| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/0082/э |
| Дугаар | 98 |
| Огноо | 2018-05-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 98
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1830000970084 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны харьяат, 1984 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын төв эмнэлэгийн мэс заслын тасгийн эрхлэгч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, С.Ж
Холбогдсон гэмт хэргийн талаар/прокурорын яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч С.Ж нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 14.50 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын нутаг Э гэх газарт өөрийн эзэмшлийн Прадо-120 маркийн 54-54 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 2.3-ийн б “ Хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Г.Нийн эрүүл мэндэд “ сээрний 7-р нугалмын болон бүсэлхийн 1-2-р нугалмын цууралт, баруун талын далны бяцарсан хугарал, баруун талын сүүжний дэлбэнгийн болон цагираг хэсгийн хугарал ” бүхий, иргэн Б.Бгийн эрүүл мэндэд “ баруун талын 4-5-р хавирганы цууралт, 7, 8, 9-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун талын эгэмний далд хугарал, сээрний 9-11-р нугалмын хугарал ” бүхий хүндэвтэр хохирлууд, иргэн В.Бийн эрүүл мэндэд “тархи доргилт, цээжний хэсгийн зөөлөн эдийн няцралт” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч С.Жгийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Дарьганга сум руу явсан. Дарьганга сумаас Шилийн богд уул, Алтан овоон дээр гарчихаад Сүхбаатар аймаг руу орж ирэхийн өмнөхөн гэнэт машин жолоодлогоо алдан шарвасан. Шарвасан тал руу нь дарсан боловч машин онхолдсон. 70-80 километр цагийн хурдтай явж байсан. Зам бага зэрэг шавартай байсан. Суудлын бүс бүслээгүй байсан. Машинд сууж явсан хүмүүст хөнгөн болон хүндэвтэр гэмтлүүд учирсан. Замын нөхцөл байдалд тааруулж яваагүйгээс осол гарсан. Энэ буруугаа хүлээж байна. Хохирогч нараас нэхэмжилж байгаа зүйл байхгүй, бүгд эдгэрээд ажилдаа орсон...гэх,
...2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн 54-54 УНЧ улсын дугаартай Ланд круйзер Прадо 120 маркийн авто машинтай, хамт ажилладаг хүмүүс болон танил хүмүүсийн хамт амралтын өдрүүдээр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт байдаг Алтан-Овоо, Шилийн богд уулаар явсан юм. Ингээд 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дарьганга сумаас гарч Улаанбаатар хот руу буцахаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум руу явсан. Энэ үед машиныг би жолоодож урд талын суудалд Н арын суудалд баруун гар талаас Б, голд Ба, зүүн захад Бад нар сууж явсан. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум руу орж явтал гэнэт машин шарвахаар нь зогсоох зорилгоор шарвасан тал руу нь дарсан сүүлдээ жолоодлого алдахаар нь би зогсоох гэсэн боловч машин зогсолгүй явсаар байгаад гар талаараа онхолдсон. Ямар ч байсан нэг удаа машин эргэж байгааг санаж байгаа сүүлд юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн эмнэлэг дээр байсан. Тухайн үед 70-80 орчим километр цагийн хурдтай явж байсан. Автомашинд эвдрэл гэмтэл байгаагүй. Замын нөхцөл байдал гайгүй байсан. Миний хувьд шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. Зам тээврийн ослын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,
- Хохирогч Г.Нийн: 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Дарьганга сум руу ажлынхаа хүмүүстэй ууланд гарах гэж яваад 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас Баруун-Урт сум руу явцгаасан юм. Машиныг Ж жолоодож явсан бөгөөд урд талын суудалд би, арын суудалд баруун гар талаас Б, голд Ба, зүүн гар талд Бад нар сууж явсан. Гэнэт машин баруун гар талруугаа эргэж онхолдсон. Би цонхоор шидэгдэж унасан. Миний биед учирсан гэмтлийг эмч нар онош тодруулсан байгаа. Миний сүүжний ясны дэлбээ хэсгээрээ хугаралтай байгаа гэсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
- Хохирогч Б.Бгийн: 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн “Шилийн богд” уулыг үзэхээр Ба, Н, Ж бид нар 54-54 УНЧ улсын дугаартай шаргал өнгийн Прадо 120 маркийн машинтай Ж бариад явсан. Тэгээд 03 дугаар сарын 18-ны өглөө “Шилийн богд” уулан дээр гарчихаад Сүхбаатар аймаг руу аймгийн урд 10 орчим километрт явж байхад машин зөв тийшээ шарваад буруу тийш хүрдээ тэгшилтэл хажуу талаараа гулгаж байснаа онхолдсон. Уг машиныг Ж бариад хажуу суудал дээр нь Н суугаад арын суудал дээр Б, Ба, бид 3 сууж байсан. Авто машин онхолдсоноос болж миний биед эгэм, хавирга, нурууны 2 сэртэн яс хугарсан байсан. Бусад хүмүүст ямар гэмтэл учирсныг мэдэхгүй байна. Тухайн үед хэдэн километр цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Уг машин нь Жгийнх юм. Надад гаргах гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
- Иргэний нэхэмжлэгч В.Бийн: Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед хөнгөн гэмтэл учраад биеийн байдал сайн байгаа. Жд гаргах гомдол санал байхгүй. Хэргийг нь хөнгөнөөр яаралтай шийдэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
- Гэрч В.Бийн: 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дарьганга сумаас Баруун-Урт сум руу явж Улаанбаатар хот руу буцахаар явж байсан юм. Машиныг Ж жолоодож явсан бөгөөд урд талын суудалд Н сууж байсан. Арын суудалд баруун гар талаас Б, голд миний бие, зүүн захад Бад сууж явсан. Баруун-Урт сум ойртож байтал гэнэт машин онхолдсон юм. Машин замаас зүүн гар тал руугаа буюу ертөнцийн зүгээр замынхаа баруун тал руу гарч баруун гар талаараа 2 удаа эргэж онхолдсон юм. Жолооч архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Хэдэн километр цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна. Осол болсны дараа машиныг харахад буруу талын арын дугуй хагарчихсан байсан. Миний бие осол болох үед арын багаж хэсэг рүү шидэгдсэн байсан учраас биед учирсан гэмтэл байхгүй байгаа учир гаргах гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
- Гэрч Н.Бий: Дарьганга сумаас гарч Баруун-Урт сум руу явж байтал гэнэт машин онхолдсон. Онхолдохдоо баруун талаараа унасан бөгөөд зогсохдоо 4 дугуйн дээрээ баруун урд зүгт харж зогссон. Ингээд би машинаас буухад Ж, Н, Бад нар нь машинаас шидэгдэж газар хэвтэж байсан. Шууд түргэн тусламж дуудсан. Авто машиныг ослын газраас огт хөдөлгөөгүй, буруу талын арын дугуй нь хагарсан байсан. Улаанбаатар хотоос гарснаас хойш дугуй огт хагараагүй байсан юм. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хэдэн километр цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна. Тухайн үед миний бие бага зэрэг нойрмоглосон байсан. Надад учирсан гэмтэл бэртэл байхгүй учир гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” ...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 171 тоот дүгнэлтэнд: Г.Нийн биед сээрний 7-р нугалмын болон бүсэлхийн 1-2-р нугалмын цууралт, баруун талын далны бяцарсан хугарал, баруун талын сүүжний дэлбэнгийн болон цагираг хэсгийн хугарал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна... гэжээ /хх-ийн 30-31/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 172 тоот дүгнэлтэнд: Б.Бгийн биед баруун талын 4-5-р хавирганы цууралт, 7, 8, 9-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун талын эгэмний далд хугарал, сээрний 9-11-р нугалмын хугарал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна... гэжээ /хх-ийн 37-38/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 173 тоот дүгнэлтэнд: В.Бийн биед тархи доргилт, цээжний хэсгийн зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэжээ /хх-ийн 42/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн Шүүх химийн шинжилгээний 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 43 тоот дүгнэлтэнд: С.Жгаас авсан гэх цусанд спиртийн агуулга илрээгүй гэжээ /хх-ийн 53/,
- Сүхбаатар аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтэнд: Уг дугуй нь цас, шавартай замд зориулагдсан /М+S/, дугуйн хээний гүн 6.55 мм байна. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжиж үзэхэд 6.55 мм /стандартад зааснаар суудлын авто машины дугуйн хээний гүн 1.6 мм-ээс багагүй байх/ буюу дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Дугуйн хээний элэгдэл жигд. Уг дугуйг 1.5 кПА даралтаар хийлж шалгахад хий алдагдахгүй байна. Уг дугуйг ослын өмнө болон дараа хийгүй болсон эсэхийг тодорхойлох боломжгүй. Дугуйн аюулгүйгээр хурдлах хурдны дээд хязгаар Т буюу 190 км/ц, даацын индекс 112 буюу тус дугуйн даац 1120 кг, олгой хаймаргүй ашиглах зориулалттай байна... гэжээ/хх-ийн 59/,
- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн Техникийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №32 тоот дүгнэлтэд: 1. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэхэд 54-54 УНЧ улсын дугаартай Прадо-120 маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонсгож явна” мөн дүрмийн 2.3 б “Хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй ...гэжээ.
- С.Жгийн 01817764 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 79,
- С.Жгийн 525172 дугаартай Жолоочийн үнэмлэх зэрэг /хх- 78/
- Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргын 2018.04.26-ны өдрийн 1150 дугаартай тодорхойлолт /хх-ийн 77/
- С.Жгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 81- 82/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Ж нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 14.50 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын нутаг Э гэх газарт өөрийн эзэмшлийн Прадо-120 маркийн 54-54 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 2.3-ийн б “ Хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Г.Нийн эрүүл мэндэд “ сээрний 7-р нугалмын болон бүсэлхийн 1-2-р нугалмын цууралт, баруун талын далны бяцарсан хугарал, баруун талын сүүжний дэлбэнгийн болон цагираг хэсгийн хугарал ” бүхий, иргэн Б.Бгийн эрүүл мэндэд “ баруун талын 4-5-р хавирганы цууралт, 7, 8, 9-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун талын эгэмний далд хугарал, сээрний 9-11-р нугалмын хугарал ” бүхий хүндэвтэр хохирлууд, иргэн В.Бийн эрүүл мэндэд “тархи доргилт, цээжний хэсгийн зөөлөн эдийн няцралт” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч С.Жгийн мэдүүлэг, хохирогч Г.Н, Б.Б, иргэний нэхэмжлэгч В.Б, гэрч Н.Б нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 32 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймгийн автотээврийн төвийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны Г.Нт холбогдох 171, Б.Бд холбогдох 172, В.Бт холбогдох 173, Н.Бд холбогдох 169 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, С.Жд холбогдох 43 дугаартай шүүх химийн шинжилгээний дүгнэлт, 2093, 2095, 2096, 2097 дугаартай Яаралтай тусламжийн хуудас, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, С.Жгийн 01817764 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 525172 дугаартай Жолоочийн үнэмлэх зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь С.Жгийн зам шавартай, хальтаргаа, гулгаатай нөхцөл байдалд тохируулан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйтэй холбоотойгоор үйлдэгдсэн хийгээд тэрээр гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.
Тодруулбал, С.Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна ” гэсэн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тухайн нөхцөл байдалд анхаарал, болгоомжгүй явснаас уг осол гарсан, мөн дээрх дүрмийн 2.3 б “ Хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх ” -д гэж заасныг биелүүлээгүйгээс зорчигч нар машинаас гадагш шидэгдэж эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан байна.
Энэ нь шүүгдэгч С.Жгийн “ Сүхбаатар аймаг руу орж ирэхийн өмнөхөн гэнэт машин жолоодлогоо алдан шарвасан. Шарвасан тал руу нь дарсан боловч машин онхолдсон. 70-80 километр цагийн хурдтай явж байсан. Зам бага зэрэг шавартай байсан. Суудлын бүс бүслээгүй байсан“, гэрч Н.Бий “ Дарьганга сумаас гарч Баруун-Урт сум руу явж байтал гэнэт машин онхолдсон. Онхолдохдоо баруун талаараа унасан бөгөөд зогсохдоо 4 дугуйн дээрээ баруун урд зүгт харж зогссон. Ингээд би машинаас буухад Ж, Н, Бад нар нь машинаас шидэгдэж газар хэвтэж байсан “ гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдоно.
С.Жгийн дээрх болгоомжгүй үйлдлээс иргэн В.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд энэ үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож, тодорхойлоогүй болно.
Шүүгдэгч С.Жгийн хохирогч Г.Н, Б.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл үндэстэй, шүүгдэгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Иймд шүүгдэгч С.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Н, Б.Б нарт хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч В.Бт хөнгөн хохирол тус тус учирсан боловч тэдгээр нь хохиролтой холбоотойгоор нэхэмжлэл, гомдол гаргаагүй болно.
Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж дүгнэв.
Тухайлбал, энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч С.Жгийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэрэгт мэдүүлсэн ба шүүгдэгч нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон ялын талаар маргаагүй байгааг байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч С.Жг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.
С.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч С.Жгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч Г.Н, Б.Б нарт хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч В.Бт хөнгөн хохирол учирсан боловч тэдгээр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
С.Ж энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдая.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Жг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан С.Ж энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Н, Б.Б, иргэний нэхэмжлэгч В.Б нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
4. Шүүхийн шатанд ялтан шүүгдэгч С.Жд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН