Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМЗ/14

 

 

 

 

 

 

 

  

 

 

2024            9                12                                                            2024/ДШМЗ/14

 

 

 

Ш.Мхолбогдох зөрчлийн

                                                            хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Прокурор Б.Саранчимэг,

Зөрчилд холбогдогч Ш.М,

Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/684 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогч Ш.Мын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн зөрчлийн 2434000716 дугаартай хэргийг 2024 оны 8 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, “??“ ХХК-нд авто инженер ажилтай, Төв аймгийн %%%%%%% тоотод оршин суух хаягтай, Ш.М, регистрийн дугаар НХ???.

 

Холбогдогч Ш.М нь Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутагт 2024 оны 6 дугаар сарын 27-ны шөнө 00 цаг 26 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Ниссан ванетте” маркийн 07-41 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд холбогджээ.

 

Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Батболд зөрчилд холбогдогч Ш.Мхолбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар шийтгэл оногдуулах санал ирүүлснийг анхан шатны шүүх 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцсэн байна.

Анхан шатны шүүх: Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар зөрчилд холбогдогч Ш.Мын №756322 дугаартай жолооны үнэмлэхтэй “В, С, СЕ, D, М” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр шийтгэж,

Зөрчилд холбогдогч Ш.Мын  тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан шийтгэлийг шүүхийн шийтгэвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Зөрчилд холбогдогч Ш.Мшүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар  хасах шийтгэлийн биелэлтэд  хяналт  тавихыг Төв аймгийн  Цагдаагийн газрын Замын цагдаагийн  тасагт үүрэг болгож,

Зөрчлийн 2434000716 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Зөрчилд холбогдогч Ш.Мын гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Төв аймгийн Баянчандмань сумын Замт 02 дугаар багт 2024 оны 6 дугаар сарын 27-ны шөнө өөрийн эзэмшлийн 07-41 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож, зөрчилд холбогдсон. Тухайн үед өөрийн тариалангийн талбайд хүмүүсээр ажил хийлгэсэн ба ажил хийж өгсөн 3 хүнтэй 1 шил архи ууж, тариалангийн талбайдаа хонох байсан боловч эхнэр Б.Мутсаар дуудаж, аавын чинь бие муудаад байна хурдан ир гэхээр нь эрүүл машин жолоодох хүн байхгүй байсан тул тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад сумын цагдаа Батболдод баригдсан.

Харин би Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг ??? ХХК-д 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн механикчаар ажиллаж эхэлсэн ба туршилтын хугацаандаа ажиллаж байгаа. Ажлын хуваарь нь 16 хоног ажиллаж, 12 хоног амардаг. Ажлын гарааны үед ажил таслах болон ажилдаа очихгүй байх тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах эрсдэлтэй.

Би эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Баянчандмань суманд амьдардаг ба манай гэр бүлийн ажил хөдөлмөр эрхлэх, цалин хөлстэй байх зэрэг асуудал надаас хамааралтай.

Гэвч анхан шатны шүүх надад холбогдох зөрчлийн хэргийг шийдвэрлэхдээ ажил хөдөлмөр эрхлэх зайлшгүй нөхцөлийг харгалзаж үзэлгүйгээр 12 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн миний ажил хөдөлмөр эрхэлдэг талаар байгууллагын албан тоот болон өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн нийгмийн даатгалын лавлагаа зэрэг баримтуудыг зөрчлийн хэрэгт ач холбогдолтой талаас нь анхаарч үзэлгүй баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ЗШ2/684 дугаар шийтгэврээр оногдуулсан 12 хоногийн баривчлах шийтгэлийг торгох шийтгэл болгон өөрчилж өгнө үү” гэв.

 

5. Прокурор Б.Саранчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Зөрчилд холбогдогч Ш.М нь Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутагт 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зөрчилд холбогдсон. Цагдаагийн албан хаагчаас тээврийн хэрэгслийг зогсоож согтуурлын зэргийг шалгахад 2,83 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон. Шүүхээр зөрчлийн хэргийг хэлэлцэж Ш.Мтээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 12 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан нь түүний үйлдсэн зөрчилд тохирсон тул анхан шатны 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 684 дугаар шийтгэврийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

               Давж заалдах шатны шүүх зөрчилд холбогдогч Ш.Маас гаргасан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч,  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.

 

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршдог.

Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөрчил шалгах ажиллагааг явуулж “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлахгүйгээр хуулийн дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх бөгөөд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах саналыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

Шүүх зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгох ба хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан, нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлсэн тохиолдолд хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгосон, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэх үндэслэл болно.

2. Зөрчилд холбогдогч Ш.М Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутагт 2024 оны 6 дугаар сарын 27-ны шөнө 00 цаг 26 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Ниссан ванетте” маркийн 07-41 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, жолоочийн  согтууруулах ундаа, мансууруулах  эм, сэтгэцэд  нөлөөт бодис  хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зөрчилд холбогдогчийн мэдүүлэг зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн үйл баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 2-6/ 

3. Төв аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан Х.Батболдоос зөрчилд холбогдогч Ш.Мын дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар шийтгэл оногдуулахаар санал ирүүлснийг  прокурор дэмжин шүүх хуралдаанд оролцсон байх ба анхан шатны шүүх зөрчилд холбогдогч Ш.Мын үйлдлийг хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 12 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцжээ.

4. Зөрчилд холбогдогч Ш.М нь шүүхийн шийтгэврээс баривчлах шийтгэл оногдуулсаныг эс зөвшөөрөхдөө “...ажил хөдөлмөр эрхэлдэг, гэр бүл, эцэг, эхээ тэжээн тэтгэдэг гэх ахуй болон хувийн байдлыг харгалзан баривчлах шийтгэлийг торгох шийтгэлээр солиулах..” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

5. Зөрчлийн тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүнд оногдуулахгүй.” гэж заасан.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед зөрчилд холбогдогч Ш.Маас хувийн байдалтай холбогдуулж өгсөн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023 оны мал тооллогын баримт, Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн засаг даргын “...торгуулийн арга хэмжээ авч өгнө үү...” гэх тодорхойлолт зэрэг баримт нь баривчлах шийтгэлийг торгох шийтгэлээр солих, оногдуулсан шийтгэлийг хөнгөрүүлэх хуулийн үндэслэл болохгүй. Мөн анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.” гэж заасан төрөл, хэмжээний хүрээнд зөрчилд холбогдогч Ш.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 12 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хэр хэмжээнд тохирсон байх тул хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

6. Харин анхан шатны шүүх шийтгэврийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, 6 дахь заалтад “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт...” гэж заасан нь ойлгомжгүй, хуулийн үг хэллэг хэрэглээгүй, хяналт тавих шийтгэлийн төрлийг дутуу бичсэн байгаа тул давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгт заасны дагуу шүүхийн шийтгэвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх боломжтой гэж үзэв

7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэвэрт өөрчлөлт оруулж, зөрчилд холбогдогч Ш.Мын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/684 дугаар шийтгэврээр зөрчилд холбогдогч Ш.Моногдуулсан шийтгэврийн биелэлтийг түдгэлзүүлсэн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаар шүүгчийн захирамж нь давж заалдах шатны шүүх гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчинтэй болно. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10, 9.2 дугаар зүйлийн 13, 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/684 дугаар шийтгэврийн “Тогтоох нь ” хэсгийн 1 дэх заалтын“...Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар зөрчилд холбогдогч Ш.Мын №756322 дугаартай жолооны үнэмлэхтэй “В, С, СЕ, D, М” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр шийтгэсүгэй...” гэснийг

“...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар зөрчилд холбогдогч Ш.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж,  12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсугай...” гэж,

 

3 дахь заалтын “...Зөрчилд холбогдогч Ш.Мшүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар  хасах шийтгэлийн биелэлтэд  хяналт  тавихыг Төв аймгийн  Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт үүрэг болгосугай...” гэснийг

“...Зөрчилд холбогдогч Ш.Мшүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар  хасах болон 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийн биелэлтэд  хяналт  тавихыг Төв аймгийн  Цагдаагийн газарт үүрэг болгосугай...” гэж,

 

6 дахь заалтыг хасаж, “1-8” гэсэн дугаарлалтыг “1-7” болгон өөрчлөн дугаарлаж, бусад заалтуудыг хэвээр үлдээн, зөрчилд холбогдогч Ш.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

  

  1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар “Баривчлах шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх” тухай шүүгчийн захирамж нь давж заалдах шатны шүүх зөрчилд холбогдогч Ш.Мын гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

3. Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр болохыг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЦЭРЭНХАНД

 

                      ШҮҮГЧИД                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                              З.ТҮВШИНТӨГС