Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/63

 

 

 

 

 

 

 

 

2024       9           12                                       

             2024/ДШМ/63

        

 

Ш.Б холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Мөнхтайван

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг

Шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, Р.Батцогт

Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж, ерөнхий шүүгч Ю.Энхмаа, шүүгч Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/191 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Батцогтын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ш.Б холбогдох эрүүгийн 2234000000576 дугаар хэргийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овогт Ш Б, Төв аймгийн Угтаалцайдам суманд ..., ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, аавын хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй,

Шүүгдэгч Ш.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар баг Гандангийн 113 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Б маргалдаж, улмаар зүүн эгэм хэсэг рүү нэг удаа хутгалж, хүнийг алах гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн Прокурорын газраас Ш.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогт Ш Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Ш Б-ийг 13 /арван гурав/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Б Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Б-ийн цагдан хоригдсон 537 /таван зуун гучин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн 2234000000576 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, бор өнгийн куртка 1ширхэг, улбар шар өнгийн цамц 1 ширхэг, хар ногоон өнгийн цамц 1 ширхэг, хар футболк 1 ширхэг, хар хөх өмд 1 ширхэг, хар саарал дотуур өмд 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-т 32.000.000 /гучин хоёр сая/ төгрөгийг төлсөн болохыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний ял эдлэх хугацааг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Батцогт гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  “Шүүгдэгч Ш.Б-ийн өмгөөлөгч Р.Батцогт би Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/191 дүгээр тогтоолоор Ш.Б оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

            1.   Шүүгдэгч Ш.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 32 сая төгрөгийг сайн дураараа нөхөн төлснийг шүүх харгалзан үзэж ял шийтгэл оногдуулах байтал энэхүү нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй.

            2.  Миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг мөн шүүх ял оногдуулахдаа анхаарч үзэх ёстой байсан.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлын аль нь ч байхгүй байхад 13 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлгүйгээр олон жилийн ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/191 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хамгийн доод хэмжээний ял оногдуулж өгнө үү” гэв.                  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Мөнхтайван гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Ш.Б нь талийгаач Х.Б маргалдаж, хутгалж амь насыг нь хохироосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хорих ял хөнгөрүүлэх тухай гомдол, тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Ш.Б нь хүний амь насыг санаатай хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Мөн түүний өмгөөлөгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул хохирол төлөгдсөн гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх хуульд заасан ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

            Шүүгдэгч Ш.Бийн өмгөөлөгч Б.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмгөөлөгч Р.Батцогтын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Ш.Банхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

            Шүүгдэгч Ш.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Архи уусны улмаас нутгийн ахынхаа амь насыг хохироосон нь миний буруу. Хорих ялыг маань хөнгөрүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Б-ийн өмгөөлөгч Р.Батцогтын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэлх тооны иргэдийн төлөөлөгч оролцдог.

Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тодруулах асуулт тавих замаар нотлох баримтыг шинжлэх, шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр прокурор, оролцогчдод асуулт тавих, хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, зохигчийн гэм буруутай эсэх талаар бичгээр дүгнэлт гаргах эрхтэй.

Иргэдийг төлөөлөгчийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2, 63.3 дахь хэсгүүдэд зааснаар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтаас иргэдийн төлөөлөгчийг шалгаруулах ажлыг тухайн шүүхийн Тамгын газар зохион байгуулж, шүүх хуралдааны тов гармагц нэрсийн жагсаалтаас шүүх хуралдаан бүрд 10 хүний нэрсийн дэд жагсаалтыг цахимаар эрэмбэлэн тохиолдлын журмаар сонгон тухайн шүүхийн Тамгын газрын даргаар батлуулж, нэрсийн дэд жагсаалтаас эрэмбэлэгдсэн дарааллаар иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулна.

4. Хавтаст хэрэгт шүүгдэгч Ш.Б холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрсийг баталсан 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/34 дугаар “Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн дэд жагсаалт батлах тухай” Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын тушаал /2хх-н 191/ байх боловч уг тушаалын хавсралт авагдаагүй байх тул анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Д.Оюуныг иргэдийн төлөөлөгчийн нэрсийн дэд жагсаалтад цахимаар эрэмбэлэн, тохиолдлын журмаар сонгосон эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч хуульд заасны дагуу оролцсон гэж үзэх боломжгүй байна.

5. Анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нар “өмнө нь хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ш.Б оногдуулах эрүүгийн хариуцлагыг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн “ гэсэн үндэслэлээр шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Отгонжаргалаас татгалзсан. Шүүх бүрэлдэхүүний үлдэх 2 шүүгч нь татгалзагдсан шүүгчийг байлцуулахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дээрх татгалзан гаргах хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар шүүхийн тогтоол гаргалгүйгээр шүүх хуралдааны тэмдэглэлээр шийдвэрлэсэн нь буруу байна.

6. Мөн шүүх хуралдаанд дахин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-ын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нь хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг гаргажээ. Уг хүсэлтийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 31 дугаар шүүхийн тогтоол гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “татгалзан гарах шүүх бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гарах хүсэлт гарсан тохиолдолд тухайн шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар тогтоолоор амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-ын өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн “шүүх бүрэлдэхүүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай” хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Тус шүүгчдийн зөвлөгөөнд дээрх татгалзагдсан шүүх бүрэлдэхүүний 3 шүүгчээс гадна шүүгч Ж.Дэлгэрмөрөн оролцсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 4, 7 дахь хэсэгт заасан зохицуулалтаас үзэхэд татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаанд буюу тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд татгалзагдсан ерөнхий шүүгч, шүүгч нар тайлбар гаргаж болох боловч санал өгөх эрхгүй, тэдгээрийг байлцуулахгүйгээр бусад тухайн шүүхийн үлдсэн олонх шүүгчид шийдвэрлэхээр хуульчилсан.

Дээрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлтэй холбоотой хуулийн зохицуулалтаас үзэхэд аль ч тохиолдолд шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэхэд тухайн шүүгч өөрөө оролцохгүй байх нь “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах” тухай ойлголтын ерөнхий нийтлэг зарчим юм.

Үүнээс дүгнэхэд анхан шатны шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-ын өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн “шүүх бүрэлдэхүүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай” хүсэлтийг буруу шийдвэрлэсэн байх бөгөөд энэ зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-т зааснаар “шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна.

7. Иймд дээрх үндэслэлээр Ш.Б холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

8. Анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүгдэгч Ш.Б-ийн өмгөөлөгч Р.Батцогтын гаргасан “шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай” утга бүхий давж заалдах гомдлын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Ш.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/191 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ш.Бавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         М.МӨНХДАВАА

                                    ШҮҮГЧИД                                           А.ЦЭРЭНХАНД

                                                                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ