Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2025/01449

 

 

 

 

 

 

 

2025 08 19 312/ШШ2025/01449

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:

Хариуцагч: 

 

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: ...Миний бие нь Р.*******тай 2009 оноос танилцаж, 2013 оноос Булган аймгийн Могод сумын 1 дүгээр багт хамт амьдарч байгаад 2015 онд хадаг тавьж, 2016 онд Эрдэнэт хотод манай гэрт ирж хамт амьдарсан. 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр том хүү *******ы *******, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр охин *******ы ******* нар төрсөн. Р.******* нь тогтвортой суурин ажил хийдэггүй байсан тул 2019 оноос Улаанбаатар хотод эмээлт гэдэг газарт Дэлгэрхангай жавхлант ХХК-д махны үйлдвэрт ээлжийн ахлагч хийдэг байсан бөгөөд бид 3 хот руу аавтайгаа ойр байхын тулд гэрээ нүүлгэн эмээлтэд очиж хадам ээж, 2 хүүхэдтэйгээ жил гаруй амьдарсан. Гэтэл хадам ээж гэнэт харвалт өгч хэдэн сар хүний асаргаанд орж, 2021 оны 08 сард Эрдэнэт хотод буцан ирж, миний бие багшийн ажилдаа орж хадам ээж, хүү,охинтойгоо амьдарч, Р.******* хотоос ирж очиж ажлаа хийдэг байсан. 2022 оноос Р.******* хүүхдүүдтэйгээ утсаар ярих нь багас ч, гэртээ хааяа л ирдэг болсон. Нөхрийгөө, ажлаа сайн хийж байгаа гэж итгэж гэр орон, үр хүүхдээ сайн харах үүргийг өөр дээрээ хүлээн авч амьдарсаар ирсэн. Хадам ээж байнгын эм тарианы хамааралтай, 2 хүүхэд аавыгаа байнга сураглаж асуудаг, эмээ нь миний хоёр хүүхдэд маш их ханьтай байдаг байсан. 2022-2023 оны шинэ оноор Р.******* гэртээ ирээгүй, ба хүүхдүүд аавыгаа ажил ихтэй байсан гэдэгт итгэсэн. 2023 оны 01 сард хотод хамт ажилладаг хүмүүсээс нь н.Батчимэг гэх хүүхэнтэй хамтран амьдарч нэг өрөөнд байдаг болсныг мэдсэн. Ээжид нь энэ талаар хэлэхэд хүүгээ утсаар загнаж, гэртээ авч ирсэн. Р.******* гэртээ ирж бид хэдээс уучлалт гуйж байсан ч ажилтай тул эргээд хот руу явсан. 2023 оны 02 сарын 09-нд хадам ээжийн зүрх гэнэт муудаж өнгөрсөн. Ээжийнхээ ажил явдлаар ирээд гэртээ нэг өдөр ч хоноогүй. Ажил явдлын 7 хоног өнгөрөхөд өөрийн гэсэн хувцас, миний хүүд эмээ нь авч өгч байсан мөнгөн эмээл, хазаар бүх зүйлээ авч явсан. Хүүхдүүд минь эмээ нь байхгүй хэцүү тэгээд аав нь орхиод явахад хэцүү байсныг үгээр хэлэхийн аргагүй байна. Хадам ээжийн 49 хоног дээр ирж хүүхдүүдтэйгээ уулзаад эргээд явсан. Үүнээс хойш 05 сарын 29-нд хүүхдийн баяраар гэртээ ирэхэд бид 3 маш их баярлаж ухаараад хамтдаа элэг бүтэн амьдрал минь бий боллоо гэж бодсон. Гэвч хамтдаа зээлээр авч байсан приус 30 маркийн машинаа 14,000,000 төгрөгөөр зарахаар болоод данс руугаа шилжүүлээд, соната 7 машин хотоос аваад ирье гээд шөнийн 01 цагт явахаар болсон. 6 сарын 13-нд хот руу яваад нэг ч удаа утсаар яриагүй, мессеж бичээд хариу байдаггүй. 6 сарын 15-ны өглөө чамтай амьдарч чадахгүй нь ээ гэсэн чат ирсэн. 6 сарын 15-наас хойш өдийг хүртэл 2 хүүхэдтэйгээ нэг ч удаа холбогдоогүй. Миний хүүхдүүд уйлна, сэрнэ өвдөнө энэ бүхэнд асар их сэтгэлийн шаналалд орж байгааг харах аав хүний хайраар дутаж байгаа үр хүүхдүүд минь маш их хэцүү байсан. Бид хоёр хамтдаа миний нэр дээр байсан 1 өрөө байрыг зараад томруулах зорилготой 2-28-01 тоотыг урьдчилгаа өгөөд 2-3 жил хувь лизинг хийж мөнгө төлсөн боловч 2024 онд шүүхийн шийдвэрээр байрыг буцаан өгч аль өмнөх 2018 онд өгч байсан байрны урьдчилгааг эргүүлэн өгснөөр бид гурав гэр оронгүй болж түрээсийн байраар амьдарч байна. Иймд Р.*******ыг эцэг хүний үүргээ ухамсарлан биелүүлж хуулийн дагуу 2 хүүхдэдээ тэтгэлэг өгч ирээдүйн амьдралд нь нэмэр болоосой гэж хүсэж байна. Хүүхдийн баяраар 200,000 төгрөг шилжүүлсэн байсан. 2023 оны 06 дугаар сарын 15-наас хойш хүү, охин хоёр маань миний асрамжид амьдарч өсөж, торнисон тул хүү С.*******, охин С.******* нарыг өөрийн асрамжиндаа үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү. Р.******* нь сөрөг нэхэмжлэл гэсэн өргөдөлдөө худлаа юм бичсэн байна лээ. 2023 оны 06 сараас хойш хүүхдүүдтэйгээ уулзаагүй, биднийг хаяж явчхаад хүүхдүүдээ авна гэснийг ойлгохгүй байна... гэв.

 

2. Шүүхэд нотлох баримтаар нэхэмжлэгчийн зүгээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Орхон аймгийн Оюу цэцэрлэгийн тодорхойлолт, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн тодорхойлолт, Зэст багийн засаг даргын ам бүлийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын Р.*******ы оршин суугаа хаягын тодорхойлолт, Г.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, охин С.*******, хүү С.******* нарын фото зургууд зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Р.*******д холбогдуулан 2017 оны 08 сарын 08-ны өдөр төрсөн хүү С.*******, 2020 оны 06 сарын 25-ны өдөр төрсөн охин С.******* нарыг өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчээс түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтийг гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

3. Хариуцагч Р.******* нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзаж байгаа талаарх хариу тайлбараа 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ирүүлэх үүрэгтэй атал ирүүлээгүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

4. Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Р.******* нар нь 2009 онд танилцаад хамтран амьдарсан, тэдний хамтын амьдралын хугацаанд 2017 оны 08 сарын 08-ны өдөр хүү С.*******, 2020 оны 06 сарын 25-ны өдөр охин С.******* нар төрсөн, хариуцагч Р.******* нь өөр эмэгтэйтэй гэр бүл болсноос 2023 оны 06 сараас тусдаа амьдарч байгаа, зохигч тусдаа амьдарснаас хойш хүү С.*******, охин С.******* нар эх Г.*******ын асрамжид өсөж торниж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Орхон аймгийн Оюу цэцэрлэгийн тодорхойлолт, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн тодорхойлолт, Зэст багийн засаг даргын ам бүлийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын Р.*******ы оршин суугаа хаягын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Г.******* нь хүү С.*******, охин С.******* нарыг өөрийн асрамждаа үлдээнэ гэсэн ба хүүхдүүд төрсөн цагаасаа эхийнхээ асрамжид өсөж торниж байгаа, эцэг Р.******* нь 2019 оноос Улаанбаатар хотод ажиллаж, амралтын өдрүүдээр хүүхдүүд дээрээ ирдэг байж байгаад 2023 оны 06 сараас хойш хүүхдүүдтэйгээ уулзаагүй, эх Г.******* нь хүүхдүүдээ асарч хүмүүжүүлэхэд дутагдалтай асуудал тогтоогдоогүй зэргийг харгалзан хүү С.*******, охин С.******* нарыг эх Г.*******ын асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Г.******* нь хүү С.*******, охин С.******* нарт тэтгэлэг тогтоолгохоор хариуцагч Р.*******аас шаардах эрхтэй, хариуцагч Р.******* нь хүүхдүүдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

 

7. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 08 сарын 08-ны өдөр төрсөн хүү С.*******, 2020 оны 06 сарын 25-ны өдөр төрсөн охин С.******* нарыг эцэг Р.*******аар сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

8. Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хамт байх, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах үедээ тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй тул эцэг Р.******* нь хүүхдүүддээ анхаарал халамж тавьж өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй байна.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод урьдчилан төлсөн байх ба нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч С.*******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж /11 нас хүртэл хүүхдийн 1 жилд төлөх тэтгэлгийн хэмжээ 2,933,400 төгрөг/ 61,885 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2017 оны 08 сарын 08-ны өдөр төрсөн хүү С.*******, 2020 оны 06 сарын 25-ны өдөр төрсөн охин С.******* нарыг эх Г.*******ын асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2017 оны 08 сарын 08-ны өдөр төрсөн хүү С.*******, 2020 оны 06 сарын 25-ны өдөр төрсөн охин С.******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Р.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх талаар адил тэгш эрх үүрэгтэйг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар хүүхэд эцэг эхийн хэн нэгнээс тусдаа байх үедээ тэдэнтэй байнга уулзах эрхтэйг тус тус заасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 зааснаар нэхэмжлэгч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.*******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******ад олгож, 61,885 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ