Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/59

 

 

 

 

 

 

 

2024           9             04                                                2024/ДШМ/59

 

 

 

                                    Д.Э,  нарт холбогдох

                                                     эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч А.Цэрэнханд, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Л.Солонго

               Шүүгдэгч Б.Б

               Шүүгдэгч Д.Э

               Шүүгдэгч Б.Бөмгөөлөгч М.Өлзийцэцэг

               Шүүгдэгч Д.Эийн өмгөөлөгч С.Базардорж

               Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 199 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э-ийн өмгөөлөгч С.Базардорж, шүүгдэгч Б.Б өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Д.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2234007470025 дугаар хэргийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 1, ганцаараа ... газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Д Э,

Монгол Улсын иргэн, ... Дундговь аймгийн Бүрэн суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б Б,  

Д.Э, Б.Бнар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын төвд “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан иргэн Ё.Ө 127.9кг ямааны ноолуурыг Улаанбаатар хотод очиж тушаагаад мөнгийг нь өгнө гэж худал хэлж хуурч, залилан авч 13.640.540 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Д.Э, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Д Э, Б овогт Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Б.Б нарыг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

         Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Б.Б нарт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг шүүхээс тогтоосон 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Д.Э-ийг шүүхээс тогтоосон 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Төв аймаг, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг тус тус сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Б.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулж, шүүдэгч нарт оногдуулсан ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Э, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ээс 2.920.270 төгрөгийг, шүүгдэгч Б.Бөөс 6.820.270 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Ё.Ө олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, мөн хуулийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-д 6.820.270 төгрөгийг, шүүгдэгч Д.Э-т 2.920.270 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний дотор гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Э-ийн өмгөөлөгч С.Базардорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай тооцож, 6 сарын хорих ял оноож, түүнийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан 6 сарын хугацаатай зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн.

Д.Э, Б.Б нар хохирогч Ё.Ө 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 127.9 кг ноолуурыг нэг килограмм тутмыг нь 107.000 төгрөгөөр тооцож худалдан авч Улаанбаатар хотод борлуулж мөнгийг нь өгөхөөр тохиролцсон. Тухайн ноолуурыг худалдан авсан үйл явдал нь иргэний эрх зүйн харилцаа буюу арилжааны шинжтэй үйлдэл байсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэрэгт тооцож, гэм буруутай тооцсон нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан ба талуудын хооронд үүссэн хэлцэл буюу ноолуур худалдах, худалдан авах харилцаа нь тус хуулийн нийгэмд аюултай шинжийг агуулаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж /хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж/, өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь эд хөрөнгийг сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг шунахай сэдэлтэй байна. Гэвч дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй, иргэний эрх зүйн харилцааг эрүүгийн гэмт хэрэг буюу залилах гэмт хэрэг болгон зүйлчилж, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хохирогч Ё.Ө нь дээрх ноолуур борлуулсан харилцааг иргэний эрх зүйн харилцаа гэж үзэн Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан. Харин талуудын хооронд үүссэн ноолуур худалдах, худалдан авах харилцаа буюу хохирогч өөрийн хохирол болох 13.685.000 төгрөгийг иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх бүрэн боломжтой.

Мөн анхан шатны шүүх Д.Эийн үйлдлийг шийтгэх тогтоолдоо залилах гэмт хэрэг гэж дүгнэсэн атлаа уг шийтгэх тогтоолынхоо 6 дугаар талд иргэний иргэний эрх зүйн харилцаа гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэхээр байгаа. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай гэмт хэрэг байхад хорих ял оногдуулаад уг ялаа 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэн зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.1 дүгээр зүйлд заасантай нийцэхгүй байгаа.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч М.Өлзийцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “1. Б.Бийг бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Төв аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Б.Б нь “Залилах” гэмт хэрэг үйлдээгүй, түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой иргэний эрх зүйн маргаан гэж үзэж байна.

Хохирогч 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа зээлээр худалдан авсан талаар, мөн өдөр Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...Ноолуурыг зээлээр худалдан авсан..., энэ хугацаанд маш олон удаа ярьж, мессеж бичсэн...” гэж дурддаг. Энэ нь талууд зээлээр худалдах худалдан авах гэрээний шаардах эрхээ хэрэгжүүлж үүрэг гүйцэтгэгчид хугацаа тогтоосон үйл баримт харагдаж байна. Дээрх үйл баримт нь гэрээний харилцаа байсан гэдгийг илтгэж байна.

Прокурор шүүгдэгч нарын үйлдэл нь гэрээний үүргийн зөрчил үү бусдын эд хөрөнгийг залилах, мэхлэх гэмт хэрэг үү гэдгийг баримтаар хангалттай нотолж чадаагүй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн тухайн үед өгсөн хэргийн нөхцөл байдлын талаарх эргэлзээ бүхий, өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй, хохирогчийн мэдүүлэг шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгах үндэслэл болохгүй. Урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, аливаа нотлох баримтыг бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх, үнэлсний эцэст шийдлийг гаргах үүрэгтэй.

Хохирогчийн “...ноолуурын мөнгөө олж авч чадахгүй олон жил боллоо..., энэ хүмүүсийг залилан хийсэн гэж үзэж байна...” гэх тайлбарт үндэслэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй юм.

2.  Залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүй. Хэн нэгэн этгээдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, түүнд ял шийтгэл оногдуулах гэж байгаа бол нотлох баримт хангалттай, хүрэлцээтэй байх ёстой. Нотлох баримтын хүрэлцээтэй байдал нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээг илэрхийлэх бөгөөд нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар байдаг.

Шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоож, шүүгдэгч гэм буруутай эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэдэг. Тэгэхээр хэрэгт цугларсан нотлох баримтуудаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй. Нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан уу” гэдэг нь тодорхойгүй, дээрх шинжийн аль нэгийг хангаж байж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах...” гэж тодорхойлон заасан. Энэ зорилтыг хангах хүрээнд хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан.

Аливаа хэргийн оролцогч нь нотлох баримтаар дамжуулан өөрийн ашиг сонирхлыг илэрхийлдэг тул прокурор хэргийн бусад нотлох баримтыг бүхэлд нь хамруулж үнэлэхгүйгээр зөвхөн нэг талын гаргасан баримт буюу хохирогчийн мэдүүлэгт эргэлзээгүйгээр итгэж, хэргийн үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгөлгүй яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь нэг талын ашиг сонирхолд хэтэрхий хөтлөгдөж яллах болох цагаатгах талын нотлох баримтыг зэрэг цуглуулах үүргээ биелүүлэхгүй. шүүгдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Гэмт хэрэг үйлдэх гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа, түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой. Тухайн үед шүүгдэгч Б.Б, Д.Э нар нь залилах санаа зорилго байсан уу гэдэг нь тогтоогдоогүй. Харин ч бусдаас зээлээр ноолуур авч, авсан ноолуураа ченжид тушаагаад буцаагаад ноолуур авдаг байсныг өөрийнх нь мэдүүлэг, Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, болох хохирогчийн мэдүүлгээс тодорхой харагдана. Зөвхөн 2021 оны хавар ноолуур худалдан аваагүй. Өмнө нь 4 жил малчдаас ноолуур худалдан авч байсан талаараа шүүгдэгч мэдүүлдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгасан ч хэрэгт цугларсан нотлох баримтууд шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангахгүй байна. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, шинжлэн судлахад “Залилах” гэмт хэрэг үйлдсэн бодит нөхцөл байдал тогтоогдохгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж гэм буруугүйд тооцох зарчмыг заасан.

Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах үндэс суурь болдог.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр бусдын эд хөрөнгийг залилсан, хуурч мэхэлсэн үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бийг цагаатгаж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдсэн өдрөөс эхлэн 2024 оны 6 дугаар сарыг хүртэл хохирлыг төлж барагдуулах талаар идэвхтэй үйлдэл огт хийгээгүй байдаг. Уг гэмт хэрэг үйлдэгдэх үед Б.Б, Д.Э нар нь гэр бүлийн харилцаатай байсан, Б.Б дансанд 234.000.000 орчим төгрөг орж гарсан байхад ч хохирогчид төлбөрийг нь огт өгөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан дансны хуулганаас харагдана. Шийтгэх тогтоолын 6 дугаар талд иргэний эрх зүйн шинжтэй боловч залилах гэмт хэрэг хэмээн маш ойлгомжтой дүгнэсэн байгааг хэлмээр байна. Эцэст нь хэлэхэд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Э, Б.Б нар тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Э-ийн өмгөөлөгч С.Базардорж, шүүгдэгч Б.Б өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Э, Б.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл Д.Э, Б.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж хохирогч Ё.Ө-тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр түүний 127.9кг ямааны ноолуурыг Улаанбаатар хотод аваачин тушаагаад мөнгийг нь өгнө гэж худал хэлж хуурч, залилан авч 13.640.540 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Ё.Ө-ын хохирогчоор өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тухайн үед манайх Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр баг сумын төвд байхдаа ямаагаа самнаад ноолуураа хураачихсан байсан юм. Тэр үед Төв аймгийн Бүрэн сумын харьяат ноолуурын ченж Б.Б, Д.Э гэх эхнэр, нөхөр хоёр сумын төвд ирчихсэн малчдаас ноолуур авч байсан юм. Би тухайн үед тэр хоёр хүнтэй очиж уулзаад үнэ ханш асуухад Б.Б, Д.Э хоёр “бид хоёр ноолуур нэг килограмм тутмыг нь 107.000 төгрөгөөр малчдаас авч байна гэхээр нь 127.9кг хэмжээтэй ямааны ноолуураа ачаад аваачиж өгсөн. Тэгээд ноолуураа өгөөд тооцоогоо бодтол нийтдээ 13.685.000 төгрөгийн ноолуур тушаасан. Тэр Б.Б, Д.Э хоёр гэх хүнд би урьд нь ч гэсэн ноолуур хэд хэдэн удаа тушааж байсан. Тэр хүмүүс малчдаас авсан ноолуураа цуглуулаад Улаанбаатар хот руу ачиж яваад тэндээ очоод том ченж нартаа өгөөд дундаас нь ашгаа гаргаад малчдадаа худалдаж авсан ноолуурынхаа үнэ хөлсийг төлж явдаг юм. Тухайн үед би бас энэ жишгээр нь 127.9кг хэмжээтэй ноолуураа Б.Б, Д.Э гэх хоёр хүнд өгч явуулаад дараа нь удахгүй мөнгийг нь өгчих байх гэж хараад байсан мөнгө өгөхгүй удсан. Түүнээс хойш би хэд хэдэн удаа утсаар нь холбогдож мөнгөө нэхсэн боловч утас нь холбогдохгүй байж байгаад сая 2022 оны 9 дүгээр сард Төв аймгийн Баянцагаан суманд “Төв түмний цэнгэл” наадам дээр Б.Бгэх авгайтай нь тааралдаж уулзахад "Би Д.Э гэх нөхрөөсөө салчихсан танаас авсан ноолуурын мөнгөө хувааж төлнө гэж хэлсэн. Д.Э гэх нөхөртэй нь бол уулзаж байгаагүй утсаар нь холбогдож ярихаар “Манай эхнэр Б.Бтанаас авсан ноолуурын мөнгийг үрж зарцуулсан. Надаас салаад явчихсан би бол төлөх юм байхгүй, мэдэхгүй гэх хариулт өгдөг...”,

“...Д.Э, Б.Б нар нь Баян-Өнжүүл сумын төв дээр ноолуур авч байсан хүмүүсээс 2.000 төгрөгөөр илүү үнэтэй ноолуур авч байхаар нь өгсөн юм. Би 2021 оны 4 дүгээр сард 1 удаа ноолуур өгсөн. Тэр ноолуурын мөнгийг нь 5-6 хоногийн дараа өгч байсан...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 1-р хавтас 62-63, 66-р тал/

Хөрөнгийн үнэлгээний “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 07/294 дугаар “...Ё.Ө-ын өмчлөлийн 127.9кг ноолуурын зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2021 оны 5 дугаар сарын 25-ны байдлаар 13.640.540 төгрөг болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 81-94-р тал/,

Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагч болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Ё.Ө гэх малчин 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өнжүүл сумын төвд бид хоёрт 127.9кг хэмжээтэй ноолуур тушааж байсан. ...Бид үнэ ханшаа тохиролцоод 1кг тутмыг нь 107.000 мянган төгрөгөөр үнэлж авсан. Гэхдээ тухайн үед манай нөхөр Д.Э бид хоёр уг Ё.Ө гэх хүнтэй ярилцаж тохироод ноолуур худалдаж авсан мөнгөө яг тэр дороо өгөхгүйгээр Улаанбаатар хотод Эмээлт захад аваачиж худалдаж авсан ноолуураа тушаачхаад эргүүлээд мөнгийг нь өгөхөөр аман тохиролцоо хийгээд Улаанбаатар хотод Эмээлт зах дээр ирсэн боловч тухайн үед ноолуурын ханш уначихсан байсан. Гэхдээ Ё.Ө гэх хүнээс худалдаж авсан ноолуураа тушааж мөнгийг нь өгөх гэтэл тэр үед алдагдалдаа мөнгө нь дутаад өгөөгүй явна...” гэх болон,

          Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагч болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Б.Б бид хоёр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын төвд байхдаа малчдаас ноолуур худалдаж авч байсан. Тэгэхэд уг Ё.Ө гэх ах машинтай ирээд ноолуур Б.Б-д тушаасан. ...Ё.Ө гэх хүнээс ноолуур авснаас маргааш нөгөөдөр нь л байх эхнэр бид хоёр Улаанбаатар хот руу “Эмээлт” зах дээр очиж малчдаас цуглуулсан ноолуураа ченжүүдэд зарж борлуулсан...” гэх мэдүүлгүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлэн эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авсан байдаг бөгөөд тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг хохирогчид буцаан өгөхгүй, хариу төлбөрийг төлөхгүй байх санаа зорилгыг агуулж байдгаараа өмчлөх эрхийн бусад хэргүүдээс ялгагдах онцлогтой.

Шүүгдэгч Б.Б, Д.Э нар болон хохирогч Ё.Ө нарын хооронд Иргэний хуульд заасанчлан аман хэлцэл хийгдсэн байж болох хэдий ч шүүгдэгч нар хохирогчийн өмчлөлийн 127.9 кг ямааны ноолуурыг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр авснаас хойш түүнийг хуулийн байгууллагад хандах, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл ямар ч төлбөр тооцоо хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуульд заасан гэрээ байгуулж, гэрээгээ дүгнэсний эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн эд хөрөнгийн маргааныг гэмт хэрэг гэж үздэггүй ч гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг буцаан шилжүүлэхгүй байх, үүнийгээ хэрэгжүүлэхийн тул эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, мэхлэн итгэл эвдэх тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үздэг учир Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Д.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн тус тус яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

4. Анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх болон бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасны дагуу үнэлж, шүүгдэгч Б.Б, Д.Э нарыг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь тэдний үйлдсэн гэмт хэргийн бодит байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон шүүгдэгчид шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулж болох төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулдаг. 

5.1. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Д.Э тус бүрд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан атлаа уг ялыг нээлттэй эсхүл хаалттай хорих байгууллагын алинд нь эдлүүлэхээр тогтоосноо тодорхой заалгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд нийцээгүй байна.

5.2. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдаа зөрчлийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан зөвтгөх хууль зүйн боломжгүй тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрөл хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Б, Д.Э нарт тус бүр 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан хөнгөрүүлэн шийдвэрлэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэрэгт нь тохирно гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

6. Мөн шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын бусдад учруулсан хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор арилгах үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна хэмээн шийдвэрлэсэн нь мөн л Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

6.2. Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан тэнссэн хугацаанд хэрэглэхээр тогтоох бөгөөд уг хугацаанаас нь бага, эсхүл илүү хугацаагаар тогтоож болохгүй ба хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т заасан арга хэмжээ /хор уршгийг арилгах.../ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэрээс өөр ойлголт бөгөөд эдгээрийг адилтган хэрэглэж болохгүй.

Харин энэ хоёр нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг барагдуулах зорилготой, харилцан хамааралтай ойлголт гэдгийг цаашид анхаарвал зохино.

7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих” гэсэн 4 төрлийн үндсэн ялаас сонгон хэрэглэх боломжтой байхад шүүх заавал 2021 онд батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг хэрэглэн оногдуулсан хорих ялаа зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байх ба цаашид шүүгдэж буй этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж  болох сөрөг нөлөө үүсэж болзошгүй юм.

8. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, 3, 9 дэх заалтуудыг хүчингүй болгон хасаж, тогтоох хэсгийн 1-13 гэсэн дугаарлалтыг 1-11 болгон өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгч Б.Б өмгөөлөгч М.Өлзийцэцэг, шүүгдэгч Д.Э-ийн өмгөөлөгч С.Базардорж нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 199 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Д Э, Б овогт Б Б нарыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Д Э, Б овогт Б Б нарыг тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 3, 9 дүгээр заалтуудыг хүчингүй болгон хасаж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, тогтоох хэсгийн 1-13 гэсэн дугаарлалтыг 1-11 болгон өөрчилж, шүүгдэгч Б.Б өмгөөлөгч М.Өлзийцэцэг, шүүгдэгч Д.Э-ийн өмгөөлөгч С.Базардорж нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.ТҮВШИНТӨГС

 

 

                                          ШҮҮГЧИД                                     А.ЦЭРЭНХАНД

 

 

                                                                                    М.МӨНХДАВАА