| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 183/2021/01800/И |
| Дугаар | 210/ма2022/00473 |
| Огноо | 2022-03-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 210/ма2022/00473
| 2022 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 210/МА2022/00473 |
Ш Т-ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/02956 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш Т-ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б Э Д Б- ХХК-д худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 594,028,125 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шижирбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаадлага, үндэслэлийн агуулга: 2020 он 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Т/643 дугаар худалдах-худалдан авах гэрээний дагуу Б Э Д Б- ХХК-д шатахуун нийлүүлсэн боловч төлбөр төлөх гэрээний үүргээ зөрчсөн. Т/643 дугаар гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т Барааг хүлээн авснаас хойш хуанлийн 30 хоногийн дотор үнийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй, 5 дугаар зүйлийн 5.2-т Худалдан авагч төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө гэж тус тусзаасан. Иймд Б Э Д Б- ХХК-аас гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр 396,018,750 төгрөг, алданги 198,009,375 төгрөг, нийт 594,028,125 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Төлбөрийн үлдэгдэл 396,018,750 төгрөг байгаа, үүнд маргахгүй. Харин дэлхийн даяар ковид гарч компанийн үйл ажиллагаа доголдсон, өнөөдрийг хүртэл бизнесийн үйл ажиллагаа сайжраагүй, манай компанид өгөх ёстой өр төлбөрөө бусад компаниуд өгөхгүйгээс төлбөрөө төлж чадаагүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгч зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй тул хүү буюу алданги шаардах эрхгүй. Алдангийн хэмжээ хэт өндөр байгаа тул алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б Э Д Б- ХХК-иас 495,023,437 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш Т-ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 99,004,687 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,128,091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б Э Д Б- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,633,067 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш Т-ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлын агуулга: Зохигчдын хооронд Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Энэ гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн төлөх хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ зэргийг тусгасан байх ёстой. Гэрээнд дээрх нөхцөл байдал огт тусгагдаагүй учир хариуцагч тал зөвхөн үндсэн үнийг төлнө. Хариуцагч талд алданги ногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчээс гаргасан хариу тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ш Т-ХХК нь хариуцагч Б Э Д Б- ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 396,018,750 төгрөг, алданги 198,009,375 төгрөг, нийт 594,028,125 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч, алдангид холбогдох хэсгийг төлөхгүй гэж маргажээ.
3. Нэхэмжлэгч Ш Т-ХХК нь хариуцагч Б Э Д Б- ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Т/643 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Ш Т-ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн шатахуун, тос, тосолгооны материал нийлүүлэх, худалдан авагч нь үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 7-9/
Зохигчид гэрээ байгуулагдсан, бүтээгдэхүүн нийлүүлсэн үйл баримтын талаар маргаангүй бөгөөд хариуцагч Б Э Д Б- ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 396,018,750 төгрөг төлөх үүрэгтэй болохоо зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргажээ. /хх-30/
4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний агуулгыг дүгнэж, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
4а. Худалдах, худалдан авах гэрээг талууд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулж, гэрээний 4.2, 4.3 дахь хэсэгт шатахуун болон бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авсан тохиолдолд түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор үнийг төлөхөөр тохиролцсон нь тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээнд заасан дээрх нөхцөлийг хэрэгжүүлж, бүтээгдэхүүнийг зээлээр худалдсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 396,018,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.
5. Талууд худалдах, худалдан авах гэрээний 5.2 дахь хэсэгт худалдан авагч нь шатахуун болон бүтээгдэхүүний үнийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтггээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх-өөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч Ш Т-ХХК нь алданги шаардах эрхтэй байна. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн байна.
Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу алдангийг анхан шатны шүүх багасгаж, хариуцагчаас гаргуулах алдангийн хэмжээг 99,004,687 төгрөгөөр тооцож шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдал, үндэслэлээ тодорхойлсныг буруутгах боломжгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алданги төлөхгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/02956 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Д.ЦОГТСАЙХАН