Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00375

 

 

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00375

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ө дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2021/03200 дугаар шийдвэртэй

С ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нт холбогдох

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Төлбөр авагч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК, төлбөр төлөгч С ХХК-д холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажииллагаа хийгдэж байна. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр төлбөр төлөгчийн өмчлөлийн Улаанбаатар хот, Ө дүүрэг, 00-р хороо, 00 байр 00 тоотод байрлах 4 өрөө орон сууцад хөрөнгийн үнэлгээ хийж, нийт 156,456,738 сая төгрөгөөр зах зээлийн үнэлгээ тогтоожээ. Гэвч нэхэмжлэгч С ХХК-ийн зүгээс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ҮХХ-821/1866 дугаартай Б ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит ханшид нийцээгүй илт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Тодруулбал Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах үндсэн шаардлага, тусгагдах зүйлсийг нэг бүрчлэн хуульчилсан. Тухайлбал Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу Б ХХК-ийн хийж, тогтоосон хөрөнгийн үнэлгээнээс харахад тухайн үнэлгээг зах зээлийн одоогийн үнэ ханшид нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Үнэлгээний зүйл болох 4 өрөө орон сууц нь байршил, гадна талбайн тохижилт, өрөөний тоо, талбайн хэмжээ болон ашиглалтад орсон он гээд бүх талаараа үнэлгээний тайлангийн 11-р талд харьцуулагдан авагдсан обьектуудаас давуу байхад зах зээлийн үнийг 156,456,738 сая төгрөгөөр буюу бараг л энгийн засалт бүхий 1-2 өрөө байрны үнээр үнэлсэн нь үндэслэлгүй юм. Мөн улсын бүртгэлийн гэрчилгээнд орон сууцны хэмжээг 48 м.кв гэсэн боловч үнэлгээний компаниас үнэлгээ хийхдээ 43 м.кв гэж тооцож, аргачлалын дагуу 1 м.квадратыг 1.8-аар үржүүлж нийт 77.4 м.кв гэж тодорхойлсон байна. Бодогдох ёстой хэмжээ буюу 48 м.квадратыг 1.8-аар үржүүлбэл 86 м.кв болж байна. 86 м.кв хөрөнгийг 77.4 м.кв гэж үнэлсэн байх тул шаардлага хангаагүй байна. Дээрхээс харахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б ХХК-аар хийлгэсэн үнэлгээ нь хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй, мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний арга, аргачлалаар хийгдээгүй болох нь тодорхой харагдаж байна. Тухайн үнэлгээг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч танилцуулсан, энэ үед төлбөр төлөгч компанийн захирал Э.Бийн эхнэр нь ковидын халдвар авсан байсан. Нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөн оролцох итгэмжлэл олгосон ба итгэмжлэгдсэн төлөөлөгч үнэлгээний тайлантай 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр танилцаж, гомдол, нэхэмжлэлээ 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд өгсөн. Монгол шуудангаас шүүлт хийлгэхэд хэзээ явуулсан талаар харагдахгүй байсан. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул хугацааг хэтрээгүй гэж үзнэ. Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б ХХК-аар хийлгэсэн ҮХХ-821/1866 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг бүхэлд нь хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Гийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Ө дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1556 дугаар захирамжаар С ХХК-аас 69,067,305 төгрөгийг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, төлбөр төлөгч С ХХК-ийн захирал Э.Бэд төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй барьцаа хөрөнгө болох Ө дүүргийн 00-р хороо, 27-р байр 00 тоот байрлах 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17271201/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 17271201/10 дугаар хураах тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгоход 156,456,738 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээний тайланг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д зааснаар үнэлгээний тайланг танилцуулахаар 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төлбөр төлөгч С ХХК-ийн захирал Э.Бийн гэрт нь очсон. Төлбөр төлөгч үнэлгээний тайлантай танилцахаас татгалзсан ба энэ талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэж, гэрэл зургаар баталгаажуулсан. Мөн үнэлгээний тайланг төлбөр төлөгчийн хаягийн дагуу 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шуудангаар хүргүүлж, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 4-132/17968 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гараад шийдвэр гүйцэтгэх газарт даалгаснаас хойш 4 жил 3 сар болсон. Хугацаатай холбоотой маргааны тухайд монгол шуудантай манай байгууллага байнга хамтран ажилладаг, үнэхээр хугацаандаа шууданд хийсэн бол энэ талаар бүртгэлийн дэвтэрт байгаа. 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ковидын тусгаарлалтанд байсан гэж байгаа боловч 2 хоногийн дараа буюу 24-ний өдөр итгэмжлэл өгөөд нотариатаар явж байсан байгаа. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 09 дүгээр сарын 28-ны өдөр ирж уулзсан. Үнэлгээний талаарх мэдэгдлийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч хаягийн дагуу биечлэн очиж танилцуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээний талаарх гомдлыг үнэлгээг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар заасан. Нэхэмжлэлийг шүүх 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээж авсан байна. Тийм учраас шүүхэд гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн гаргасан хариуцагч Нт холбогдох хөрөнгийн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгуулах, дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бын давж заалдах гомдлын агуулга: ... Б ХХК-иас тухайн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоож ирүүлсэн ҮХХ-821/1866 дугаартай үнэлгээний тайлан нь хуульд заасан шаардлага хангаагүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй, үл хөдлөх эд хөрөнгийг илт зах зээлийн үнээс доогуур үнэлсэн байсан. С ХХК-ийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шүүхэд үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргасан. Ингээд анхан шатны шүүх хуралдаанаар Б ХХК-ийн хийсэн үнэлгээний тайлан нь хуульд заасан шаардлага хангаагүй, орон сууцны талбайн хэмжээг буруу тооцоолж, нотлох баримтын шаардлага хангаагүй, магадлаагүй баримтыг үндэслэн үнэлгээ хийсэн болох нь гэрч асуусан тэмдэглэл, хариуцагчийн тайлбар, болон бусад хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар хангалттай тогтоогдсон. Тухайлбал, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, мөн зүйлийн 7.1.5-д заасныг зөрчиж, хөрөнгийн үнэлгээний бэлтгэл ажлыг бүрэн гүйцэд хийгээгүйн улмаас орон сууцны талбайн хэмжээ 48 м.кв гал тогоо, ариун цэврийн өрөө, үүдний коридор ороогүй хэмжээ байхад 43 м.кв-аар бодож нийт талбайг 77.4м.кв гал тогоо, ариун цэврийн өрөө, үүдний коридор орсон хэмжээ гэж буруу тооцоолж, үнэлгээг буруу гаргасан болохоо шинжээч хүлээн зөвшөөрдөг. Ийм байтал анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх үндэслэлүүдийг үл харгалзан бусын эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн, тухай үнэлгээг буруу тогтоосноо үнэлгээ хийсэн этгээд нь хүлээн зөвшөөрөөд байхад шүүхэд гомдол гаргах хугацаа буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь илт үндэслэлгүй байна. Гэтэл нэхэмжлэгч талаас яагаад гомдлыг хугацаанд нь гаргаж өгч чадаагүй талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар хавсаргуулсан байдаг. Өөрөөр хэлбэл С ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бийн хамтран амьдрагч эхнэр Ч.Сувдаа нь коронавирусын халдвар авсан нь батлагдаж Г.Б нь нэгдүгээр хавьтагч болж, коронавирусын шинж тэмдгүүд илэрч эхэлсэн. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдааны үед хариуцагчийн хэлсэн тайлбараар нотлогддог. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Г.Бээс итгэмжлэл хийлгэж авсан ба 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үнэлгээтэй танилцсан шалтгаан нь шийдвэр гүйцэтгэгч гадуур ажилтай байна гэсэн үндэслэлээр 2 хоног хүлээж байж үнэлгээний тайлантай танилцсан. Түүнчлэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь гурван хүний нэр дээр бүртгэлтэй байхад шийдвэр гүйцэтгэгч дан ганц Г.Бэд танилцуулсан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар хамтран өмчлөгч нарын санал хүсэлтийг нь авч, тэмдэглэл хөтлөх ёстой байтал аваагүй. Дээрхээс дүгнэхэд, анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын уялдаа холбоо, ач холбогдлыг дутуу үнэлж, нэхэмжлэгч талыг хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн гэж үзэн, үнэлгээний тайлан илт хууль зөрчиж гарсан гэдгийг мэдсээр байж нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгосон нь хэт нэг талыг барьсан шийдвэр болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Гийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: ... Шүүхийн шийдвэрт заасан барьцааны хөрөнгийг үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үнэлүүлсэн. Үнэлгээний тайланг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан. Төлбөр төлөгч нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хөрөнгийн үнэлгээтэй танилцсан. Анхан шатны шүүхэд гомдлоо 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн дардас дарж хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо талууд 7 хоногийн дотор гомдлоо гаргах хуулийн хугацаанд гаргаж чадаагүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна. Ковидоор өвчилсөн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж байна. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Э.Бээс итгэмжлэл авсан. Уг итгэмжлэлийн дагуу өөрөө гомдлоо хуулийн хугацаанд гаргах боломжтой байсан. 2017 оноос хойш 3 удаа гомдол шийдвэрлэгдэж байсан учраас ямар хугацаанд гомдлоо гаргах талаар мэдэж байсан. Мөн орон сууцны м.кв талбайн хэмжээний талаар маргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилсон. Гэхдээ 1980 оны угсармал бетон ижил талбайн хэмжээтэй орон сууцнуудтай харьцуулж үнэлгээ гаргасан учраас үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Нт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1-2/ хариуцагч эс зөвшөөрч ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж тайлбар гарган маргажээ. /хх.25/

4. Ө дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2016/01556 дугаар шийдвэрээр хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 80,270,740.72 төгрөг, хариуцагч С ХХК-аас 68,502,468.51 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-д олгож, хариуцагч Зээлийн батлан даалтын сан, С ХХК сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ө дүүргийн 00-р хороо, 00 байр 00 тоот хаягт байршилтай, 48 м.кв талбайтай орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 656 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. /хх.41-50/

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу С ХХК төлбөрөө төлж барагдуулаагүй байх тул тус шийдвэрийг албадан биелүүлэхээр Ө дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШЗ2017/07808 тоот захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17271201/03 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох Ө дүүргийн 00-р хороо, 00 байр 00 тоот хаягт байршилтай, 48 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилж, /хх.55/ 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 17271201/10 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор орон сууцыг хураажээ. /хх.62/

Төлбөр авагч, төлбөр төлөгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч шинжээчээр Б ХХК-ийг томилсон, шинжээчээс хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргаж, мөн өдрөө хариуцагч байгууллагад хүлээлгэн өгсөн байна. /хх.75/

Иймд шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор Б ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Шинжээч Б ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ҮХХ-821/1866 тоот хөрөнгийн үнэлгээний тайландаа ...Нийслэлийн Ө дүүргийн 16 дугаар хороо, 27-р байр 00 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг ҮОУС-ын дагуу зах зээлийн хандлагын аргыг хэрэглэн үнэлж зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 09 дүгээр сарын байдлаар 156,456,738 төгрөгөөр тодорхойлсон гэсэн дүгнэлт хийсэн, дээрх ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд нийцсэн байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна.

Хариуцагч нь шинжээч томилж барьцааны хөрөнгийг үнэлүүлсэн, үүнтэй холбоотойгоор албадан дуудлага худалдаа зохион байгуулах болсон талаарх 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 4-132/17968 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч С ХХК, Ш.Дондов, Ч.Сувдаа, Э.Б нарт танилцуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэлд тусгагджээ. /хх.101-104/

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нарын зүгээс үнэлгээ тогтоож, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолыг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мэдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээний талаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэгч нь үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээ 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан байгаа нь хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул шүүх хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй, дээрх хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасанд нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн, тухай үнэлгээг буруу тогтоосноо үнэлгээ хийсэн этгээд нь хүлээн зөвшөөрөөд байхад шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн шийдвэр гүйцэтгэгч гадуур ажилтай байна гэсэн үндэслэлээр 2 хоног хүлээж байж үнэлгээний тайлантай танилцсан, мөн Э.Бийн эхнэр ковид туссан байсан тул үнэлгээний тайлантай танилцаагүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Дээрхээс үзвэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч буюу С ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ө дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2021/03200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч байгууллагаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Ц.ИЧИНХОРЛОО