Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/60

 

 

 

 

 

 

 

 

 

2024            9               04                                                 2024/ДШМ/60

 

 

 

                                                Ж.Э холбогдох эрүүгийн

                                                                 хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Долгор

               Шүүгдэгч Ж.Э

               Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/219 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Э гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ж.Э холбогдох эрүүгийн 2434000000207 дугаар хэргийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэ суманд 1977 оны 3 дугаар сарын 19-нд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Төв аймаг, Эрдэнэ сум, Чулуут 2 дугаар баг, Зүүн тосон гэх газарт оршин суух хаягтай,

урьд Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт Ж Э,

  Ж.Э 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багт Б.Н “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдан нүүр хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Ж.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

     Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ж Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирол төлбөрт 600.000 төгрөг төлснийг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э гээс сэтгэцэд учирсан хохиролд нийт 3.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хэсгийн төлөөлөгч байсан Б.Н таарч /согтуу байсан/ намайг элдвээр доромжилж, өшиглөж, гараараа нүүр мангасдаж, тэгээд машинд сууж ална, тална гээд цохихоор нь аргагүй хамгаалалт хийж нэг удаа цохисон. Би цохисон буруугаа хүлээсэн. Би Н эмчилгээний төлбөр болох 600.000 төгрөгийг төлсөн. Одоо надаас 3.300.000 мянган төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

   Б.Н зүгээр мөрөөрөө явж байгаа хүнийг ийм үйлдэл хийхэд хүргэчхээд өөрөө бас сэтгэл санаа, цаг хугацаа эд мөнгөөрөө хохирч л явна. Би өөрөө 5 хүүхэдтэй,  одоогийн байдлаар 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр осолд орсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч баруун тал саажилттай хөл дээрээ босож чадахгүй хөдөлмөрийн чадвараа алдсан байдалтай байна. Ер нь бол  Б.Н дээрэнгүй зантай, цагдаа байхдаа олон хүнийг гэмтээж, зодож байсныг мэднэ. Шүүхээр ч шийтгүүлж байсан. Ийм учир шүүгч та бүхэн минь үнэн зөвийг тунгааж нэхэмжилсэн энэ их мөнгийг нь хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Долгор гаргасан дүгнэлтдээ: Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг шинэчлэн батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн дагуу шүүгдэгчээс гаргуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол эргэлзээгүй, үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ж.Э холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл Ж.Э нь 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын “Тамган” 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух Н.Золзаяагийн хашаанд “намайг хэл амаар доромжиллоо” гэх шалтгааны улмаас Б.Н маргалдан, түүнийг Д машины арын суудалд сууж байх үед нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж Б.Нэрүүл мэндэд “хамар ясны зөрүүтэй нийлмэл, зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, хамарт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар, зүүн нүдний доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 3. Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Н хохирогчоор өгсөн “...2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багт найз Н.Золзаяагийнд очсон. Тэгээд гэрт нь Н.Золзаяатай юм яриад сууж байхад гаднаас тухайн суманд оршин суудаг Ж.Эгэх залуу орж ирсэн. Тухайн үед суманд морь уралдах гээд уяач нэр цугласан хашаанд нь юм ярьцгаагаад байж байтал Ж.Э надад урд нь 1 удаа агсан тавьж байсан нь санаанд ороод би тухайн болсон асуудлыг яриад хоорондоо маргалдаад тэгээд хэл яриагаараа учраа олоод би уучлалт гуйгаад салцгаасан. Тухайн үед хажууд 2 дугаар багийн Засаг дарга Л.Даваадорж машинтай ирчихсэн байхаар нь би гэртээ хүргүүлэх гээд машины арын суудалд жолоочийн харалдаа ард суугаад Л.Даваадоржтой юм яриад хөдлөх гэтэл Ж.Э миний талаар хүрч ирээд цонх онгорхой байтал баруун гараараа миний нүүр хэсэгт 1 удаа цохиод хамраас цус гараад тогтохгүй болохоор нь шууд Л.Даваадоржоор сумын эмнэлэгт хүргүүлж үзүүлсэн...”,

“...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгоно. Би мөрдөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн хоёрдугаар зэргийг хүлээн зөвшөөрч байна. Би хохиролтой холбоотой санхүүгийн баримтыг гаргаж өгнө. Миний бие эрүүл мэндээрээ хохирсонд маш их гомдолтой байна. Миний зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал нь эдгэхгүй байнгын нулимс гарч, нүд бүрэлзэж яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай тул эмчилгээний зардал болох 12 сая төгрөгийг гаргуулж өгнө үү...” /хх-ийн 5-6, 9-р тал/ гэх,

   Гэрч Ж.Батдоржийн “...Н.Золзаяа гэх айлын хашаанд орж иртэл Б.Нгэх хүн Ж.Э ахын өөдөөс халамцуухан үгээр идээд чи өт, хорхой байсан гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл Ж.Э ах Б.Норхиод Л.Даваадорж гэх хүний машин дээр нь очоод тэр 2 юм яриад байж байтал Б.Н Ж.Э араас очоод бөгс хэсэг рүү нь 1 удаа өвдөглөсөн чинь цаанаас Н.Золзаяа ирээд Б.Нэргүй, Ж.Эхоёрыг салгаад болиулсан. Тэгээд Б.НД машины арын хэсэгт суугаад Ж.Эг дуудаад машинд суу гэтэл Ж.Э ах би машинд суухгүй гээд бас маргалдаад Б.Нмашины арын хаалганаас хөлөө гаргаад Ж.Эг өшиглөх гэтэл Ж.Э ах Б.Н1 удаа нүүр хэсэгт нь цохих шиг болсон, Л.Даваадорж машинаа асаагаад хашаанаас гараад явсан...” /хх-ийн 15-17р тал /гэх,

Д“...Ж.Э надтай юм яриад зогсож байхад Б.Нараас нь ирээд 1 удаа бөгс хэсэгт нь өвдөглөөд тэгсэн Ж.ЭН хандаж чи өглөөнөөс хойш намайг өдөөд байх юм гээд маргалдах гэхээр нь Н.Золзаяа боль боль гээд салгаад явуултал Б.Нминий машины арын жолоочийн эсрэг талын ард суусан. Тэгээд Б.Н Ж.Эг машинд орж ирээд суучих гээд дуудсан чинь Ж.Э би яахаараа суудаг юм би суухгүй гэж хэлээд миний арын хаалга онгойх шиг болоод хаагдсан чинь Ж.Эг цааш нь М.Баяржаргал авч яваад би толинд хартал Б.Н хамраас цус гарчихсан байсан...” /хх-ийн 19-21-р тал/ гэх,

М.Баяржаргалын “...Ж.Э, Б.Н нар хоорондоо маргалдаад барилцаж авахаар нь Н.Золзаяа ах салгаад Б.Н багийн Засаг дарга Д машинд суусан. Тэгээд төд удалгүй Л.Даваадорж, Б.Н хоёр хөдлөөд явсан чинь тухайн газар байсан хэд маань Ж.Э, Б.Нхоёр бие биеэ нэг нэг цохиж аваад муудалцаад явлаа гэж ярихыг дараа нь сонссон...” /хх-ийн 23-24-р тал/ гэх,

Н.Золзаяагийн “...Д машины арын суудалд Б.Н суулгатал Б.Н Ж.Эг дуудаад ахиад маргалдах гээд байсан. Ж.Э очоод Б.Н нэг удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон, тэгээд салаад Л.Даваадорж Б.Н аваад явсан. Би Ж.Эг цааш нь аваад явсан...” /хх-ийн 26-27-р тал/ гэх,

Б.Энхжаргалын “...Ж.Э гэсэн байхаа тэр хүнтэй Б.Н ах маргалдаад эхлээд Ж.Э Б.Н ахыг цохих гээд далайтал Б.Н ах бултаад Ж.Эгэх хүнийг өвдгөөрөө ташаа өгзөг хэсэгт нь 1 удаа цохисон чинь цаанаас Н.Золзаяа гэх хүн ирээд Ж.Эг аваад согтуу хүнтэй битгий юм яриад бай гээд цааш нь татаад авсан. Тэгээд Б.Н ах Приус-30 маркийн хар өнгийн машины арын суудалд суугаад Ж.Э хандаж уучлаарай хөгшөөн олон хүний хажуу юм яриад яах вэ машинд суучих хоёулаа ярилцъя намайг уучлаарай гэж хэлтэл Ж.Эгэх залуу чамтай юу ярьдгийн гээд шууд гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохисон...” /хх-ийн 29-31-р тал/ гэх мэдүүлгүүд,

Төв аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 256 дугаар “...Б.Н биед хамар ясны зөрүүтэй нийлмэл, зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, хамарт зулгаралт, зүүн нүдний дээд,  доод зовхинд цус хуралт, хамар, зүүн нүдний доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 41-42-р тал/ гэх шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ж.Э өөрийн үйлдсэн хэргийн талаар мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Ж.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулан, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүний уг үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

Мөн гэмтлийн хөнгөн зэрэг нь Хууль зүй болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4-т заасан шалгуур шинжээр хүндэвтэр, хүнд гэмтлээс ялгагдах онцлогтой тул прокуророос тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн, дээр дурдагдсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Ж.Э үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж үзэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Э гэм буруугийн санаатай үйлдэл нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой гэж дүгнэн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

6. Түүнчлэн шүүх хуралдааны шатанд уг гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ж.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрөл хэмжээний хүрээнд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулан, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

7. Шүүгдэгч Ж.Э нь “...аргагүй хамгаалалт хийж нэг удаа цохисон, энэ гэмт хэрэг хохирогчийн буруутай үйлдлээс болсон учир анхан шатны шүүхээс сэтгэцэд учирсан хохиролд 3.300.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие 2024 оны 7 дугаар сарын 1-нд аваарт орсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч саажилттай болж хөдөлмөрийн чадвараа алдсан тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

7.1. Хэрэгт авагдсан болон дээр дурдагдсан гэрч нарын мэдүүлгүүдээр тухайн хэрэг учрал болох үед хохирогч Б.Н шүүгдэгч Ж.Эг хэл амаар доромжлох, ташаа, өгзөг хэсэг рүү нь нэг удаа өвдгөөрөө өвдөглөсөн зэрэг нь тогтоогдсон ч шүүгдэгч Ж.Э хохирогч Б.Н өөр рүү нь довтолсон довтолгоо дууссан үед буюу гэрч Д автомашины арын суудалд сууж байхад бие рүү нь халдан нүүр хэсэгт цохиж гэмтэл учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” хийсэн гэж үзэх боломжгүй юм.

7.2. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталж 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс даган мөрдөгдсөн “Шүүх шинжилгээний тухай” хуулиар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг хуульчилсан.

Уг хуульд заасны дагуу анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг эрх бүхий байгууллагаас баталсан журам, аргачлалын дагуу тогтоосон нотлох баримтуудыг үнэлэн шүүгдэгчээс 3.300.000 төгрөг гаргуулан хохирогчид олгосныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

7.3. Харин шүүхээс уг зардлыг гаргуулан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглэлгүй, хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэсэн байх тул энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

8. Иймд шүүгдэгч Б.Н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/219 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Ж Эгээс сэтгэцэд учирсан хохиролд нийт 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч, Н-д олгож...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б овгийн Ж Эгээс сэтгэцэд учирсан хохиролд нийт 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н-д олгож...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Э гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.ТҮВШИНТӨГС

 

 

                            ШҮҮГЧИД                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                                                                                М.МӨНХДАВАА