| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/0085/э |
| Дугаар | 101 |
| Огноо | 2018-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 101
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн Б.Гд холбогдох 1830001070079 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн харьяат, 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Мөнххаан сумын цэцэрлэгт тогооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Г
Холбогдсон хэргийн талаар/Прокурорын яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Г 2018 оны 03 дугаар сарын 28-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Бтэй маргалдаж түүний нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь “ зүүн хөмсөгний язарсан шарх бүхий “ хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2018 оны 03 сарын 28-ны өдөр найзтайгаа таараад гэрт нь очоод нэг шил архи уусан. Тэгээд гэрээс нь гараад явж байгаад нэг найзтайгаа таарсан. Тэгээд Бийг гэр рүүгээ яв гэхэд явахгүй гээд маргалдсан. Үүнээс болж би Бийн нүүр рүү нь гараараа цохисон. Одоо бид хоёр эвлэрсэн ... гэв.
- Б.Ггийн яллагдагчаар өгсөн: Би 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 20.00 цагийн орчимд ноолуурын ченжид 1 кг ноолуур өгчихөөд явж байхад Д.Бтэй таарсан юм. Тэгээд бид хоёр Ж дэлгүүр рүү орж 0.5 литрийн Ерөөл архи 1 шилийг аваад соёлын төвийн урд байх Бийн гэрт очиж архи хувааж уучихаад би 21 цагийн үед найз Аын гэрт ороход Б араас орж ирсэн. Би Атай юм ярьж байгаад Бийг чи одоо гэр рүүгээ яв гэж хэлээд хоорондоо маргалдаж байгаад Аын гэрээс гарч хашаанд нь би Бийг нэг удаа цохисон. Тэгээд би яваад өгсөн. Бид хоёрын дунд өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-22-25/,
- Хохирогч Д.Бийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би Улаанбаатар хотод амьдардаг ба манай эхнэр З Мөнххаан суманд цайны газар ажиллуулдаг болохоор би 2018.03.22-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд 2018.03.28-ны орой 21 цагийн үед Мөнххаан сумын төвд байх Бу цэцэрлэгийн хажууд гэр рүүгээ алхаж явтал Г таараад бид хоёр 1 шид архи манайд хувааж уусан. Тэгээд Г намайг чи найзыгаа манай гэр рүү хүргээд өгөөч гэхээр нь би хамт гэрээс гараад явж байхад Г хажуу талд явж байгаад намайг шууд цохиод авсан. Бид хоёрт муудах шалтгаан байгаагүй гэнэт цохиод авсан. Надад гомдол санал байхгүй. Г миний хохирол болон эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан ... гэх мэдүүлэг/хх-06/,
- Гэрч Ч.Аын: Би 2018 оны 03 дугаар сарын 28-ны орой гэртээ байхад гаднаас Г, Б гэх хоёр хүн согтуу орж ирээд хоёр биенээ чи яв, би яв гээд хоорондоо маргалдаж байгаад манай гэрээс гараад явсан. Тэгээд удалгүй Г, Б хоёр орж ирэхэд Бийн хөмсөгний цус гарсан байдалтай байхаар нь би уурлаад та хоёр одоо харьж амар гээд Г Б хоёрыг явуулсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би тэр хоёрыг зодолдож байхыг хараагүй ... гэх мэдүүлэг /хх-09-10/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 190 дугаартай дүгнэлтэнд: 1. Д.Бийн биед зүүн хөмсөгний язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...гэжээ /хх-14/,
- Эмч О.Ариунтөгсийн тодорхойлолт /хх- 15/,
- Б.Ггийн иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-29/,
- Б.Ггийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/,
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018.04.16-ны өдрийн 128 тоот тодорхойлолт /хх-28/,
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 05 сарын 14-ний өдрийн 5/51 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-37/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамт архи уусан Д.Бтэй маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж “ зүүн хөмсөгний язарсан шарх бүхий “ хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ггийн үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Д.Б, гэрч Ч.А нарын мэдүүлгүүд, Эмчийн тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.04.02-ны өдрийн 190 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нарын архи ууж согтуурсан үеийн хоорондын харьцаанаас буюу ялимгүй зүйлээс маргалдсан асуудлаас үүдэлтэй хийгээд Б.Г гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Тодруулбал, тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийн нүүрэнд санаатай цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ. Энэ нь гэрч Ч.Аын “ 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвд байх гэртээ байхад Б.Г, Д.Б гэх хоёр хүн согтуу орж ирээд бие биенээ чи яв, чи яв гээд хоорондоо маргалдаж байгаад манай гэрээс гараад явсан. Тэгээд удалгүй тэр хоёр дахин орж ирэхэд Д.Бийн хөмсөгнөөс цус гоожсон байдалтай байхаар би уурлаад та хоёр одоо явж амар гээд Б.Г, Д.Б хоёрыг явуулсан ” гэх мэдүүлгээр хэрэгт нотлогдоно.
Шүүгдэгч Б.Ггийн, хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл үндэстэй, шүүгдэгч, түүний өмгөөлөгч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Иймд шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бөд учирсан эмчилгээний зардлын 300.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн ба хохирогч хохиролтой холбоотой нэхэмжлэл, гомдол гаргаагүй болно.
Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж дүгнэв.
Тухайлбал, энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Ггийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Д.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэрэгт мэдүүлсэн ба шүүгдэгч түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон ялын талаар маргаагүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Гг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Б.Ггийн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Ггийн үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн, прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтоолоо.
Б.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдъя.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/ зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан Б.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
4. Ялтан Б.Гд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН