээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 53-54/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

Шүүгдэгч М.Ө-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.П-г үсдэж, хамар хэсэгт өшиглөж биед нь “хамрын зүүн талын хажуу хана зөрүүгүй хугарал, зүүн талд хамар, хацар хэсэгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.  

Анхан шатны шүүхийн М.Ө-ийн үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж зүйлчилж, тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах төрлийн ялуудаас шүүх М.Ө-т  торгох ялыг сонгож, 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Хохирогч Ц.П-гийн өмгөөлөгч Ш.Чанцал “...баримтаа гаргаж нэхэмжилсэн эмчилгээний зардлыг хэлэлцэхгүй орхисонд гомдолтой байна. ...” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

   Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хохирогч Ц.П-гээс ирүүлсэн хохирлын баримт /хх-ийн 63-81/-ыг хэлэлцээд хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг эмчлэхэд гарсан төлбөрийг дутуу тооцжээ.

Хохирогч Ц.П-гийн хэрэгт гаргаж өгсөн эмчилгээний зардал 889,440 төгрөгөөс анхан шатны шүүхийн М.Ө-ээс гаргуулж шийдвэрлэсэн 463,350 төгрөгийг хасаж, 426,090 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Хохирогч Ц.П-гийн сэтгэц, сэтгэл санаанд учирсан хохирол хор уршгийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэжээ. Гэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дагаж мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгөөр бус 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлэн төлбөрийг гаргуулсан нь буруу байна.

            Иймд хохирогч Ц.П-гийн сэтгэц, сэтгэл санаанд учирсан хохирол хор уршгийг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийн 6 дахин нэмэгдүүлсэн 3,300,000 төгрөгөөр тогтоосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна.

Давж заалдах гомдлын үндэслэл болох “Т г х” ХХК-д хамрын мэс засал хийлгэсэн гэх 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 4 дугаар “...Ц.П нь А клиник эмнэлэгт 2024.01....-ны өдөр хамрын гэмтэл, мурийлт засах ажилбар хийлгэсэн нь үнэн болно” гэх тодорхойлолтоор тус 6,800,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх үндэслэлгүй. Учир нь, хохирогч Ц.П шүүгдэгч М.Ө-ийн учруулсан “...хамрын зүүн талын хажуу хана зөрүүгүй хугарал, зүүн талд хамар, хацар хэсэгт зөөлөн эдийн няцрал...” гэсэн гэмтлийн хохирол, хор уршгийг эмчлүүлэх зорилгоор энэ төлбөрийг төлж эмчилгээ хийлгэсэн, зайлшгүй гарах эмчилгээний зардал мөн байсан гэж үзэх нотлогоо байхгүй тул хохирогч нь энэ талаарх баримтаа бүрдүүлэн гэм хорын хохирлоо жич нэхэмжлэх эрхийг шүүх нээлттэй үлдээснийг үндэслэлтэй гэж үзлээ.   

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад сэтгэцэд учирсан хохиролд 3,300,000 төгрөг, хохиролд гаргасан 426,090 төгрөгийг тус тус гаргуулсан өөрчлөлтийг оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Ц.П-гийн өмгөөлөгч Ш.Чанцалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/622 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 8 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дэх хэсэгт тус тус зааснаар 3,600,960 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.П-д олгож, ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар 3,726,090 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.П-д олгож, ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Ц.П-гийн өмгөөлөгч Ш.Чанцалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                                   ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ