Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 25

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч  С.Сугар,

Хохирогч С.Г,

Шүүгдэгч Ч.Т. Ч.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч Ч.Т, Ч.У нарт холбогдох 1730002060008 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1.Монгол Улсын иргэн 1988 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохин байгуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Ч.Т,

 

2.Монгол Улсын иргэн 1989 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 93 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан  Ч.У.

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

           1. Яллагдагч Ч.Т нь Ч.Утэй бүлэглэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг 16-03 тоотод Баруун-Урт сумын 3 дугаар багийн  иргэн С.Гыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний дотор буланд, доод зовхинд, эрүүнд, эрүүний зүүн доод буланд, хамарт, зүүн шилбэний урд дунд хэсэгт зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэлтэй”  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Ч.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 

 

- Шүүгдэгч Ч.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 

 

 

- Шүүгдэгч Ч.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сард Г нь банкны зээлэнд хашаа байшингаа алдах гээд байхаар нь би 3,000,000 төгрөгний зээлийг нь төлж өгөөд оронд нь надад Г хашаа байшин байгаа газрынхаа талыг нь надад өгөхөөр тохиролцсон боловч одоо гэрчилгээ над руу шилжүүл гэхээр дахин 3,000,000 төгрөг өг тэгвэл шилжүүлнэ гээд байхаар 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед Угийн хамт очиж У машиндаа сууж үлдээд би Гын гэрийнх нь зүүн хойно байх грашийн үүдэнд нь бид хоёр маргалдсан. Тэгээд би Гад “Чи хүнээс мөнгө төгрөг авч, тохирчихоод одоо юу яриад байгаа юм бэ” гэхэд Г  “чи явдаг газраараа яваад ав” гэхээр нь би “Тэгвэл чиний газар надад итгэмжлэлээр ирсэн байгаа тийм болохоор чамтай чамтайгүй өөрийнхөө нэр дээр авчихна” гэхэд намайг заамдаж аваад уруул дээр гараараа цохихоор нь би зөрүүлээд заамдаж аваад Гын шанаа руу нь гараараа нэг удаа цохиж байхад гэнэт хажууд У ирчихсэн байсан. Тэгэхэд Г өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгсөн. Харин Г цагдаад дуудлага өгөөд 30 минут орчим ирэхгүй болохоор нь У бид хоёр яваад өгсөн. У Гад нэг ч гар хүрээгүй. Харин миний хувьд бол Гыг цохисон. Г нь намайг өөрөө эхэлж намайг цохисон учраас цохисон. Урьд өмнө нь зодож цохисон асуудал гаргаж байгаагүй. Бид нар бүгдээрээ эрүүл байсан. Гыг би заамдаж байгаад нэг удаа гараараа зүүн шанаа руу нь цохисон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна”... гэх мэдүүлэг

 

- Шүүгдэгч Ч.У мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед төрсөн ах Тын хамт машинтай явж байгаад Т ах Гтай уулзана гээд Гын гэр рүү орохоор нь би машинд суугаад үлдсэн. Гарч ирэхгүй удаад байхаар нь би Тын араас ороход гэрийнх нь зүүн хойно байх грашийн үүдэнд нь Г, ах Т хоёр барьцалдаад байж байсан. Тэгээд би “Та хоёр чинь яагаад маргалдаад байгаа юм бэ” гэж хэлээд ах Тыг салгаад аваад явах гэхэд Г цагдаа дуудахаар нь цагдаа ирэхийг хүлээгээд 20 минут орчим болоод ирэхгүй болохоор нь ах бид хоёр явсан. Миний харахад Г, Т ах хоёр барьцалдаж байсан харин цохилцоогүй. Тухайн үед бол Гын нүүр ам нь шалбарчихсан, нүд нь хавдсан байсан, харин манай ах Тын дээд уруулнаас нь цус гарч байсан. Газрын асуудлаас болж тэр хоёр маргалдсан. Миний хувьд зодож цохисон зүйл байхгүй. Бид нар бүдээрээ эрүүл байсан. Би Т, Г, мөн нэг танихгүй нэг хүн байсан. Нийлээд дөрвүүлээ байсан” гэх мэдүүлэг 

 

- Хохирогч С.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... Би 2006 онд Ч гэх айлын охин Энхсаруултай танилцаж 2008 онд гэр бүл болсноос хойш одоог хүрсэн. Миний бие хааяа нэг гэр бүлийн маргаан гардаг бөгөөд энэ байдлыг манай эхнэр нь ар гэртээ хэлснээс болоод эцэг эх ах дүү нар нь намайг хэл амаар доромжилж загнадаг байсан юм. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн үед гадуур явж байгаад гэртээ ирсэн чинь Т, У нар ирээд явсан гэсэн ингээд удалгүй байж байтал Т, У нар нь машинтай манай хашаанд ирээд Т нь шууд надад хандаж залуу юу байна газар шилжүүлэхгүй юу хийгээд байна гээд хэг ёг гээд байсан. Газрын талаар ярьдаг учир нь Ч.Т бид 2 газрын наймаа хийсэн бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Т нь манай гэрт ирээд чи газрынхаа гэрчилгээг над руу шилжүүлэхгүй юм уу гэхээр нь данс руу мөнгөө хийчих тэгвэл шууд шилжүүлээд өгье ямар машин, гар утас зарж байгаа биш дээ газар юм чинь гэрчилгээг нь төрийн байгууллагаар шилжүүлнэ гэсэн чинь Т нь чамайг хүссэн хүсээгүй өөрөө шилжүүлж авна би газрын албанд танилтай гэхээр чаддаг юм бол тэгээд ав гэж хэлсэн чинь Т нь намайг заамдаж аваад боож газар унагаагаад гражнаас чирж гаргаж ирээд тавьсан. Энэ үедээ Т нь бид 2 чамайг зодох гэж ирсэн гэсэн. Ингээд би босоод чи мөнгөө өгөө би тэгвэл шилжүүлээд өгье гэх мэтээр дахин хэлсэн чинь газар байсан прус мод аваад миний нуруу хөл рүү 4-5 удаа цохьсон энэ үед цохьсон мод нь хугарсан. Энэ үед би Т, У нарт хандаж та нар яагаад хүн дээрэлхээд байгаа юм, чи эгчийгээ өмөөрч болно, тэгэхдээ учиртай шүү хэрэв би та хоёрыг цохиж зодсон бол та 2 намайг цагдаа шүүх болоод намайг шоронд оруулчихсан байгаа. У чи намайг урьд зодоод миний 2 шүдийг хугалсан тэр үед би гомдолгүй гэж байсан та нар дахиад намайг зодлоо. Чи одоо хүртэл миний шүдийг янзалж өгөөгүй одоо харин шүдээ янзлуулах мөнгөө авна гэсэн чинь У нь чиний шүдний мөнгийг цагдаад чинь өгчихсөн байгаа гэхээр нь муудалцаад яахав, та нар аятайхан хүн зодож чадахгүй, хүнд ч зодуулж чадахгүй гэж хэлээд гэр рүүгээ орсон чинь У, Т нар нь гэр  рүү орж ирхээр нь би энэ маргаж муудаж байгаа асуудал бол У чамаас болсон шүү чи эгчийгээ өмөөрөхдөө учрыг нь гаргаагүй байж намайг анх зодсон гэж хэлсэн чинь У нь надад хандаж чи өөрөөсөө болж шүдээ цохиулсан шүдийг чинь төлж чадахгүй гэсэн. Тэгээд У нь намайг заамдаж боож аваад миний хамар руу нэг удаа мөргөж цээж рүү 2-3 удаа гараараа цохихоор нь та нараар би зодуулж чадахгүй би та нарыг өгдөг газар нь өгнө гээд цагдаад дуудлага өгсөн чинь манайх дуудлага давхцаад байна гэхээр нь би өөрийн биеэр цагдаа руу ирсэн. Т, У нар нь их дээрэлхүү хүмүүс аливаа зүйл миний зөв ч буруу ч байсан заавал миний буруу болгодог өөрсдөө хүн зодчихоод зодоогүй гэдэг их муухай хүмүүс юм. Мөнххаан сумын иргэн Э гэдэг хүн байгаа. Өөр хүн бол байгаагүй. Манай байшингийн зүүн урд талын буланд хашаа руу харсан хяналтын камер байгаа боловч 2015 оноос хойш ажиллагаагүй эвдэрчихсэн юм. У нь намайг боож хамар руу мөргөж цээж рүү   2-3 удаа гараараа цохьсон. Энэ үед хамар шалбарч хавдаж монхордуу болсон. Өөр цохиж зодоогүй. Харин Т нь бусад гэмтлүүдийг учруулсан. У нь намайг урьд нь зодож биед гэмтэл учируулаад хэрэг нь шүүхээр шийдээд удаагүй байгаа. Одоо болохоор хоёулаа нийлж намайг зодсонд маш их гомдолтой байна. Миний хувьд Т, У нарын төрсөн эгчтэй нь гэр бүл болж амьдрах биш Т, У нарт зодуулах гэж Сүхбаатар аймагт ирээгүй, ажил төрөл хийж амьдрах гэж яваа хүнийг үнэхээр дээрэлхэж байгаад гомдолтой байна” гэх мэдүүлэг 

 

- Гэрч Э.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн орчим би машинаа асаах гэж аккумлятор хайж танил болох Гын гэрт очсон. Тэгээд сууж байтал удалгүй гаднаас хоёр залуу орж ирээд Гтай газрын талаар яриад хэрэлдээд байсан. Тэгж хэрэлдэж байгаад л гэнэт дээрхи хоёр залуугийн өндөр нь Гын нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохьсон. Тэр залуу “би угаасаа чамайг зодох гэж ирсэн юм” гээд унагачихаад гараараа болон прүүс модоор цохиод байсан. Сүүлд нь нөгөө арай жижиг биетэй залуу нь зодож байсан залуутайгаа нийлээд зодоод байсан. Би тэр хоёрыг боль гэж хэлсэн боловч болиогүй зодоод байсан. Г эхнэр хүүхдээсээ салчихаад хүүхдээ гэртээ авчирсан гэж ярьж байсан. Гэтэл тэр өндөр залуу нь Гыг “Чи дахиж хүүхэд аваад явбал амьдаар чинь шороонд булна шүү” гээд занаад байсан. Дараа нь Гаас ямар учиртай хүмүүс вэ гэсэн чинь “Манай хадам дүү нар болох Т, У нар” гэж байсан. Г тэр хоёрыг зодсон цохьсон тохиолдол байхгүй. Г нь “Та хоёрыг цохих юм бол үхчихнэ” гэж хэлээд цохихгүй байсан. Г бол архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан.  Нөгөө хоёр нь ч гэсэн  мэдэгдээгүй,  эрүүл байсан байх” гэх мэдүүлэг. 

 

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 16 дугаартай дүгнэлтэнд: 1. С.Гын биед зүүн нүдний дотор буланд, доод зовхинд, эрүүнд, эрүүний зүүн доод буланд, хамарт, зүүн шилбэний урд дунд хэсэгт зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт... гэжээ.  

 

- Ч.Т, Ч.У нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-н 21-22 х /

- Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарынс23-ны өдрийн 93 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 23-24 х /

 

- Ч.Т, Ч.У нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 16-20 х /

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багийн Засаг даргын 2018 оны 01 сарын 02-ны өдрийн 2/19 дугаартай албан тоот, / хх-н 15 х /

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р багийн засаг даргын 2017 оны 12 сарын 28-ны өдрийн 3/500 дугаартай албан тоот, / хх-н 19 х /

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар 

 

Шүүгдэгч Ч.Т, Ч.У нар бүлэглэн Яллагдагч Ч.Т нь Ч.Утэй бүлэглэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг 16-03 тоотод Баруун-Урт сумын 3 дугаар багийн  иргэн С.Гыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний дотор буланд, доод зовхинд, эрүүнд, эрүүний зүүн доод буланд, хамарт, зүүн шилбэний урд дунд хэсэгт зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэлтэй”  хөнгөн хохирол учруулсан санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч С.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Э.Энхтулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн эмчийн 16 тоот дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Т нь манай гэрт ирээд чи газрынхаа гэрчилгээг над руу шилжүүлэхгүй юм уу гэхээр нь данс руу мөнгөө хийчих тэгвэл шууд шилжүүлээд өгье ямар машин, гар утас зарж байгаа биш дээ газар юм чинь гэрчилгээг нь төрийн байгууллагаар шилжүүлнэ гэсэн чинь Т нь чамайг хүссэн хүсээгүй өөрөө шилжүүлж авна би газрын албанд танилтай гэхээр чаддаг юм бол тэгээд ав гэж хэлсэн чинь Т нь намайг заамдаж аваад боож газар унагаагаад гражнаас чирж гаргаж ирээд тавьсан. Энэ үедээ Т нь бид 2 чамайг зодох гэж ирсэн гэсэн. Ингээд би босоод чи мөнгөө өгөө би тэгвэл шилжүүлээд өгье гэх мэтээр дахин хэлсэн чинь газар байсан прус мод аваад миний нуруу хөл рүү 4-5 удаа цохьсон энэ үед цохьсон мод нь хугарсан” гэх, гэрч Э.Энхтулгыэн хоёр залуугийн өндөр нь Гын нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохьсон. Тэр залуу “би угаасаа чамайг зодох гэж ирсэн юм” гээд унагачихаад гараараа болон прүүс модоор цохиод байсан. Сүүлд нь нөгөө арай жижиг биетэй залуу нь зодож байсан залуутайгаа нийлээд зодоод байсан “ гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдоно.

 

Шүүгдэгч Ч.Т, Ч.У нарыг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлдсэн гэж үзнэ. Тэдгээр нь бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсэн атлаа хохирогчийн зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

Шүүгдэгч Ч.Т, Ч.У нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотолж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. 

 

Иймд шүүгдэгч Ч.Т, Ч.У нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

 Шүүхээс шүүгдэгч Ч.Т, Ч.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

  

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин энэ хэрэг гарахад хохирогчийн согтуурсан, бусдын хэл амаар доромжилж, зодсон зүй бус үйлдэл нөлөөлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.

 

         Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, гэмт хэргийн улмаас хохиогчид учирсан гэмтэл арилсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзвэл Ч.Т, Ч.У нарт нийтэд тустай ажил хийлгэх ял, торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

 

        Шүүгдэгч Ч.Т, Ч.У нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  болохыг дурдая.  

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг,36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Т, Ч. У нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох,  , шүүгдэгч Ч.Уг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

          5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар дээрх ялын биелэлтэнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

          6. Ялтан Ч.У, Ч.Т нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.У, Ч.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.СУГАР